М.ЦЭЦЭГ

2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбогдуулан тухайн үеийн Ерөнхийлөгч, Үн­дэс­ний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Н.Энх­баяр УИХ-д суу­далтай улс төрийн намуудын удирд­лагуудтай долдугаар са­рын 4, мөн 5-нд зөвлөлдөх уул­залт хийжээ. Уулзал­тын үеэр тухайн үеийн Ард­чилсан намын Ерөн­хий нарийн бичгийн дар­га, одоогийн Ерөнхий про­курор Д.Дорлигжав, тухайн үеийн Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяр нар ноцтой зүйл ярьсан нь хурлын прото­колд тэмдэг­лэгджээ. Н.Энх­баяр 2012 оны дө­рөв­дүгээр сарын 12-нд зөв­лөлдөх уулзалтын про­токолыг хэвлэлийнхэнд тараасан юм. Энэ нь түү­нийг баривчлах нэг шалт­гаан болсон гэж олон хүн үздэг.

2012-04-12.

ТӨРИЙН ОРДОН

 

МАХН-ын дарга Н.Энх­баяр Төрийн ордон дахь албан өрөөндөө сэт­гүүлчдийг урьсан байв. Тэрээр нэгэн баримт дэл­гэ­хийг хүсчээ. Энэ нь 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоо­той баримтууд байв. Тод­руулбал, Үндэсний аюул­гүй байдлын зөвлөлийн хурлын протокол байлаа. Нийгмийг хамарсан үй­мээн гарсан тухайн үед Н.Энхбаяр Төрийн тэр­гүүн бөгөөд ҮАБЗ-ийн даргаар ажиллаж байв. Н.Энхбаяр “ҮАБЗ-ийн хурлын тэмдэглэлийг ил болгох хэрэгтэй” гэж зар­ласан.

Тэрээр 2008 оны дол­дугаар сарын 1-ний хэр­гийг шийдэхэд тус дөхөм болох, хэвлэлийнхэн, ир­гэд дэлгэрэнгүй бодитой мэдээлэлтэй байх хэрэг­тэй гээд өөрт  байгаа 200 гаруй хуудас материалыг тараасан юм. Энэхүү ма­териалд тухайн үед Тө­рийн тэргүүнээр ажиллаж байхдаа УИХ-д суудалтай намуудын удирдлагатай 2008 оны долдугаар сарын 3-нд уулзсан зөвлөлдөх уулзалтын хуралдааны 90 гаруй хуудас тэмдэглэл багтжээ. Мөн долдугаар сарын 4-нд болсон зөвлөл­дөх уулзалтын тэмдэглэл 80 орчим хуудас болсон байв. Дараа нь  УИХ-д суудалтай намуудын иргэ­дэд хандсан уриалга багт­жээ. Мөн 5-ны өдөр бол­сон зөвлөлдөх уулзалтын тэмдэглэл 80 орчим хуу­даст багтсан байлаа. Гэх­дээ энэ нь ноцтой, нууц материал биш гэдгийг Н.Энхбаяр онцлов. Энэ материал нь 2008 онд бол­сон луйврын сонгууль, түүнийг илрүүлэх, сонгуу­лийн үр дүнгээс болж ир­гэд жагссан, үүнийг хэн өдөөн хатгасан бэ гэдгийг илрүүлэхэд хэрэгтэй гэж үзэж буйгаа хэлэв. Онц байдлыг зарлахын өмнө болон дараа нь хүний амь нас хохирсон шалтгааныг ярихын тулд аль болохоор мэдээллийг дэлгэрэнгүй өгөх, нээлттэй байлгах шаардлагатай учир хэвлэ­лийнхэн, иргэд энэ мате­риалыг уншиж мэдэх нь зөв гэж үзсэн байлаа. Н.Энх­баяр хэлэхдээ “Онц байдал зарлахаас өмнө намуудын удирдлагатай уулзаж асуудлыг ердийн аргаар зохицуулах болом­жийн талаар ярилцсан. Онц байдал зарласны да­раа мөн намуудын удирд­лагатай зөвлөлдөх уулзалт хийж, асуудлыг шийдэх гарцын талаар тэдний са­на­лыг авсан гурван өд­рийн хурлын тэмдэглэл энд байгаа, Онц байдлын үед ажиллаж байхад бол­сон ҮАБЗ-ийн хурлын мэ­дээлэл харин нууц байх хуультай. Гэхдээ долду­гаар сарын 1, онц байдал­тай холбоотой ҮАБЗ-ийн хурлын тэмдэглэлийн нуу­цын зэрэглэлийг арил­гаж ил тод байлгах хүсэлт тавьж байгаа. Үүнийг ҮАБЗ, УИХ хийх бо­ломжтой. Ингэх юм бол шүүх хурал нээлттэй байх бололцоотой. Мэдээлэл нууц байгаа учир хохи­рогч, яллагдагч, өмгөө­лөгчид дутуу мэдээлэл­тэйгээр хоорондоо мэтгэлцэнэ гэвэл бодит зүйл болохгүй. Долдугаар сарын 1-ний асуудлыг үнэн зөв ойлгоход хувь нэмэр оруулъя гэж бодсон юм. Түүнээс айж, дув дуугүй суух шаардлага надад алга” гэсэн юм.

