Р.ОЮУН Э.ОРХОНСҮРЭН
“Би том болоод багш, бүжигчин, дуучин, цэрэг, цагдаа, онгоцны үйлчлэгч болно” гэж хүүхэд болгон мөрөөддөг. Гэвч заримд нь зөвхөн хүүхэд насны мөрөөдөл болон үлддэг билээ.
Харин зарим нь багын мөрөөдлөө биелүүлэн дэлхийн өнцөг булан бүрт хүссэн мэргэжлээрээ ажиллаж байна. Энэ удаагийнхаа “Амьдралын тойрог”-ийн зочноор ажлынхаа ихэнх цагийг хөх тэнгэрт өнгөрүүлдэг нэгэн бүсгүйг урьсан юм.
Түүнийг Ширнэнгийн Батцэцэг гэдэг. 2005 онд ШУТИС-ийн япон, англи хэлний орчуулагч мэргэжлээр төгсч, ажлынхаа гарааг “Кореан эйр” компаниас эхэлжээ.
Нэг өдөр найзынх нь ах “Кореан эйр”-т онгоцны үйлчлэгч авна гэнэ. Чи сургуулиа төгссөн юм чинь бүртгүүлээч” гэхэд нь очиж анкет бөглөжээ. Бүртгүүлэхээр явж байхдаа “Уг нь ч онгоцны үйлчлэгч зүгээр юм” гэж бодож байснаас яг болно гэж мөрөөдөж байгаагүй гэнэ. Ингээд хэд хоногийн дараа дуудахад нь очиж ярилцлагад оржээ. Шалгаруулалт дөрвөн үе шаттай болж 90 охиноос тавыг нь сонгож авна гэхэд өөрийгөө тэнцэнэ гэдэгт найдлага тавиагүй байна. Учир нь тэнд гоё охидууд олон байсан гэв. Маргааш нь түүн рүү залгаад “Чи тэнцчихлээ. Тэнцсэн хүүхдүүдтэйгээ уулзаж хоол иднэ. Чи ирэх үү. Яагаад баярлахгүй байгаа юм бэ. Бусад охид чинь тэнцсэндээ баярлаад бөөн юм болж байхад” гэжээ. Онгоцны үйлчлэгч болоход гол шаардлага нь англи хэлний мэдлэгтэй байх ёстой. Яагаад гэвэл үйлчлүүлэгчидтэй, ажилчидтайгаа англиар ярина. Бүх хичээл нь англи хэлээр орно. Тиймээс дундаас дээш төвшний англи хэлний мэдлэгтэй, харилцааны соёл, өндрийн хэмжээг заасан байдаг аж. Хэрэв хэт намхан байвал онгоцны ачааны тавиурны хаалгыг хаах юм уу, гэнэт онгойх үед шуурхай байж чаддаггүй байна. Мөн үйлчилгээний хүний гадаад төрх ямар байх ёстой тэр шаардлагуудыг хангасан тохиолдолд эрүүл мэндийн шалгалт авдаг байна. Тухайн хүн эрүүл мэндээрээ тэнцэхгүй байж болно. Шинээр ажилд орж байгаа хүмүүст энэ шалгуурыг тавьдаг. Тэгээд тэд долоо ч хонолгүй Солонгос руу сургалтад яваад “Кореан эйр”-ийн амьдралд хөл тавьсан байна. Сургалтын гурван сар үнэхээр хүнд, онгоцны үйлчлэгчийн ажил хагас цэрэгжилтийн байдалтай байдаг. “Та нар үүнийг л давж чадвал хүнд ажлын ард гарч чадна” гэж анхааруулдаг байжээ. Тэрээр Солонгост маш их зүйлийг сурсан. Өдөр болгон зургаан цагт босч, орой зургаан цагт гэртээ ирнэ. Өглөө бүр хичээл эхлэхээс өмнө шалгалт авна. Шалгалтдаа бэлдээд дэрэн дээр толгой тавихад өглөө болчихно. Биднийг тэнд очиход хамтдаа суух дөрвөн өрөө том байр бэлдсэн байсан. Их сургууль төгсөөд хилийн дээс алхаж үзээгүй байхдаа Солонгос явсан” хэмээн дурсан ярилаа.
