Ч.ҮЛ-ОЛДОХ

АНУ-ын иргэн, Чингис хааны онгоныг хайгч Альберт Лингийн Бурхан Халдунд ямар ч зөвшөөрөлгүй хийсэн су­дал­гаа анхаарал татах боллоо.

Дэлхий гайхан сонир­хож, мөн хүлээж  буй бол монголчууд харин түгшиж байна. Дам дуулдаж буй мэдээллээр Альберт Лин сансраас зураг авах төхөө­рөм­жөөр тэр орчмын байрш­лыг тодорхойлж, юу бай­гааг нь ч нарийн гарга­сан гэнэ. Түүний судал­гааг дэлхийн шинжлэх ухааны томоохон сэтгүү­лүүд хэвлэхээр уралдаж буй бол манай улсын зү­гээс  хориг тавиад байгаа юм байна. Салбарын сайд Ц.Оюунгэрэлийн хэлж буйгаар судалгааны тай­лан­гаа монгол хэл дээр орчуулан яаралтай ирүүлэ­хийг түүнээс  шаарджээ. Ирсэн даруйд нь Засгийн газрын хуралдаанаар оруулж танилцуулах юм байна. Тэгэхдээ Монго­лын шинжлэх ухааны бай­гууллагуудыг оролцуу­лах­гүй гэнэ. Тэрхүү шалт­гаан нь улсын нууцад ха­мааралтай гэж үзсэн, эс­вэл иш баримттай гэснийх үү гэдэг тодорхойгүй бай­на. Харин тэр хүртэл су­далгааны тухай мэдээл­лийг задруулахгүй байх үүргийг Альберт Линд өг­чээ. Үнэхээр Бурхан Хал­дунд дэлхийн гайхамшиг байна гээд юу юугүй зар­ла­чихвал байдал хурцдаж мэднэ. Гэтэл ийм байдалд хүргээд буй   Альберт Линд   Бурхан Халдунд халдах эрхийг хэн өгсөн нь сонин.

Энэ асуултад хариу олохын тулд олон эх сур­валжтай уулзаж, бичиг цаас сөхөж, Хан Хэнтийн  зүг ч эрлийн жолоо сун­гаж, эрдэмтэн, судлаачид болон шийдвэр гаргах төвш­нийхнийг хэлэлцүүл­гийн ширээнд урьж  бага­гүй ажил удлаа. “Зууны мэдээ” сонины “Үндэс­ний мэдээллийн төв”-д өнгөрсөн баасан гаригт болсон “Бурхан Халдуныг онцгой бүс болгоё” хэлэл­цүүлгийн үеэр өрнөсөн эрдэмтдийн мэтгэлцээ­нээс бид зөвхөн Бурхан Халдуны хамгаалалтын асуудлыг өмнөх дугаартаа  тоймлон хүргэсэн. Энэ удаа тэрхүү хэлэлцүүлэг дотор өрнөсөн  эрдэмтэн, судлаачдын мэтгэл­цээ­нийг хүргэж байна.