 

Н.Энхбаярын дэлгэсэн баримт дотор юу байв?

Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-д суудалтай улс төрийн намуудын удирдлагууд­тай хийсэн зөвлөлдөх уулзалтын 200 гаруй хуудас протоколуудаас дор ишлэв.  Үүнд, 2008 оны долдугаар сарын 4, 5-ны өдрийн ззөвлөлдөх уулзалтын протокол багтсан юм.

 

Д.ДОРЛИГЖАВ: ЧИ ДӨРВӨН ХҮНИЙГ БУУДАЖ АЛЧИХААД...

 

С.БАЯР: -Одоо сэдэв рүүгээ оръё, тийм ээ?

Д.ДОРЛИГЖАВ: -Битгий өөр юм руу оруулаад бай. Эхлээд хүн аминыхаа асуудлыг ярья.

С.БАЯР: -Тэрнийг чи мэддэг юм уу?

Д.ДОРЛИГЖАВ: -Хүн аминыхаа асуудлыг ярья.

С.БАЯР: -Чи яаж мэддэг юм?

Д.ДОРЛИГЖАВ: -Би тэр ард түмний чинь нэг хэсэг, ирээд уулзаж байна.

С.БАЯР: -Чи яаж мэддэг юм?

Д.ДОРЛИГЖАВ: -Ирээд уулзаж байна.

С.БАЯР: -Прокурор үзэж байгаа юмыг чи яаж мэдээлэл авдаг юм бэ?

Д.ДОРЛИГЖАВ: -Өөрөө ирээд уулзаж байна, ойлгож байна уу? Өөрөө ирээд уулзаж байна.

С.БАЯР: -Түүнийг чинь иргэн тогтоодог юм биш.

Д.ДОРЛИГЖАВ: -Аан. Тэгдэг юмуу?

С.БАЯР: -Хуулийн дагуу Прокурор тогтоодог юм. Прокурор руу шилжүүлсэн. Дүгнэлтийг нь харъя.

Д.ДОРЛИГЖАВ: -Аан тэгдэг юмуу, би мэдэхгүй. Тийм үү?

С.БАЯР: -Тийм.

Д.ДОРЛИГЖАВ: -Иргэн хамаа байдаггүй юм уу?

С.БАЯР:-Тэгээд л энд орж ирээд л агсраад...

Д.ДОРЛИГЖАВ: -Иргэн хамаа байдаггүй юм байна, тийм үү?

С.БАЯР: -Чи оролцвол оролц, боливол боль л доо. Хэн чамайг энд байлгаад байгаа юм бэ?

Д.ДОРЛИГЖАВ: -Битгий олон юм яриад бай, чамаар заалгахгүй, байх ёстой байж байна.

С.БАЯР: -Орж ирчихээд агсраад...

Д.ДОРЛИГЖАВ: -Байх ёстой болоод байж байна.

С.БАЯР: -Хариуцлага надаас асуух гэж байгаа бол чамтай, чамгүй хариуцлагаа хүлээнэ.

Д.ДОРЛИГЖАВ: -Яаж хүн тайван байх юм бэ, чи 4 хүнийг буудаж алчихаад, яаж тайван байгаад байгаа юм та нар. Хүүхдийг чинь алсан бол яах юм, чи!

