Х.ХУЛАН

Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ш.Энхбаттай ярилцлаа.

-Танай аймаг хамгийн сүүлд Засаг даргаа томил­сон. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх ажлынхаа хөтөлбөрийг боловсруулж амжсан уу. Ажил жигдэрч байна уу?

-Өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд Засаг даргаа томилсон. Аймгийн Засаг даргын орлогч надаар ахлуулсан 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөл­бөрөө боловсруулаад Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Одоо энэ сарын 15-нд аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулах ёстой.

Энэ жилийн онцлог нь тодорхой хэмжээний хө­рөнгө оруулалт, сан­хүү­жилтийг шинэчлэлийн Засгийн газраас олгож байгаа. Энэ дээр тулгуур­лаад, бас татвараас бүрд­сэн хөрөнгийг бодитой зүйлд зарцуулахад анхаа­рал хандуулж байна. Талын нэг тараагаад дуус­гах биш, яавал үр ашигтай зарцуулах вэ гэдгийг мөрийн хөтөлбөртөө оруулж байгаа юм. Тухайлбал, бидний олон жил ярьсан хөдөө аж ахуйн бирж, бөөний төвийн асуудал бий.

Манай аймгийг нийс­лэлтэй холбох засмал зам энэ онд ашиглалтад орчихно. Үүнийг дагаад хөгжил ирнэ гэж бодож байгаа.

Хоёрдугаарт, аймгийн төвийн тохижилтын асуу­дал бий. Үнэхээр хүнд байгаа. Энд тэндээс ирсэн улс сэтгэл дундуур л буцдаг юм. Нуугаад яах вэ, хүний нүдэн дээр ил байгаа юм чинь. Айм­гийнхаа төвд дорвитойхон засвар хийх гэхээр янз бүрийн чөдөр тушаа олон таарна. Юм хийхгүй мөртлөө объект эзэмшээд авчихсан хүмүүс байдаг. Хэн нэгэн эрхтэн дархтны мэдэлд ч байна. Засаг даргын орлогчийн хувьд би энэ дээр нэлээд зоригтой алхамууд хийнэ гэж бодож байгаа. Өөрөө юм хийж чадахгүй бол дээр нь байгаа хөрөнгөө ав, төр газраа аваад юмаа барья гэсэн байр суурь баримтална.

-Аймгийн орлого юунаас голлож бүрдэхээр байна?

- Дундговь улсаас татаасаар амьдардаг, мал аж ахуйн аймаг. Яахав, хэдийгээр уул уурхай аймгийн хөгжлийн тэр­гүүлэх салбар гэж байгаа ч мал аж ахуй хэвээрээ л байгаа. Тиймээс мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүнээс орох орлого болон бусад орлого маань төсвийн ихэнхийг бүр­дүүлж байна. Аль ч газар татвараар тодорхой хувиар бүрдүүлдэг. Манай аймагт ч адилхан.

-Жижиг бизнес эрх­лэгчдийг хэлж байна уу?

-Тийм. Онцолсон үйлдвэр манайд алга. Мах боловсруулах, ноос угаах үйлдвэр байгуулах асуудал ярианы төвшинд явж байна. Яг 200-300 хүнийг ажлын байраар ханга­чихсан томоохон үйлдвэр байхгүй ч цаашдаа төлөвлөж, бодож байгаа зүйл бий. Жишээлбэл, мах боловсруулах үйлдвэр гэхээр том объект, том тоног төхөөрөмж л бодоод байдаг. Багахан зүйлээс эхлүүлж хөгжиж болно.

Зах зээл хөгжиж байгаа хөрш айм­гууд­тайгаа бас харилцаа хол­боотой ажиллана. Гол зам Дундговийг дайрч өнгөрөх учраас, аялал жуулчлал, гадаадын зочдоос, жуулч­даас хэрхэн орлого олж болох вэ гэдэгт анхаарал хануулаад байна.

-Говь-Угтаал сумын Хараат уулын уурхай байна. Орон нутаг нь өөрийнхөө төсөвт орлого авч чаддаггүй. Гэтэл тэнд хэн нэг нь томоохон газарт юу эзэмшчихээд юу ол­борлоод байгаа нь то­дорхойгүй, хяналтгүй байна шүү дээ. Ийм асуу­дал нэгээр тогтохгүй байгаа ч танай өмнөх удирдлагууд ха­риуцлага тооцохгүй явсаар ирсэн. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Ашигт малтмалын тухай шинэчилсэн хуульд нийцүүлж аймгийн Ашигт малтмалын талаар барих бодлого боловсруулж, ИТХ-аараа хэлэлцүүлье гэж бодож байгаа. Таны хэлсэнчлэн хариуцлагагүй уул уурхай манайд нэлээд бий. Газар шороогоо, ашигт малтмалаа эзэм­шүүл­чихсэн хэрнээ орон нутаг нь тэндээс ямар ч орлого ололгүй үлдээд байдаг. Бид хариуцлагатай уул уурхайн ил тод байдлыг бас мөрийн хө­төл­бөртөө оруулж байгаа. Хэрэв Дундговь аймгийн нутаг дэвсгэр дээрээс хөрс, шороо ямар нэг зүйл олборлох гэж байгаа бол орон нутгийн засаг захир­гаатай хамтран ажиллана.

