Ч.ҮЛ-ОЛДОХ

“Зууны мэдээ” сонин  монголчуудын түүх, соёлын хосгүй дурсгал Бурхан Халдун уулыг  онцгой хамгаалалттай болгох санал дэвшүүлж, олон нийтэд хандан уриалж байгаа билээ. Энэ сэдвээр “Цагаан шонхор” компанийн захирал Ч.Энхтайвантай ярилцлаа. 

 

-Та улс төрөөс завсар­лага авч, Хэнтийн тойр­гоос нэрээ татан чимээгүй болсон. Харин манай со­ниноос саяхан Бурхан  Хал­дуныг хамгаалъя сэд­вээр зарласан хэлэлцүү­лэгт хүрэлцэн ирсэн нь ан­хаарал татсан. Тэгэхээр таныг улс төрийг орхиж, харин нутаг усаа хам­гаалахын төлөө үг хэлж үзэл бодлоо уралдуу­ла­хаас хойш суухгүй хүн гэж ойлголоо. Хэлэлцүүл­гийн үеэр хэлж байсан саналаа жаахан тодруулна уу?

-Би Хэнтий аймагт төрж өссөн хүн л дээ.

 

Бурхан Халдун уул анх төрийн тахилгатай болс­ноос эхлээд  сүүлийн хэ­дэн жил ёслолын ажил­лагааг  ивээн тэтгэж ир­сэн. Гэхдээ Бурхан Халдун зөвхөн Хан Хэнтийхний бус хамаг монголчуудын шүтээн. Хэн хаана төрсөн гэдгээс үл шалтгаалж, хамаг монголчууд, дэл­хийн монгол угсаатнуудын  тахиж шүтэж ирсэн шүтээн уул нь  юм. Эзэн Чингис хаанаас хойш үе үеийн дээдсүүд оройн дээд шүтээн гэж үзэн хүндэтгэл үзүүлж, хэдэн зуунаар дархлан хамгаалж ирсэн байдаг. Хайрхан уул болон тэр хавийн нутаг Мон­голын Эзэнт гүрэн, мон­голчуудын түүхтэй салш­гүй холбоотой. Шүтээн гэж байдаг бол түүний оройн дээд нь, өвөг дээд­сийн маань дээд шүтээн өндөр дээд Бурхан Халдун хайрхан гэж түүх сурвал­жид хүртэл тэмдэглэн үлдээсэн байдаг шүү дээ. Энэ хайрханы талаар “Монголын нууц товчоо”-д ч олонтаа дурьдагдсан. Бусад түүхэн сурвалжууд ч  бий. Тэр талаар болон хожмын түүхч, судлаач­дын бүтээл, дэвшүүлсэн санал, бичиж тэмдэглэс­нийг яривал маш их юм бий. Товч хэлэхэд, би түрүүнд ч бас ярьсан. Бурхан Халдун бол хамаг монголчуудын оройн дээд шүтээн юм. Чингис хааны хэлсэн үг бий,  “Гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуул”  гэж. Гурван мөрний эх нь Бурхан Халдун уул. Бусдыг  бүү нутаглуул гэдгийн учир нь харийн хүмүүсийг бүү очуул гэсэн үг. Энэ үгийн утгыг одоо орчин үед аваад үзэхэд буруу санаатан, бусармаг хүмүүсийг хол байлга гэж ойлгож болно. Тиймээс танай сонины  хэлэлцүүлэг явуулна гэсэн зарлалыг хараад очсон юм. Мөн та бүхний дэвшүүл­сэн санал, санаачилгыг дэмжиж байна. Хайрхан уулаа дархан цаазат, тө­рийн тусгай хамгаалалттай газар гэсэн статусаар хам­гаалах бус онцгой хам­гаалалттай байгаасай гэж хүсч байна. Хамгаалалтын хэлбэр нь дотоодын цэрэг байгаасай, тэгж байж хам­гаалалт жинхэнэ утгаараа хэрэгжинэ гэж бодож бай­на. Яагаад гэвэл,  тэр бол өвөг, дээдсийн маань Их хориг учраас түүх, соёлын олон асуудалтай холбоо­той.

