Б.СОЛОНГО Д.ОЮУНЧИМЭГ

 Монгол Улсын эдийн засаг болон дэлхийн санхүүгийн нөхцөл байдлын талаар СЭЗДС-ийн захирал, эдийн засагч Д.Батжаргалтай ярилцлаа.

-Дэлхий даяар санхүү­гийн хямрал нүүрлэлээ гэж байна. Ер нь хямрал гэд­гийг хэрхэн ойлгох вэ. Бодит амьдрал дээр ямар байдлаар илэрч байгаа бол?

-Олон янзын хямрал бий. Одоо дэлхий даяар нүүр­лээд байгааг нь сан­хүүгийн хямрал гэж нэр­лээд байгаа юм. Өмнө нь үүссэн хямралыг хэт үйлд­вэрлэлийн хямрал гэж нэрлэдэг байсан.

Манайд 1990 онд тохиолдож байсан хямрал бол санхүүгийн хямрал гэхээсээ илүү нийлүүлэлтийн шок байсан. Бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, нийлүүлдэг систем бүхэлдээ нуран унасан шүү дээ. Өөрөөр хэлбэл, Зөвлөлт Холбоот Улсаас  авч байсан хангамж, дотоодын төлөвлөгөөт үйлдвэрлэл, нийлүүлэлтийн бүх систем нураад бид юу ч үгүй болж, картын бараанд шилжсэн. Сүүлийн үед яригдаж эхэлсэн эдийн засгийн хямралыг 1930-аад оны үеийн хямралтай зүйрлэх гээд байгаа юм. Ер нь 8-12 жилийн дотор дэлхий нийтийг хамарсан хямрал болдог гэж үздэг.

-Америк, Европоос гаралтай хямралыг юу гэж үзэх вэ?

-Америк, Баруун Европт үүсээд байгаа хямрал бол санхүүгийн хямрал. Санхүүгийн хямрал гэдэгт банк, хөрөнгийн зах зээл, даатгалын систем зэрэг багтдаг. Тэр бүгдийг зохицуулдаг санхүүгийн хэрэгсэл бий. Мөнгөний эргэлт, гүйлгээ, өр төлбөр барагдуулалт гэх мэт. Үүнд оролцдог гол тоглогч нь хөрөнгө оруулалтын сан, арилжааны банк, даат­галын компани, хөрөн­гийн бирж.  Санхүүгийн зах зээлд оролцож байгаа эдгээр байгууллагууд нэг нэгнийхээ өр, төлбөрийг гүйцээсээр байгаад хөөс үүсгэдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ сүлжээний цаана бэлэн мөнгө байх­гүй. Дандаа компьюте­рийн дансанд бичигдсэн хий мөнгөнүүд. “Хий капитал” гэж нэрлэдэг. Энэ сүлжээ 1990-ээд оноос дэлхий нийтээр тарчихсан. Ямар ч хяналт, дэг журам тогтоож болохоо байсан. Энэ нь явсаар Америкаас эхлээд тэсэрч байна. Бие биеэ цохиж унагаж байна. Америкт томоохон банк, даатгалын компаниуд дам­пуураад эхлэхээр тэд­ний худалдаад авчихсан үйлдвэрлэгч компаниу­дын хувьцаа үнэгүйдэж байна. Тэр компаниас авлагатай нь өрөө нэхэж, өрийг нь төлөөд эхлэхээр үйл ажиллагаагаа явуулж чадахаа болино. Ингээд бие биеэ татаж унагаад байгаа юм. Ийм хямрал дэлхий даяар явагдаад байна.

-Шалтгааныг нь хэрхэн тайлбарлах вэ?