Эрүүл мэнд, боловс­рол, соёлын хүрээнд хандив авч болно гэсэн санаа Ашигт малтмалын шинэчилсэн хуульд бий. Ганц тэр ч биш, үнэхээр нөөцийг нь тогтоогоод ашиглах бололцоо бүхий газар байвал байгаль ор­чинд сөрөг нөлөөгүйгээр, замаа тавиулж, хариуц­лагатай байдлыг хан­гуулна. Яахав, уул уурхайг ашиглах нь зөв. Одоогийн энэ эрин цаг үед амьдарч байгаа хүмүүс бас юм хүртэх ёстой шүү дээ. Харин тэрийгээ хэрхэн зөв зохистойгоор олж авах асуудал л байгаад байгаа юм.

-Илт хууль бус үйл ажиллагаа бий. Жи­шээлбэл, Хараатын ордыг ашиглахын тулд орон нут­гаас иргэдийн зөвшөөрлийг авах ёстой байдаг. Гэтэл бараг Монгол Улсын бүрт­гэлд байхгүй хүмүүсийн гарын үсгээр л зөвшөөрөл олгочихоод, нутгийн иргэ­дийнх байдаггүй.  Иймэрхүү улаан цайм асуу­­­­дал дээр зөвхөн орлогын асуудал яриад өнгөрч болохгүй. Тэрийг ухах ёстой юу үгүй юү гэдгийг ярих ёстой байх?

-Уул уурхайн асуудалд дээр анхааралтай хандана. Бид иргэдээсээ л асууна. Тухайн орон нутагт уул уурхай хөгжүүлэх, олбор­лох, эрэл хайгуул хийхийг иргэд л зөвшөөрөхгүй бол заавал оруулах гээд байх шаардлага байхгүй. Хүн амьдрах бизнесийн сэдэл хангалттай олон байна. Тэд нараараа хөөцөлдье. Дараа үедээ бид үүнийгээ заавал ухаж төнхсөн ийм байдалтайгаар хүлээлгэж өгмөөргүй байгаа юм. Хэрэв иргэд маань хүсвэл, манай орон нутгийн нэг тэргүүлэх чиглэл нь мал аж ахуйгаас гадна уул уурхай гэж үзэх юм бол хамаа алга. Тэрийгээ харин хариуцлагатай, иргэдийнхээ хяналт дор тодорхой хувийг нь ашиглуулъя, эзэмшүүлье.

Төсвийн тухай шинэ хуулиар зөвхөн нөөц ашигласны тавхан хувь нь тухайн сум орон нутгийн дансанд орно гэж заасан байгаа юм. Нэг талаасаа энэ хангалтгүй. 100 тонн жонш олборлочихоод 30 тонноор мэдүүлэг хийх гэх мэт заль ч гарна. Энэ дээр иргэд өөрсдөө л хяналт тавина. Ямар нэгэн дарга шийдвэр гаргахгүй. Дарга нар шийдвэр гаргасан цагт дандаа бурууддаг. Иргэд өөрсдөө шийдвэр гаргана гэдэг бодит амьдралтайгаа нийцнэ, хэл ам ч багатай.

Бид энд ийм санал, гомдол байна гэдгийг бид сонсож явсангүй өдий хүрлээ шүү дээ. Иргэд маань ч сурчихсан, “Дарга л мэднэ” гэдэг байдлаар хандаад сурчихжээ. Би чинь ширээний ард суусан зангиатай дарга биш, төр ард түмэн хоёрын дундах гүүр юм.

- Дундговийн иргэдийн амьжиргааны төвшин, эдийн засгийн чадамж бусад аймагтай харьцуу­лахад ямар байна вэ?

-Өрсөлдөх чадва­раараа хамгийн сүүлд орсон. Дөрвөн жилийн дараа бид ажлаа дүг­нүү­лэхдээ аймагт шилжин ирэгчдийн тоо, хүмүүсийн маань амьдралын батал­гаат түвшин, орлого нь хэдий зэрэг өссөн гэдгээр тооцох юм.

-Энэ үзүүлэлтийг ахиулах талаар төлөвлөгөө бий юү?

-Мөрийн хөтөлбөртөө “Эрхэм зорилго” болгож оруулж байна. Ая тухтай, ажилтай орлоготой амь­даръя гэж. Бодож санаж байгаа зүйл их бий, болох ч байх. Санаанд багтаж байгаа.

