Д.БОЛД

Энэ түүх уг нь ингэж эхэлсэн юм билээ. Их ч эрт эхэлсэн байна.

С.Баяр анхнаасаа Оюу­толгойн гэрээг батлах зорил­гоор л намын дарга улмаар Ерөнхий сайд бол­сон байв. Болсон ч гэж бол­госон байв. “Мавр хийд­гээ хийлээ, мавр явж болно”. Тиймээс эрүүл мэндийн шалтгаанаар аж­лаа Сү.Батболдод өгөөд бул­тав. Гэхдээ МАН дахь Н.Багабандийн бүлэглэл хам­гийн хүчирхэг санхүү­гийн бүлэглэл болсон. Өнөө­гийн Оюутолгой ком­­панийн ТУЗ-ийн дар­га Галсангийн Батсүх гэж Ховдын Үенчийн нө­хөр бий. Тэр “цаад талаасаа то­милогдсон манай хүн” л дээ. Тэрээр Одессийн баг­ийн сургуулийн англи хэл­­ний ангид сурч байхдаа тус хот дахь Монгол оюут­ны зөвлөлийн нарийн бич­гийн дарга байжээ. Дарга нь Одессийн Хүнсний технологийн сургуулийн ахмад оюутан Н.Бага­банди. Шилжилтийн хүнд бэрх жилүүдэд Г.Батсүх дипломатын ажлаа хаяад Халимаг Басантай хамт барилгын бизнес хийхээр АНУ-ын Нью-Жерсид суурьшжээ. Яваандаа мань хүн Басангаа хул­хидаж компанийг нь өөрийн болгож аваад бай­жээ. Басан уурлаад ком­паниа хаяад явж. Бизнес нь ч уруудаж эхэлжээ.

Яг тэр үед Монгол Улс гэнэтхэн Канадад ЭСЯ нээх болоход ядарч явсан Г.Батсүх тэндээсээ Элчин сайдаар томилогдож од нь гийжээ. Г.Батсүх элчин болоод “Айвенхоу Майнз”-ын Оюутолгойн төслийг урагшлуулахад их ч тус нэмэр болсон доо. Мон­голд Ашигт малтма­лын хууль өөрчлөх боло­хоор л Канадын парламент үймж бужигнаад бүлэг бүлгээ­рээ Монголд десант буул­гадаг нь мэдээлэл сайтай байсных. Ямар боловч ашигт малтмалын хууль ч канадуудад таатай гарч, гэрээ ч байгуулагдах янз­тай болоод ирж. Тэг­мэгц Н.Багабанди Г.Бат­сүхий­гээ татаж Бээжинд элчингээр томилжээ. Энэ удаад Оюутолгой төслийн дараахь борлуулалтын асуудлыг шийдвэрлэхэд тэр хэрэгтэй байлаа.

Харин энэ зуур монголчууд Н.Энхбаяр л Р.Фрийдландтай сүжрээд байна гэж хардаж байлаа. Учир нь Н.Энхбаяр Оро­сын их өрийг тэглэхийн тулд шийдэмгий хөдлөж Р.Фрийдландаас Ц.Мөнх-Оргилоор дамжуулан 250 сая ам.доллар нэг жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй зээлж авсан байв.

Уг нь гэрээг 2008 оны сонгуулиас өмнө, С.Баяр М.Энхболдоос намын даргыг авмагцаа Ерөнхий сайд болоод батлачихаар байсан авч яг тэр үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр тэс хөндлөн зөрөөд хэвтчихжээ. “51 хувийг Монголд өг. Ийм нөхцөлд л гэрээ байгуул­на” гэжээ. Хэрэв Н.Энх­баяр Р.Фрийдландын барь­­цаанд орсон бол ингэж хэлж чадахгүй байсан. Гэрээ байгуулах хугацаа хойшлов.

Н.Энхбаярыг байхад гэрээ явахгүй нь тодорхой болмогц Н.Багабандийн бүлэг Н.Энхбаярыг Ерөн­хийлөгчийн сонгуульд дэв­шүү­лээд унагажээ. Н.Энхбаярын унасан шалт­гааныг мэддэггүй хүмүүс  Н.Энхбаяр л С.Баярыг ажилласангүй гэж хий хардаж байна гэж боддог юм билээ. Үнэндээ бол ажиллаагүйгээр ба­рахгүй унагах ажлыг сайтар төлөвлөсөн байв.      