-Хоёр янзаар тайлбарлаж болно. Эхнийх нь дэлхий нийтийн санхүүгийн зах зээлд зохицуулалт алга. Нэг улс зохицуулж хүчрэхээ больсон. Одоо болтол хэлэлцээ шийдэлд хүрч чадахгүй байгаа. Эдийн засгийн алуурчид энэ ажлыг зохион байгуулдаг юм. Жишээлбэл, АНУ-ын нийт хөрөнгийн 90 гаруй хувь нь хүн амынх нь нэг хувьд нь л байдаг. Манайд ч адил. Арван мянга хүрэхгүй өрх манай улсын бүх хөрөнгийн 90 хувийг эзэмшиж байна. Орлогын ялгарлын цаад шалтгаан нь санхүүгийн зах зээл, түүнд оролцож байгаа төрийн оролцоо. Улс төртэй хутгалдаад ирэхээр хачин юм болчихож байгаа юм. Тэгэхээр санхүүгийн хямрал гэдэг нь тогтсон дэг журам байхгүйгээс үүсдэг. Санхүүгийн зах зээлийг удирддаг цөөхөн хүмүүс өөрсдөдөө ашигтайгаар ажиллаж, аалзны тор шиг сорсоор байгаад орлогын ялгааг гаргаж ирдэг. Тэдэнд ямар ч хууль үйлчлэхгүй. Тэдний ааш араншингаар бүх зүйл зохицуулагддаг. Нэг өглөө ууртай босч ирээд зах зээлийг тэр чигт нь сэгсэрчихэж чадна.

-Нөгөө шалтгаан нь юу бол?

-Европт бол шал өөр. Ихэнх улс орнууд нь зүүний чиглэлийг барьдаг. Америкт бол либераль буюу барууны үзэлтэй. “Хүмүүстээ ажил хийх боломж олго, битгий халамжил” гэдэг үзэл. Харин зүүний гэдэг нь “Хүмүүсийг тэгш байлгах хэрэгтэй, нийгмийн халамж сайн байх хэрэгтэй” гэдэг бодлого. Нийгмийн халамж ихдээд эхэлбэл улсын төсөв нь алдагдалтай болдог. Дараагийн улстөрийн хүчин энэ байдлыг нь улам дэвэргэдэг. Тийм тогтолцоо руу Европын орнууд орчихсон. Эхнийх нь Грек, Испани, Итали, Португаль байна.

 

ИХ МӨНГӨТЭЙ ҮЕД НЬ ТӨРИЙНХНИЙ ГАРЫГ ХҮЛЧИХ

 

-Тэгвэл Европын улс орнуудын дампуурч байгаа систем манай улсад ажиглагдаж байна гэж ойлгох уу?

-Улсын төсөв гэдэг эдийн засагт маш хүчтэй нөлөөлдөг. Улсын төсвийг хэн захиран зарцуулдаг вэ гэхээр Засгийн газар. Засгийн газрыг сонгуульд ялсан нам нь удирддаг. Ялсан нам нь яаж санал авах вэ гэхээр “Би чамайг сайн халамжилна” гэж амладаг. Ялсан аль ч нам улсын төсвийг хамаагүй зарна. Сая сонгуулийн өмнө юу болоод өнгөрөв. Та нар бүгд харсан биз дээ. Дарханд юу болоод өнгө­рөв. Яахаараа долдугаар сарын 1-нээс хойш бүх мөнгөө зогсоочихов. Чадавхи байхгүй, өгөх мөнгөгүй байхгүй юу. Аргаа бараад Хөгжлийн банкныхаа хөрөнгө оруулалтын мөнгийг нь аваад идчихлээ шүү дээ. Түүнээс болж дарга нь хүртэл ажлаа өгчихлөө. Хөгжлийн банкны хэрэгт Засгийн газар нь оролцоод байгаа учир тийм явдал болж байгаа юм. Уг нь Хөгжлийн банк Засгийн газрын оролцоогүй байх ёстой. Улсын төсөв гэдэг эдийн засгийг үнэхээр доргиодог. Ялангуяа Хөгжлийн санг төрөөс хол байлгах хэрэгтэй. “Их мөнгөтэй үед нь төрийнхний гарыг хүлчих” гээд эдийн засагчид хэлээд байна шүү дээ. Ямар ч Засгийн тэргүүн байгаа мөнгөө ашиглаад дараагийн сонгуульд ялахыг боддог. Энэ бол байгалийн хуультай адилхан зүйл. Ийм онол ч байдаг. Манайд яг л ийм байдал ажиглагдаж байна. Цаг хугацаандаа хийгдэх ёстой хөрөнгө оруулалтууд бүгд байхгүй. Баахан сонгон шалгаруулалт зарлачихсан. Нөгөө компаниуд нь арилжааны банкнаас зээл гуйгаад яваад байдаг. Арилжааны банкууд нь өгөхгүй гээд суучихсан. Тэгэхээр үүний цаана юу болж байгаа вэ.

