З.ХҮРЭЛ

Тэртээ 1930 онд МАН-ын нарийн бичгийн дарга, МҮЭ-ийн Төв зөвлөлийн дарга Ж.Лхүмбийг зүүн гурван аймагт ажиллаад ирэнгүүт До яамныхан гэнэт баривчлав. Тэд “Хэнтий, Дорнод, Сүх­баатар аймгаар явахдаа Японы тагнуул, нууц хуй­валдагчидтай уулзаж, үүрэг өгөөд явлаа” гэсэн өргөх бичгийг Хэнтийн тусгай хэлтсээс баримт болгон авч ийн барив­чилжээ.

Ж.Лхүмбэ нь Сайн ноён хан аймгийн Хөгшин уулын хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын хүн. Тухайн үеийн хувьс­галч, ард олны эрх ашгийн төлөө гэсэн шударга, дайчин хүн байсан тухай түүхэнд тэмдэглэсэн байна.

Түүнийг 1933 оны долдугаар сарын 10-нд Улсын баяр наадмын өм­нөх өдөр буудан хороосон юм.

Ж.Лхүмбийн гэх хэргээр тухайн үеийн Монголын шилдэг 60 сэхээтэн цаазлуулж, 257 хүн шоронд хоригдож,126 хүн Орост цөлөгджээ. Тэд харийн нутагт сураггүй болж, үхэж үрэгдэж байв. Түүнийг цаазалсныхаа дараа ч “Лхүмбийн Японы тагнуулын хэрэг”-т хол­боотой гэх 2140 хүний нэр гарган, 534 хүнийг баривчлан хорьж, түүнээс 317 хүнийг Лхүмбийн Хэнтий, Дорнод, Сүх­баатар аймгийн бүлгийн гишүүн хэмээн шийт­гэжээ.

Ер нь Ж.Лхүмбийн хэрэгт улс төр, нам, цэр­гийн зүтгэлтнүүд болон хэдэн зуун энгийн иргэд хэлмэгдсэн юм. Энэ хэрэг ор үндэсгүй, зохиомол байсан нь сүүлд тогтоогд­сон.

До яамныхан энэ хэр­гийг тулган хүлээлгэхдээ нойр хоолгүй байлгах, жижүүрлэн байцаах, айл­ган сүрдүүлэх аргыг хэ­рэг­лэдэг байсан нь ч то­дорхой болсон. Уг хэргийг таслан шийтгэх ажлыг шүүхээр оруулалгүй, про­курорын хяналтаас гадуур, сэжигтэнд өмгөөлөх бо­ломж олголгүй шийтгэсэн нь мөн л ил болов.

Энэ хэрэгт Буриад зон ихээр хэлмэгдсэн бөгөөд өдгөө тэдний түүхэн дэх хамгийн том хар толбо нь энэхүү Лхүмбийн хэрэг болж үлдсэн юм. 

Х.Чойбалсан Лхүм­бийн хэрэгт хамгийн ихээр нэр холбогддог. Хэдийгээр тэр Лхүмбийн хэргийн ид үед Москвад жил гаруй хугацаанд байсан гэдэг ч түүний оролцоо голлох үүрэгтэй байсан нь түү­хийн баримтуудад үлдсэн байдаг. 1930-аад оны сүүл­чээр Х.Чойбалсангийн гарт ихээхэн эрх мэдэл төвлөрч, улмаар Монгол Улсын Засгийн газрын тэргүүн болж И.Сталины зааварчилгаагаар 30 гаруй мянган хүнийг хилсээр хэлмэгдүүлжээ. 

Х.Чойбалсангийн хэл­мэгдүүлэлтийн дотроос “Анхны 14”-ийн хэрэг гээчийг дурдахгүй байхын аргагүй. 1937 оны есдүгээр сарын 10-ны бямба гари­гийн шөнө Сонгино­хайр­хан уулын зүүн хойд аманд эсэргүү “Заговор” хэмээх байгууллагын ги­шүүн хэмээн 115 хүнийг хоморголон аваачиж, буу­дан хороожээ. Ингэхдээ Х.Чойбалсан дээрх 115 төр засгийн хариуцлагатай алба хашдаг болон цэргийн томоохон дарга нарыг “Одон медаль,буу сэлмээ зүүгээд ир” хэмээн цуг­луулсан байдаг. Чухам энэ л үед И.Сталины улс төрийн хядлагын “махны машин” Монголд эрчээ авсан түүхтэй. 