Долдугаар сарын 1-ны хэрэг явдлын дараа С.Баяр нөхцөл байдлыг тооцож үзээд АН-тай хамтарсан Засгийн газар байгуу­ла­хаар шийджээ. Ингэхдээ Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайдаар томилсон нь алсын зорилготой байжээ. Хэрэв Н.Энхбаяр намын удирдлагыг аваад байсан бүлэглэлтэй мөчөөрхөн тэмцвэл түүнийг зуудаг нохой болгон ашиглах ёстой байжээ. Ц.Мөнх-Оргил долдугаар сарын 1-ний хэрэг явдлын золио болоод дуусав. Уг нь Хар­вардад төгссөн, ком­му­нис­­тууд дундаа боловс­ролтой гэгддэг ч Ц.Ням­доржийн нөлөөнөөс гарч чадахгүй явсаар карьертаа цэг тавьжээ. Нөгөө талаас Ц.Нямдоржийг давж Н.Энх­баяртай сүжрээд байна гэж хардагдаад байв.

С.Баярын АН-тай хамтрах гол шалтгаан нь Оюутолгойн гэрээг батлахад ямарваа саадгүй болоход байв. Тэр үеийн МАХН яагаад 45 суудал­тай атлаа ийм шийд­вэ­рийг дэмжив гэдгийг хэн ч тооцож үзээгүй, үнэндээ бол Н.Багабандийн бүлэг­лэл гол ажлыг нугалжээ. М.Энхболдын хотын бүл­гийг гарцаагүй барьцаанд оруулаад байв. Н.Энхбаяр ба М.Энхболдын хоорон­дын холбоог тасласнаар С.Баяр намдаа хязгааргүй эрх мэдэл эдлэх болов, ингэхийн тулд М.Энхбол­дыг Шадар сайдаар урхи­дахад л болох байв. Н.Энх­баярт болохоор М.Энхболд түүнтэй арцалдаж байна гэсэн ойлголтыг хэлээр болон хэвлэлээр дамжуу­лан сайтар суулгаж өгсөн тэр цагаас М.Энхболд, Н.Энхбаяр хоёр хоёул намдаа адлагдаж эхэлсэн билээ.

Дараа нь М.Энхбол­дыг хотын бүлэглэлээс нь салгах давхар санаа бай­сан юм. С.Баяр Ерөнхий сайд болмогцоо Шадар сайдын буурь хотын дар­гын суудлаас Ц.Батбая­рыг унагахаар зүтгэв. Оронд нь Н.Энхбаярыг дөнгөж намын дарга болс­ны дараа нарийн бичгийн дарга болоод жилийн дараа Бээжинд “цөлөгд­сөн” гэгддэг Дарханы Л.Амарсанааг зүтгүүлж үзсэн ч бүтээгүй, гэхдээ л алсдаа өөрийн бүлэглэ­лийн Г.Мөнхбаяр хэмээх инженер залууг хотын дарга болгож дөнгөсөн. Гэхдээ үүний өмнө Т.Билэгтийг хавчуулахаа мартаагүй юм. Алсдаа М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Н.Энхбаяр нарыг нэг хэрэгт холбон түлхэхэд амархан явчих учраас тэр. 

С.Баярыг ямар ч баггүй, ёстой л бор зүрх, нэр хүндээрээ явж байна гэсэн ойлголтыг олон ний­тэд тун чадамгүй төрүүлж байсан юм. Н.Багабан­дийн бүлэглэл устсан, тийм юм байхгүй гэсэн ойлголт нийгэмд байсан авч үнэндээ бодит байдалд шал ондоо байлаа. Ийм нөхцөлд хэрэв С.Баяр дангаараа Засгийн газар байгуулсан бол намын дотоод тэмцэлд тамирдаж, АН-ын шахаанд ороод балрах байсан юм. Тэр ч байтугай Л.Амарса­наа­гийн үед Бээжинд консул байсан Ч.Амарболд генерал долдугаар сарын 1-ны хэрэг явдалд бүсэл­хийгээ тултал шигдээд байсан. Бүгд тэднийг эсэр­гүүцээд эхэлбэл балрах байв. Өөрөөр хэлбэл дол­дугаар сарын 1-ны хэрэг явдал бол Оюутолгойн гэ­рээг батлах эрх олж ава­хын тулд хийсэн яахаас ч буцахгүй хүмүүсийн үйл­дэл байв. Яахаас ч буцахгүйн бас нэг баталгаа нь С.Баяр намаа сонгуульд ялуулахын тулд 1,5 сая төгрөгийг иргэн бүрт өгөх амлалт байлаа.

