Ж.ЦОГЗОЛМАА

“Москвагийн, Москвагийн биш” хэмээх кинонд дуу оруулахаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Дарамсүрэн өчигдөр МҮОНТ-ийн албан өрөөндөө завгүй суухтай нь таарлаа. Энэ кинонд тэрээр даргын дүрийг бүтээх бөгөөд бас бус дүрийг ч “амилуулах” үүрэг хүлээжээ. Цэнхэр дэлгэ­цийн цаанаас айл бүрийн хойморт зочилдог түүнийг “Ярилцах цаг” буландаа зочноор урьсан юм.

 

-Ханш нээлээ хавар ч бол­лоо. Урин цагийн эхлэл тавигдаж дулаараад цаанаа л сайхан өдөр байна. Таны энэ өглөө хэрхэн эхлэв?

-Өглөө 08.00 цагтаа бос­лоо. Цайгаа уугаад гэрээ­сээ 09.00 цагт гараад 10.00 цагт ажилдаа ирлээ.

Манай ажил 10 цагаас эхэлдэг. Орчуулгын най­руу­лагч маань өчигдөр дүрүүдээ хуваарилаад ор­хи­сон байна. Ингээд дуу­ны найруулагч ирээд ап­па­ратаа асаагаад, дүрс буюу ажлын материалаа хуулж, тэгээд л дуундаа орцгооно доо. Ажлаа эхлэх урам зориг дүүрэн байна даа.

-Урлагийн ертөнцтэй хол­богдсон хүн бүр үргэлж залуугаараа амьдар­даг юм шиг санагддаг. Эрч хүч, хүсэл мөрөөдлөөр үргэлж оргилдог болохоор үе үеийнхэн ингэж ярь­саар ирсэн байх?

-Энд ажлын учир бай­на. Бид чинь ажил дээрээ дандаа л инээж, ханиаж, хөхрөлдөж цугладаг. Га­даад, дотоодын олон сай­хан кинонд дуу оруулж байна. Залуучуудтайгаа үеийн юм шиг инээлдэж, ярьж хөөрөөд, арай л сагс, волейболын тэмцээнд нь цуг тоглочихгүй, хөгжөөн дэмжигч хийгээд гүйж явдаг даа. Гэртээ суугаад ярьж хөөрөх хүнгүй бол­чих­вол ямбийгаад л эхлэх байлгүй. Марааш өглөө босоод ажилдаа явна гэхээс үнэхээр сайхан санагддаг. Ажил дээрээ хамгийн ахмад нь би, 70 хүрч байна. Амралтын өдөр гэртээ байж байгаад ирэ­хээр манайхан саначихдаг юм уу, гүйж ирээд үнсүү­лээд л сайхан. Ийм хамт олныхоо дунд би өвгөн шиг байгаад байж болох­гүй гэж боддог юм. Заг­наж, зандраад яахав. Гэх­дээ болохгүй юм байвал эдэндээ бас хэлнэ.

-Тухайн дүрийн өмнөөс сэтгэж, бас сайн бүтээ­лүүдийг унагачихалгүй “халуун”-аар нь үзэгдэд хүргэнэ гэдэг амаргүй даваа байх. Тэр хэрээрээ санаачлага, овсгоо шаардана биз?

-Авхаалж самбаатай байж л хийдэг ажил. Бид радиод заримдаа өгүүллэг зохиол унших ч юм уу дуу оруулдаг юм. Радиод очи­хоороо баримжаа алдчих­на. Дүрстэй юманд бол баримжаатай. Мэд­рэмж хамгийн чухал юм даа. Тэр хүн уурлаж байвал би хашгирахгүй ч гэсэн уурлаж байгаа маягаар үгээ хэлдэг. Баярлаж байвал, баярлаж байгаа маягаар, инээж байвал инээж байгаа юм шиг ярина. Зүгээр наана нь уншаад байвал ямар ч хэрэг байхгүй, үзэж байгаа хүн унтана. ¹ 

-Таны амьдралын 46 жил микрофоны ард өнгөр­лөө. Студийн гадна байдаг Дармаа өвөө олон ач, зээтэй биз?

-Өнөөдөр /өчигдөр/ хайр­тай зээ хүүгийн минь төрсөн өдөр. Эхнэр бид хоёр яриад л байна. Хэдийд очих вэ, яах вэ гээд л. Зээ хүү минь таван нас хүрч байна. Бид хоёр 13 ач, зээтэй боллоо. Тэднээс маань нэг, хоёрдугаар ан­гийн таван жижигхэн бай­на. Бас сургуульд ч ороо­гүй гурван бяцхан бий.