ЯВЖ ҮЗЭЭГҮЙ ГАЗАР РУУГАА ТЭМҮҮЛДЭГ
Түүний анхны нислэг Москва байв. Анхныхаа нислэгээр олон хүнд тусалж, эелдэг харилцаж байсан учир айдсаа мэдрээгүй харин ч сэтгэл нь догдолж байсан. Ажлын анхны гараа байсан болохоор эргээд бодохоор сайхан санагддаг гэсэн юм. Аравдугаар сарын сүүлчээр Москвад очиход нэлээд хүйтэн, бараг өвдгөөр татсан зузаан цастай байжээ. Түүнийг аав, ээж нь их дэмждэг аж. Тиймээс ч онгоцны үйлчлэгч болоход нь дургүйцээгүй. Харин тухайн үед ээж нь хүний наймаанд өртчих вий гэж санаа нь зовж, хаашаа нисэх гэж байгааг нь байнга асуудаг байсан гэнэ. 2005 оноос хойш олон нислэгт гарсан ч очсон хотоо тоолж байгаагүй, гэхдээ л бүх тивд очсон байна. Тэр тусмаа хөл хөдөлгөөн хамгийн ихтэй хотод очдог ажээ. Сар бүрийн 21-нд нислэгийн хуваарь нь гарч дараагийн сард хаагуур аялахаа мэддэг байна. Тиймээс тэр өдрийг тэсэн ядан хүлээж хуваарьт нь очиж үзээгүй газар байвал улам их тэмүүлж татагддаг гэнэ. Гэхдээ явахынхаа өмнө тухайн газраа дэлхийд юугаараа алдартай зэргийг судалдаг аж. Түүнд байнга очиход уйддаггүй хот гэж бий. Хэдэн ч удаа очсон сайхан мэдрэмж төрдөг газар нь Парис. Манайхан далайтай газар төрж өсөөгүй болохоор Фижи арал сайхан санагддаг. Мөн олон жижиг арал дээр очиж үзсэн. Үнэхээр гайхамшигтай, жуулчин олонтой. Ялангуяа, америкчууд их очдог. Зуны амралтаа тэнд л өнгөрөөмөөр санагддаг гэнэ. Мөн хол, ойрын, дундын гэсэн нислэг хийдэг байна. Холын нислэг нь 16, дундын нислэг нь долоо, ойрынх нь 3-4 цагийнх гэнэ. Ойролцоогоор сард 80-90 цаг ниснэ. Тэрээр япон, англи хэлний орчуулагчийн ангийг төгссөн болохоор энэ ажлыг хийхэд дэм болжээ. Бид үргэлж инээмсэглэж байдаг учир орчин хүртэл эерэг энергитэй байж түүнээсээ аз жаргалыг мэдэрдэг. Монголоос ч юм уу Америкаас өөр тийшээ нисч байгаа ахмад настнуудад заавар, зөвлөгөө өгч, тусалдаг болохоор мэргэжлээрээ бахархдаг. Миний аав, ээж хоёрыг ингээд явж байхад хэн нэг нь тус болоосой гэж боддог тухайгаа ярив.
ОНГОЦНЫ ҮЙЛЧЛЭГЧИД НАСНЫ ХЯЗГААР БАЙДАГГҮЙ
Ш.Батцэцэгтэй ажил, амьдралынх нь талаар ярилцлаа.
-Онгоцны үйлчлэгчийг залуу насны ажил гэж ярьдаг. 30 наснаас дээш ажилладаггүй гэсэн. Тийм үү?