Ямартаа ч Альберт Линий удирдсан “Хаадын хөндий” шинжилгээний анги академич Ш.Бира гуайн алдар хүндийг  нэ­рийн хуудсаа болгож, түү­ний туслах Ц.Ишдорж  на­рын хүмүүсээр эрдэм шин­жилгээний баг бүр­дүү­лэн Бурхан Халдунд Чингис хааны онгоныг хайх судалгааг гурван жил хийсэн гэсэн мэдээлэл бий. Гэтэл Ц.Ишдорж зөв­хөн 2011 оны зун ганцхан сар ажиллах зөвшөөрлийн бичгийн хуулбар үзүүлдэг /түүнийг нь бид сониндоо хэвлэж байсан/. Нутгийн иргэдийн дунд тэднийг ямар ч зөвшөөрөлгүй су­дал­гаа хийсэн,  Монголын улс төр дэх  Увсын бүлэг­лэл, нэр бүхий  улстөрчийн  аман  зөвшөөрлөөр ажил­лаж ирсэн гэсэн яриа бай­даг. Ингээд олныг үл нур­шин талуудын байр суурийг хүргэе. Хэлэл­цүүл­гийн эхэнд  салбарын сайд Ц.Оюунгэрэл “Зууны мэдээ” сонинд гарсан шүүмжлэлийг зөв, буруу гэж дүгнэхийг хү­сэх­гүй. Гол нь Бурхан Халдун ууланд хамгаалал­тын бүс тогтоож, хамгаа­лах асуудлыг ярья” гэс­нээс үүдэж МУБИС-ийн түүхийн тэнхимийн эхлэгч Ж.Гэрэлбадрах мэтгэл­цээ­ний салхийг хагалсан юм. Тэрээр “Сайд аа, та тэгээд Бурхан Халдунд зөвшөөрөлгүй судалгаа хийсэн хүмүүсийг зөв гэж хэлэх гээд байна уу” хэ­мээн асуусан. Хариуд нь Ц.Оюунгэрэл тэр талаар ярихгүй. Бурхан Халдуныг хамгаалах, хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх асуудал чухал байгааг онцолж байв.

 

Ж.Гэрэлбадрах: ЗӨВШӨӨРӨЛГҮЙ СУДАЛГАА ХИЙСЭН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦ 

-Хамгаалалтын асуу­дал ярьж байгаа бол  эх­лээд Бурхан Халдунд гадаа­дынхантай хамтраад зөвшөөрөлгүй судалгаа хийсэн хүмүүст хариуц­лага тооцох хэрэгтэй. Хууль үйлчилж байгаа юм бол, төр гэж байгаа бол, дураараа дургих явдлыг цэглэх хэрэгтэй. Чингис хааны нэрээр олз олж бай­гаа хүмүүс байна. Тиймээс хамгаалалтыг тогтоож өгье, түүхээ судалъя, өөрс­дөө эхлээд сайн мэддэг болъё. Тэгэхгүйгээр мөн­гө­ний үнэр авсан хүмүүс ухах гээд ухалзаад байх юм. Ухах ажил нь эхэл­чих­сэн юм биш үү, тухайл­бал Ш.Бира, Ц.Ишдорж нар байна. Эхнээсээ ажил­лаад эхэлчихсэн бай­на шүү дээ. Хэдэн жилийн өмнө Чигис хааны ша­рилыг оллоо гээд Өглөг­чийн хэрэмийг, Киданы хэрэмийг баахан шуу­гиул­сан. Одоо дараа­гийн ажилдаа орчихсон явна. Дараа жилээс малтаад эхэлвэл юу гэх вэ.

 

Ц.Ишдорж:

ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН

-Зөвшөөрөлгүйг  нь чи яаж мэдэж байгаа юм бэ. Зөвшөөрөл нь бидэнд  бай­гаа. Гурван жил дараа­лан зөвшөөрөл авсан.

 

Ж.Гэрэлбадрах:

СОНИН БУРУУ БИЧЛЭЭ ГЭЖ ҮҮ?

-Тэгвэл “Зууны мэдээ” сонин буруу бич­сэн юм уу. Ямар ч зөв­шөө­рөлгүй ажилласан байна гээд бичсэн байсан шүү дээ.

 

Ц.Ишдорж:

БИЧИГ БАРИМТ БИЙ

-Сонинд буруу бичсэн байна лээ. Би хэлээд бай­гаа шүү дээ, зөвшөөрөл авсан гэж.

 

З.Батсайхан

/МУИС-ийн багш, археологич/: ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЧИХААД ДАРАА НЬ БИЧИГ АВЧИХДАГ

-Та нар зөвшөөрөлгүй юм хийдэг юм байна лээ. Дараа нь зөвюшөөрөл ав­чих­даг­ юм билээ. Зөвшөө­рөл өгдөг комисст хэдэн хүн байдаг вэ. Тэднээс асуухад хариу нь гараад ирнэ. Тэр хүмүүс зөвшөө­р­өл аваагүй гэж хэлж  байгаа юм биш үү.