- “Гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуул” гэсэн эцэг, өвгөдийн гэ­рээслэлтэй. Нөгөөтэйгүүр  тийш нь аялал, жуулчлал хөгжүүлэх нь хэр оновчтой бол?

-Олон хүний хөлөөр талхлаад байх газар биш. Гэхдээ монголчуудаа бол хорьж, цагдаж дийлэхгүй шүү дээ. Тэр чинь хамаг монголчуудын шүтээн. Тийм учраас Босго тэн­гэрийн даваанаас цааш хүмүүсийг оруулахаа бо­лих хэрэгтэй. Ийм шийд­вэр гаргахад эсэргүүцэх нэг ч монгол хүн гарахгүй гэж бодож байна. Босго тэнгэрийн даваанаас цааш орлоо гэхэд зөвхөн төрийн тахилгад оролцох эрх бүхий хүн, Төрийн тэргүүн тусгай зөвшөөр­лөөр, мориор нэвтэрдэг байх хэрэгтэй.Түүнээс биш машин оруулж бо­лох­гүй. Олон удаагийн тахилгад оролцохдоо харж байхад тэнд очсон ма­шинууд байгалийг нүдэн дээр сүйтгээд хаячихдаг юм билээ. Замын бартаа ихтэй, ширэнгэ ойтой газар өөдөө гарах гэж тал талаас нь зүтгэсээр олон ч машин суудаг. Ингээд газрын хөрсийг ухаж, бур­гас модыг нь хугачаад хаячихдаг. Тэр байдлыг зогсоохгүй бол маш аюул­тай. Нэмж хэлэхэд  нэг тахилга боллоо гэхэд очсон хүмүүс  маш их хог хаядаг. Ийм учраас Босго тэнгэ­рийн даваанаас цааш явуулмааргүй байгаа юм.

-Хэнтий аймаг ганц Бурхан Халдун уул ч бус ширхэг  чулуу хүртэл түүх өгүүлэх нутаг. Тэмүү­жинг  хамаг Монголын Чингис хаанаар өргөмжлөн хаан ширээнд  залсан  түүхт Хар зүрхний хөх нуур, Гурван мөрний эхэн буюу Монголын цэвэр усны хагалбар, Чингис хаан, Жамух хоёрын анд бололцсон газар  бүгд тэнд бий. Ингээд ярихаар ая­лал, жуулчлалыг зайлшгүй хөгжүүлэх шаардлага гарч ирээд байна?

