Х.ХУЛАН

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Урьдчилан сэргийлэх, соён гэгээ­рүүлэх хэлтсээс 2013 оны эхний улиралд хийсэн ажлынхаа хураангуйг сэтгүүлчдэд мэдээллээ.

Мөрдөн шалгах хэлтэст он гарсаар иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээлэл нь Засаг дарга, хууль хяналт, мэргэжлийн хяналт, гааль, боловсрол, эрүүл мэнд, ашигт малтмал, яамдын үйл ажиллагаатай хоблоотой байжээ. Төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан 26, эрх мэдлээ хэтрүүлсэн долоо, хээл хахууль авсан ес, өгсөн 13 хэрэг, үйлдэлд мөрдөн байцаалт явуулсан байна. Тус хэлтэст одоогоор нийт 47 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна. Эрүүгийн хэрэгт нийтдээ 133 хүнийг сэжигтэн, яллаг­дагчаар татан шал­гаснаас 19 нь улс төрийн, 26 нь төрийн захиргааны, 11 нь төрийн тусгай албан тушаалтан гэв. Мөрдөн шалгасан хэргийн улмаас 33.8 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 992.8 сая төгрөгийн хохирлыг барагдуулж, 1.3 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжилжээ.

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дархан-Уул, Орхон, Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Ховд аймагт ажиллаж авлигын эсрэг тусгайлсан арга хэмжээ авсан байна. Түүнчлэн тус газраас энэ сарын 10-ны байдлаар ашиг сонирхлын хууль зөрчсөн 44 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ. Тэдний наймыг ажлаас халж, тавынх нь албан тушаалыг бууруулж, бусдад нь сануулах ба цалин бууруулах арга хэмжээ авсан байна.

   Өнгөрсөн хоёрдугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд 47000 албан тушаалтан хуулийн дагуу хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогоо мэдүүлсэн. Мэдүүлгээ гаргаж өгөөгүй, хугацаа хожимдуулсан 37 албан тушаалтнаас 30-д нь сануулах арга хэмжээ авч, гурвыг нь ажлаас халсан байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатаас сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

- Зэвсэгт хүчний жан­жин штабын генерал Т.Дашдэлэгт холбогдох хэргийн талаар тод­руулахгүй юу?

- Т.Дашдэлэг Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах командлагчаар ажиллаж байхдаа БНАСАУ-ын зохих хуулийн этгээдтэй бай­гуул­сан гэрээнийхээ үүр­гийг хэрэгжүүлээгүй. БНАСАУ-ын талаас 1.5 сая ам.доллар авсан байдаг.. Хэргийг шалгаад дуусч байгаа. Дээрх хо­хирлын тал хувийг бараг­дуулаад байна. Хохирлыг барагдуулснаар хэрэг хэ­рэгсэхгүй болох үндэслэл бий болохгүй. Магадгүй, тэдгээрт оногдуулах ял шийтгэл хөнгөрч болно.

-”ZTE” компанийн удирдлагуудын хэрэг аль шатанд явж байна вэ?

-”ZTE” компанийн хэрэг Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн хэлтсийн дарга Ч.Гансүх нартай хол­богдож байгаа. Түүнийг ТЕГ-ын Эрсдлийн үнэл­гээний хэлтсийн дарга н.Энхбат, н.Бямбасүрэн нарын хамт шалгаж байна. Одоогийн байдлаар бид Ч.Гансүхийн хүүхдийнх нь дансаар 14 тэрбум төгрөг эргэлтэд орсныг тогтоогоод байна. Энэ хүний эцэг н.Чимэд гэгч хүний төгрөгийн дансаар нэг тэрбум 200 сая гаруй, долларын дансанд нэг сая гаруй ам.доллар хөрөн­гө­тэйг тогтоогоод байна. Ч.Гансүхийн бас нэг хүүхдийг АНУ-д суралцаж байх хугацаанд хүүхдийнх нь дансаар нэг сая орчим ам.доллар эргэлдэж байсныг тогтоосон. н.Энх­батад бас өөрөө тайлбар­лаж чадахгүй хөрөнгө, орлого байгаа нь тогтоогд­сон. Бид энэ мөнгөний эх сурвалжийг олж тогтооно. Үүнээс үүдээд  “ZTE”  хэмээх Монголд томоохон төслүүдэд ажилласан аж ахуйн нэгжийн асуудал гарч ирж байгаа юм. Энэ компанийн үйл ажил­лагаатай холбоотой ногдох татварыг ажил үүргийнхээ хуваарийн дагуу Ч.Гансүх шалгаж байсан байна. Тиймээс бидэнд “ZTE-г давхар шалгах шаардлага гарсан.

-Хөрөнгө орлогын мэдүү­лэгтэй холбоотой хууль зөрчсөн асуудлыг шалгаж байгаа юу?

-УИХ-ын гишүүн хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогоо мэдүү­лээгүй, худал мэдүүлсэн бол  өнгөрсөн оны тав­дугаар сараас эхэлж үйл­чилж буй, нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн зохи­цуу­лалтаар УИХ-ын ёс зүйн дэд хороонд харьяална. Бид үүнийг ажиглаж байгаа. Ёс зүйн дэд хороонд мэргэжлийн хяналт шалгалтыг явуу­лах, бололцоо нөхцөл нь ямар байна вэ гэдэг асуу­дал мэдээж гарах байх. УИХ бүрэн эрхийхээ хү­рээнд манай байгууллагад шилжүүлэх, тодорхой чиглэл өгөөд шалгуулах боломж, эрхзүйн орчин бий. Тийм нөхцөлд АТГ шийднэ.

-Танайх руу хэргийг шилжүүллээ гэж бодоход захиргааны арга хэмжээ аваад өнгөрөх юм уу, эсвэл ажлаас нь халах уу?

- Манай дээр шалгуул­сан тохиолдолд бид бүрэн эрхийнхээ дагуу дүг­нэлтээ гаргана. Дүг­нэлтийг мөн л Ёс зүйн дэд хороонд хүргүүлнэ. Тэд асуудлыг шийдвэрлэнэ.

-БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаярт холбогдох хэргийг шалгаж байгаа юу?

-Тодорхой мэдээлэл өг­­мөөргүй байна. БСШУЯ-наас зохион бай­гуулсан зарим худалдан авалттай холбоотой асуу­далд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа.

-Авлигын хэргээр шалгуулж буй улс төрийн 19 албан тушаалтныг нэр­лэх боломж байна уу?

-Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан н.Сандаг-Очирын хэргийг шалгаж дуусч байна. Удахгүй прокурорт шилжүүлнэ. Хууль бусаар газар олгосон хэрэг.Бас Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч н.Очирхуягийн тендер сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулсан хэргийг шалгаж байна. Тэрээр Хөвсгөл аймгийн хэмжээнд 2009-2011 онд зарласан худалдан авах гэрээний хуулийг зөрчсөн.