 

Д.Цогтбаатар

/ШУА-ийн археологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч/: 

ЗӨВШӨӨРӨЛ АВААГҮЙ, ТАЙЛАН Ч ТАВИАГҮЙ

-Мэргэжлийн зөв­лө­лөөс Бурхан Халдунд ажил­лах зөвшөөрөл авсан юм уу. 2010, 2011 онд зөвшөөрөл авагдаагүй. Ямар нэгэн тайлан тавиг­даагүй. Бид нүүр нүүрээ харж байгаад үнэнээ хэлэх хэрэгтэй. Бид газрын зур­гийн юм хийдэг, архео­логит ерөөсөө хамаагүй гээд  зөвшөөрөл ч авахгүй тайлан ч тавихгүй гээд өнөөдрийг болтол явж ир­сэн шүү дээ.

 

Ц.Ишдорж:

АСУУДЛЫГ АЛЬБЕРТ ЛИНТЭЙ БИТГИЙ ХОЛБООЧ

 -Ер нь энэ асуудлыг Альберт Линтэй холбох хэрэггүй байгаа юм. Энэ асуудлыг анх хэн тавьсан бэ гэвэл АНУ-ын  National Geographic  байгууллага тавьсан юм. Тэд юу гэж хэлсэн бэ гэхээр Ерөн­хий­лөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд захиа бичсэн гэсэн. Тэр байгуул­лага бол ЮНЕСКО-гийн гол гишүүд байдаг газар. Тэгээд Бурхан Халдуныг ЮНЕСКО-гийн хамгаа­лал­тад авах хэрэгтэй, ба­римт материал тодруулах хэрэгтэй гэсэн. Тэр бүх захидал надад бий.

 

Ж.Гэрэлбадрах:

-Ш.Бира гуай та хоёр  археологич биш шүү. Яагаад тийм судалгаа хий­дэг юм бэ?

 

Ц.Ишдорж:

-Би археологич биш, түүхийн судалгаа хийдэг.

 

Ц.Цэндсүрэн

/ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга/: “ХААДЫН ХӨНДИЙ” 2011 ОНД ЭРХ АВСАН

-Соёлын өвийг хам­гаа­лах хуулийн дагуу соёлын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын дэр­гэд археологийн судалгаа шинжилгээний зөвлөл ажил­ладаг. Хуралдаад тай­лангаа хэлэлцээд, зөв­шөөрлийг олгодог. Түүний дагуу энэ үйл ажиллагаа явдаг. Одоогоор 6-7 бай­гууллага археологийн су­далгаа хийх эрхтэй байгаа. “Хаадын хөндий” бол 2011 онд эрхээ авсан. Тайлан­гаа мэргэжлийн зөвлөлд тавьсан. Жилд 40 гаруй экспедицүүд ажиллаж бай­на. Эдгээрийн дий­лэнх нь судалгаа, эрдэм шинжилгээний хүрээнд ажиллаж байна. Авран хамгаалах хайгуул судал­гаа өнгөрсөн оноос нэлээд идэвхжсэн.

 

Г.Бадамсамбуу

/сэтгүүлч, судлаач/: ЭХЭНДЭЭ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙСАН БИЗ ДЭЭ?

