Б.ЭНХЗАЯА

Монгол Улсын Зас­гийн газар олон улсын хүний эрхийн байгуул­лагаас өгсөн зөвлөмжийг хайхардаггүй бололтой.  Монгол хүний эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж бай­гааг харуулдаг Хүний эр­хийн үндэсний комис­сын 12 дахь удаагийн илт­гэлд энэ тухай дурьд­жээ. Өнгөрсөн онд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын илт­гэлийн талаарх мэдээл­лийг Хүний эрхийн үндэс­ний комиссын дарга Ж.Бямбадорж өчигдөр сэт­­­гүүлч­дэд өгсөн юм. Тэд өнгөрсөн са­рын 31-нд УИХ-д үүнийг өргөн барьсан байна. Энэ удаа­гийн илтгэлд хүний эрх, эрх чөлөөний ойлгол­тыг дөрвөн бүлэгт ангил­жээ. Эхний бүлэгт уул уурхай ба хүний эрхийн асуудлыг онцолсон бай­лаа. Уул уур­хайн салбар улс орны ний­гэм эдийн засгийн хөг­жилд хувь нэ­мэр оруулж байгаа ч ха­риуц­лагагүй уул уурхайн үйл ажил­лагаанаас бай­галь орчин доройтож, иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирч буй­гаас гадна аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгааг тусгасан байв. Тухайлбал, Дорноговь айм­гийн Айраг суманд тоос, шороо, жонш шатал­таас үүссэн утаа­наас болж иргэдийн дунд уушгины архаг үрэвсэлт өвчин нэ­мэгдэж буй су­далгаа гар­чээ. Түүнчлэн энэ салба­рын ажиллагаа­наас иргэ­дийн эрүүл мэн­дээ хамгаа­луулах, газар эзэмших өмчлөх, аж ахуй эрхлэх болон соёлын эр­х ноц­той зөрчигддөг байна. 

Манай улсад хүүхдийн эрх зөр­чиг­дөж байгаагийн тод жишээ нь хур­дан морины унаач бага­чууд юм. Хүний эрхийн үндэс­ний комиссоос энэ асууд­лаар өнгөрсөн оны илтгэлд тодорхой зөвлөмж шаард­лага хүргүүлж бай­сан ч одоо хүртэл хэрэг­жээгүйн илрэл бол оны эхний гурван сарын байд­лаар хоёр хүү­хэд харам­сал­тайгаар амь насаа алдаж, 10 гаруй хүүхэд гэмтсэн  тохиолдол байв. Комис­сын зү­гээс хурдан морь унаач хүүхдийн насыг ес болгож, зөвхөн баяр наадмын үеэр морь унуул­даг байхаар зохи­цуу­лахыг хүссэн юм. Мөн стан­дартын хувцас хэрэг­лэлтэй болгохыг ч шаар­даж байв. Эдгээр заалт ажил хэрэг болохгүй бай­гаад Комиссын дарга Ж.Бямбадорж онцоллоо. Монголын нийгэмд хүүх­дийн эрхийг зөрчиж буй бас нэг асуудал бол тэдний сурч боловсрох эрх. Ялан­гуяа  сүм хийдэд ша­ви­лан суугаа хүүхдүүдийн ерөн­хий боловсрол эзэм­ших явц хангалтгүй бай­гааг илтгэлд дурьджээ. Тиймээс шашны сур­галт­тай дунд сургуулийг орон нутагт бүсчилж бай­гуулах шаардлагыг тавьж байгаа гэнэ. Хөгжлийн бэрх­шээл­тэй хүүхдүүд ч боловс­рол олж чадахгүй байгаа тохиолдол олон бий. Энэ асуудлаар тэд нийслэлийн зургаан сур­гуульд шалгалт хийж, хол­богдох байгууллагуудад шаардлага хүргүүлсний үр дүнд хөгж­лийн бэрхшээл­тэй хүүх­дийг ердийн сур­гуульд хамруулах шийд­вэр гар­гуул­сан байна. Хү­ний эрхийн үндэсний ко­мисс бай­гуулагдан ажил­лас­наас хойш анх удаа Монгол Улс олон улсын хүний эрхийн байгуул­лагын зөвлөмжийг хэрхэн биелүүлдэг судал­гаа мэ­дээл­лийг тусгажээ. Энэ талаар болон бусад асууд­лаар Комиссын дар­га Ж.Бямбадоржоос цөөн асуултад хариулт авсан юм.

 

“ЭРХЭЭ ХАМГААЛУУЛАХААР ХАНДСАН ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДСЭН”

-Манай улсад хүний эрхийн асуудал ямар төв­шинд байна вэ?