Н.Энхбаярыг Ерөн­хий­лөгчийн сонгуульд уна­га­сныхаа дараа Ц.Элбэгдор­жийн тойрогт нөхөн сонгуульд нэр дэвшүүлээгүй нь хэрэв Н.Энхбаяр парламентад ороод ирвэл намынхаа гишүүдийг зохион байгуулаад Оюутолгойн гэрээг унагачихаж чадахад байв. Тиймээс Н.Энх­баярын оронд мөн л С.Баяртай ойр Д.Зоригтыг нэр дэвшүүлж парла­мен­тад оруулаад Оюутолгойн гэрээг байгуулах гол этгээдээр томилсон билээ.

Ийнхүү бэлтгэл хангагдаж, Оюутолгойн гэрээ ч батлагдсан агаад хожим барьцаанд орохгүйн тулд АН-ын С.Баярцогт, Л.Гансүх нарыг ч “кукла” болгов. С.Баярцогт гэрээг байгуулсныхаа төлөө 250 саяын гурван хувийн хүүг насан туршдаа авах, бас дээр нь Оюутолгой төс­лийн ажилчдын хүнсийг нийлүүлэх гэрээг авах болжээ. Уг нь гэрээг бай­гуулагдахаас өмнө энэ 250 сая долларын урьдчилгаа ямар ч хүүгүй байсан юм. Гэрээний явцад хүүтэй болсон ба Монголын Зас­гийн газар энэ мөнгийг төлж дуустал хүү бодог­доно. Хамгийн хүнд асуудал бол усны асуудал байсан агаад түүнийг ший­дүүлэхийн тулд Бай­галь орчны сайдын 22 тоот тушаал гаргаж, түүндээ үндэслэж говийн гүний усыг үнэ төлбөргүй ашиглуулахаар гэрээнд тусгаж тус болжээ.

Усны судалгааг Мон­гол эрдэмтэд хийсэн, тэд говийн усыг ашиглаж болохгүй, цөлжих аюул­ай гэж тооцжээ. Тэднийг Амери­кийн усны шин­жээ­чээр сольсон ба монголчуудын аз ч юм уу нөгөөх нь мэргэжилдээ үнэнч хүн таарчээ. Тэрээр “Говийн гүний ус бол говийг цөл болголгүй тогтоож байгаа тун чухал хүчин зүйл юм байна. Гүний ус газрын гадаргууг халаасан нарны үйлч­лэ­лээр хөрсөнд нэвшсэнээр говь цөлжилгүй тэсч байна. Хэрэв гүний усыг ховх сорвол танай говь  цөл болно” гэж хэлжээ. Мэдээж усны мэр­гэжилтэн нэртэй мөн­гөний донтон олон  бо­лохоор америк мэргэжил­тэнг дор нь сольж өөр нөхрөөр ус ашиглаж болно гэсэн дүгнэлт гаргуулж, манай БОЯ баталгаа­жуулжээ.

Оюутолгойн төслийн шударга бус байдлыг Н.Алтанхуягийн Засгийн газар сөхөж тавьсны дараа АНУ-ын Засгийн газраас Дэлхийн банкинд хандаж байгаль орчны үнэлгээ буруу хийсэн гэсэн шалт­гаанаар 900 сая долларын санхүүжилт хийхийг зөв­шөөрөхгүйгээ мэдэгдлээ.