-Бид тэр үед яаманд нь хэлж байсан. Ерөнхийлөг­чид ч хандаж байсан. Гад­ны экспедицүүд зайн ар­гаар, сүүлийн үеийн тех­но­логиор Чингис хааны онгоныг турших гэж байна гэдгээ зарлачихлаа. Үү­нийг анхааралдаа аваач ээ гэж бид хэлж байсан, дуул­гаж байсан. Тийм уч­раас эхнээсээ үйл явцыг ажиглаж байсан. Одоо бол нэлээд өндөр төвшинд  яригдаж байна. Өнгөрсөн жил Алберт Лин цаг 30 минутын илтгэл тавьсан. Үүгээрээ Чингис хааны онгоныг нээнэ, шинэ тех­нологийг ашиглаж байгаа гэдгээ хэлж байсан. Мон­голоос ямар улсууд орол­цож байна гэхээр Ш.Бира гуайн удирдаж байгаа баг оролцож байгааг би сайн мэдэж байна. Эхэндээ бол зөвшөөрөлгүй байсан. Да­раа нь ёс төдий зөвшөө­рөлтэйгээр Монголын үнэт зүйлсийг агуулсан уул руу яваад байна. Ганц энэ биш, сүүлийн 100 жилд Англи, Герман, Франц, Орос, Австрали, Хятад, Японы судлаачид очсон байна. Мэдэгдээгүй олон судлаач ч байна. Чингисийн бунхан байж магадгүй гэж хэлээд бай­гаа Хэнтий ханы орой руу шинээр судлаж байгаа хүмүүс заавал очиж үздэг болчихоод байна. Хэнтий ханы оройд гэдгийг 1840 онд тавдугаар Богд өөрийн­хөө нууц сударт нэр заагаад хэлчихсэн бай­гаа. Хэнтий хааны оройд зөвхөн Богдууд очно гэж. Энэ судалгааг сүүлд нь сонирхож, сурвалжаар нь очсон улсууд 1902 оны Английн экспедиц Тэн­гэрийн овоог хэмжиж үз­сэн. Асуулт тавьсан 10-аа­д эрдэмтдээс хоёр эрдэмтэн Чингисийн онгоны та­лаар асуусан байдаг. Дараа нь 1909 онд  Англид геопо­литикч хүн газрын зураг гаргасан байгаа юм. Түүн­дээ төв мандлын төв рүү ямар газарзүйгээр дагуу­лалт хийж болох вэ гэдэг зураг нь интернэтэд та­вигд­сан. Тэгэхээр энэ бол зөвхөн Монголын түүх соёлтой холбоотой байхаас гадна мэдээлэл нь олон янзаар, олон байдлаар тар­сан байна гэдгийг ха­руулж байна. Монголын нууц товчооны 70 дугаар зүйлд анх 1170-аад оны эхэн үед тахиж шүтэж байсан мэдээлэл бий. Сүү­лийн 20 жилд юу бол­сон бэ гэхээр нийгэм хө­дөл­гөөнд орсон. Төрийн тахилгатай болсон. Олон судлаачид ирж очдог бол­сон. Дэлхий даяар зөвхөн Бурхан Халдуныг л бичиж байна. Хамгийн сүүлд 1961 оны судалгааны ажил байдаг. Одоо бол Бурхан Халдуны тухай National Geographic онцлоод төсөл хэрэгжүүлж байхад бид юугаа ч мэдэхгүй. Дандаа таамаглалын шинжтэй сууж байгаа нь инээдэм­тэй. Энэ уулан дээр одоо байгаа эрхзүйн нөхцлөөр биш онцгой хамгаалалтыг бий болгомоор байна. Тэ­гээд танин мэд. Хаачихаж болохгүй. Энэ нөхцөл байд­лын тухай л бид яримаар байна. Одоо бид зөвхөн сургаар яриад бай­на. Нэгэнт одоо дарах арга­гүй шуугиан дэгдчих­сэн. Олон улсын анхаа­ралд өртчихсөн байгаа үед шүтээн, тахилгаа яаж хам­гаалж, өөрсдөө таньж мэдэх байдлаар урагшлуу­лах вэ гэдэгт онцгой дүрэм журам гаргах хэрэгтэй. Гаднаас ирсэн хүн бүрийг очуулаад байж болохгүй. Өвөрмонголоос их очиж байна, дунд нь хятадууд очиж байна. Тэгээд Чин­гис хааны тухай бичсэн ном бүхэндээ Бурхан Хал­дун дээр гарсан зургаа тавьдаг. Ийм л байдалтай байгаа. Альберт Лингийн тайланг харж байхад ер нь Монголын хамгийн чухал зүйл дээр оччихсон, хэл­хээ холбоо баталгаатай болчихсон, бид сонин юм хийх гээд байна, тулаад ирчихлээ гэсэн хандла­гаар ярьж байна билээ. Өнгөрсөн жил гэхэд 15 өвөрмонгол очсон байна лээ. Үүнд төр анхаарах гэж оролдсон л доо. Дараа да­раа­гийн Ерөнхийлөгчид мэдээлэл нь байгаа хэрнээ яах ч учраа олохгүй байх шиг байна. Судлаачид үүн дээр анхаарч ажилламаар байна. Ер нь Монголын бүх үнэт зүйл ийм нуугд­мал, бодит биш, өөрсдөө сүсэг бишрэлээс болоод нээхээ мэдэхгүй түгжээс их байна. Тиймээс Бурхан Халдуныг танин мэдэх үйл ажиллагааг урагшлуулах хэрэгтэй.

