Б.ЭНХЗАЯА

Олон улсын карго үйл­чилгээний бараа замдаа тоногдож, хэдэн зуун хо­хи­рогч хэнд хандахаа мэ­дэхээ байсан хэрэг мандлаа. Германы IFCC тээвэр зуучийн байгуул­лагаас өнгөрсөн арван­хоёрдугаар сард Монгол руу ачуулсан чингэлэгтэй барааг замд нь Беларусь улсын Брестийн гаа­лийнхан хориотой бараа тээвэрлэж яваа гэх үндэс­лэлээр шалгасан байна. Эцэстээ шалгуулсан бус хул­гайч­дад тоногдсон шинжтэй галт тэрэгнээс буужээ. 288 хүний 40 тоннын жинтэй 700 гаруй хайрцаг бараа бүгд задарч дутсан байдалтай байжээ. Гадаадад амьдарч буй иргэдийн ар гэрийнхэндээ явуулсан хувцас, бусад эд материал алга болсон байсныг хохирогчид хэл­сэн юм. Нэг ч хайрцаг бүтэн үлдээгүй, зарим барааг нь ав­чихаад оронд нь хог новш, хоосон цаас чихсэн байж. Түүнчлэн хүнсний бү­тээгдэхүүнийг нь задалж орхиод, үнэт эдлэлүүдийг нь тоносон байдалтай байжээ. Учрыг лавлахад Брестийн гаа­лиас “Хориотой бараа тээ­вэр­лэж байгаа гэх мэдээллээр шалгасан. Чингэлгийн дагалдах би­чиг баримтад бичигдээгүй зарим барааг хураасан” гэсэн хариу өгсөн байна. Хураасан гэх барааны жагсаалтад угаалгын нун­таг, тос, үнэртэй ус, компьютер, тоос сорогч, автомашины радио, гэр ахуйн багаж хэрэгсэл, гэрлийн бүрхүүл, хөгжмийн зэмсэг зэрэг байна. Хохирогчдын мэ­дээлж буйгаар зарим хайрцагт нь явуулаагүй бараа ч  ирсэн байж. Жи­шээлбэл, Ч.Аранзалзулд хаягласан 20 хос гуталнаас хоёр хос, нэг өрөөсөн нь үлдсэн байжээ. Ингэхдээ хамгийн хямдхан нь тэр байсан гэнэ. Мөн гэртээ болон албан га­зартаа тавихаар захиалсан зөөврийн чийдэн, гэр бүлийнхэнд нь зориулсан хос гутлууд, ор дэрний цагаан хэрэглэл алга болсныг хүлээн авагч н.Батсайхан хэллээ.

Европоос илгээсэн карго нь ихэвчлэн Герма­наар дамжиж Монголд ирдэг. Нэг удаагийн карго үйлчилгээгээр 40 тонн орчим жинтэй 700 гаруй хайрцаг бараа ирдэг байна. Тэдгээрийг Брестийн гаалиар дам­жуулдаг. Кар­гогоор явуул­сан бараанууд тоногдсон байдалтай ирсэн нь анхны удаагийнх биш аж.  Өн­гөрсөн хоёрдугаар сарын эхээр ачуулсан бараа сар гаруй хугацааны дараа Монголд ирэхдээ мөн л халдлагад өртсөн бай­далтай байсан гэнэ. Энэ удаад 700 гаруй хайрцаг барааны 70-80 хувь нь то­ногдсон байдалтай байжээ. Хохирогчид Монгол дахь тээвэр зуучийн компаниас хо­хирлоо нэхэмжилэхэд ямар нэгэн тайлбар өгч чаддаггүй гэнэ. Учир нь удирдлагууд нь энэ үйл­чилгээ нь бидэнд ашиггүй, иргэдээс гаалийн тат­вараас илүү зүйл авч чаддаггүй гэж хариулжээ. Тэдний хувьд Герман дахь салбартайгаа шууд ха­рилцдаг. Дунд нь Брестийн гааль дээр юу болж байгааг мэдэх аргагүй, харилцах эрхгүй байдаг гэнэ. Хохирсон иргэд эвдэрсэн хайрцаг, дутуу бараануудыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж, бүрэн бүтнээр нь олж өгөхийг шаардахад то­ногдсон хайрцагуудыг бүгдийг нь нэг чингэлэгт холиод хураачихжээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн гомдлыг шийдвэрлэх боллоо гэхэд аль нь хэний бараа болохыг ялгах ар­гагүй болсон байна. Тээ­вэр зуучийн байгууллага нь энэ асуудлаар Германы талд хандчихсан байгаа. Гэхдээ ямар ч хяналтгүй ийм систем үүсчихээд байгааг өөрсдөө ч хүлээн зөв­шөөрчээ. Дунд нь иргэд олон сая төгрөгөөр хохироод үлдчихсэн, хэнд хандаж яахаа мэдэхгүй ийм нөхцөл байдал үүсчихээд байна.