Яг энэ асуудлын мөрөөр орсон сэтгүүлч А.Баатархуяг, одоо УИХ-ын гишүүн Г.Уянга нарыг шүүхэд өгөх шаардлагыг С.Баяр өөрөө биечлэн Л.Гансүхэд өгсөн байна. Үүний дараа ч АНАТХ-г байгуулан Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байсан Г.Уянгаагийн амь насанд халдах оролдлогыг зохион байгуулалтай хийсэн байж болзошгүй байдаг. Тэгэхэд ХЗДХ-ийн сайд нь Ц.Нямдорж, ТЕГ-ын дарга С.Баярын найз Р.Болд байсан. Хэргийг баллах ажлыг цагдаагийн хэвлэлийн албаны Сайнжаргал гар­дан хийсэн, тэр бас долдугаар сарын 1-ны хэрэг явдлын үеэр ийм халхавчийн үүрэг гүйцэтгэсэн билээ. Хэрэв гэрийг нь том жийпээр дайрсан өглөө нь цагдаа­гийнхан болон телеви­зийнхний хийсэн бичлэ­гийг үзвэл ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр “нөгөө солиот” нь “Уянга манай Отгонбилэ­гийг алсан, би одоо Уянгыг ална” гэж шүдээ хавирч байгааг харж болно.

Ш.Отгонбилэгийн “Зуу­ны луйвар” нэвтрүүл­гийг Г.Уянга хийсэн гэж андуурдаг ч үнэндээ тэр нэвтрүүлгийг одоо АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь хийсэн ба нэвтрүүлэг гарсны дараахан нөхөр нь машиндаа угаартан нас барж, харин Ц.Оюундарь хүүхдээ аваад АНУ-д дүр­вэн гараад эргэж ирээгүй байв. Хүний аминд хүрэх шахсан, гэрт өлсгөлөн зарлаж байсан олон хү­нийг мөргөж дайрч гэм­тээсэн тэр этгээд “мэдрэл муутай” нэрээр ялгүй мултарсан, одоо бидний дунд дараагийн золиосоо хайгаад алхаж байгаа биз.

Харин Эрдэс баялгийн сайд Д.Зоригт ямар хувь хүртсэн нь тодорхойгүй авч нийт хөрөнгийн хэм­жээ нь 2,7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Гэрээ бай­гуулсан сайд нар гэрээнд гарын үсэг зураад тэсэлгүй хамтдаа Сөүлийг зорьсон нь сэтгүүлчдийн хараа­наас мултраагүй юм шүү.

Ийнхүү Оюутолгойн гэрээ байгуулагдмагц гэрээг хянах бялуу хуваах ажил эхэлжээ. Бялууг ер­дөө л Н.Багабанди Ц.Элбэг­дорж нар хуваа­жээ. ТУЗ-ын даргаар “Рио Тинто”-гийн саналаар монгол хүн томилогдсон нь Г.Батсүх юм. Өнөөдөр Г.Батсүхийнх гэр бүлээрээ Бээжинд тансаг харшид суудаг агаад Оюутолгойн Бээжин дахь худалдааны төлөөлөгчийн газар бол энэ гэр бүл юм. Тэгээд Н.Багабанди, мөн С.Баярын хуучин баз “Инээмсэглэл” хамт­ла­гийн Ч.Ганболд. Ц.Элбэгдоржийн талаас П.Цагаан. Бусад тав нь англо-саксууд. Тус бүр сар бүр 40 мянган доллар аваад л сууцгааж байгаа ба УИХ гэрээний асууд­лаар тодруулга авахаар дуудахад хүртэл ирдэггүй тийм л дархлагдсан эрхтэнгүүд.

