Ч.ҮЛ-ОЛДОХ

Улс төр судлаач Л.Эрдэнэтуултай ярилцлаа.

-МАХН-ын дарга Н.Энх­баяр шоронд хо­ригдоод нэг жил өнгөрлөө. Энэ үйл явдлыг Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт байна, тэр бүү хэл улс төрийн хоригдолтой боллоо хэмээн олон нийтийн зүгээс хэлдэг, эрдэмтэн суд­лаачид тэгж дүгнэдэг. Энэ талаар та ямар байр суурьтай байна? 

-Н.Энхбаярыг зэрлэ­гээр  баривчилснаас хойш  нэг жил өнгөрлөө. Энэ үйл явц Монголын улс төрийн нэн шинэ түүхэнд том хар толбо үлдсэн. Бүтэн жил тойрон үргэлжиж буй үйл явдлаас юу харагдаж бай­на гэвэл нэгдүгээрт, гар­цаагүй хилс хэрэг, хэлмэг­дүүлэлт байсан. Тэр нь Н.Энхбаяр гэдэг улс төр­чийг, төрийн зүтгэлтнийг Монголын улстөрөөс биеэр нь зайлуулах зохион байгуулалттай , магадгүй гаднын гар хөл, ашиг со­нир­хол оролцсон өргөн далайцтай хуйвалдаан бай­сан нь тодорхой ха­рагдлаа. С.Нарангэрэл докторын илтгэлээс  үзэ­хэд гарцаагүй олон улсын хэм, хэмжээг зөрчсөн ямар ч нотолгоо, баримтгүй, өөрөөр хэлбэл зохиомол хэрэг байсан нь харагдлаа. Улс төрийн хувьд би тү­рүүнд хэлсэн монголоо гэсэн сэтгэл, Монголын төлөө зүтгэж байсан өндөр хэмжээний улс төрийн зүтгэлтнийг зайлуулах опе­раци зөвхөн  нэг жи­лийн өмнө эхэлсэн юм биш. Судлаачийн нүдээр харахад,  Н.Энхбаяр гэдэг хүнийг улс төрөөс зайлуу­лах, болохгүй бол биеэр нь зайлуулах, устгах үйл ажил­лагаа яваад байна уу гэсэн бодол төрсөн.

-Ямар баримт, үндэс­лэлүүд байна?

-Миний сая хэлсэн зүйлүүд гурван барим­таар нотлоглогдож байна гэж үзэж байгаа.

Тухайлбал, жилийн өмнөх зэрлэг ба­ривчилгаа мөсөн уулын дөн­гөж орой нь байсан. Үйл явдал хаанаас эхэл­сэн бэ гэвэл, 2007 оны нэг­дүгээр сард  тухайн үед Ерөн­хийлөгчийн албыг хашиж байсан Н.Энхбаяр ашигт малтмалын салбар, цаа­шилбал стратегийн ор­дуудыг ард түмэнд хэрхэн ашигтайгаар ашиглах вэ гэдэгт өөрийн байр сууриа илэрхийлсэн.

Тэр байр суурь нь тодорхой байсан. Ашигт малтмалын баялаг бол 100 хувь ард түмний өмч мөн, харин гадаадын түн­шүүдийн оролцоо бай­гаа тохиолдолд  51-ээс доош­гүй хувь нь Монго­лын талын мэдэлд байна гэсэн суурь зарчмыг ба­римт­лах ёстой гэдгийг  тун­хаглан илэрхийлсэн. Тэр үед Оюутолгой гэрээ батлагдаагүй, Тавантол­гойн ордын асуудал ший­дэг­дээгүй байсан. Энэ асуу­далд  гадаадын бизне­сүүдийн эрх ашиг хөн­дөгд­сөн, дотооддоо ч гад­нынхны гар хөл болсон тодорхой улстөрчдийн  байр суурьт нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, Н.Энх­баярыг тэдгээр асуудалд бул хар чулуу болоод байна гэж үзсэн, тийм ойлголт төрсний улмаас  цаашид ямар үйл явдал өрнөсөн бэ гэвэл түүнийг улс төрөөс зайлуулах, эрх мэдлээс зайлуулах операци явагд­сан. Энэ  Н.Энхбаярыг зайлуулах нэгдүгээр үйл явц бөгөөд 2009 оны Ерөн­хийлөгчийн сонгуулиар нотлогдсон. 2009 оны Тө­рийн тэргүүний сонгуу­лиар Н.Энхбаяр дарга ч өөрөө хэлдэг, олон ч хүн гэрчилж нотолдог тэр үеийн өөрийнх нь намын зарим улс төр-бизнесийн бүлэг­лэлүүд АН-тай далд хуй­валдаанд орж, түүнийг дахин Ерөнхийлөгчөөр сон­гуулахгүй байх талаас ажилласан. Луйварч ор­сон, эсрэг ч ажилласан, энэ бол баталгаа, нотол­гоо­той зүйл. Ингээд Н.Энх­баярыг эрх мэдлээс зайлуул­чихлаа. Тэр нөхөр Н.Бага­банди гэж ном тэр­лээд суух болов уу гэж хү­лээтэл тэр хүн улстөрийн идэвх­тэй үйл ажиллагаа­гаа хумиагүй. Харин ч  хурц­лагдаж, Оюутолгойн гэрээний үнэнийг ил­чилж, долдугаар сарын 1-ний баримтуудыг дэлгэ­сэн. Монгол Улсын XX  зууны түүхтэй салшгүй хол­боотой  Монгол Ардын Хувьсгалт нам гэдэг нэр, түүний цаадах улс орны 70-80 жилийн түүхийг  хэ­рэг­гүй гэж хогийн сав руу шидсэн үйл явцыг эсэр­гүү­цэж, түүнийг нь олон мянган иргэд, намын ги­шүүд дэмжиж намаа сэр­гээн байгуулж олон ний­тийн дэмжлэгийг хүлээсэн нь хуйвалдагч этгээдүүд, гадаад, дотоодын гар хөл бо­логчдод болгоомжлол төрүүлсэн. Шинээр сэр­гээн байгуулсан МАХН жинтэй улс төрийн хүчин болно гэдэг нь тэр үеэс эхлэн мэдрэгдэж эхэлсэн учраас яаруу, сандруу зохиомол хэрэг үүсгэсэн. Н.Энхбаярын амыг таглах өөр арга олдоогүй учраас зохиомол хэрэг үүсгэж цагдан хорьсон. Энэ бол Н.Энхбаярыг зайлуулах үйл явцын хоёрдугаар үе шат. Энэ ажил жилийн өмнөөс эхэлсэн.