-Дундговьд сонгуулийн үеэр нэлээд будлиан гарсан. Шалтгаан нь юу юм бол. Үүнийг тохирол­цоотой холбоотой гэж яриад байгаа тал бий. Дээрээс нь “Танайх Засаг даргаа ав, манайх орлогчоо” авна гэдэг үүрэг өгч байна гэх мэтээр?

-Манай аймаг орон нутгийн сонгуулийн дараа өнгөрсөн оны арван­хоёрдугаар сарын 10-нд анхдугаар хурлаа хийсэн. Түүнээс хойш таван удаа хуралдлаа. Яахав, хоёр намын хүчний харьцаа ойрхон л доо. Түүн дээр л төвөгтэй байдал үүсээд байгаа юм. Зарим нэг нь хурал хаях, заримдаа олонхи нь хуралдчих ч юм уу, эсвэл Засаг даргаа сонгох саналыг хуульд нууцаар авна гэж заасан байхад илээр хураах гэх мэт алдаа, маргаан гарсаар таван удаа хуралдсан. Ингэж байж Засаг даргаа сон­голоо л доо. Одоо сонгууль дууссан, ажилдаа орох ёстой. Гэтэл зарим нөхөд маань МАН барьж байгаа засагт орохгүй, бид хяналт тавина гэдэг байдлаар хандаад байна л даа. Би бол тэгж үзэхгүй байгаа. Дээрээ шинэчлэлийн Засгийн газар гээд том бодлого хэрэгжүүлж байгаа юм чинь бид МАН-тай зөв­шилцлийн гэрээ бай­гуулъя гээд бай­гуулсан. “Хэрэв танайх ялах юм бол манайх орлогч шүү” гээд. Улс төрийн албанд улайран зүтгэхдээ асуудал байгаа юм биш л дээ. Шинэч­лэлийн Засгийн газрын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэхэд Ан-ын гүйцэтгэх үүрэг том байр суурь эзлэх ёстой. Хяналт тавина гээд дахиад дөрвөн жил юу ч хийхгүй явж болохгүй л дээ. Цаг хугацаа алдана. Тиймээс дээрээс явуулж байгаа бодлогыг бид АН-аар дамжуулж аймагт шингээх асуудлыг л ярилцаад байгаа юм. Хамтраад л ажиллах ёстой. Түүнээс биш, Ерөнхий сайд энэ тэр энд оролцоод байгаа юм байхгүй.

-Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө өссөн. Юунд зарцуулах вэ?

-Сум тус бүрийн ИТХ-аар тухайн сумандаа тэргүүлэх чиглэл нь юу вэ гэдгийг тодорхойлуулна. Тэгээд энэ төслийг манай суманд хэрэгжүүлвэл үр дүнтэй байх юм гэдэг дүнг гаргаж ирнэ. Суманд бас асуудал бэрхшээл их байна. Хүн ам цөөтэй, хэдхэн бүлэгт хуваагдчихсан. Таньдаг, мэддэг, ах дүү хамаатан садан, нам улс төрийн харъяалал гээд ямар нэгэн сэжимээр хол­богдчихоод байдаг. Нэгэнд нь давуу өгөхөөр нам улс төр ярих гээд байдаг тал бий. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө 50 сая байснаа одоо 150 сая төгрөг болж байгаа шүү дээ. Энэ мөнгийг жижиг юманд тараагаад өгчихмөөргүй байгаа юм. Хүмүүс энэ мөнгөний талыг нь банкны зээл, хүүхдийн сургалтын төлбөр гэх мэтээр хувьдаа хэрэглэ­чихээд үлдсэнээр  нь юм хийх гээд үзээд байдаг. Тэр нь төлөв­лөсөн, төсөл бичсэн хэрэгцээг нь хан­гаж ча­дахгүй дампуу­руул­чихдаг. Нөгөө талаас төсөл бичиж зээл хүсэгчдийнхээ мөнгийг хангалттай өгч чадахгүй байгаа. 20 сая төгрөгөөр ямар нэг аж ахуй байгуулъя гэхэд эхийг нь эцээхгүй, ту­галыг нь тураахгүй гэж 10 сая, 7 саяар нь л өгдөг . Тэр нь хөрөнгө оруулалт болж чадахгүй байна. Тиймээс сум болгоныг орон ну­тагтаа давхардуулах­гүйгээр нэг брэнд бий болго гэж байгаа. Ту­хайл­бал, Өндөршилийнхэн гэхэд Египтэд гаргадаг ноосны гадаад зах зээлээ олчихсон. Тэрэнд  нь түлхүү хөрөнгө оруулалт хийгээд, ажлын байраа нэм, ноосоо ахиу ав, мөнгийг нь хангалттай өгье гэж байгаа.