-Онгоцны үйлчлэгчид насны хязгаар заадаггүй. Шударга, хүний эрхийг дээдэлдэг компани. Тухайн хүн нэгдүгээрт, эрүүл мэндийн шаардлага хангасан, хоёрдугаарт тухайн хүний хурдан шаламгай байдал, өөрийгөө гоё авч явж чадаж байвал тэтгэвэрт гартлаа ажиллаж болно. Солонгосчууд тэтгэвэрт гартлаа ажилладаг. Онгоцны үйлчлэгчийн ажлыг хийнэ гэдэг нийгэмд эзлэх байр суурь нь доогуур гэж санагдаж магадгүй. “Кореан эйр”-ийн хувьд нисгэгч нэгдүгээрт, хоёрдугаарт, үйлчлэгч байдаг. Яагаад гэвэл компанийн нүүр царай, зорчигчдоо өөртөө татах түлхүүр нь болдог учраас дээгүүр тавьж хүндэлдэг. Бидний юу хүсч байгааг сонсч, их анхаарал тавьдаг. Үүгээрээ онцлог юм уу гэж боддог. Манай компани үйлчилгээгээрээ Азидаа тэргүүлдэг. Зорчигчид ч гэсэн дуртай үйлчлүүлдэг. Тухайлбал, хүүхдийг гараас гарт дамжуулаад, ямар ч асуудалгүйгээр хүргэж өгнө. Тэр хүүхэд очих хүн дээрээ очно. Мэдээж тосч авах хүнгүй бол буцаагаад нөгөө хүнд нь хүлээлгэж өгдөг. Манай энэ үйлчилгээгээр хүмүүс байнга үйлчлүүлдэг.
-Агаарт удаан байхаар гоо сайханд нөлөөлдөг үү. Гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?
-Нөлөөлнө. Хамгийн холдоо Атланта хот руу 16 цаг нисдэг. Нислэгийн турш огт унтахгүй явна гэж байхгүй. Хоёр хуваагдаад хоёр, гурван цагаар унтах ч юм уу, хөлөө түр амраахгүй бол их ядардаг. Гэхдээ байнга сууж яваа хүмүүсийн хажууд бид хөдөлгөөнтэй байдаг учраас ядрах нь гайгүй гэж боддог. Онгоцонд их хуурай байдаг болохоор чийгшүүлэгч их хэрэглэдэг.
-Хэт өндөрт гарахаар хүмүүст айдас бий болдог. Айдсаа гадагшлуулж бухимдах, зан харьцааны хувьд янз бүрийн хүн таардаг байх. Хүний бие хямарсан тохиолдолд анхан шатны тусламж үзүүлэхийг заадаг гэж сонссон?
-Сургалтаар анхан шатны тусламж үзүүлэх хичээл заалгаж гэрчилгээ авдаг. Жил бүр энэ гэрчилгээгээ шинэчилж шалгалт өгнө. Гэнэтийн тохиолдолд анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэхийг биечлэн заалгуулдаг. Сургалтын төвд энэ чиглэлийн бүх багаж хэрэгсэл бий. Мөн тусгай эмч нар хичээл заадаг. Ууртай, бие нь тавгүйрхсэн хүн олон таардаг. Ямар ч үед тухайн хүнийг тайван байлгах, бие нь муудсан тохиолдолд аврахын төлөө бид ажилладаг. Хэрэв хүний бие муудсан үед хамгийн ойрхон байрлах нисэх буудалд буулт хийх зэрэг арга хэмжээ авна. Ууртай зорчигчдыг хэрхэн тайвшруулах вэ гэсэн хичээлийн дагуу эхлээд өөрөө тайвшруулах гэж үзнэ. Тэр хүнийг яагаад уурласан шалтгааныг мэдэхийн тулд сонсч, яриад ирэхээр тухайн хүн аяндаа тайвширна. Хэрэв тайвшрахгүй, ойлголцоход хэцүү байвал ахлахдаа мэдэгдэнэ. Ахлах ирээд тайвшруулах гэж үзээд дийлэхгүй бол ахмаддаа ийм асуудал гараад байна гэдгээ мэдэгдэж мэдээллээр харилцан ойлголцоно. Аль болох эерэг талаас нь тэр хүнийг тайвшруулж сэтгэл хангалуун болгоно.