-Юу болж байгаа гэж?

-Барилгын ажлууд хурдаа аваад байна. Тэд ямар хөрөнгөөр хийгээд байна. Миний бодлоор Хятад, Солонгосоос хөрөнгө орж ирж байгаа. Монголын зах зээл өөрийгөө хянаж чадахаа байчихсан үед гаднаас зээлийн эх үүсвэрүүд ож ирнэ гэдэг үүнийг дагасан маш олон салбарт богино хугацаанд тэсрэлт болчих вий. Найм, есдүгээр сард энэ тэсрэлт болж магадгүй.

-Тэсрэлт гэдэг нь ямар байдлаар илрэх бол?

-Хөрөнгө оруулалтууд ихэвчлэн зам, барилгын салбарт хийгдэж байна. Богино хугацаанд барилгын материалын эрэлтийг ихэсгэнэ. Тэр нь төмөр зам, хил, гааль дээр түгжрэл үүсгэнэ. Тэгэхээр барилгын материалыг оруулж ирэхийн тулд урдаас орж ирдэг өргөн хэрэглээний барааг хаа­чихна. Ингээд зохиомол хомсдол үүсгэчих юм бол аяндаа хямрал болох гээд байгаа юм. Хямрал гэдэг хомсдол, нийлүүлэлтийн шокоос үүсдэг. Цунами, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгийн дараа, эсвэл Монгол шиг ЗХУ-ын нийлүүлэлт алга болсны дараа үүссэн хомсдолын хямрал гэж байна. Эсвэл хэт үйлдвэрлэлтийн хямрал ч гэж байдаг. Одоо манайд богино хугацааны тогтворгүй байдал бий болох гээд байна. Үүнээс болж хохирч үлдэх нь дийлэнх олонхи. Өөрөөр хэлбэл, аль нэг газар хөлсөөр ажилладаг эсвэл ажилгүй, орлогогүй хүмүүс. Ийм байдал гаргахгүйн тулд төр ажиллах ёстой.

-Сонгуулийн жилд инфляц өсдөг нь хэвийн зүйл гэсэн яриа бий. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тэр бол худлаа. Сон­гуулийн өмнө инфляцийг хүчээр барьсаар байгаад магадгүй дараа нь сад тавьдаг байх. Бэлэн мөнгөний тараалт хэчнээн их байлаа. Эргээд хөрөнгө оруулалт руу оруулах гээд байна. Замын асуудал байна. Санхүүжилтээс болоод удаад байгаа нь тодорхой байгаа биз дээ. Хөрөнгийн эх үүсвэр гэдэг нь төсөв. Төсвийг зүйл бүрээр нь төлөвлөх ёстой. Гэтэл улс тэгж зохицуулахгүй байгаа нь сонгуультай холбоотой.

-Манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж байна. Тэгэхээр улсын төсвөө хэрхэн хөл дээр нь босгох вэ?

