Д.МЯГМАР

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа хууль зөрчиж олон хүнийг ажилгүй болгосон хэмээн хэсэг иргэд жагсаж, түүний эсрэг мэдээлэл хийх болсон. Түүний байр суурийг сонсохоор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрыг зорьсон юм. Төвөггүйхэн Засаг даргын өрөөнд нэвтэрч ярилцах боломж олдлоо. 

-Засаг дарга ажлаа аваад удаагүй жагсаал, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаагийн шалтгаан юу вэ. Одоо Батоникийн цэцэрлэгийн дэргэд элс, хайрга зардаг машины жолооч нар таныг эсэргүүцээд ирчихсэн байна. Юу болсон юм бэ?

-Том оврын машины жолооч нар сайн дураараа Батоникийн цэцэрлэгийн дэргэд очиж зогсоол хийдэг болоод удаж байна. Оргил худалдааны төвийн баруун талд сул газар байгаа. Манай дүүргийн Өмч, газрын харилцааны албаны журмын хашаанд хууль зөрчиж байр­шуул­сан чингэлэг, ТҮЦ зэргийг түр байршуулдаг газар бий. Үүний хажууд том тэрэгнүүд ду­раараа зогсоол хийдэг. Баянзүрх ТҮК болон Нийтлэг үйлчилгээний компани хамтран тэр газрыг ашиглахаар болсон юм. Манай дүүрэг 300 мянган иргэнтэй. Гэтэл хог тээвэрлэдэг машинаа хувийн компаниас тү­рээ­сээр авдаг. Урин цаг ирлээ. Төсвийн мөнгийг үрэн таран хийхгүйн тулд бэлэн талбайгаа хашаад хог тээврийн машины зог­соол хийхээр болсон. Ир­гэдийн эрх ашгийн төлөө ажил хийхээр хэдэн хүн өөрсдийн бизнесээ бодоод бидний ажлыг эсэргүү­цээд байгаа нь энэ. Ачааны машины жолооч нар ажил хийлгэхгүй хаалга таглаад, хэрүүл маргаан хийх болсон. Манай газраас иргэдийн төлөө, олонхийн эрх ашгийг дээдэлсэн ажлаа л хийнэ.

-Тэд төрөөс ажил нэ­хэлгүй өөртөө ажлын байр гаргаж байгаа юм биш үү?

-Машин худалдаж авсан хүн бүрт төрөөс га­рааш, зогсоол олж өг­дөггүй биз дээ. Машинаа хэрхэн ашиглахаа төлөв­лөж байж тухайн иргэн унаа худалдаж авдаг. Том оврын машин нийтийн зам талбай дээр байрших нь зүйтэй гэж үзэж байвал замбараагүй юм болно доо. Барилгын, замын компаниуд ма­шинаа гаргаж тавиад хэцүүднэ биз дээ. Ийм зах үнэ­хээр хэрэгтэй бол Налайх дүүрэгт төвлөрч болно. Шахалдаад газар алга гэхгүй. Манай дүүрэгт сул газар алга. Иргэддээ үйлчилгээ хүргэхийн тулд бид тэр "Тэхийн зогсоол"-ын газрыг зайлшгүй авч ашиглах болно.

-Таныг 200 гаруй хүнийг ажлаас халлаа гэж зарим хүн буруутгаж байсан. Танай нам уг нь "Ажилтай, ор­логотой монгол хүн" хө­төлбөр дэвшүүлсэн байж яагаад амлалтаа биелүүл­сэнгүй вэ?

-Засаг дарга шаард­лагатай бол тухайн хүнийг ажлаас чөлөөлөх эрхтэй. Үнэхээр л тухайн хүн хууль бусаар ажлаас халагдсан бол шүүхэд хандах эрх нь нээлттэй. Тэд яагаад хэл ам хийв. Надад хууль зөрчсөн зүйл байхгүй учраас өө эрж байгаа нь тэр. Гэрээгээр ажилладаг 214 хүний ажиллах хугацаа дууссан.  Тиймээс би дараагийн хүнтэй гэрээ хийсэн. Хөшиг тогтооно гэж гэрээ хийсэн бол тэр ажлаа хийж дуусаад л явах ёстой. Үүнтэй ижил 214 хүн төртэй гэрээ байгуулаад хугацаа нь дуусч байгаа юм. 140 мянган төгрөгийн цалин аваад хэсгийн ахлагч гэсэн ажил эрхэлдэг хүмүүс хэл ам болоод байна. Тэдний гэрээ 2012 оны арван­хоёрдугаар сарын 31-нд дууссан.

