Ж.МӨНХ-ОЧИР
Булган аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ Булган” хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтын дагуу боловсруулан батлуулсан “Морин хуур” дэд хөтөлбөрийн талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Буянжаргалтай ярилцлаа.
-Хөтөлбөрийг ямар зорилгоор хэрэгжүүлэх болов?
-Морин хуур Монголоос өөр газар байдаг гэж дуулсан уу. Энэ бол Монголын оюуны соёлын хосгүй өв шүү дээ. Гадаадын орчин цагийн олон хөгжим соёл урлагт нэвтрээд ирэхээр морин хуурыг үл тоомжирлох хандлага бий болоход хүрсэн. Энэ бол буруу. Эгшиглэнт хос чавхдаст морин хуураа өсвөр үе, залуучууд, иргэд, өрх гэр бүл, хамт олон, байгууллагад түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, түүгээр дамжуулан үндэсний бахархлыг бий болгох, цаашилбал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилт тавьж байгаа юм. Түүнчлэн Засаг дарга иргэд олон нийттэй уулзаад энэ талаар хэлсэн үгэндээ, зарим айл өрх, байгууллага билэгдэл болгож гэр орон, ажлын өрөө тасалгаандаа морин хуурийг өлгөх төдийнхнөөр биш эшиглүүлж сурах эзэмшиж дадах, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхнийг багаас нь морин хууртай харьцуулж сургах явдал нэн чухал гэж онцлон тэмдэглээд байгаа нь энэ хөтөлбөрийн нэг гол зорилго гэж болно.
-Энэ зорилгодоо хүрэхийн тулд ямар зорилтууд тавьж байна?
-Үндсэн гурван зорилт хэрэгжүүлнэ. Нэгд, морин хуур хөгжмийг өвлөн эзэмшсэн билэг авьяастан, залгамжлан суралцагч, нарыг бүртгэж судлан тогтооё, морин хуурыг дээдлэгч, дэмжигч албан байгууллага, иргэдийг алдаршуулъя, бусдад үлгэр дууриал болгохын тулд сурталчилъя, хоёрд, морин хуурын сургагч багш нарыг бэлтгэе, тэдэнд түшиглэсэн сургалтын тогтолцоо бий болгож, морин хуурчдын тоог нэмэгдүүлэн, морин хуурын хамтлагуудыг шинээр байгуулъя гэсэн зорилт дэвшүүлсэн. Гуравт, морин хуурыг зааж сургах, эзэмших, дээдлэх үйл ажиллагаанд бүх нийтийн идэвх санаачлагыг дайчлах иргэд, эцэг эх, олон нийтийн оролцоог идэвхжүүлэн хамтран ажиллацгаах, улс, бүс, аймгийн чанартай морин хуурчдын уралдаан, наадмыг зохион байгуулах, уралдаан, тэмцээнүүдэд өргөнөөр амжилттай оролцох хөдөлгөөнийг өргөтгөх зорилтыг хэрэгжүүлнэ.
-Булган аймгийн нэг онцлог бол алдарт морин хуурчийн өлгий нутгийнхэн гэдгээрээ бахархдаг л даа?
-Тийм ээ, ахмадуудтай уулзахад, дээр үеийнхний ихэд сонирхдог байсан “бягтруул”-ынхаа “баадуу”-г эргүүлж эргүүлж байгаад зүүтэй хушууг дамар буюу пянзан дээр нь тавихаар “Түдэв хуурдаж, Төмөр дуулна” гэдэг байж билээ хэмээн тэд дурсан ярьдаг. Тэр бол манай аймгийн Дашинчилэнгийн хүн л дээ. Анхдагчдын маань нэг. Дэд хөтөлбөрийн зорилт хэрэгжүүлэх арга хэмэжээний төлөвлөгөөнд тэр анхдагчаараа бахархах, алдаршуулах нэлээд ажил хийхээр оруулсан. Тухайлбал, алдарт морин хуурч Д.Түдэвийн нэрэмжит өсвөр үеийн морин хуурчдын аймгийн уралдааныг 2014 оноос эхэлж жил бүр уламжлал болгон зохион байгуулж хэвшинэ. Аймгийн хөгжимт жүжгийн театрын дэргэд түүний нэрэмжит морин хуурын чуулга байгуулж чуулгын уран бүтээлээр клип, DVD гаргана. Аймгийн музейд “Улсын анхны алдарт гавьяат хөгжимчин Д.Түдэв” гэсэн үзмэрийн тусгай булан бий болгож олон нийтэд сурталчилна. Мэргэжлийн асуудал эрхэлсэн яамтай хамтран мэндэлсний 115 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит морин хуурчдын улсын уралдаан зохион байгуулна.
-Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан талаар та сая дурдлаа. Тэр төлөвлөгөөнд орсон ажлуудаасаа заримыг нь товч сонирхуулна уу?