Ийнхүү гэрээ ч бай­гуулагдаж, С.Баяр гэрээг байгуулах үүргээ гүйцэтгээд ажлаа өгөөд зугтжээ. Тэр ч байтугай 2012 оны сонгуульд ч нэр дэвшсэнгүй. Гэхдээ сонирхолтой нь С.Баяр Сү.Батболдыгоо намы­хан­даа биш АН-ын Баабарт ихэд санаа тавин захиж үлдээжээ. С.Баяр Ерөнхий сайд байхдаа орой “Их тэнгэрт” байх гэртээ харих замдаа Баабарынд ороод шөнийн 2 хүртэл ярьж суугаад гардаг байж. Баабар Оюу­толгой төслийг батлуулах пиарыг хариуцаж байсан ба хожим С.Баярын “нууц зөвлөх” болсон юм. Дараа нь Баабар Сү.Батболдын зөвлөх болжээ. “Сү” нь Баабарын агууг мэдэхгүй тул жаахан дургүйг ньхүргэсэн байгаа юм. Баабар маргааш нь “Өдрийн сонин”-д хэв­лүүлэх нийтлэлээ Сү.Бат­болдод илгээдэг. Өнөөх нь “Би Баабарын нийт­лэлийг засаж байна” хэмээн сайрхаж, түүнийг туслах нь дэвэн дэлхийгээр тарааж гай болсон шүү. Одоо очиж очиж Сү Баабарын нийтлэлийг засдаг болж байна уу. 

 

МАН БА МАХН

 

2012 оны сонгууль дөхөж байлаа. МАН-ын судалгаанууд нэг л муу ёрлоод эхэлжээ. Судлаа­чид нь “Тэрэлжийн тун­хаг” гэгчийг “согтуугийн логик”-оор гаргасныхаа горыг амсах нь гэж үглэнэ. Үнэндээ нэрээ сольсондоо ч биш, МАН-ын нэр хүнд өөрөө тун базаахгүй болоод байсан хэрэг. Нэр сольсноос намын нэр хүнд унасан гэдэг шалтаг боло­хоос шалтгаан биш байсан. С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулсныхаа дараа байдал нааштай эргэх болов уу гэж тооцсон нь буруу байжээ.

Тэр Сү.Батболдыг зал­гамж­лагчаараа томилоход ямар нэгэн асуудал гар­сангүй. Учир нь гол сөрөг хүчинтэйгээ хамтар­чих­сан учраас. Нэгэн цагт Борис Ельцин В.Путиныг ингэж гаргаж ирсэн, В.Пу­тин ч өвчинд баригд­сан өвгөний орыг сайн залгасан атал Сү.Бат­болд тийм байж чадсангүй. С.Баярын “Орос дамар” намынх нь тархийг цоо бууджээ. Харизм муутай Сү.Батболд Засгийн газартайгаа зууралдаад намаа хөсөр орхисон ба эрх мэдлийг гартаа авсан У.Хүрэлсүх дураараа дур­гиж эхэлжээ. Н.Хүрэлсүх Н.Энхбаяртай мөчөөрхөн тэмцсэн учраас л намдаа нөлөөгөө тэлсэн байв.

Намын удирдагчаар намдаа удсан нэр хүндтэй нөлөөтэй хүн томилогдох ёстой гэсэн шалгуураар үзвэл У.Хүрэлсүх нь Н.Энхбаярын үед бие даагчдын эвслээр шантаажлан орж ирсэн Сү.Батболдын дэргэд толгой илүү байжээ. Энд бас нэг шалгуур анзаа­рагддаг юм. Хэн Н.Энх­баярыг дэвсэлж нулимна тэр илүү гэдэг. Ингээд Н.Энхбаярыг нулимах ажил­лагаа намд бараг коммунист уралдаан маяг­тай болтлоо хавтгайрав.

Сонгуулийн гол хөзөр нь “мөнгөнд найдах” болж үлдэв. Сонгуульд ялахад гурван хүчин зүйл хэрэгтэй энэ бол “Мөнгө, мөнгө бас дахин мөнгө” гэсэн тактикаар явах болжээ. Ингэхийн тулд Ерөнхий сайд, намын дарга Сү.Батболд нэлээд зоримог шийдвэр гаргаж Оюутолгойд хүч үзээд аз дутсан “Чалко”-гоос мөнгө босгох нууц хэлцэл явж байлаа. Тавантолгойн тендерийг будлиулан зогсоогоод “Чалко”-той нууц хэлэлцээр хийж яг “Оюу толгойн” гэрээний зарчмаар өгөх болжээ. Хамгийн гол нь 250 сая ам.долларын урьдчилгаа авах. Үүнтэй зэрэгцээд “Эрдэнэс таван толгойн” хувь заяа тодорхой болж байсан тул золионд хаях болов. Б.Энэбишийг дарамталж байгаад олон тэрбумын дугуй шахжээ. “Эрдэнэс таван толгой”-гоор дамжуулж мөнгө босгох л сонин байснаас ирээдүй нь огт падлийгүй байсан юм. Гэвч энэ гэрээний “лоосуу” сонгуулийн дараахан ил болсон юм. Монгол Улс энэ гэрээнээс асар их алдагдал үзэх нь тодорхой болжээ. Ингээд “Чалко”-тай хийсэн гэрээг цуцлах асуудал босч ирэв. Гэтэл өөдөөс нь юу гэсэн гээч?