-Түүх, судалгааны чиг­­­лэлээр аялал жуулч­лалыг хөгжүүлж болно. Тухайлбал, Өвөр­монгол­чууд Чингисийн онгон нэртэй аялал, жуулчлалын асар том цогцолбор байгуулчихсан. Тийшээ жилд олон сая хүн  зорьж очдог. Гэтэл тэнд түүхт гол газрууд байхгүй. Тэгвэл бид түүн шиг цогцолбор байгуулж болно. Музей байгуулж болно. Зан үйлийг сэргээж, ёс занш­лаа харуулсан үзмэ­рүү­дийг  дууриалган хийж болно. Заавал түүхт газар дээрээ олон зуун хүн аваа­чиж талхлуулаад, эсвэл ухаж төнхүүлээд байх шаардлагагүй. Гэтэл таны түрүүнд  нэрлэсэн Хар зүрхний хөх  нуурын  яг эрэг дээр аялал, жуулч­лалын газар байгуулж бай­галь орчныг сүйтгэж байгаа юм билээ. Тэд­гээрийг түүхт газраас зай­тай байлгамаар байгаа юм. Жишээ  нь Хэнтий айм­гийн Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэнгийн Хөдөө арал бол “Монголын нууц товчоо” анх бичигдсэн, анхны их хурилдайнууд болсон  түүхт газар. Тэнд  барилга байшин барих бус  хамгаалах ёстой. Харин аймгийн төвийнхөө хойд талд цогцолбор байгуулж болно шүү дээ. Энэ талаар Засгийн газраас гаргасан тогтоол бий. Аймгийн удирдлагууд ч ийм байр суурьтай ажиллаж байгаа юм билээ. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэд Чингис хааны цог­цолбор байгуулах комисс байгуулагдан ажиллаж байгаа. Гол нь Чингис хааныхаа цогцолборыг Өвөрмонголынхоос дутуу­гүй байгуулж,  гадаад, дотоодын аялал жуулч­лалыг хөгжүүлэх боломж бий. Мөн түүнээс гадна  залуучуудаа эх оронч, үн­дэсний үзлээр хүмүү­жүү­лэхэд  ихээхэн нөлөөтэй.  Солонгосын кинонуудыг харахад залуучуудынхаа үндэсний үзлийг  сэргээ­хэд их анхаарч байна. Тэр нь үндэсний үзэлд нь, цаашид хөгжиж дэвшихэд нь ихээхэн үр нөлөө үзүүлж байна. Гэтэл на­рийн яривал Солонгосын түүх  Хүннү нарыг ялж байсан гэх сурвалжууд байхгүй, бүгд зохиомол. Гэтэл Монголын түүх ба­римттай, түүхэндээ хам­гийн олон эзэнт гүрнийг байгуулсан улс. Монгол­чуудын хамгийн сүүлчийн Эзэнт гүрэн гэхэд Энэт­хэгт 1520-оод онд байгуу­лагдаж 200 жил оршсон Их Моголын Эзэнт гүрэн гэж бий. Их Монгол Улсаа дахин сэргээх гэж байгуулсан нь гадныхны хэлэнд сунжирч Их Могол болсон түүхтэй. 1720 он хүртэл оршин тогтнож байсан. Тэр үед Монголын Жаахан Шах Жахан хаан Таж Махалыг байгуулсан түүхтэй. Моголын Эзэнт гүрний үед дэлхийн хам­гийн тансаг орд хар­шуу­дыг байгуулсан. Тэр нь Версиалын хаадын орд­ноос хавьгүй илүү байсан. Тухайлбал, Улаан цайз байна.  Тэгэхээр тийм түүхтэй байж бид түү­гээ­рээ залуучуудаа хүмүү­жүүл­вэл ирээдүйдээ ит­гэх, өөрсдөөрөө омогших, өвгөд, дээдэс түүх соё­лоороо  бахархах, түүнээ­сээ эрч хүч авч улс орноо хөгжүүлэх, улс  орон, үн­дэс­тнийхээ төлөө зүтгэх үзлийг төлөвшүүлэхэд нө­лөөтэй юм. Тиймээс аялал жуулчлал гол биш, тэр бол хоёрдугаарт, гу­равдугаарт орох асуудал. Дахин  хэ­лэхэд  түүхт газрууд  дээ­рээ очиж, барилга байшин барьж, газар шороог нь ухаж төнхөж  болохгүй.

-Тэгвэл судалгаа, шин­жилгээний ажил явуу­лахад  ямар зарчим баримт­лах ёстой бол?

-Бурхан Халдунд га­даадын  ямар ч судалгааны анги, археологийн багуу­дыг ажилуулах, тийш нь нэвтрэх зөвшөөрөл өгч болохгүй. Тэд Монголын түүхч, археологичдоос илүү Бурхан Халдуныг судална гэж байхгүй. Тө­рийн  зүгээс зайлшгүй судлуулах  шаардлагатай гэж үзвэл түүх, архео­логийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгуулла­гуу­дыг нэтгэсэн баг бай­гуулж  ажиллуулах хэ­рэгтэй. Гадаадын судлаа­чид оролцуулъя гэж байгаа тохиолдолд тэднээс авах нэг л юм бий. Тэр нь тех­ник, технологи, геофизи­кийн багаж  төхөөрөмжүүд юм. Түүнээс өөрөөр  гад­нын хүмүүсийг тийш нь оруулах шаардлагагүй. Бас нэг асуудал бол су­далгаа, шинжилгээ хийх зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагуудад нь өгөх­гүй  бол аль нэг яамны улстөржсөн, ашиг хонжоо  харсан  түшмэл шийддэг байж таарахгүй. Тэгээд ч өвгөд, дээдсийнхээ ясыг өндөлзүүлж, амар амга­ланг нь алдагдуулж булш бунхан хайх гэх мэт асуудал байж болохгүй. Бид нүүдэлчин ард түмэн. Суурин соёл, иргэншил­тэй улс орнууд эцэг, дээд­сийнхээ булш бунхныг  ухаж гаргаад үзмэр болгож мөнгө төгрөг олж ирсэн өвөрмөц зан үйл бий байх. Манайд эртнээсээ тийм байгаагүй. Цаашид ч тэгэх шаардлагагүй. Эцэг, өвгөд маань энэ сайхан бай­галийн баялагтай газар нутгийг бидэнд үлдээсэн байна. Түүнийг нь зөв зарцуулж чадахгүй байж заавал өвгөд, дээдсийнхээ булш бунхныг гаргаж ирж, яс үсийг нь өндөлзүүлж  мөнгө олно гэдэг  юу гэсэн үг вэ. Өвгөдийнхөө ясыг өндөлзүүлж, сүнсийг уурлуулж болохгүй. Их хориг их хоригоороо үлдэх учиртай.