-Хятад дотоод үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гээд хөрөнгө оруулалтаа хумьж байна. Манайхаас авдаг нүүрс, зэсийн хэрэглээ багасна гэсэн үг. Манай улсын эдийн засаг гарцаагүй хүнд байдалд орно. Бүр арга ядвал зээл авна. Хөрөнгийн зах зээлээр дамжуулаад бондоо зарж болно. Бүр төсвийн хүндрэл үүсэх гээд байвал ОУВС-гаас зээл хүсч болно. Дараа жилийн төсвийг л зөв зохиох хэрэгтэй шүү дээ. Ажил хийж байгаа хүн орлогын татвар, ашиг олж байгаа нь ашгийн татвар төлж байна. Түүнийгээ идэвхжүүлэх хэрэгтэй. Дотооддоо байлгах хэрэгтэй. Хөрөнгийн сан байгуулахаар дундаа очоод л гацдаг тогтолцоог ил тод болгох хэрэгтэй. Манайх шиг цөөхөн хүнтэй улс оронд уг нь хялбархан ажил. Үүнийг хийж чадах­гүйдээ биш дургүйдээ хийхгүй байгаа гэж бодож байна. Тэгэхээр эдийн засгийн тогтворгүй байдал олон хүчин зүйлсээс хамаардаг. Манайд их хүчтэй нөлөөлдөг зүйл бол хүлээлт. “Одоо юмны үнэ нэмэгдэнэ. Бараагаа цуглуулах хэрэгтэй” гэх мэт. Ийм хүлээлт маш хүчтэй болж байна. Энэ нөлөөлөл юмны үнийг өсгөхөд чухал нөлөө үзүүлдэг. Нөгөөдөх нь цөөн тооны үйлдвэрлэгч, эсвэл цөөн тооны хэрэглэгч янз бүрийн бодлого явуулдаг. Гурав дахь нь садаа мундахгүй гэдэг шиг гацаа байгаа юм. Бодитой гацаа хаа сайгүй байна. Төрийн нэг байгууллага дургүй нь хүрвэл ажил гацааж чадна. Энэ бүх гацаанууд мөнгөний үнэ цэнийг унагадаг. Орчин үед бүх эдийн засаг улс төртэйгөө хэт холилдчихсон. Цэвэр эдийн засагчид гэж тайлбарлаж чадахгүй. Учрыг  нь олоход хэцүү болчихсон. Өндөг цагаан, шараараа ялгардаг шиг гадуур нь тунгалаг улс төртэй, дотуур нь эдийн засаг нь тогтвортой орших ёстой юм. Гэтэл одоо хут­гачихсан юм шиг холь­чихсон. Гэхдээ ганцхан манайд ийм байгаа юм биш л дээ. Дэлхийн даяарчлагдсан байдал, хурцаас бас шалтгаалж байгаа юм.

-Долдугаар сарын статистикийн мэдээгээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн байна. Гэтэл иргэдийн гар дээр хомсдол үүсчихсэн юм шиг харагдаад байгаа шүү дээ. Хадгаламж нэмэгдсэн гэсэн тайлбар, мөнгөний урсгал гадагшилж байгаа гэсэн мэдээлэл ч байна?

-Мөнгөний ний­лүүлэлт нэмэгдсэн гэдэг нь яах аргагүй үнэн. Хувьцааг мөнгө болгоод, нэг саяыг бэлнээр өгөөд байсан. Асар их хөрөнгө оруулалтыг хойш нь тавьж байгаад хүмүүсийн гар дээр бэлэн мөнгө тавьчихсан байхгүй юу. Хүний гар дээр очсон мөн­гө инфляцийг хөөр­гөддөг. Долоо хоногийн дотор хөөргөдөж болно. Хүмүүс мөнгөөрөө нэг л удаа юм авна. Үйлдвэрлэгчийн гар дээр очсон мөнгө хадгаламж болж хувираад байгаа юм. Хадгаламж үүсээд байна гэдэг зээлийн эх үүсвэр нэмэгдэж байгаа сайн талтай л даа. Гэхдээ манай арилжааны банкууд урт хугацааны хөрөнгө оруулалтын зээлийг өгч чадахгүй. Эргэлтийн хөрөнгө нөхөх зээлийг л өгч байгаа. Ер нь  эдийн засгийг урьдчилан таа­маглаж чадахаа больсон. Уг нь гурван жилээр таамаг гаргадаг байлаа. Ерөнхий балансын талаар ярьж болно уу гэхээс нарийн ярихад хэцүү. Ерөнхий инфляц нэг их өсөхгүй, бас буурахгүй болов уу гэж харж байна. Ургац хураалтын үе эхэлсэн үед өргөн хэрэглээ, хүнсний үнэ нэг их өсөхгүй байх. Харин барилгын материалын үнэ өсчих вий. Хамгийн гол нь шинэ Засгийн газар төсвөө зөв зохиох хэрэгтэй.

-Уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт гэдэг хоёр зүйлийн тунг нь хэрхэн тааруулах ёстой юм бол?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байж уул уурхайг хөгжүүлнэ. Гэхдээ бид маш болгоомж­той хандах хэрэгтэйг ухаар­сан. 2000 оноос лицензийг баруун, сол­гойгүй тараасан. Тэр үеийн эрх бүхий байгууллагын өгчихсөн лицензийг хураана гэдэг бүтэшгүй. Тиймээс га­даадын хөрөнгө оруулалтаар уул уурхайг ашиглахдаа концепцийг нь иж бүрнээр шинэчлэх хэрэгтэй. Гаднын зөвлөхүүдийн хэлдгээр олон улсын байгууллагыг оролцуулах санаа надад их таалагдсан. Засгийн газар дангаараа хийвэл сайд нар нь, дарга нартайгаа нийлж байгаад луйвардана. Түүний төлөө хэдэн тэрбумаар нь хаяж байгаад гарч ирсэн хүмүүс. Гаднын хөрөнгө оруулалтаар уул уурхайг хөгжүүлж, хөрөнгийн эх үүсвэр гаргаад, тэр эх үүсвэрээр монголчууд бүгд үйлдвэрлэгч болох хэрэгтэй.

 

ХЯЗГААРГҮЙ ИХ БОЛОМЖ МАЛ АЖ АХУЙ, ЦЭЦЭГ НОГООНД БАЙНА

 

-Бүгд үйлдвэрлэгч бо­лохын тулд уул уурхайгаас өөр ямар салбарыг ашиглах боломж байна?

-Газрыг ухах хэрэггүй. Түүн дээр ургаж байгаа зүсэн зүйлийн цэцэг ногоо, ан амьтныг хамгаал л даа. Тэндээс ямар нан­дин бүтээгдэхүүн гарахыг хэн ч мэдэхгүй. Гад­нынхан бүр ч мэдэхгүй. Тэр тухай шинжлэх ухаан ч байхгүй болчихсон. Малын түүхий эдийг ашиглах, үүлдрийг нь сайжруулж болж байна. Хязгааргүй их боломж зүгээр л мал аж ахуй, ой, цэцэг ногоонд байна. Сав шимийн ертөнц хоорондоо бүгд хамааралтай. Түүнийг судалж, түүнд хөрөнгөө зарцуулбал бидний мөнхийн хоол болох учиртай юм. Манайхаас гарсан бүтээгдэхүүн бол Хятадынх шиг хямд хэрнээ олон байхгүй. Их өртөг шингэсэн, үнэтэй, цөөн, чанартай бүтээгдэхүүн хийх ёстой. Үүний тулд эдийн засгийн бүтцийг тэр чигт нь өөрчлөх хэрэгтэй. Манайд багахан хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, уул уурхай байна. Хэрэв уул уурхай нь голлоод байвал сөнөнө. Мал аж ахуй нь хөгжсөн зүйлгүй. Тэр салбар луу хөрөнгийн эх үүсвэрийг уул уурхайгаас гаргаж болно. Гэхдээ арилжааны банкаар биш Хөгжлийн банкаараа дамжуулах ёстой. Хөгжлийн банкийг том төсөлд биш жижиг дунд үйлдвэрийг дэмжих том банк болгох ёстой. Төрийн оролцоо хэрэггүй ээ. Сумын дарга нь ха­маатан, ах дүүдээ өгчихнө. Уул уурхайд орон нутгийн иргэдийг оролцуулах хэрэгтэй. Засаг даргын зөвшөөрөл хэрэггүй. Зөвхөн тэр нутгийн ард иргэдийн зөвшөөрлийг авдаг байх ёстой.

