Ч.ОЛДОХ
Энэ жил Хэнтий аймгийнхан түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Түүний зэрэгцээ аймагтайгаа нас чацуу хэд хэдэн сумын 90 жилийн ой тохиож байгаа юм байна. Тэдний нэг Жаргалтхаан сумын Засаг дарга Д.Чинбаттай ярилцлаа.
-Жаргалтхаан сумын 90 жилийн ой тохиож байгаа гэсэн. Ойн бэлтгэл, бүтээлч ажлын талаар танилцуулахгүй юу?
-Хуучнаар Баянзүрх уулын хошуу, Хан Хэнтий уулын аймагтайгаа нас чацуу Жаргалтхаан сумынхан маань энэ жил 90 жилий ойноо тэмдэглэх гэж байна. Сум, орон нутгийн хэмжээнд бүтээн байгуулалтын олон ажил хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөнд 90 бүтээлч ажил тусгасан. Заримыг хийж эхлээд байгаа.
-Сумын иргэд хэр дэмжиж байна?
-Ой тэмдэглэж баярлаж цэнгэх нэг хэрэг. Түүнээс илүү орон нутгаа хөгжүүлэхэд анхаарч байгаа. Ойн хүрээнд 90 жилийн түүхтэй сум өнөөдөр ямар байх ёстой вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Энэ бол түүхэн ойн түүхэн хариуцлага юм. Энэ ажилд сумын уугуул иргэд, тэндээс ажил амьдралынхаа гарааг эхэлсэн хүмүүс, одоо сумандаа ажиллаж, амьдарч байгаа иргэдийн хувьд бүгд нэг сэтгэлтэй, нэг бодлоготой дэмжиж оролцож байна. Ажил бүх төвшинд амжилттай хэрэгжиж байгаа.
-90 бүтээлч ажлын заримаас сонирхуулаач?
-Юуны өмнө сум, орон нутгаа сурталчлах, залуу үед таниулах, бусдад мэдээлэхэд анхаарлаа. Уламжлалаа дахин шинээр гаргаж ирэх чиглэлд багагүй ажил санаачилж хийж байна. Ажлын явц 50 гаруй хувьтай байгаа. Бүтээн байгуулалт, сумын өнгө үзэмжийг сайжруулахад чиглэсэн завсарын ажлыг график гаргасан. Хүмүүс тус тусын ажлыг дор бүрдээ хичээж хийж байна.
-Сумаасаа төрж гарсан алдартнуудыг мөнхжүүлж суралчилна гэлээ. Тэдэнтэйгээ хэр холбоотой байна?
-Манай сумаас төрж гарсан алдартнууд, урлаг, спортын нэртэй хүмүүс, төрийн өндөр дээд шагнал хүртсэн болон одоо үр бүтээлтэй ажиллаж байгаа малчид олон бий. Тэднийгээ мөнхжүүлэх, залуу үед туршлагыг нь сурталчлах чиглэлээр ажиллаж байна. Мөн сумынхаа түүхийг шинэчлэх, баримтжуулах чиглэлээр “Жаргалтхаан” сэтгүүлийн хоёр ч дугаарыг гаргаад байна. 90 жилийн түүхтэй сумынхаа үе үеийн түүхийг тодруулж, сурталчлах зорилго тавьсан. Үүнээс гадна ой баяр үндсэндээ бүтээн байгуулалтын томоохон алхам болно гэдэгт итгэлтэй байна.