Манай “Чалко” гэрээгээ яг Оюутолгойн гэрээний жишгээр хийсэн. Түүнээс бид илүү харж, билүү долоогоогүй. Хэрэв та нар манайтай хийсэн гэрээгээ шударга бус гэж үзэж байгаа бол “Рио тинто”-той байгуул­сан гэрээ чинь ч бас шударга бус. Тиймээс хэрэв манайтай гэрээгээ цуцлах юм бол “Рио Тинто”-той ч бас гэрээгээ цуцлах ёстой, хэрэв ингэхгүй бол зөвхөн “Чалко”-г, өмнөд хөршөө боож байна ялгаварлаж байна гэж үзэхээс аргагүй гэжээ. Манайхан ч гэрээгээ өөрчлөнө гэж дайрсан өмнөд хөрш ч нүүрний импортоо хаасан. Н.Алтанхуяг мөчөөгөө өгөлгүй “Петрочайна-Дачин тамсаг”-ийн бүх татварын хөнгөлөлтийг үгүй хийжээ. Тайлбар нь Хятад нүүрс авахгүй байгаа учраас төсвийн хүндрэлээ давахын тулд ингэхээс аргагүй. Хариуд нь Хятадууд 2012 оны сүүлчийн улиралд кило нүүрс ч авалгүй боосоор л. Үүний улмаас 2011 онд 18 хувь хүрч байсан эдийн засгийн өсөлт 2012 онд 12 хувь болон буурчээ. “Чал­ко”-той гэрээ цуцалснаар хөрөнгө оруулалт ч буурч, Оюутолгойн гэрээг хянас­наар мөн ч хөрөнгө оруу­лалт буурчээ. Мэдээж энэ бүхэн С.Баяр ба түүнийг залгамжлагч Сү.Батбол­дын улсаа худалдсан гэрээний л гай.    

Өөрөөр хэлбэл Сү.Бат­болд МАН-ыг ялуулахын тулд яг С.Баярын аргыг хэрэглэжээ. Гэвч нэг тактикаар хоёр ялдаггүй. Сонгуулийн дараа л гэрээний “но” илэрсэн бөгөөд Монголын тал тонн тутмаас зургаан долларын алдагдал үзэж байлаа. Тиймээс гэрээг цуцлах саналыг шинэ Засгийн газар тавьсаар. ҮҮнийг эсэргүүцсэн МАН-ын шударга гишүүд ялангуяа Оюутолгойн гэрээг хяна­хыг шаардсан Ш.Сайхан­самбуугаас эхлээд Ц.Даваасүрэн, Б.Балдан-Очир хүртэл намаасаа дэвших ч эрхгүй хоцорсон юм.