-Хайртай зээдээ өгөх бэлгээ сонгож амжив уу. Эсвэл ажил дээрээсээ яваад очих уу?

-Тэр асуудлыг эхнэр­тээ даатгаад орхисон. “Баяр­маа чи л нэг бэлэг ав даа. Эсвэл чи намайг аж­лаа тарахаас өмнө очоод байж байсан ч яахав” гэх маягийн юм ярьчихаад л сууж байна.

-Та урлагийн гавьяат зүт­гэл­тэн цол хүртлээ. Энэ олон жил урлагт зүтгэсэн таны гавьяаг төр, түмэн олон ийн үнэллээ. Цэнхэр дэлгэцээрээ таны дууг сонсч өсөөгүй хүн Монголд байхгүй байх. Шагналаа авсан үеийнхээ сэтгэгдлээс ху­ваал­цаач?

-1968 онд би анх удаа микрофоны ард зогсч “Хатан зоригтон” кинонд дуу оруулсан. Уг нь бич­лэгийн техникч-дуу­ны опе­ратор мэргэжилтэй, микрофоноороо хүмүү­сийн яриа, хөгжим, дууг бичих үүрэгт ажилтай бай­сан юм. Ингэхдээ өөрөө дуу оруулдаг болсноороо би их азтай. 30 жил кино үйлдвэрт ажиллалаа. Түү­нээс хойш 15-16 жил теле­визүүдэд ажиллалаа. Теле­визүүдийн орчуулгын кинонд дуу оруулдаг ажил хийлээ. 2010 оноос хойш МҮОНТ-д орчуулгын киноны ажилчдыг үндсэн ажилтан болгож цалин­жуул­сан. Хуучин гэрээт ажилчин гэж яваад орсон киноныхоо тоогоор ца­линж­даг байсан. Одоо үнд­сэн цалинтай жүжиг­чид боллоо. Ингээд бодо­хоор хамгийн гол нь дур­тай, сонирхолтой, түүнээ­сээ хазайгаагүй ажилла­саар төрөөсөө хоёр ч том одонг нь аваад дараа нь гавьяат хэмээх шагнал ав­лаа. Миний зорьсон зо­рилго бүтлээ. Нэг чиглэ­лээр, нэг сонирхлоороо гуйвалгүй олон жил зүт­гэс­ний ач гавьяа гэж бодож байна даа.

-Энэ шагналыг аваад хамгийн түрүүнд ижийдээ яарч, бага нас тань өөрийн эрхгүй сэтгэлд буусан байх даа?

-Түүн шиг сайхан юм юу байхав. Чи харин сай­хан асуулт асуулаа. Би Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж авчихаад л тэр дороо ээждээ очсон. Ми­ний ээж 94 нас хүрсэн, ухаан санаа саруул сайхан хүн байгаа юм. Ээждээ яарч очоод “Ерөнхийлөгч­тэй барьсан гар шүү, ээж ээ. Хүү нь гавьяат боллоо” гэсэн. Ээжийнхээ амьдад гавьяат болж баярлуулсан­даа би өөрөөсөө илүү баяр­лаж явдаг даа. Аав маань байсан бол ч... Гэхдээ хүмүүс ярьдаг даа, дээд тэнгэрээс харж байгаа гэж. Миний аав 1982 онд 66 настайдаа өвчнөөр өөд болсон. Би 70 нас хүрч байж ээжтэйгээ хамт байна гэдэг их ховор хувь заяа юм. Шагналаа аваад ирэхэд ээж минь “Хүүдээ баярлалаа” гэсэн. Тэгээд “Нэг ч өдөр хиртэй явуулаагүй, өлсгөөгүй, дааруулаагүй ханийн чинь буян шүү” гэж хэлсэн шүү. Тэгэхэд эхнэрийн минь нүдэнд нулимс цийлэг­нэ­чихсэн байсан. Ээж тэ­рийг л хэлье гэж их бодсон юм уу. Угаасаа ч тэр нь үнэн л дээ. 44 жил ханил­лаа, тэр хүний хүчинд би нэг юмандаа тууштай явж чадсан байхгүй юу. Хань минь таван хүүхдээ өсгө­лөө, ардын сургуулийн багшаар ажиллалаа, ха­жуу­гаар нь яаж амжуулж намайгаа халамжилж бай­сан хүн юм. Бас хамт олон­тойгоо цуг ажилласны хүчинд би энэ шагналыг хүртсэн юм. Кино үйлд­вэрт надад зааж сургаж байсан ардын жүжигчин, найруулагч Ж.Жигжид гуай, Р.Доржпалам гуай, Д.Чимэд-Осор гуай, гавьяат жүжигчин Р.Дам­дин­базар гуайн дэргэд би хорин хэдэн жил цуг ажил­лана гэдэг жүжигчний мундаг сургууль төгс­сөнөөс ялгаагүй.