-Ажлын туршлагатай хүмүүсийг гэнэт халж байгаа нь буруу шийдвэр биш үү?

-Ажлаа тааруу хийж хэл аманд өртсөн боло­хоор би тэдэнтэй үргэлж­лүүлэн гэрээ хийгээгүй. Тухайлбал, таван ам бүлтэй нэг айлын насанд хүрсэн гурван хүн бүрт өрхийн дэвтэр олго­сон. Үүний цаана нийгмийн ха­ламжийн үйлчилгээ буюу утаагүй зуухыг хоёрыг илүү бичиж аваад зарчих­даг. Гурил, будааг нь авч будилуулдаг. Ийм ажил зохион байгуулдаг хүмүүс шинэчлэлийн ажлыг хэ­рэг­жүүлж чадахгүй. Ядар­сан хүмүүст юмаа тараа гэхээр тусламж эзнээ олохгүй бол тэр багийг эртхэн тараасан нь дээр. 214 хүний ажлын гэрээ дуусч шинээр тийм тооны хүн ажилтай болсон гэсэн үг.

-Хорооны Засаг даргын сонгуулийг нууцаар зохион байгуулж бусдад шу­даргаар өрсөлдөх боломж олгоогүй юм уу. Энэ бүхэнд та ямар ч тайлбар хэ­лэхгүй амандаа ус балгасан хүн шиг байгаа нь буруутайн шинж үү?

-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн удирдлагын тухай хуулиар баг, хороо хоёр ижил статустай байдаг. Баг 100 өрхтэй. Хурал хийхэд 30 хүн ирээд багийн даргаа сонгодог. Будилиан гарахгүй. Гэтэл нэг хороо 10 мянган хүн амтай. Манай дүүрэгт 280 мянган иргэнтэй байхад 3-4 мянган өрхтэй. Өмнө нь энэ хурлыг хэзээ ч нийтэд зарлаж хийдэггүй байсан. Бид хурлын талаар сонинд зарлаж нийтэд мэдээлэхэд 300-400 хүн ирсэн. Шийд­вэр гаргахад хүнд болсон. Хоёр талцаж муудалцаж, нэгнээ доромжилж, зодоон ч болсон. Олонхийн шийдвэрийг би дагасан. Цөөнх хэзээ ч гомдолтой үлддэг. АН-ыг дэмжигч тал ялсан. Иргэд сон­голтоо хийгээд Баянзүрх дүүрэгт АН ялсан биз дээ.

-Танай дүүргийн төсөв ихдээд хүн бүрт л олон сая төгрөг тарааж байгаа мэдээл цацагдсан. Халсан хүн бүртээ олон сая төгрөг өгсөн гэж иргэд танайхыг хардаж байна лээ. Та тийм их төсөв, мөнгөтэй хүн үү?

-Би хуулийн хүрээнд л ажиллаж байгаа. 2009 онд сонгогдсон хорооны Засаг дарга нар гэрээний хугацаа нь дуусч өөрсдийн хүсэл­тээрээ ажлаа өгсөн. Өр­гөдлөө өгөөд саналаараа ажлаа өгч. “Баянзүрх дүүрэгт АН гар­сан тул бид та бүхэнтэй хамтарч ажиллах бо­ломжгүй” гэсэн. Хүн улс орондоо байж болохоо байхаараа бусад улсаас улс төрийн орогнол хүсдэг биз дээ. Би улс төрөөс болоод гэнэтийн шийдвэр гаргасан тул мөнгө олгож өг гэж хүссэн. Хууль, дүрмийнхээ дагуу зарим хүнд тодорхой хэмжээний мөнгө олгосон. Би хүсэл­тээрээ мөнгө тараагаагүй.