-Тархай бутархай суурьшсан нүүдэлчин соёлыг бодлогын төвшинд нэгтгэхэд хэцүү шүү дээ?

-Ямар соёл иргэншил вэ гэдгийг хараарай. Япон, Хятад бол тархай бутархайг төсөөлөхгүй. Харин бидний давуу тал бол тэд нарын мөрөөдөөд, зүүдлээд, шинжлэх ухаан нь судлаад ч гаргаж ирж чадахгүй байгаа унаган байгаль. Тэгэхээр тархай бутархай байх нь бидний маш том давуу тал байна. Гол нь зам тавих хэрэгтэй. Оюуны багтаамжтай, сайн мэдлэгтэй судлаа­чаар удирдуулсан, нарийн тоног төхөө­рөмжөөр бүтээгдэхүүнээ судалж, гаргах хэрэгтэй. Зүгээр явж байгаа шавьж хорхойг хүртэл хөгжүүлээд юм хийж болно шүү дээ.

-Эдийн засаг, хөгжлийн яамны талаар та юу бодож байна?

-Миний ойлгож бай­гаагаар их бүтээн байгуулалт, аж үйлдвэр­жүүлэлтийг бодлогын хувьд зангидах болов уу гэж бодож байна. Энэ утгаараа зөв. Өөрөөр хэлбэл, бүх яамдын чиг үүргийг тодорхойлдог байх болов уу. Уг нь байгаль орчин, ногоон эдийн зас­гийг энэ яамтайгаа ний­лүүлчихмээр санагдаад байгаа юм. Тэгвэл зөв болно. Эдийн засаг тусдаа, нөгөө талд нь монгол хүн Монголоороо үлдэх асуу­дал. Энэ хоёр салчихвал утгагүй болно. Энэ хоёр нэгдвэл Монголыг хадгалаад эдийн засгийн зөв бүтэц бий болно.

Нүүрсээ ашиглаад, төм­­рийн хүдэр, зэсээ бо­ловсруулаад бүтээг­дэхүүн гаргах нь зөв. Сайн­шандын аж үйлдвэрийн цогцолборыг маш хурдан хийчих хэрэгтэй. Гэхдээ ингээд л болно. Дахиад ийм үйлдвэр битгий яриасай. Хүнсээ бид хийж чадаж байна. Цаашид дэлхийн баячуудад зориулж жинхэнэ хүнс хийдэг болоосой. Ноос ноолуур байна. Монгол хонины ноос өөр хаана ч байхгүй амьд. Халуун, дулаанаар өөрчлөгдөж байдаг. Бусад орнуудад хийж байгаа зүйлс тухайн үедээ болоод, яваандаа биед хортой болох нь илэрч байна. Яагаад гэвэл тэдэнд түүхий эд нь байхгүй. Ийм салбар луу манайх хөгжиж болмоор санагдаад байх юм. Арьс ширний үйлдвэрлэл байна. Мах бол гайхамшигтай. Зэрлэг амьтдаа хамгаалах хэрэгтэй. Яагаад өнөөг хүртэл уламжлалт мал аж ахуй унаган байдлаараа хадгалагдаж ирсэн бэ гэхээр маш нарийн шүтэлцээтэй. Тэгэхээр өөр соёл иргэншил түрж орж ирж байгаа энэ үед эдийн засгийн бүтцээрээ сав шимийн шүтэлцээгээ хамгаалах хэрэгтэй. Юун газар доорх баялаг вэ, түүнээс илүү үнэтэй зүйл бидэнд байна. Дэлхийн хүн амын тоо нэмэгдээд л байна. Тэд урт хугацаанд наслахын тулд байгалийн, уламжлалт хүнс хэрэглэхийг хүснэ. Бид ийм салбар луу хөрөнгөө хаях хэрэгтэй. Үүнийг л эдийн засгийн зөв бүтэц гэнэ.  Уул уурхай, түүнийг дагасан аж үйлдвэр гээд хошуурчих юм бол Монголын ирээдүй байхгүй болно.