1937 оны тэр шөнө баривчлагдсан эрсээс 14 хүнийг сонгож үлдээн, урьдаас төлөвлөсөн Шүүх хурал гээч жүжгийг Орос, Монголын До яамныхан Улсын төв театрт нээлттэй хийжээ. Үүнийг түүхчид XX зууны Монголын түү­хэн дэх хамгийн бохир эмгэнэлт жүжиг бөгөөд ийм маягийн шүүх хурал нь Сталинизмын “махны машин”-ы эрэг, боолт, эд анги, бүрэлдэхүүн хэмээн дүгнэсэн.

Учир нь шүүх хурлын шийдвэрийг До яамны Тусгай хэлтсийн дарга Насантогтох боловсруу­лан, Орлогч сайд Б.Лосол зөвшөөрч, Сайд Х.Чой­балсан зөвшөөрснөөр 14 хүний ялын төлөвлөгөөг бэлэн болгосон аж. Шүүх хурал 1937 оны аравдугаар сарын 18-21-нд Төв театрт болж 13 хүнийг нь буудан алж, хөрөнгийг нь хураа­хаар, нэг хүнийг нь Д.Лув­саншаравын гуйлтаар 10 жилийн ял өгч амьд үлдээ­сэн байна.

Тэднийг буудан алах ажлыг Х.Чойбалсан, Маа­хуур хэмээх Дамба гэгч шоронгийн комен­дант, До яамны орлогч сайд Б.Лосол, төлөөлөгч Л.Содов нар гүйцэтгэжээ. 

Ингэснийхээ маргаа­шаас эхлээд “Үнэн”, “Улаан одон” зэрэг сони­ноор дамжуулж, дээрх 14 хүн бол гарцаагүй хувьс­галын эсэргүү, урвагчид байсан гэх ухуулга сур­тал­чилгааг эрчимтэй хийж байв. Энэ нь хэлмэгдүүлэх ажлын нэг хэсэг бөгөөд олны “тархийг угаах” нь тухайн цаг үедээ тун чухал үүрэг гүйцэтгэдгийг суд­лаач, түүхчид өгүүлдэг.

Мөн оны аравдугаар сарын 25-нд 115, түүний 14 хүнийг Шүүх яамны сайд Г.Цэрэндорж, УДШ-ийн дарга Даншийцоодол, Улсын прокурор Пунцаг­дорж нарыг “Алтангадас” одон, Дотоод яамны Б.Лосол, Н.Насантогтох, Хас-Очир тэргүүтэй 40 гаруй яргачныг чекистийн тэмдэг, одон, үнэ бүхий зүйлээр шагнаж урам­шуул­жээ.

Өөрөөр хэлбэл, 114 хүн буудаж, нэг хүнийг 10 жилийн хорих ялаар шийт­гэсний шан. 

Үүний дараахан буюу тухайн жилдээ Ерөнхий сайд П.Гэндэн, маршал Г.Дэмид нар Монголын тусгаар тогтнол, лам на­рыг өмгөөлөн И.Сталин­тай зөрөлдсөний улмаас Орост амь насаа алдав.

Мөн онд Мэргэн гүн Гомбожав буудуулж, их зохиолч Д.Нацагдорж шо­ронд тарчилж, улмаар сэ­жигтэйгээр хорвоог орхи­сон байдаг.

1939 онд Ерөнхий сайд А.Амарыг баривчилж, 1941 онд Орост аваачин хороосон гээд их хэлмэг­дүү­лэлтийн түүх үргэл­жил­нэ.

Улмаар 1962 онд Чин­гис хааны 800 жилийн ойг нууцаар тэмдэглэлээ гэж Д.Төмөр-Очир, Ц.Лоо­хууз, Б.Сурмаажав, Х.Ням­буу, Л.Цэнд нарын сэхээтнүүдийг хэлмэг­дүүлэн нутаг заан цөлсөн. Тэднээс Д.Төмөр-Очир 1985 оны аравдугаар са­рын 2-нд Дархан дахь гэр­тээ бусдын гарт хөнөөгд­сөн. Үүнээс 13 жилийн дараах яг тэр өдөр ардчил­лын удирдагч С.Зориг бус­дын гарт амь насаа алдсан нь анхаарахгүй байх аргагүй сэжим.

Монголын төрийг 40 жил удирдсан Ю.Цэдэн­бал 1980-аад оны эцсээр Москвад гэрийн хорионд амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрөөж бай­лаа. Эхнэрийнхээ тэтгэв­рийн мөнгөөр амь зуух төдийхөн амьдарсаар хор­воогоос хальсан монгол төрийн удирдагчийн төгс­гөл мөн л их хэлмэгдүү­лэлтийн үргэлжлэл авай.

Өнөөдөр Монгол Ул­сын гурав дахь Ерөнхий­лөгч Н.Энхбаяр авлигын гэдэг зохиомол хэргээр шүүхээс ял шийтгүүлэв.