С.БАЯР: -Тайван байхад их хэцүү байна.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Харин тийм өдөр, шөнөгүй л айж байна шүү дээ.

С.БАЯР: -Дорлигжаваа, тайван байхад их хэцүү байна.

 

С.БАЯР: ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭНЭ

 

С.БАЯР: -Чи намайг байцаагаад байгаа юмуу, яагаад б айгаа юм?

Д.ДОРЛИГЖАВ: -Тэгж байна.

С.БАЯР: -Аан?

Д.ДОРЛИГЖАВ: -Тэгж байна. Үүнээс ч өөр газар дахиад байцаана.

С.БАЯР: -Тэгээрэй.

Д.ДОРЛИГЖАВ: -Тийм, тэгнэ.

С.БАЯР: -Энэ дээр бол ярих юм аа ярья.

Д.ДОРЛИГЖАВ: -Тэгнэ.

С.БАЯР: -Чи тэр байцаадаг газраа байцаа за.

Д.ДОРЛИГЖАВ: -Энэ чинь тэгээд яах газар юм, яах гэж энд цугласан юм?

С.БАЯР: -Чамд энд ирж зандруулж байдаг газар биш.

Д.ДОРЛИГЖАВ: -Тэгээд яах гэж цугласан юм? Чи хүн алуулчихаад, тэгээд энийгээ яриад суугаад байх юм уу, санал аваад суугаад байх юм уу?

С.БАЯР: -Чи наадахаа шалгуул. Энд хэлсэн үг чинь бүгдээрээ хариуцлагатай шүү!

Д.ДОРЛИГЖАВ: -Хариуцлагатай. Та нарынх бас хариуцлагатай биз?

С.БАЯР: -Хариуцлагатай.

Д.ДОРЛИГЖАВ: -Аан. Цагдаа чинь хийсэн байвал хариуцлагатай биз?

Хуулийн хариуцлага хүлээнэ биз?

С.БАЯР: -Хүлээнэ.

Д.ДОРЛИГЖАВ: -За тэгвэл ойлгомжтой.

С.БАЯР: -Тийм, хүлээнэ.

Д.ДОРЛИГЖАВ: -Тэгвэл өөр хэрэг.

 

Б.ЖАРГАЛСАЙХАН: ЁСТОЙ ГАЙГҮЙ БАЙЛГҮЙ

 

Ц.ДОРЛИГЖАВ: -Сонгуулийн ерөнхий хороо хэд хоногийн дотор зарлах ёстой билээ?

С.ОТГОНБАЯР: -15 хоногт.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Арван, мэдэхгүй ээ хэд билээ?

З.ЭНХБОЛД: -14 хоног, одоо дууслаа.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Одоо боллоо шүү дээ.

З.ЭНХБОЛД: -13-нд, яг наадмын үеэр.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Нямдорж гуайн хэлж байгаа бол дараа нь шүүх, прокуроороор явна гэж хэлж байгаа байхгүй юу. Ёстой гайгүй байлгүй.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Улс төрийн зөвшилцөл явж байгаа юм бол тэр зарлалын асуудлыг нэг хэсэг хойшлуулах хэрэгтэй.

С.ОТГОНБАЯР: -Сонгуулийн хууль байна уу. Өнөөдөр зарлана гээд больчихсон байсан.

Ц.ЭЛБЭГДОРЖ; -Ойрын үед Сонгуулийн ерөнхий хороо хуралдана, зарлана гээд байгаа юм байна билээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН; -Ерөнхийлөгч онц байдал тогтоосон шүү дээ. Ийм ээдрээтэй асуудал гарчихаад байхад яагаад болдоггүй юм?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Үнэхээр 14 хоног 13-наас таарсан шүү. Одоо бидний энэ нэг ажил үр дүнгүй л болчих гээд байгаа юм л даа.

З.ЭНХБОЛД: -Лүндээ дарга аа, та утасдвал яасан юм?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Үгүй ээ, УИХ-ын дарга утасдаж болохгүй гээд Төрийн байгуулалтын хорооны хурал дээр чинь Бат-Үүл олон удаа анхааруулаад, за одоо өөрөө Төрийн байгуулалтын хороо...