-М.Шолоховын “Сэт­гэлийг шинэтгэсэн нь” жүжгийн Шукар өвгөн, “Сэрэлт” киноны сайхан сэтгэлт усч өвгөний дү­рээр дэлгэцэнд мөнхөрсөн ардын жүжигчин Д.Чимэд-Осор хэмээх энэ гайхам­шигт хүнтэй нэгэн үед хамт ажилласны хувьд дурсамжаа хуваал­цаач?

-Тэд чинь агуу хүмүүс байлаа шүү дээ. 1968 оны тавдугаар сар хүртэл би кино үйлдвэрийн галч хий­сэн. Өглөө хүмүүс ирэ­хээс өмнө 07.00 цагт нү­хэнд нь орчихоод, маргааш өглөө нь гараад явчихдаг, хүмүүс бараг мэддэггүй дээ. Усанд ороод, цэвэрхэн хувцас өмсөөд л гараад явчихаж байгаа юм чинь. Тэгж байтал яагаад ч юм жүжгийн ангиас орчуул­гын киноныхон дуудсан юм. Яваад очтол нэг их гоё хивс болсон өрөөнд “Цогт тайж” киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан М.Лувсанжамц гуай нэг текст өгөөд “Хүү минь наадахаа уншаадах” гэ­лээ. Өмнө нь юм уншиж үзсэн биш, ямар ч гэсэн уншлаа. Тэгтэл тэд “Энэ их “тослог” хоолойтой хүүхэд байна даа, болмоор юм шиг байна” гэсэн юм. “Хатан зоригтон” киноны жаахан хэсгийн тайл­барыг нь хамгийн анх уншсан. Яг тэгэхэд дэргэд минь ардын жүжигчин Д.Чимэд-Осор агсан, ма­най Д.Элбэгсайхан агсан нар зогсч байсан юм. “Мотор” гэж дуугарахад, цаанаас “Тэдийн тэдийн тэд” гээд л дохио өгөхөд зүрхний минь цохилт өөрт сонсогдох шиг болж тэгж ихээр догдолж, анх дуу оруулж байлаа даа.

-Тэр алдартнуудтай ажиллаж байсан үеэ одоо бас үгүйлнэ биз?

-Энэ хорин хэдэн жил тэр агуу хүмүүстэй хамт ажиллачихаад ганц зураг даруулаагүйдээ би үнэхээр их харамсдаг. Дууныхан гол­дуу хөдөө натурт явдаг­гүй, харин нүүр хувиргагч нар л гэхэд байнга явдаг болохоор олон зураг да­руулчихна. Тэд зургаа авч дуусаад хотод орж ирээд дуугаа оруулна, тэр үед ч зургийн аппараттай хүн байдаггүй байж. Ж.Жиг­жид гуайтай зураг даруул­чихаж яагаад бо­лоогүй юм бол гэж боддог. Уг нь надад их сайн байсан юм. Д.Чимэд-Осор гуай на­майг хара­хаараа “Манай сахал Саламан” гэнэ. Тэ­гээд бас болоогүй “Тийм хаан бай­сан юм. Их харгис хаан байсан юм даа” гэж ирээд л инээнэ. Би жирвэгэр сахалтай, залуу­хан ч байж. Бид чинь шагай харвана. Д.Чимэд-Осор агсан шагайны хаш­лагатай харваагаар гэр­лийн унт­раал­гаа асааж, унтраадаг бай­сан юм даа. Тэр үед кино үйлдвэрийн­хэн бүгдээрээ шагайн хаш­­лагатай хар­вал­тыг их мундаг харвац­гаа­даг бай­сан. Бүр ялаа харваж ононо шүү дээ. Тэд их хөгжилтэй юм ярина, би ч их инээнэ. Би уг нь дуу оруулаад, яг инээх газар нь инээе гэхээрээ чаддаг­гүй байхгүй юу. Тэгэхэд Р.Дамдин­базар агсан “За за, юм ярихаар асга хад нурж байгаа юм шиг инээдэг юм шүү” гэдэг байж билээ. Үнэхээр хөгжилтэй улс байсан даа.