-Дээр дурдсан гурван гол зорилтынхоо чиглэлээр үндсэн арван арга хэмжээ төлөвлөж 40 үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн. Заримаас нь хэлье л дээ. Морин хуураа эзэмшиж сургахад нэлээд анхаарал тавьж дугуйлан, секцийн хичээлийг өргөтгөхийн зэрэгцээ шавь сургалтаар зааж байгаа иргэдийг хөхүүлэн дэмжиж, сургагч багш нартай гэрээ байгуулан, тэд нарыг ажиллах орчин нөхцлөөр хангаж, урамшуулал олгохын зэрэгцээ шавь сургалтад хамрагдагчдын нэгдсэн тоглолтыг аймгийн төвд уламжлал болгон зохион байгуулж хэвшинэ. Морин хуурыг дэмжигч, дээдлэгч албан байгууллагыг шалгаруулах болзол гарган, жилд нэг удаа дүгнэн шагнаж, урамшуулах нь зүйтэй хэж үзсэн. Сумдыг морин хуураар хангах, морин хуур, хувцас хэрэгслэлийг хадгалж хамгаалах, эзэмших, шавь сургалтыг дэмжиж, урамшуулах тогтолцоог бий болгох, аймаг, сумын ЗДТГ, албан байгууллагуудын “Төрийн соёмбот, хүндэтгэлийн морин хуур”-ыг цэнгүүлэх зэрэг хэд хэдэн журмыг шинээр гаргана. Мөн морин хуурыг бэлтгэн нийлүүлэх гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах, сургагч багш нарыг мэргэжлийн морин хуураар, морин хуурчдыг хувцас хэрэгслэлээр хангах арга хэмжээ авна. Сум бүрт морин хуурын хамтлаг шинээр байгуулна. Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг. “Авьяаслаг Булганчууд-шинэ Булганы хөгжилд” уриан доор зохион байгуулна. Энэ уриагаа хэрэгжүүлэх зорилгоор уриалга гаргаж, иргэд олон нийтийг идэвхжүүлэх үйл ажиллагааг өргөнөөр зохион байгуулахаар төлөвлөсөн
-Зарим ажлыг сайхан төлөвлөчихөөд олон нийтэд мэдрэгдэхээр үр дүнд хүргэдэггүй дутагдал нэлээн байдаг шүү?
-Тийм дутагдал гаргахгүй гэж үзэж болно. Ингэж баттай хэлэхийн учир нь хөтөлбөрт хяналт шинжилгээ, үнэлгээг хэрхэн зохион байгуулах талаар тусгай бүлэг оруулсан. Тэр дагуу хөтөлбөрийн хэрэгжилтийг сумын ажлын хэсэг улирал бүр дүгнэн хэлэлцэж,тайлан дүгнэлтийг сумын Засаг даргын зөвлөлийн хуралд хагас, бүтэн жилээр танилцуулж, хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллана. Мөн сумын Засаг дарга нар жил бүрийн арваннэгдүгээр сарын нэгний дотор хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнг сумын ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулж, холбогдох арга хэмжээг авахын зэрэгцээ хяналт шинжилгээ, үнэлгээний дүн, тайланг жил бүрийн 11 дүгээр сарын дундуур аймгийн ЗДТГ-т ирүүлнэ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах аймгийн ажлын хэсэг томилно. Тэр ажлын хэсгийнхэн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, хэрэгжилтийг эрчимжүүлэх, хоёр жил тутам хяналт шинжилгээ үнэлгээ хийж дүнг аймгийн ИТХ-д танилцуулна. Энэ бүхний дүнд хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын эрч хүчийг байнга идэвхжүүлэн үр дүнд хүргэх болно
-Хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг шуурхай эхэллээ хэмээн иргэд талархаж байна?
-Баярлалаа, энэ бол бидний зохион байгуулсан арга хэмжээ олон түмэнд хүрч байна гэсэн үнэлгээ шүү дээ. Хэрэгжүүлэх ажлынхаа нээлтийг хийсэн Энэ үеэр улсын филармоны дэргэдэх “Морин хуур чуулга” болон уг чуулгын удирдаач, Ардын жүжигчин, профессор Ц.Батчулуун, тус аймагт аж төрөн суугаа ардын жүжигчин цолыг саяхан хүртсэн Н.Дагийранз нар оролцсон нь морин хуурын хөг аялгуугаар бахархах, түүнийг сонсч мэдрэх, сурч эзэмших хүсэл тэмүүллийг төрүүлэх боломжийг өргөьтгөсөн гэж үзэж байна. Хоёрхон чавхдасаараа хорвоог уярааж, хотлыг баясгаж дэлхийн соёлын өвд данслагдсан монгол түмнийхээ үндэсний бахархал болсон морин хуураа ард иргэд, нэн ялангуяа өсвөр үе, залуучуудад аялгуулан эгшиглүүлж сургах, эзэмшүүлж дадуулахаар зохион байгуулах сургалтын ажлыг ч мөн эхэллээ. Юуны өмнө сургагч багш нарыг бэлтгэх зорилт тавьсан юм Энэ ажлын гарааг хөдөөгийн Орхон сумаас эхэлж бүх суманд зохион байгууллаа. Энэ мэтээр хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээ шуурхай зохион байгуулна.