М.ЭНХСАЙХАН: -Онц байдал тогтоочихсон юм чинь онц байдлын штаб л утасдах хэрэгтэй шүү дээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Энд зөвшилцөл хэл ам болох гээд нэг асуудал яваад байна шүү дээ. Хэрвээ түүнийг параллельный өөр шийдвэр гараад тэр нь ингээд зарлагдаад явах юм бол хэрвээ бидний энэ зөвшилцөл сонгуулийн дүн, бусад зүйлийг хөндөж байгаа бол тэнд зарлавал дэндүү яаруу л асуудал байх.

Н.ЭНХБАЯР: -Хурал хийж зарлана гэсэн илэрхийллийн юм. Хэн хурал хийнэ гэсэнюм?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Өнөөдөр дүнгээ авч хэлэлцээд, нэг дэх өдөр ярья гэсэн.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ярьж л байгаа байлгүй дээ. Ер нь Ерөнхийлөгчид өргөн барих ёстой биз дээ?

 

С.ОЮУН: СЕХ-Г ХАРААМААР БАЙНА

 

З.ЭНХБОЛД: -Бид нарын томилсон Сонгуулийн ерөнхий хороо луйварт оролцчихоод байна шүү дээ.

М.ЭНХСАЙХАН: -Харин тэгээд яагаав.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Чи хууль эрх зүйнх нь үндсийг бас гарга л даа, хуульч юм болвол?

Д.ДОРЛИГЖАВ: -Яг нарийндаа сайн тулгах юм бол Лүндээжанцан даргын оронд Бадамдамдин орж ирэх юм билээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Өө тийм үү, гайгүй байлгүй. Нэг хуулийн заалтыг зөрчихгүй явъя гэдгийг би ганцхан удирдамжийг гаргасан, мэдэв үү. Харин тэгж ярих юм бол би юм ярина шүү. Би өөрөө Улсын Их Хурлын дарга хүн юм яриад яах вэ гэж бодоод л байгаа. Намайг яаж гүтгэж, их сонин, манай Өвөрхангайн ард түмэн энэ хүн яаж явсан бэ гэдгийг бүгд мэдэж байгаа. За, за.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Намайг бол манай Сонгинохайрхан дүүргийн 130

Мянган хүн бол бүгдээрээ мэдэж байгаа.

Б.ЭРДЭНЭБАТ: -Хууль эрхзүйн үндэс байхгүй гэж байгаа.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгэхээр яах юм.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Хууль эрх зүйн хувьд УИХ-ын дарга ямар ч байсан

Зөрчихгүй явъя гэдгийг л би хатуу барьсан.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Таныг тэгэхдээ хамгийн их зөрчсөн л гэж байна лээ шүү.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Чи Элбэгдоржийн үед их түрүүчийн ярьдаг...

С.ОЮУН: -Одоо та нар бүгдээрээ Сонгуулийн ерөнхий хороог хараагаад байна, тийм ээ? Би ч гэсэн хараахад бэлэн байна. Тэгэхдээ бид нар Сонгуулийн ерөнхий хороог томилоход очиж лацдаад “больцгоо, энэ хоёр нам хуйвалдаж намынхаа үнэмлэхийг авахаа больцгоо” гээд эсэргүүцээд байхад бүгдээрээ дув дуугүйбайжбайгаадл “зүгээр, зүгээр” гээдтавьсанбайхгүйюу.

Н.ЭНХБАЯР: -Тавиулчихсан.

С.ОЮУН: -Одоо тэгээд та нар бүгдээрээ буцаад Сонгуулийн ерөнхий хороог загнаад байх юм. Та нар яах гэж тэр үедээ намынхаа хүмүүсийг тавьсан юм. Б.ЖАРГАЛСАИХАН: -Оюунаа, тэгэхэд андуурчихсан байхгүй юу даа. Тэр чинь Хувьсгалт намын давхар ажилтай хүмүүс байсныг наад хүмүүс чинь яаж мэдэх юм бэ?

С.ОЮУН: -”Больоо, нам биш, тэр улс төрийн намуудаас оруул, эсвэл нам бус хүмүүсээс оруул” гээд дийлээгүй байхгүй юу.

Д.ДОРЛИГЖАВ: -Одоо яая гэх вэ.

С.ОЮУН: -Танайхан ингэсэн шүү дээ. Манай нарийн бичгийн дарга Баярсайхан байгаа учраас зүгээрээ гээд чимээгүй болчихсон байхгүй юу.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Даргынх нь үйлдчихсэн...