Хоёрдугаарт намын сонгуулийн санхүү­жилтийг босгохын тулд Татварын ерөнхий газрын даргыг солив. Энэ ажлыг У.Хүрэлсүх хариуцжээ. Ц.Оюунбаатар хоёр талд яваад байна гэж хардсан тул зайлуулж өөрийн хүнийг тавьжээ. Тэд том аж ахуйн нэгжүүдийг да­рамталж, тэрбум тэрбу­маар санхүүжилт авчрах ёстой. Ихээхэн хашир хүн гэж хуучин тагнуулч Ч.Гансүх нарт гол даалгаврыг өгчээ. Гэвч мань эр намдаа олж өгөх мөнгөнөөсөө өөртөө овоохон унагаж авчээ. Зөвхөн эндээс харахад л МАН ялах ямар ч найд­варгүй болсныг гишүүд нь эртнээс мэдэж байсан нь тодорхой болдог. Хожим МАН ялагдаж өсөрхөхдөө татварынхныг АН-д матчихсан юм билээ л дээ. Сонгууль өнгөрч МАН ч ялагдаж. МАН-ынхан томоохон компаниудад “гомдлоо” хэлж “Та нар санхүүжүүлсэнгүй, биднийг унагалаа” гэжээ. Гэтэл цаадуул нь “Үгүй ээ, бид өгсөн, өгөх өгөхдөө тэрбум тэрбумаар нь өгсөн”. Тэгээд тэр мөнгө хаачдаг байна? Асуудал мэдээж сонгуулийн мөнгө босгож байсан хүмүүстэй холбоотой байж таарна. Нэгэнт эрхээ алдсан МАН шалгаж чадахгүй тул матаж орхижээ. Ингээд л татварын 14 тэрбумын хэрэг эхэлжээ.

Үүний дараа намын сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг гаргажээ. МАН-д нэг сайн чанар байдаг нь аливааг тооцоо судалгаанд үндэслэх дуртай. Коммунизмын үеийн энэ инерц хараахан шавхагдаагүй байв. Хэдийгээр 2008 онд С.Баярын тактикаар нэг удаа тооцоо судалгаагүй амлалт авсан ч түүндээ барьцаалагдаж нэр хүндээ алдаад байсан юм. Тиймээс сонгуулийн өмнө дараагийн сонгуульд бэлэн мөнгөний их амлалт авахгүй байх гэрээнд намуудтай гарын үсэг зуржээ. Гэхдээ ардуур нь БНХАУ-ын мөнгөний ам­лалтад тулгуурлаж мөрийн хөтөлбөрөө боловсруул­жээ. Энэ нь “Чалко”-гийн 250 сая ам.доллар, орон сууцны хөтөлбөрт зориул­сан 300 сая ам.доллар ний­лээд 550 сая ам.дол­ларын хөрөнгө оруулалт байлаа.

Ийнхүү ирэх жилүү­дийн хөрөнгө оруулалт-бүтээн байгуулалтыг ердөө энэ хүрээнд тооцож хий­сэн ба нийт хөтөлбөрийн 40 гаруй хувь нь зөвхөн эдийн засгийн гадаад орчин, түүний өөрчлөл­тийг тооцоход зориулагд­жээ. Нөгөө талаас улсынхаа эдийн засгийн бодит боломж, цар хүрээг мэддэг боловсон хүчин дутагдаж, голдуу гадаадад сургууль төгссөн, либерал номоор толгойгоо цэнэг­лэсэн ам­бицтай угсаа залгамжлагч залуусыг “ажил хийж сураг” гэж олноор орол­цуулс­наараа тэдэнд өөрс­дөд нь л таалагдсан юу юм гэхээс олон нийт ойлгохын аргагүй, гол томъёолол чиг шугам ч үгүй юм гарчээ.

Яаж ч бодсон энэ бү­хэн МАН сонгуульд ялаг­дах ёр зөгнөөд байв. Ядаж байхад пиараа лагг болгох гээд найман пиар зөв­лөхийг ажиллуулаадахсан чинь өнөөдүүл нь нэг нь нөгөөгөө муулаад, нэгнийхээ ажлыг унагах гэж хөндлөн хэвтчихээд цаашаа ч үгүй наашаа ч үгүй гацаачихжээ.

Яг энэ үеэр гэнэтийн цохилт ирэх нь тодорхой болжээ. Н.Энхбаяр зүтгэсээр байгаад МАХН-ын нэрийг авчихжээ. Нам нэрээ солиод тэр нэрээ алдахгүйн тулд МАХН гэсэн бүх товчлолыг өөрсдийн нэр дээр авсан боловч болсонгүй. МАН Засагт хамтарч байгаадаа найдаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өөрсдөд нь ашигтай шийдвэр гар­гана гэж тооцож ихээхэн лоббидсон авч болсонгүй. Сонгууль дөхөхийн хэрээр АН хамтрагчаасаа нүүр буруулж, оноо болгоныг өөртөө нааж, алдаа бүхнийг “эрх баригч гол хүчин”-д нааж эхэлжээ. Пиар нь маш энгийн “АН МАН-тай хамтарснаараа өөрийн мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудаа хэрэгжүүлж чадлаа, харин МАН-ынхан чадсангүй”.