Ер нь өөрийгөө хянаж уур бухимдлаа барьж сурч байгаа. Бид уурлах эрхгүй. Үг хэлж болно. Бухимдаж уурласан хүнийг тайвшруулах хамгийн шилдэг арга бол тухайн хүнийг сонсох байдаг.
ЯПОН, ХЯТАД, МОНГОЛ НИЙЛСЭН 50 ГАРУЙ ШАВЬТАЙ
-Өөрийг чинь ахлах болсон гэж сонссон. Ахлах болоход ямар шалгуур тавьдаг юм бэ. Залуу халаагаа хэрхэн бэлтгэж байна?
-Би өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ахлах болсон. Манайх цагаан, цэнхэр хослолтой. Цагаан нь үйлчлэгч, ахлах нь цэнхэрийг өмсдөг. 2008 онд анх монгол охидуудын ахлагч нь болж байсан.
2010 онд сургалтын багш болооч гэсэн санал ирсэн. Компани дээр сонгон шалгаруулалт болж тэнцэхэд сургалтад суулгаад шинээр ирж байгаа охидуудад анхан шатны үйлчилгээний мэдэгдэхүүн олгох багш болсон. Сургалтад суугаад хичээлээ яаж сонирхолтой зааж, бэлдэх вэ, анхан шатны хүүхдүүдтэй хэрхэн харилцах, тэдэнд юуг анхааруулж хэлэх талаар олон зүйл сурсан. Гадаадын компанид гадаад ажилтан ямар байх вэ, ажлаа хэрхэн сонирхолтой хийх талаар өөрийн амьдрал, туршлагаасаа хуваалцсан нь тус дэм болсон гэж боддог. Шаардлагатай үед нислэгээс буугаад багшилдаг. Би япон, хятад, монгол нийлсэн 50 гаруй шавьтай. Монгол охидуудыг үйлчлэгчээр авах сонирхолтой байдаг. Учир нь монголчууд орос хэлний мэдлэгтэй учраас Москва, Владивостокын чиглэлд нисэхдээ мэдээгээ орос хэлээр зарладаг. Солонгосууд оросоор ойлголцож ярихдаа тааруу учир монгол охидыг авдаг.
-Ази хүнд үйлчлэх, европ хүнд үйлчилхэд ялгаа байдаг уу. Ер нь ямар хүнд үйлчлэх нь танд таатай, амар байдаг вэ?
-Миний хувьд монголоороо ярьж ойлголцоход хамгийн таатай байдаг. Учиргүй харьцааны доголдолтой хүн байдаггүй. Манайхан гадагшаа яваад аялаад сурсан байна. Юу хүсч байгаагаа зөв илэрхийлж чаддаг болохоор бидэнд ч гэсэн амар байдаг. Азиас япончууд нисч сурсан хүмүүс байдаг юм шиг санагддаг. Харин европууд угаас соёлтой. Хамгийн хэцүү нь хятадууд. Тэд англиар биш хятадаар ярьдаг. Тиймээс тэр хүний юу хүсч байгааг ойлгохгүй учраас харьцахад асуудалтай байдаг. Хэрэв ийм тохиолдол үүсэхэд зураг зурах, биеийн хөдөлгөөн, дохио зангаагаар ойлголцдог. Бүр ойлгохгүй бол хоолоо үзүүлж сонгуулна. Жүүс уухыг хүссэн бол алийг нь уухыг асуухын тулд бүгдийг нь барьж харуулах зэргээр ойлголцоно. Заримдаа ч хэлд ороогүй хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг л байдаг.
ГЭРИЙНХЭЭ АЖЛЫГ АЛСЫН ЗАЙНААС УДИРДДАГ
-Арын албаа яаж зохицуулж байна вэ. Хэр сайн гэрийн эзэгтэй, ээж вэ?