-Хаврын чуулганыг Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж нээж хэлсэн үгэндээ "Иргэдийг намаар нь ялгаварлан хомор­голон халж болохгүй" гэж сануулсан. Танай дүүрэгт халаа сэлгээ хэр хийв. АН-ын хэчнээн хүнээр "цус" сэлбэв?

-Төрийн албаны тухай хуулийг бид барьсан. Намын харъяаллаар хал­сан, сольсон юм байхгүй. Улс төрийн албан тушаал манай дүүрэгт цөөн бий. Засаг дарга, гурван ор­логч, ИТХ-ын дарга улс төрийн албан тушаалтан. Хэвлэлээр шуугиж, намаар ялгаварлаж халлаа гээд байгаа нь хэсгийн ахлагч нар өөрсдийгөө хэлсэн хэрэг. Манай дүүргийн орон тоо 60 хүн гэж нийслэлээс бүтэц батлаж өгсөн. Дүүрэг дотроо менежмент хийх эрхийг бидэнд өгсөн. Хэдэн орлогч даргатай байх вэ. Ямар хүмүүсээр аль ажлыг хариуцуулах вэ гэдгээ бид өөрсдөө шийднэ.

-Дүүрэг гурван орлогчтой болсноор юу өөрчлөгдөв. Тэднийг дагаад туслах, ширээ, сандал, техник хэрэгсэл, цалин гэх мэтээр төсвийн мөнгө урсаад байгаа юм биш үү?

-Гоё асуулт байна, гоё хариулъя. Өмнө нь дүүрэг маань нэг Засаг дарга нэг орлогчтой, босоо удирдлагатай байв. Эцсийн шийдвэрийг ганц хүн гаргадаг байлаа. Тэр нь иргэдийг чирэгдүүлдэг, асуудлыг нь шийдэлгүй өргөдөл, дарааллыг үүс­гэ­дэг байсан. Хү­мүүсийн авлига авах бүтцийг бий болгосон. 300 иргэнд үйлчилдэг сумын бүтэц 300 мянган хүнд үйлчилгээ үзүүлдэг дүүргийн бүтэц нэг байж таарах уу. Ижил статустай гээд ажиллавал манай дүүрэг сумын дайны ажил хийнэ дээ. Тэгвэл 280 гаруй мянган иргэн хөсөрт хаягдах юм. Ажил хийе гэсэн хүнд олон орлогч, ажил хийдэг олон хүнийг өгөх ёстой. Өнөө­дөр дэлхийн  жиш­гээр групп компаниуд хэчнээн мянган ажил­тантай тэр хэрээр найм хүртэл дэд захиралтай байдаг. Орчин үеийн ажлын менежмент ийм болсон. Хариуцлагыг нь үүрүүлдэг. Өмнөх тог­толцоо маань цөөн дар­гатай байж эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлдэг байж. Би гурван орлогчтой болсноороо ажлуудаа хувааж өгөөд асуудал арай л хөнгөрч байх шиг. Тэд ажлынхаа гүн рүү орлоо. Дэд бүтэц хариуцаж байгаа хүнд албан бичиг мянга, мянгаараа ирдэг. Уншаад л байхаас цаашаа ажлаа хийж амждаггүй. Манай дүүрэгт санхүү, эдийн засаг, төлөвлөлт хариуцсан заавал нэг орлогч ажиллах ёстой. Нэг орлогчтой бол тэр хүн тоон дотроос яаж гарах юм бэ. 19 сургууль, 20  гаруй цэцэрлэг, төрийн олон байгууллага хүчин чадлаараа ажиллахын тулд төр хяналтаа сайн тавих хэрэгтэй. Орлогч дарга нар маань сайн ажиллах ёстой. Болдогсон бол надад найман орлогч дарга хэрэгтэй байна. Нээрээ шүү. Тэгж байж бид энэ олон эзэнгүй ажлыг хүмүүст хариу­цуулж иргэд таатай амьд­рана биз дээ.