-Одоо өрнөж буй үйл явдлыг түүнийг улс тө­рөөс зайлуулах гуравду­гаар үе шат гэж хэлж байна уу?

-Нэгэнт даргыг нь ба­риад хорьчихсон юм чинь нам нь ч суларна, өөрийг нь ч гэсэн дарж авлаа  гэдгийг эсрэг тал тооцоол­сон байх. Гэтэл Н.Энх­баяр тэмцэгч хүний хувьд өөрийн амь насаар дэнчин тавьж хуурай  өлсгөлөн зарласан. Хэрэв тэр ту­хайн үед өлсгөлөн зарлаж өөрийн эрхийн төлөө тэм­цээгүй бол түүнийг тэр чи­гээр нь батлан даалтад гар­галгүйгээр хаалттай шүүх хурал хийж олон жилээр шоронд хорих байсан. Үүнийг өмгөөлөгч нар нь хэлдэг, С.Нарангэрэл хууль  баримт нотолгоотой гарган тавьж, тэр тухай ном хүртэл гаргасан. Энэ бүхний эцэст хэлэхэд, ард түмэн үйл явцыг дор бүр­дээ тунгааж, үнэн мөнийг ялгах тусмаа цочирдож, олон улсын анхаарал ч Монгол руу хандаад ирэ­хээр дуртай дургүй батлан даалтад гаргасан. Тухайн үед УИХ-ын сонгууль давх­­цаж байсан. Н.Энх­баяр батлан даалтад гарс­наар шууд намаа удирдан сонгуулийн кампанит ажилд оролц­соноор МАХН-МҮАН-ын  “Шударга ёс” эвсэл ам­жил­тад хүрч, УИХ-д 11 суудалтай болж бүлэг бай­гуулсан.  Тэгэхээр хуйвал­дагч бүлэглэл Н.Энх­баярыг  шоронд хийгээжд ч нэмэр багатай, улс тө­рийн идэвхи нь сулрахгүй юм байна, массын дотор ихээхэн нэр хүндтэйгээр барахгүй өндөр рейтинг­тэй, гарцаагүй лидер гэд­гийг нь олж харсан учраас өнөөдөр хүртэл үргэлжиж буй гуравдугаар шатны операци буюу Н.Энх­баярыг биечлэн устгах, ямар нэгэн байдлаар амь насыг нь хөнөөх гэсэн үйл явц үргэлжиж байна гэсэн сэжиг таамаг төрж байна.

-Хэдийгээр сэжиг, таа­маг ч гэлээ заавал ямар нэгэн үндэслэл, нотолгоо байдаг шүү дээ. Тэр нь юу байна?

-Илхэн байна шүү дээ, баримт нотолгоо нь. Тухайлбал, Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудалд асар хойрго хандаж бай­гаа. Эмнэлгийн комисс, мэргэжлийн эмч нарын дүгнэлт гарч, зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаард­лагатай, монголд шин­жилгээг эсийн төв­шинд хүртэл хийх  бо­ломж­гүй гэсэн хэд хэдэн дүгнэлт гарчихаад байхад өнөө хүртэл шийдвэр гар­гахгүй, улайм цайм ашиг со­нирхлын зөрчлөөр хан­даж байна. Нөгөөтэйгүүр, хоёр­дугаар эмнэлгээс шилжин хэвтэхэд нь хорих эм­нэлгийн  даргыг яаруу, сандруу өөрчилсөн. Ердөө 24 цагийн дотор шүү. Өөрчлөх, өөрчлөхдөө одоо­гийн Цагдаагийн ерөнхий газрын дарга, Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдоржийн дотны найз Билэгтийн их ойрын хүрээллийн хүнийг хо­рихын нэгдсэн эмнэл­гийн даргаар тавьсан. Энэ  нууц зүйл биш, факт удах­гүй дэлгэгдэнэ. Н.Энх­баярын  эмчлүүлэх эрхийг хааж байгаагийн  цаад утга нь  хуйвалдагчид түү­нийг шууд­хан үхээд өгөө­сэй гэ­сэн хүсч байгаагийн илрэл. Нэр хүнд, нөлөөл­лийг нь дарж чадахгүй учраас одоо амь насанд нь хүрэх, амь нас, эрүүл мэн­дэд нь эрс­дэлтэй нөхц­лийг бүрдүүлэх нь тэдний эцсийн арга болоод байна.  ийм л опе­раци яваад бай­на. Тэгэхээр энэ үйл явц маш өргөн да­лайцтай, цаа­наа том за­хиал­гатай, гадаад, до­тоодын олигар­хиу­дын орол­цоотой  улс төрийн хуйвал­даан, хэл­мэг­дүүлэлт юм. Тэр нь гарцаагүй бүх та­лаас, хууль зүйн үүднээс ч, ний­гэм судлалын үүд­нээс ч нотлогдоод байна шүү дээ.