-Гэрийнхээ ажлыг алсын зайнаас удирдана даа. Миний арын ажлыг ээж маань даадаг. Бүх зүйлийг яг хэлснээр минь хийж, ямар ч асуудалгүй байлгадаг. Миний хань их сайн хүн байдаг учраас намайг их ойлгож, дэмждэг. Боловсролтой хүн болохоор ямар ажил хийдгийг минь мэднэ. Ойлгодог учраас л би энэ ажлыг хийж байгаа. Хэр баргийн хүн ингэж явуулахгүй шүү гэж зарим хүн надад хэлдэг. Бид амралтаа захиалж болдог учраас Монголынхоо баярыг тааруулж амралтаа авдаг. Мэдээж гэр бүлдээ цаг зав зарцуулалгүй яах вэ. Би нөхөртэйгөө анх Солонгост танилцсан. Манай нэг найз Японоос ирээд бид дэлгүүрээр хэсч явахдаа монгол хүмүүстэй таарсны нэг нь миний нөхөр байсан. Заяаны хань зам дээр гэдэг шиг зүйл болсон. Одоо бид хоёр хүүтэй. Том нь зургаа, бага нь хоёр настай. Чөлөөт цагаа хүүхдүүдтэйгээ хөгжилтэй өнгөрөөхийг боддог. Өөрийгөө муу ээж гэж боддог. Хүүхдүүдээ эрхлүүлж, халамжлаад байж чаддаггүй. Яагаад гэхээр байнга хамт байдаггүй болохоор өрөвдөөд байдаг юм. Нэг удаа хүүгээ эрхлүүлж байгаад явсан чинь намайг хайгаад зөндөө уйлсан байсан. Нөхрөө аль болох халамжлахыг хичээж байна. Эрүүл хоол хүнс хэрэглэх, эрүүл амьдрахад нь түлхүү анхаардаг.
-Гэр бүлээрээ гадаадад аялсан байх. Харин Монголоороо аялж байв уу?
-Гэр бүлээрээ Хятад, Сингапур, Шанхай, Токио руу явж байсан. Хүүхдүүдээ том болохоор холын нислэгт авч явна гэж боддог. Онгоц явахаар манай хүүхдүүд “Ээж явж байна” гэдэг гэсэн. Санаанаас гардаггүй сайхан газар бол Хөвсгөл далай. Би хэзээ ч Хөвсгөл шиг гайхалтай тунгалаг далай харж байгаагүй.
-Та бэлгэнд дуртай биз. Гадаадаас юу авдаг вэ?
-Бэлэг өгч, авах дуртай. Гэхдээ ихэнхдээ хүнд бэлэг өгөөд тухайн хүн яаж баярлаж хүлээн авч байгаагаас сэтгэл ханамж авдаг. Тухайн хүнийг жижиг ч гэсэн зүйлээр баярлуулж байгаа нь миний түүнд хийж чадах зүйл гэж боддог. Тиймээс жижиг гэлтгүй бэлгэнд мөнгө зарцуулдаг.
-Очсон газрынхаа бэлэг дурсгалаас юу цуглуулах дуртай вэ?
-Хамгийн их цуглуулсан зүйл нь хөргөгчний соронзон наалт. Бараг бүх орноос авсан байх. Мөн очсон бүх орноосоо гэрийнхэндээ ил захидал бичдэг. Хааяа хөөрхөн хүүхэлдэй таарвал авна шүү. Азийн орнуудаас бэлэг дурсгалын зүйл их авч байсан. Вьетнам, Камбож, үзэж байгаагүй сонин газруудаас бэлэг дурсгалын зүйл авна. Бид хүнд зүйл авч явах хориотой учраас овор ихтэй, хагарч, гэмтэх зүйл авч явах боломжгүй. Тиймээс аль болох өөрт таалагдсан жижиг зүйлийг авна. Бидний чемоданыг цаанаас өгдөг учир түүндээ тааруулаад хувцас, гоо сайхны будгаа л авч явдаг.