-Бас ардын жүжигчин Н.Дагийранз гуай та хоёр зузаан нөхөрлөдөг гэж дуулсан юм байна. Ойрхон уулзаж амжиж байна уу?

-Н.Дагийранз энэ жил 83 настай. Тэгэхээр надаас 15-16 насаар ах юм уу даа. Тэгэхдээ бид хоёр чинь их сайн найз. Нэг хашаанд хоёр гэрээрээ дөрөв, таван жил амьдарлаа. Ажил дээрээ ч хамт. Би гэхдээ Н.Дагийранз гуай гэж хэлж чаддаггүй, Дагий л гэдэг юм. Дагий ардын жүжигчнийхээ цайллагыг хийх өдөр нь би төрийн ордонд гавьяатаа хүлээж аваад очиж чадаагүй юм. Саяхан Эрдэнэтийн теле­визийн нэвтрүүлэгт орох­доо Дагийтайгаа ярьж хөөрч байгаад өнгөрсөн ням гаригт ирлээ дээ.

-Ингээд эргээд хара­хад алтан үеийнхнээс Н.Дагийранз гуай та хоёрын хоолой цэнхэр дэлгэц үзэн суугаа үзэгч­дийн сонорыг мялааж байна даа?

-Магадгүй ээ, магад­гүй. Одоо хөгшин хүний дүрд дуу оруулах хүн хо­вордсон юм байна. Аль ч телевизэд над шиг дуу оруулаад явж байгаа ахмад хүн байхгүй байх аа. Ма­най Дагий, ардын жүжиг­чин Б.Дамчаа агсан бид гурвын хоолойг ер нь бүдүүн талдаа гэдэг. Угтаа тэр хоёр чинь үнэхээр сайхан бүдүүн хоолойтой. Би тэдэнтэй зэрэгцэж ам­жиж байгаа ч юм уу, үгүй юм уу.

-Яриандаа Д.Элбэг­сай­хан агсны талаар асуух­гүй өнгөрч боломгүй санагдлаа. Их сайхан хоо­л­ой­той хүн байлаа. Бас таны дот­ны анд байсан даа?

-Ээ дээ, манай Д.Эл­бэг­сайхан бид хоёр чинь 1967 оноос ч, кино үйлд­вэрт орсноос минь хойш, кино үйлдвэр тарс­наас хойш ч телевизэд, нас бартал нь цуг байсаар дө­чин хэдэн жил хамт ажил­ласан даа. Бид үнэ­хээр сайхан найзууд яв­саан. Кино үйлдвэрийн волей­болын багт тоглож, зус­ланд гарсан ч цуг бай­лаа. 1980 онд би анх гэрээ хаана барихаа ч мэдэхгүй явахад муу Элбэгсайхан маань эхнэртэйгээ хөө­цөл­дөж байж Маахуурт нэг айлын хашаа олж өгч байсан. Кино үйлдвэрийн хойно нэг гарч, урд нэг гарч нүүж явахад дандаа туслаж явлаа. Ээбээ маань үнэхээр орчуулгын кино­ны ам барилтын мастер нь байсан юм даа. Өвгөн, залуу гээд бүх л дүрд ху­вирч чаддаг, өвөрмөц хэр­нээ зөөлхөн дуутай хүн байсан юм. Тэгэхэд би босс, атаман, сайд, хуран­даа, генералын дүрд л дуу оруулдаг байлаа шүү дээ.

-Д.Элбэгсайхан агсанд гавьяат нэхэн олгоно гэж нэг хэсэг яриад таг болох шиг боллоо. Танд юм дуулд­сан уу?