С.ОЮУН: -Харин тийм шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Одоо бол хууль зөрчөөд фактаар нь яриад байна шүү дээ, Оюунаа?

С.ОЮУН: -Тэгээд миний энэ яриад байгаа, олон жил дуугүй байгаад бүгдээрээ зөрчөөд...

Д.ДОРЛИГЖАВ: -Оюун гишүүний баталгаа биш шүү дээ.

С.ОЮУН: -Үгүйээ тэгэлгүй яах вэ дээ, тэр үед бүгдээрээ л дуугүй байсан шүү дээ!

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хамгийн их худалдагдсан, мөнгө авчихсан нөгөө талруу орсон хүмүүс чинь эд байгаа юм.

С.ОЮУН: -Та нар анх Сонгуулийн ерөн­хий хороог “за, за” гээд гар өргөсөн шүү дээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Чи өөрөө мэдэж байгаа юу?

С.ОЮУН: -Та нар тэр үед чимээгүй өнгөрсөн шүү дээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хамгийн их мөнгө авсан хүмүүс.

С.ОЮУН: -Хувьсгалт нам ч чимээгүй байсан, та нар ч чимээгүй байсан.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Манайх ерөөсөө мөнгө өгөөгүй шүү дээ.

 

Ц.ЭЛБЭГДОРЖ: БУУДСАН ХОНГИО ЧИНЬ МИНИЙ ХАЛААСАНД БАЙНА

 

Н.ЭНХБАЯР: -УИХ-д суудалтай улс төрийн намууд нийгэмд үүсээд байгаа өнөөдрийн энэ хүчирхийллийг таслан зогсоох талаар бид хамтарч ажиллах ёстой.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Ерөнхийлөгч өө, нэгд энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээр сон­гуулийг дахин явуулах хэрэг­тэй. Өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа байдал ч ийм шаардлага тавьж бай­гаа, бид ч ийм шаардлага тавьж байна. Бид энд ямар нэгэн хэлэлцээр хийх гээгүй шүү. Бид 18 жил ардчиллын замаар явж ирэхэд ийм үйлдэл гараагүй. Хоёрдугаарт, хууль үйлчилдэггүй ямар нэгэн албан тушаалтан байдаггүй. Жирийн иргэ­дийн­хээ өмнөөс бууны ам гаргах эрхгүй. Өнөөдрийн энэ байдалд МАХН хүргэ­сэн. Яагаад хүчний бай­гууллагуудыг ашиглаад байна, яагаад жирийн иргэдийнхээ өмнөөс буудаад байна. Би гэрчтэй, баримттай ярьж байгаа шүү. Буудсан хонгио чинь миний халаасанд байна. МАХН-ын будлиан­туул­сан сонгуулийн золиосонд хүүхэд залуучууд өртөж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хандаж бичиг өг­сөн байгаа. Бичгийнхээ хариуг дахин шаардъя. Жирийн иргэн, ард түмнийхээ хүч хэрэглэж байгааг зогсоогооч.

Н.ЭНХБАЯР: -УИХ-д суудалтай улс төрийн намын төлөөлөлтэй, та бүхэнтэй уулзаж байгаа­гийн гол зорилго бол үүс­сэн үр дагаврыг арилгах, хүн ам нийгмийн амьд­ралыг хэвийн болгох зо­рил­гоор иргэдийг аливаа хууль бус үйл ажилла­гаанд уриалан дуудахгүй, нийгмийн болон иргэдийн амар амгалан байдлыг алдагдуулахгүй, хууль ёс, дэг журмыг сахин мөрдө­хийг гишүүд, дэмжигчид­дээ уриалан сонгуулийн талаархи аливаа маргаан­тай асуудлыг холбогдох байгууллагуудад өгч шал­гуулах замаар зохицуулах, улс төрийн зөв шийдэл гаргах арга замыг хамтран эрэлхийлж ажиллахыг улс төрийн намууддаа уриалж, үүссэн нөхцөл байдлаас гарах гарц гаргах нь зүйтэй гэж үзсэн юм. Дараагийн уулзалт хийхэд бэлэн, гэснээр энэ удаагийн уулзалт 21 цаг 48 минутад өндөрлөв.