 

Ц.Оюунгэрэл

/ССАЖ-ын сайд/: ЭХЛЭЭД ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ЯРЬЯ

-АНУ-ын иргэн Аль­берт Лингийн  тайлан­гийн асуудлаар  өнгөрсөн жил  News weaks сэтгүүл  над руу холбогдож байсан. Тэд “Манай сэтгүүл Чингис хааны зургийг эхний нүүр­тээ гаргаад судалгааны бүхэл бүтэн тайланг нийт­лэх гэж байна. Таньтай холбогдож зөвлөгөө ав гэж  хүмүүс зөвлөсөн учраас хандаж байна. Бид хоёр хоногийн дараа  нийт­лэлийг оруулах гэж байна” гэж ярьсан. Би тэдэнд юу гэж хэлсэн бэ гэвэл “Ма­найх тусгай хамгаалалттай бүс. Тусгай хамгаалалттай газарт явуулсан аливаа судалгааны тайлан Зас­гийн газарт орж ирээгүй. Манай яамаар дамжуулан тэр тайланг монгол хэлээр бүрэн эхээр нь оруулна. Тэр болтол тайлангийн нарийн мэдээллийг гар­гахыг зөвшөөрөхгүй. Тэр тусмаа шинжлэх ухааны нарийн тоо баримт,  коор­динат  заасан, цэг хатгаж газар зүйн байрлалыг то­дорхой зааж уулыг то­дорхой нэрлэсэн зүйлийг танай нийтлэлд оруулахыг зөвшөөрөхгүй” гэсэн. Мөн Альберт Линд ч “Та шинж­лэх ухааныхаа тайланг олон нийтийн маргаанд зориулан хэвлүүлэх бол  хамгийн эхлээд  монгол хэл дээр бүрэн эхээрээ Монголын Засгийн газарт танилцагдсаны дараа, бид­­нээс чиглэл авч байж шийдээрэй. Тэр болтол хэвлүүлэхийг зөв­шөө­рөхгүй” гэсэн сануулга өгсөн. Тэр дагуу нийтлэл шинжлэх ухааны аль ч сэтгүүлд нийт­лэгдээгүй. Альберт Лин шинжлэх ухаа­ны сэт­гүүлүүд миний тайланг нийтлэе гэж хү­сэлт ирүүлээд байна гэж байгаа боловч манай яам­ны зүгээс дэмжихгүй бай­гаа. Бидний тавьж буй шаард­лага бол тусгай хам­гаалалттай бүс нутагт хий­сэн аливаа судалгааны тай­лан монгол хэл дээр Монгол Улсын Засгийн газрын гишүүдэд танил­цагдах ёстой. Тиймээс тайлангаа яаралтай ор­чуулж бидэнд ирүүл гэж  шаардлага тавьсан.