-Гоо сайхан харагдахын нэг нууц нь спортоор хичээллэх гэдэг. Харин таны хувьд ямар нэг спортын төрлөөр хичээллэдэг үү?
-Сонирхогчдын усан спортын улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр алтан медальтай. Манай аав аймгийн арслан, улсын начин цолтой хүн. Тиймээс аавыгаа дуурайгаад манайхан спортод элэгтэй. Манай хоёр ах чөлөөт бөхөөр, эгч сонирхогчдын гимнастикаар, нэг дүү маань цанаар хичээллэдэг.
-Хол замд их явдаг болохоор ээж, аав тань элдвийг захиж хэлдэг байх. Ээж, аавынхаа ямар сургаалийг ажил, амьдралдаа мөрддөг вэ?
-Энд тэнд ажлаар явж байхдаа ээж, аавын хэлсэн үг дандаа бодогддог. Жаахан алдаа гаргавал эсвэл буруу зүйл хийсэн үедээ нээрээ тэгж хэлж байсан даа гэж боддог. Гэхдээ хамгийн их хэлдэг, түүнийг нь амьдралдаа мөрдлөг болгодог үг нь “Зөв хүн байх. Зөв хүнтэй нөхөрлөх. Би өөрөө зөв байвал миний бодол, үйлдэл зөв байна” гэдгийг дандаа бодож явдаг.
“КОРЕАН ЭЙР” 20966 АЖИЛТАНТАЙ
“Кореан эйр” 1969 оны гуравдугаар сарын 1-нд байгуулагдсан Солонгосын гэр бүлийн том компани аж. Тэднийх дотоодынхоо 13, гадаадын 42 улсын 11 хотод нислэг үйлддэг. Зөвхөн зорчигч тээвэр хариуцдаггүй. Каргогоороо дэлхийд тэргүүлдэг компани юм байна. Ачаа тээвэр зөөнө, хоол бэлтгэх Катеринг компани нь үндэснийхээ хоолоор үйлчилдгээрээ алдартай ажээ. Маш том агаарын худалдаа, бизнес эрхэлдэг. Нийт 20966 ажилтантай. Үүний 6280 нь онгоцны үйлчлэгч, 2243 нь нисгэгч, бусад нь инженер болон төлөөлөгчийн газар, удирдлагууд, албан хаагч нар ордог. Солонгостоо харьяалагддаг болохоор Монгол салбарт хэчнээн хүн ажилладгийг сайн мэдэхгүй. 2005 оноос хойш 40 гаруй монгол охин ажилд орсноос одоо 16 нь ажлаа хийж байгаа бөгөөд монгол нисгэгч байдаггүй аж. Тухайн онгоцноосоо шалтгаалж үйлчлэгч нарын тоо хамаарна. Тухайлбал, 120 хүний суудалтай жижиг онгоцонд 4-5, заримдаа зургаан үйлчлэгч үйлчилнэ. Том онгоцонд 300 гаруй зорчигч авч явна. “Кореан эйр” саяхан “Айр басс”-ын 380 гэсэн том онгоц авчээ. Энэ онгоцны хувьд хоёр давхар. Дээд давхар нь бизнес класс, нэгдүгээр давхрынхаа урд хэсэгт нэгдүгээр зэрэг, хойд хэсэгт нь экономик класс. Энэ онгоц нь 300 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Энэ тохиолдолд нэг, хоёрдугаар давхартаа тус бүр 11 үйлчлэгч явдаг байна. Мөн үйлчлэгч нарын иж бүрдэл хувцсыг хэдэн ээлжээр цаанаас нь өгдөг ч гоо сайхны хэрэгслээ өөрсдөө бэлдэх ёстой гэнэ. Мөн 18-24 цаг амрахдаа солонгосуудаа дагаад массаж хийлгэх, гадуур явж, фитнес, бассейнд орж ядаргаагаа тайлдаг байна. Компанийн зүгээс үйлчлэгч нараа дэлхийн өндөр зэрэглэлтэй буудалд буулгадаг гэж Ш.Батцэцэг сонирхууллаа.