Түүхчид их хэлмэгдүү­лэлт он цагийн дарааллаа­раа хэлбэрээ өөрчилдгөөс мөн чанар нь оршсоор байдгийг судалжээ. 1930-аад оны үед Японы таг­нуул хэмээн буудан алдаг байсан бол 1960-аад оны үед Марксизм-Лениниз­мийг эсэргүүцэгч, үндсэр­хэг үзлийг дэмжигч хэ­мээн нутаг заан цөлж, нэр төр, амьдрах нөхцлөөр нь хяхан хавчиж шийтгэдэг байжээ. 

Харин өдгөө авлигач хэмээн нэрлэж зохиомол хэрэг үүсгэн хүчний бай­гууллага, шүүхээр далайл­ган сүрдүүлж хэлмэгдүүл­дэг болов.

Хэлмэгдүүлэлт ингэж үргэлжлэхдээ өөрчлөгдөх боловч мөн чанар, арга барил нь мөнхөд хэвээр байдаг ажээ.

Хэлмэгдүүлэлтийн за­хиа­лагч нь буюу шууд нө­лөө­лөл нь гадаадын улс орон байдаг. Хэрэгжүүлэгч нь өрсөлдөгчөө намнах гэсэн Монголын төрийн эрх баригч.

Аль 1937 онд Төв театрт нээлттэй хэмээж олон нийтийг итгүүлэх, сэнхрүүлэх арга барилаар хийж байсан шүүх хурал хэдхэн сарын өмнө мөн л давтагдав. Үргэлжлүүлэн “Үнэн”, “Улаан одон” со­нин, радиогоор явуулж байсан ухуулгын аргыг өдгөө эрх баригчид бас л хэрэглэж, мэдлийнхээ со­нин, телевизээр Н.Энх­баяр бол авлигач гэсэн сценарийг завсар зайгүй нийтэлж нэвтрүүлэхийг оролдож буй. 

Н.Энхбаярыг шүүсэн шүүх хурал түүхэнд XXI зууны Монголын түүхэн дэх хамгийн бохир эмгэ­нэлт жүжиг... хэмээгдэж үлдэх нь гарцаагүй. Мөн нийтлэлч Баабарын тэр­тээх он жилүүдийн тухай өгүүлсэн “Москвад зохио­сон Зиновьев, Каменев нарын хэргийг нээлттэй тасалсан жүжгийн яг таг орчуулга” гэдгээр бичиг­дэнэ гэсэн үг.

Үүнээс гадна хэлмэг­дүүлэлтийг гардан зохион байгуулагчийг Төрийн нэ­рийн өмнөөс шагнаж урам­шуулдаг “түүх” бас л үргэлжилсээр байх аж. Ж.Лхүмбийн хэрэг гэг­чийг “илрүүлэхэд” идэвх­тэй оролцсон хэмээн Хэн­тийн төлөөлөгч Данзан, ангийн дарга Рэнцэн, ДХГ-ын тасгийн дарга Мандал, хэлтсийн дарга Насантогтох, Дотоодыг хамгаалах газрын дарга Намсрай, орлогч дарга Б.Аюуш, сургагч Чибисов, Семёнов, Боровков зэрэг зандалчдыг цэргийн гавьяа­ны улаан тугийн одонгоор, төлөөлөгч И.Шуу­маржав, бичээч Гомбодорж нарын хүмүү­сийг гар буу, 500 төгрөгөөр тус тус шагнаж, 1934 оны долдугаар сарын 11-ний баяр наадмын дугаарт Лхүм­бийн эсэргүү дайс­нуудыг бут цохисон хэ­мээн хөөрцөглөж байсан нь бас л нэг эмгэнэл байж.

Н.Энхбаярыг шүүхээр шийтгэснээс гурав хоно­гийн дараа АТГ-ын дэд дарга Б.Хурцыг Сүхбаа­тарын одонгоор шагнав. Б.Хурц шагналаа олны нүднээс нуун байж гард­сан гэдэг. Цаг хугацааны хувьд ингэж таарсан байж болох ч Б.Хурц Сүхбаа­тарын одонгийн энтэй ямар гавьяаг Монголын төрд байгуулж өгөв гэдэг асуулт хариу нэхэх нь тун тодорхой юм.

Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны есдүгээр сард зарлиг гаргаж АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөр­бая­рыг өөрийнхөө Хуулийн бодлогын зөвлөх болон шүүхийн ерөнхий зөвлө­лийн гишүүнээр томиллоо. Ч.Өнөрбаяр нь Н.Энхбая­рыг баривчлах ажиллагааг гардан зохион байгуулсан бөгөөд “Н.Энхбаярыг ба­ривчлах үеэр шаардлага­тай бол буудах эрхтэй” хэмээн олны өмнө зориг­тойгоор хэлж байсан нэгэн юм.