-Иргэдийн дунд хүний эрх хамгийн чухал гэдгийг ойлгуулж чадсан. Гэвч Засгийн газар иргэдийнхээ эрхийг хамгаалж чадах­гүй байна. Сүүлийн үед манай бай­гуул­лагад хан­дах иргэ­дийн тоо эрс нэ­мэгд­лээ. Манайд ирж бай­гаа өргө­дөл гомдол өмнөх жилүү­дээс хоёр дахин нэмэгд­сэн. Гуравдугаар сарын байдлаар харахад оны төгс­гөлд гурав дахин нэ­мэг­дэх хандлагатай бай­на. Энэ нь нэг талаар эрх нь зөр­чигд­сөн бол Хүний эрхийн үндэсий комисст хандах гарц бий гэдгийг хэвлэл мэдээллийнхэн суртал­чилсан хэрэг.

-Манай улсад олон улсын хүний эрхийн бай­гууллагын зөвлөмж хэрхэн хэрэгждэг талаарх мэ­дээл­­лийг илтгэлдээ тусга­сан гэлээ. Манайх зөвлөм­жүү­дийг хэрхэн хэрэг­жүүлж байна вэ?

-Нэг жишээ хэлье л дээ. Мэдээллийн эрх чө­лөө­ний талаар Засгийн га­зарт зөвлөмж хүргүүлсэн байдаг. Гэтэл өнгөрсөн хуга­цаанд Монгол Улс юу ч хийгээгүй. Манай улсад өнөөдөр хүний орон байр, хүнсний хэрэгцээний да­раа мэдээллийн салбар зогсч байна. Биднийг ир­гэнийхээ хэрэгцээг ханга гэсэн шаардлага шүү дээ. Орчин үед хүн төрөлхтөн мэдээллээс нэг цаг, минут ч хоцрох боломжгүй, хам­гийн эхний хэрэгцээ бол энэ.

-Комиссын илтгэлд бэлгийн цөөнхийн асууд­лыг онцолсон байсан?

-Монголын нийгэмд байгаа, тэр бүр хүлээн зөвшөөрч чадахгүй асуу­дал бэлгийн цөөнх. Эдгээр хүмүүс ерөнхий нэрээрээ бэлгийн цөөнх гэх боловч энэ нэр нь тэднийг ялга­вар­лан гадуурхах үндэс болж байгаа юм. Тий­мээс бид ЛГБТ гэсэн нэр томъёог хэрэглэж эрхийн асуудлыг хөндсөн юм. Бид нэр томъёоноосоо эхэлж тэдэнд буруу ханддагийн илрэл. Тиймээс ЛГБТ хү­мүү­сийг ялгаварлан га­дуур­хахаас сэргийлэх, эрх эрх чөлөөг нь бодитойгоор эдлүүлэхэд чиглэсэн тө­рийн бодлого, үйл ажил­лагаа зайлшгүй бий болсон.

-Орон нутагт хүний эрхийн асуудал ямар төв­шинд байна вэ?

-Хүний эрхийн үндэс­ний комиссын орон нутагт хүрч ажиллаж байгаа хам­гийн гол хэлбэр нь нээлт­тэй өдрийн арга хэмжээ. Энэ өдрийг Дархан, Сэ­лэнгэ, Орхон аймагт хий­сэн. Одоогоор Хөвсгөл аймагт манайхан ажил­лаж байна. Хоёр жил ту­тамд нэг удаа орон нутагт нээлттэй өдөр зохиож байх зорилго тавьж байгаа.  Орон нутагт хүний эрхийн томоохон зөрчлүүд гарч байсан. Тухайлбал, Сэ­лэн­гэ аймагт хуучин мод­ны, шүдэнзний, гурил тэжээлийн үйлдвэр ажил­ла­даг байсан. Одоо гурил тэжээлийн үйлдвэр нь хувьчлагдаад нөгөө хоёр нь дампуурчихсан. Гэтэл тэдгээр үйлдвэрт ажиллаж байсан 1995 оноос шимт­гэлээ төлсөн иргэд тэтгэв­рээ тогтоолгоё гэтэл тэр үед нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байсан байдаг. 1000 гаруй иргэн ийм энэ хэлбэрээр хохир­чихоод байгаа. Нийгмийн даатгалын байгууллага үүргээ биелүүлээгүй хэр­нээ иргэдийг өөрөө төл гээд хүний эрхийг зөрчиж байгаа санаандгүй зүйл гарч байна шүү дээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг байрлуулах түр байргүйгээс хүчирхийлэлд өртөгсөд хүнд байдалд орж байгаа жишээ олон байна.

 

Хүний эрхийн асуудалд онцгой үүрэг гүйцэтгэгч зарим яамныхны үйл ажиллагаа хангалтгүй байдаг бололтой. Тодруулбал, хүний эрхийн талаарх илтгэлийн биелэлтийг шалгах болохоор Хуульзүйн яам болон Гадаад харилцааны яамныхан сандардаг байна. Тэд комиссын үйл ажиллагааны тайланг гуйдаг гэх. Эх орондоо хүний эрхийг хамгаалагч, гадаадын улс дахь элэг нэгтнүүдээ хамгаалах төрийн байгууллага цаг аргацаасан байдалтай­гаар ажилладаг ажээ.