Д.ОДОНТУНГАЛАГ
Аймгийн МХГ-ын байгаль орчин, геологи, уул уурхай, техникийн хяналтын улсын байцаагч Т.Төртогтохтой ярилцлаа.
-Өнөөдөр аймгийн хэмжээнд уул уурхайн хичнээн аж ахуйн нэгж байна вэ. Эдгээр аж ахуйн нэгжүүдтэй аймаг болоод танай зүгээс ямар бодлого барьж ажилладаг вэ?
-Ерөнхий газар болоод аймгийн бодлого бол эрсдэл дээр суурилсан хяналт шалгалтыг явуулах. Бид 40 хувьд нь хяналт шалгалт хийж, 60 хувьд нь сургалт, зөвлөн туслах чиглэлтэй ажилладаг. Өнгөрсөн жил 12 аж ахуйн нэгж ашиглалт явуулсан. Нөхөн сэргээлтийн ажил хангалттай сайн хийгдсэн байгаа. Техникийн нөхөн сэргээлт 119 га, биологийн нөхөн сэргээлт 58 га-д хийгдсэн. Техникийн нөхөн сэргээлт өмнөх онтой харьцуулахад 60-аад хувиар нэмэгдсэн. Одоо бид эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, их эрсдэлтэй 10 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, найман аж ахуйн нэгжид сургалт зөвлөгөө өгөхөөр төлөвлөөд байна.
-Оны өмнө Улаан-Овоогийн уурхай дээр дэлбэрэлт гарсан. Ер нь энэ уурхайн тухай мэргэжлийн хүний хувьд та юу хэлэх вэ?
-Улаан-Овоогийн уурхай дээр шатахууны сав дэлбэрсэн. Зохих шаардлага өгөөд гүйцэтгэлийг шалгасан. Шаардлагыг боломжийн биелүүлсэн байна лээ. Ер нь нүүрсний уурхай дээр утаа их ууршдаг учир аль болохоор нүүрсийг технологийнх нь дагуу овоолж байх ёстой юм. Тэдний хувьд техник эдийн засгийн үндэслэлдээ шууд ачихаар төлөвлөсөн. Компанийн эдийн засгийн боломж бусад зүйлээс болоод одоо 130-аад тонн нүүрс үлдсэн байгаа. Энэ жил ахиад техник эдийн засгийн үндэслэлээ тооцоолоод ашиглалт явуулахаар төлөвлөж байгаа юм билээ. Гэхдээ эдний хувьд хүнд даацын машин явдаг учраас Шаамарын гүүрний асуудал яригдаад байгаа. Энэ асуудал шийдэгдэж, гүүрний засвар үйлчилгээ хийгдсэн цагт Улаан овоогийн нүүрсний уурхайн ашиглалт үргэлжилж болно гэсэн тооцоотой байна.
-Ер нь хяналт шалгалтаар явж байхад нүүрсний уурхайд гарч байгаа голлох зөрчил юу байна?
-Эхлээд байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл бий. Энэ нь хэрэв шаталт үүсвэл утаа их гарна шүү дээ. Тиймээс шууд ачихаар л төлөвлөх ёстой юм. Дараа нь усны асуудал байна. Улаан-Овоогийн уурхайн техник эдийн засгийн үндэслэл дээр би хяналт тавьж байсан. 11 сая тонн нүүрсийг голын гольдролд өөрчлөлт оруулахгүйгээр ил аргаар ашиглах тооцоо гарсан. Энэ тооцоогоороо л явах учиртай. Үүнд орон нутаг ч, хяналтын бид ч анхаарах ёстой. Одоо голынхоо доогуур шургаад орчихсон байгаа. Тиймээс гарч байгаа усны бохирдол дээр анхаарах хэрэгтэй болж байгаа юм.
-Сэлэнгэ аймаг төмөр, нүүрс, алтны орд газар харьцангуй элбэгтэй аймаг. Энэ нь юутай холбоотой вэ?
-Төмрийн хүдэр гүний хагарал дагаж үүсдэг. Энэ бол бүс нутгийн онцлог. Баянголын хагарал гэж байдаг. Энэ хагарал Ерөө, Жавхлант, Дарханы Орхон, Сайхан, Орхонтуул зэрэг манай аймгийн сумдыг хамардаг. Хагаралаас зүүн тийш алтны бүс байгаа. Энэ бүс манай аймгийн Хүдэр, Ерөө, Шарын гол цаашлаад Заамар хүрнэ. Хүдэршилтийг зогсоосон том хагарал. Энэ хагарал дээр Баянголын, Хустайн гэх мэт төмрийн том ордууд үүссэн байгаа.
-Манайхны байнгын сэдэв болоод байгаа Болд төмөр, Ерөө гол буруутай, буруугүй гээд их л яригдаж байна. Их нөөцтэй энэ орд газрын тухайд?
-Эднийх удаан ажиллана. Социализмын үед буюу 1978-1980 онд хагарал үүссэн тухай геологичдийн материал дээр шинжилгээ хийхэд одоо Дарханыхан ашиглаж байгаа Төмөртэйн орд 250 саяын нөөцтэй байдаг. Өнөө цагт баялаг гэж ярьдаг болж. Уг нь нөөцийн категор. Эднийх наана байгаа баяголынхоо ордтой нийлээд нийтдээ 450-аад сая тонн нөөцтэй. Энэ бол улсын төмрийн нөөцийн гол бүс нутаг. Цаашдаа улс, аймаг энэ том ордуудыг ач холбогдлоор нь үндэслээд хувь хүртэх асуудал яригдах ёстой. Ганц Оюу толгой дээр л хэрэлдээд байдаг. Хайгуулыг нь улсын төсвөөр хийсэн газруудтай төр хатуу бодлоготой байх хэрэгтэй. Тодорхой хувь тогтоогоод авч байх ёстой байхгүй юу. Үгүй ядаж экспортын татвар өндөр байх хэрэгтэй. Одоо аймагт орлого нэмэгдэж болохоор байна. Ийм нөхцөлд Өмнөговь, манай аймаг хоёр л гэхэд биеэ даагаад явчихна.
-Манай аймаг төмөр, алтныхаа нөөцөөр улсад хэдэд орох вэ? Уул уурхайгаас үүдсэн байгалийн сүйрлийн асуудал ихээр яригдаж байна?
-Төмрөөр нэг, алтаар 2-оос 3-т жагсана. Уул уурхайгаас болоод байгаль сүйдээд байгаа юм байхгүй. Би өөрөө геологич хүн. Онги голын ус ширгэчихлээ л гэж яриад байсан үнэн чанартаа дулаарлаас болоод ширгэсэн. Эргээд сэргэчихсэн. Харин бидний хамгийн ихээр хамгаалах юм бол голын эхэнд байгаа модыг тайрч устгахгүй байх явдал.