Мөн  Ч.Өнөрбаярын оронд АТГ-ын Тамгын газрын даргын албан ту­шаалд Д.Наранбаатарыг томилсон юм. Д.Наран­баатар нь Н.Энхбаярыг баривчлах тогтоолын төс­лийг боловсруулж, барив­чилгааны үеэр баривчлах тогтоолыг телевизийн каме­руудын өмнө чанга дуугаар уншиж өгөн олон түмэнд танигдсан хүн. Тэрээр баривчилгааны дараа Төв аймгийн урьд­чилан хорих төвд Н.Энх­баярт яллах тогтоолыг нь мөн л уншиж танилцуулж байлаа.

Н.Энхбаярыг яллахад хамгийн ихээр олны танил болсон эрхэм бол проку­рор Ё.Сагсай. Тэр энэ хэрэгт улсын яллагчаар оролцож байхдаа Нийс­лэлийн прокурорын орлогч байсан. Харин 2013 оны хоёрдугаар сарын 06-нд Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын тушаа­лаар Ё.Сагсай нь Сүхбаа­тар дүүргийн Ерөнхий про­ку­рор болж дэвшив. Олон нийт түүнийг Н.Энх­баярыг ялласны шагналаа авлаа гэж байв. Гэхдээ энэ улсын томоохон гэх бүхий л хэрэг овоордог газар бол Сүхбаатар дүүрэг. Энэ утгаар нь Ё.Сагсайд дараа дараагийн том “ажлыг” гардан гүйцэтгэх болом­жийг ийн олгосон байж мэдэх юм.

Түүнчлэн  анхан шат­ны шүүхээс Н.Энхбаярт ял оноосны дараа Нийс­лэ­лийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа “Зөв­хөн яллах бодлого бари­лаа” хэмээн мэдэгдэж бай­сан. Гэвч өөрөө давж заалдах шатны шүүх хур­лыг даргалан оролцохдоо анхан шатны шүүх зөв шийдсэн байна хэмээн үзэж, Н.Энхбаяр нарын ялыг хэвээр үлдээв. Үүний дараа Б.Сарантуяа шүүг­чийн нөхөр Д.Гоошоохүү  МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр сон­гогдов. “Эрдмийн унд­раа” цогцолбор сургуу­лийн биеийн тамирын баг­шаар ажиллаж байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж түүнд Гавьяат багш цол олгосон. Улмаар дээрх албанд тохоогдсон гээд “сонирхолтой” учир хол­боос олон бий. Хамгийн гол нь яаж яваад биеийн тамирын багш Д.Гоошоо­хүү гуай МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл рүү яваад орчихов гэдэг асуултыг олон хүн тавьдаг. Тэр тус­маа Нийслэлийн шүү­хийн ерөнхий шүүгч Б.Сарантуяагийн нөхөр энэ хүртэл явж ирсэнд гайхах хүн цөөнгүй байна. Шууд утгаараа үүнийг мөн л “хэлмэгдүүлсний шан” хүртлээ хэмээн үзэцгээж байна.

Хамгийн сүүлд АТГ-ын Мөрдөн шалгах хэлт­сийн дарга Э.Амарбат “мя­л­аалгах” бололтой. Түү­нийг тун удахгүй УЕПГ-т томоохон албан тушаалд тавихаар зэхэж байгаа тухай эх сурвалж хэлж байна.

Дээрээс нь хэлмэгдүү­лэх­дээ залхаан цээрлүүлэх олон аргын боловсронгуй хувилбараар шүүж, цагдан зохиомол хэрэг үүрүүлж буй нь 2012 оны дөрөвдү­гээр сарын 19-нөөс хойшхи зургаахан сарын дотор гурав дахь Ерөн­хийлөгч Н.Энхбаярын би­еийн байдал ямар хэм­жээнд очсоноос тов тодор­хой харагдана. Алга урвуу­лахын дайнд өөрчлөгдсөн хүмүүний хувь заяа Ж.Лхүм­бийг хэлмэгдүүл­сэн 1930-аад оныхтой дэн­дүү төстэй.

Өмнөх зууны их хэл­мэг­дүүлэлт өнөөдрийн Мон­голд үргэлжилж, га­шуун түүхийн хуудсыг зузаалж буй энэхүү “мах­ны машин”-ыг хэн ажил­луулж байгаа нь ч олон нийтэд хэдийнэ ил болжээ.