АН-ынхан наагуураа МАН МАХН-ын хэрэгт оролцохгүй байгаа мэт царайлавч цаагуураа гүнзгийхэн нүх ухаж байжээ. Гуравдугаар сард УДШ-ээс Монгол Ардын Хувьсгалт намын нэрийг өгчихжээ. МАН-ынхан Ерөнхийлөгчийг хараана. Нам нь гарцаагүй хуваагдах аюул нүүрлэв. АН-ын тооцоо маш энгийн. МАН ямар нэгэн байдлаар хуваагдвал бид ялна. Нөгөө талаар МАН хуваагдахад “Хувьсгалт” гэдэг үг их нөлөөтэй гэж МАН өөрсдөө бодож байлаа. Гэхдээ энэ үг Н.Энхбаяр гэдэг хүний нэртэй нийлснээрээ л ихээхэн хүчтэй болж байсан билээ. Н.Энхбаяр гэдэг хүн л дангаараа улстөрийн хүчин байсан юм. Хэрэв түүнээс өөр хүн “Хувьсгалт нам” бай­гуулсан бол хэн ч тоохгүй байсанд асуудлын гол нь оршино.

Нэрээ өгөхгүй гэж бачимдахдаа МАН Н.Энхбаярыг ямар нэгэн хэргээр яаж ийгээд далд оруулахыг хичээж эхэлжээ. Түүнд Хууль зүйн сайд Ц.Нямдорж ханцуй шамлан оров. Тэр бараг л ийм үүрэгтэйгээр анхнаасаа ХЗДХ-ын сайд болсон хүн. Энэ хэрэг дээр л чухал хүн гэдгээ ойлгуулбал ахиж тойргоос сонгогдох ямар боломжгүй болтлоо нэр хүнд нь унасан тэр жагсаалтаар нэр дэвших учиртай. Тий­мээс өөрийгөө Н.Энхбая­рыг дарахад чухал үүрэг­тэй оролцож байгаагаа харуулахын тулд нэг хэсэг дөвчигнөсөн авч золтой л өөрийгөө сүйтгэчих­сэнгүй. Хоригдлуудаар байшин бариулсан, тэр хоригдлуудын нэг нь үхсэн хэрэг илэрч балрангаа алдаад амаа хамхижээ. Дээрээс нь түрээсээр суудаг үнэтэй байшин, зуслангийн байшингийнх нь тансаг нь олныг гайхшруулж өөрийг нь бүрмөсөн баллав. Гэх­дээ тэр нуугдсан болохоос бууж өгсөн гэсэн үг биш.

Ядаж байхад буруу асууд­лаар хэрэг үүсгэ­чихжээ. Өөрийн хардлага, сонссон хов живийн хэмжээнд л сэтгэж хэрэг тулгасан байж л дээ, чаа­ваас. Үнэндээ Ц.Нямдорж намынхаа олон хүний “но”-г бүртгэж сейфлээд түүгээрээ бусдыгаа да­рамталдаг гэдэг авч Н.Энхбаярыг яг дэргэдээс нь олон жил шиншсэний эцэст олсон “хэрэг” нь л хэвлэх үйлдвэрийн газар, ТВ-9, “Өргөө” зочид буудлын асуудал байсан юм. Яг үнэндээ тэр “хэ­рэг” гэгч нь буруутгахдаа тулбал Н.Энхбаярыг биш МАН-ын өөрийнх нь олон хүнийг торонд оруулах байв. Ц.Нямдорж ч давхар тооцоо хийхдээ жагсаал­таар өөрөөс нь өмнүүр гишгэж магадгүй У.Хү­рэл­сүх, М.Энхболд, Т.Ба­дам­жунай нарыг замаасаа холдуулахыг хүсчээ. Ин­гээд Н.Энхбаяртай дайтсан биш бүр намаа бүрмөсөн булшлахдаа тулсан болчимгүй тулаанд шигдчихжээ.