-Дэлхийд 220-250 сая хүн хоол, хүнсний харшилтай гэсэн судалгааны дүн гарчээ-

Д.Оюун

Монголын харшил судлалын нийгэмлэгээс өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Дэлхийн харшлын байгууллагаас санаачлан “Харшилтай тэмцэх Дэлхийн долоо хоног-2013” арга хэмжээг “Хүнсний харшил-Дэлхий дахинд тулгамдаж буй Эрүүл Мэндийн асуудал” сэдвээр зохион явуулахаар болсон талаар тэд мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн бага хуралд Монголын Харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн С.Мөнхбаяр, тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбаяр, ОНХА-ны дарга Л.Баттөр, Улын нэгдүгээр төв эмнэлгийн Харшил судлалын эмч Т.Рэгзэдмаа нар оролцлоо.

Тус нийгэмлэгийнхэн “Харшилтай тэмцэх Дэлхийн долоо хоног-2013" арга хэмжээ нь дэлхийн 93 оронд хэрэгжиж ‘'Хүнсний харшил бол дэлхий нийтийн тулгамдсан асуудал” нэрийн дор зохиогдож байна.

Дэлхийн харшлын байгууллага нь 93 орны харшил, астма, дархлааны нийгэмлэгүүдээс бүрддэг бөгоөд гишүүн холбоодуудынхаа үйл ажиллагаагаар дамжуулан олон төрлийн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, хурал, илтгэлүүдийг харшил судлаач болон эмнэлзүйн дархлаа судлаач нарт зориулан зохион байгуулдаг. Түүнчлэн дархлаа харшлын асуудалд дэлхийн эмч мэргэжилтнүүдийн анхаарлыг хандуулах, илүү сайн ойлголттой болгохын тулд сургалт үйлчилгээний нөхцлийг сайжруулах, эмнэлзүйн дадлагатай холбоотой санал санаачлагуудыг гаргадаг байгууллага юм.

Хүнсний харшил нь ийм төрлийн харшилтай хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлөөд зогсохгүй үхэлд ч хүргэх аюултай. Дэлхий даяар 220-250 сая хүн хоол хүнсний харшилтай гэж судалгаагаар гаргасан. Хүнсний харшлаар өвчлөгсдийн тоо хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад өссөөр байгаа ба үүний дийлэнх хувийг хүүхдүүд эзэлж байна. Насанд хүрэгсдийн 1-2%, хүүхдүүдийн 5-8% нь хүнсний харшилтай байна. Хоол хүнсэнд мэдрэмтгий байх буюу харшилтай байна гэдэг нь энгийн нэг өвчин биш гэж дэлхийн харшлын байгууллагын мэдээллийн төлөөлөгч профессор Мотохиро Эбисава хэлсэн. Мөн тэрээр "Астма, атопийн дерматит зэрэг харшлын өвнүүдээс шалтгаалсан янз бүрийн хүндрэлүүд тохиолдох ба хүнсний харшил нь үхэлд ч хүргэх аюултай. Эдгээр бүх асуудлууд нь зөв оношилгоо, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болох хүнсний бүтээгдэхүүнд шошго тэмдэг тавих, адреналины хүртээмжийг нэмэгдүүлэх, хоол хүнсний харшлыг эмчлэхийн тулд өндөр мэдлэгтэй байх нь чухал гэж хэлсэн”.

“Хүнсний харшилтай холбоотой гарч ирж байгаа асуудлыг шийдэх нь тиймч хялбар биш боловч хоол хүнсний харшлын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэн тодорхой үр дүнд хүрч болох юм” хэмээн дэлхийн харшлын байгууллагын ерөнхийлөгч профессор Руби Паванкар хэлсэн. Эмнэлгийн байгууллагын ажилчид оношлогоог сайжруулах, хүнсний харшил үүсгэгч болон хүнсийг орлуулах бүтээгдэхүүнийг судлах мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдэд туслах, үхлийн аюулаас сэргийлэх зэргээр өвчтнүүдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх хэрэгтэй. Дэлхийн ихэнх улс орнуудад хүнсний бүтээгдэхүүний шошго тэмдэглэгээний хууль тогтоомж, анафилаксийн үйл ажиллагааны төлөвлөгөө, адреналины автомат тариур дутагдалтай байна. Дээрх байдлыг эмч, өвчтөн, эцэг эх, сургууль, эрүүл мэндийн яам, олон нийтийг мэдээлэл болон нөөц боломжоор хангаж бодлого боловсруулагч нарт ойлгуулснаар сайжрах боломжтой.

 

 

 

Монгол Улсын хувьд монголын харшил судлалын нийгэмлэг нь хоёр дахь жилдээ “Харшилтай тэмцэх дэлхийн долоо хоног-2013” үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд:

1. Харшлын тухай, харшлаас урьдчилан сэргийлэх талаар харшилтай хүмүүс, эцэг эхчүүдэд зохих мэдлэг чадвар хандпага эзэмшүүлэх ,

2. Арьс харшил, чих хамар хоолой, уушги, дотор зэрэг нарийн мэргэжлийн эмч нарт  зориулан харшлын талаарх сургалтыг ирэх бямба гаригт зохион явуулах гэж байна.