-Үгүй шүү дээ. Өгөө­гүй. Амьдад нь ч гавьяат өгөөгүй. Д.Элбэгсайханд өгчихгүй л явуулчихлаа даа, татганаад юугаа ха­рам­лаад байдаг юм. Кино үйлдвэрийн дуу бич­лэгийн цех 1930 онд байгуулагдаж 1997 онд тарлаа. Хүмүүс нь одоо байж л байна. Тэдэн дот­роосоо насаараа кино үйлд­вэрийн дуунд ажил­ласан анхны дууны опе­ратор нь Л.Найдан гуай, Ө.Чойжилсүрэн гуай гээд хүмүүст хэч­нээн олон удаа гавьяатыг тодорхой­лов. Хэнд нь ч өгөхгүй байсаар явуулчих­лаа. Тэр хөрс­нөөс ургас­наараа би авч дээ. Тийм л юм. Тэгээд одоо муу Д.Элбэгсайханд маань нэхэн олгоно гэдэг юм байхгүй болчихсон гэнэ лээ. Төр засаг чинь янз янз болж байна. Нэг нам нь гараад ирэхээрээ тэр нь бас өөр. Сонин бол­чихож дээ. Социализ­мын үед ийм байгаагүй. Д.Эл­бэг­сай­хан үнэхээр сайхан хоолойтой шүү, үнэхээр сайн хөдөлмөр­лөлөө гэж хэчнээн ярьдаг хэрнээ хэн нь ч дээшээ тодорхойлоо­гүй л байхгүй юу. Тодор­хойл­сон бол дээ­рээ очоод яах ч байсан юм билээ.

-Таныг ч бас гавьяатад оройтож дэвшлээ гэж өм­нөөс чинь гомдол тээж яваа хүн байдаг юм билээ?

-Хүмүүс тэгдэг л юм. Гэхдээ өгч байгаа нь их юм.

-Цөвүүн цаг ирчихлээ гэж ахмадууд их ярих юм. Ингэхээрээ урлагийнхныг хүртэл улстөржүүлээд байх шиг. Танд тэгж ан­заа­рагдаж байна уу?

-”Согтуудаа улс төр ярьж болохгүй” гэдэг шиг хүнтэй зүгээр сайхан яриад суухад нэг санаатай бол яахав, хоёулаа хоёр өөр санаатай байвал мар­гал­дахаас аргагүй болчих юм байна шүү дээ. Ийм л болчихсон байна. Сонин юм аа, сонин юм. Бүгд л ардчилал байгуулагдлаа сайхан байна гэсэн хэрнээ хуучинтайгаа зууралдаад байх юм. Би ойлгодоггүй юм.

-Тэгвэл ач, зээ нарын тань амьдрах ирээдүйн Монголыг та хэрхэн тө­сөөлж байна. Ер нь санаа зовох юм уу?

-Ирээдүй сайхан бол­но оо. Ялагдал хүлээж үзээ­гүй Ардын намынх­ныг би үнэхээр гайхдаг юм. Энэ нэг хэсэг үе өн­гөрөх байх. Миний ач, зээ нарын үед өөр болно. Хүмүүс сайхан амьдрах гэдэг чинь хүмүүсээс өөрс­дөөс хамаарна. Би ач, зээ нартаа “Хичээлээ сайн хий. Энэ бүхэн чинь цаашид яаж амьдрахыг чинь шийднэ. Ингэж чад­вал хүссэн ажлаа хийж, сайхан амьдарна” гэж хэлдэг юм. Тэдний минь үед хүмүүс сайн ажиллаж чадвал сайхан амьдрах тийм л нийгэм болох байх гэж би бодож байна.

-Сүүлийн асуултыг танд үлдээе. Уншигчид­тайгаа цэнхэр дэлгэцээр биш харин сониноор уулзаж байгаагийнхаа хувьд юу гэж хэлэх вэ?

-Хүн бүхэн эрүүл са­руул байвал аз жаргалтай сайн сайхан амьдарч болно оо. Хамгийн гол уриалах юм бол “Архи гэдэг хар уснаас хол бай. Энэ чинь ямар ч сайн сайхан явсан хүнийг хар ангал руу унагаж чадах идээ шүү” гэдгийг хэлье. Тамхи татаад хүн агсам тавиад бусдыг хөнөөчих­дөг­гүй. Тамхины хууль чанга байна. Харин би архины талын хууль нь чангахан гараасай гэж бодож бай­гаа. Бүх дэлгүүрт архи зарж байна. Гэтэл тамхи зарж байгаа газар алга. Би тамхи татдаг хүн. Энэ чинь миний эрхийн асуудал, болохгүй газар нь татахгүй байвал боллоо. Тиймээс л болдог газар нь тамхиа татмаар байна. Тэр нь хаана ч байгаа юм. Тамхи авъя гэхээр хаана ч алга. Ингэж хүний эрхийг хааж болохгүй шүү дээ.