-Таныг  түүх судалж,  Монголын болон нутаг орныхоо түүхийг бодитоор мэдэж авъя хэмээн 1990-ээд оны эхээр энэ сал­барын нэртэй эрдэмтдийг амьд сэрүүн байхад  уул­заж ярилцаж байсан гэж дуулсан. Тэд юуг чухал­чилж захиж байсныг сонирхмоор байна?

-1990-ээд оны дундуур би Чингис хаан судлалын олон улсын төв, Чингис хааны дурсгалыг судлах цогцолбор санг байгуул­сан юм. Тэр ажлын хү­рээнд Монголын  нэртэй түүхч, судлаачид, эр­дэмтэн мэргэдээс гадна дэлхийн монголч эрдэмтэд бидний зохион байгуулсан хурал, чуулганд оролцож байсан. Тухайн үед  дэл­хийн сор болсон эрдэмтэн судлаачидтай уулзаж ярил­цах завшаан то­хио­сон.  Академич Н.Иш­жамц, Ч.Далай, Чой.Лув­санжав нарын нэрт эрдэмтэд байсан. Цагийн аяс, насны жамаар  олонхи нь бурхны оронд заларсан байна. Тэр үед би залуу ч байж  Чингис хааны он­гоныг олчих юм сан, Евро­пынхон шиг том музей байгуулах сан. Тэгвэл улс орны эдийн засаг, нэр хүндэд хэрэгтэй гэж бодож, тэр талаар ярилцаж санал солилцож байхад Монголын төдий­гүй, дэлхийн монголч эрдэмтэд “Болохгүй. Танай соёлд харшилна. Нөгөөтэйгүүр, та бүхэн их хааныхаа он­гоныг оллоо гэхэд хам­гаалж чадахгүй” гэж хэлж захиж байсан. Түүнээс хойш би тэр бодлоо ор­хисон. Одоо тэгж бодож байгаа хүн байхыг үгүйс­гэхгүй. Тиймээс болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй гэж хэлмээр байна. Би танай сониноос зарласан  хэлэлцүүлэг дээр ч хэлж байсан. Дахиад ч хэлье. Өнөөдөр та бид Зана­баз­рын музей­гээсээ л тэр их хүний бүтээсэн бурх­нуу­дыг ал­даад байгаа биз дээ. Тэ­гэхээр яаж  хамгаалах юм бэ. Музейн дарга, ажилчид нь алдаж асгаад, хольж солиод бужиг­нуу­лаад байгаа биз дээ. Тэр бүү хэл тэр том дино­зав­рын араг яснуудыг гадаг­шаа алдчихаад байна шүү дээ. Ийм байхад их хаа­ныхаа онгоныг олчихлоо гэхэд алдагдах, солиг­дохыг байг гэхгүй. Тий­мээс болохгүй юм байна гэдгийг би хатуу ойлгосон. Дэлхийн сор болсон агуу том эрдэмтэд бүгд тийм байр суурьтай байж, түү­нийгээ ч хэлж захиж  бай­сан. Энд тэнд их хаадын булш бунхан байна гээд зарлахад түү­нийг гадаад, дотоодын  тонуулч, дээ­рэмчдээс хамгаалах бо­ломж алга байна шүү дээ, Монголд. Нисдэг тэрэг хөлөглөсөн зэвсэгт бү­лэглэлүүд дай­раад ороод ирэхэд бүх зүйл дуусна. Тиймээс дотоодын цэр­гийн хамгаалалт хэрэгтэй байгаа юм.