Ч.ҮЛ-ОЛДОХ
“Ярилцах цаг”-ийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар уригдлаа. Тэрээр хууль зүйн салбарт хуульч, өмгөөлөгч, прокуророор ажиллаж ирсэн туршлагатай. Монголд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж буйг 1990-ээд онд анх гарган тавьж, энэ чиглэлээр олон жил судалгаа хийсэн. 2000-2004 оны парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа хүний эрхийг хуульчилсан олон хуулийн төслийг гардан боловсруулсныг уншигчид андахгүй. Сүүлийн үеийн нийгмийн чиг хандлага, хууль эрхзүйн орчин, хүний эрхийн асуудлаар түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Хүний эрхийг олон улсын болон манай улсын төвшинд хэрхэн биелүүлж ирэв. Энэ чиглэлээр ажиллаж, судалж, хүний эрхийн төлөө тэмцэлд дуу хоолойгоо нэгтгэж ирсний хувьд үр дүнг нь юу гэж дүгнэдэг вэ?
-Хелсингийн Европын хамтын ажиллагаанд нэгдсэн 35 улс хүний эрхийг дагаж мөрдөх тухай тунхаглалд гарын үсэг зурсан байдаг. Тэр бол хүний эрхийг хүлээн зөвшөөрсөн анхны том баримт бичиг юм. Үүний өмнө социалист орнуудад иргэний эрх гэж ярьдаг байсан. Өөрөөр хэлбэл, төр иргэн гэсэн харьцаанд суурьлаад төр бүгдийг зааж өгнө, хориглоно, хязгаарлана, харин иргэн та ажиллах ёстой гэсэн зарчим байсан. Тухайн үед капитализмын гэж байсан, тодруулбал хүн төрсөн цагаасаа эхлээд заяагдмал эрхээ эдлэх ёстой гэсэн зарчим бол хүний эрх юм. Намайг 1983 онд ЗХУ-д суралцаж байх үед бид төр, иргэний эрхэд суурьлаад социалист болон капиталист орнуудын хүний эрхийг харьцуулж, аль нь давуу болохыг судалж байсан юм. Тэр үеэс би хүний эрхийн асуудал руу орсон. Өнөөг хүртэл 35 жил ноцолдож байна. Прокурорын байгууллагад ажиллаж байхдаа “Прокурорын хяналтаар иргэний эрхийг хамгаалах” гэсэн сэдвээр нэрт хуульч, доктор, профессор Бернзон гэж хүний удирдлагад ажилласан.
Монгол орон зах зээлийн системд шилжиж, 1992 оны Үндсэн хууль батлагдсанаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Олон улсын хүний эрх, иргэний эрхийн фактад орсон хүний эрхийн асуудлыг хуульчлан баталгаажуулсан. Үүгээрээ Монгол Улс соёлт хүн төрөлхтөний хүний эрхийг ханган баталгаажуулах хууль эрх зүйн үндэслэлийг бүрэн дүүрэн баталгаажуулсан ардчилсан орон гэж дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн.
-Ардчилсан хувьсгалаас хойшхи замнал ямар байна?
-Өнгөрсөн 20 гаруй жил ардчиллыг гүнзгийрүүлж, хүний эрхийг сахиж, хөгжих чиглэлээр явж ирсэн. Хийж бүтээснээ эргэж харахад бага биш. Монголд хүний эрхийн хууль тогтоомжуудад бүгдэд нь нэгдэж орлоо. Хүний эрхийн комиссыг монголдоо бий болголоо. Хүний эрхийн тухай хууль, хүний эрхийн комиссыг байгуулах тухай хуулиудыг баталж гаргалаа. 1996 онд “Эмнести Интернэшнл” байгууллагын салбарыг монголд байгууллаа. Мөн авлигатай тэмцэх, хязгаарлах бодлогыг явууллаа. Олон улсаас хэрэгжүүлсэн хэд хэдэн форумыг хамтран болон эх орондоо зохион байгууллаа. Олон улсын эрүүгийн шүүх дээр хүний эрхийг зөрчиж байгаа бол энэ асуудлыг хязгаарлах Европын Эрүүгийн шүүхийг байгуулахад Монгол Улс идэвхтэй оролцож дэмжсэн. Саяхан УИХ-аас олон улсын эрүүгийн шүүхийг хүлээн зөвшөөрч баталлаа. Хамгийн гол нь дэлхий дахинд Монгол Улсын нэр нүүрийг тахалж байгаа зүйл бол цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн явдал. Ардчилсан хувьсгалаас хойш Олон улсын Эмнести Интернэшнл байгууллага болон манай хүний эрхийн хуульчид үүний төлөө тэмцэж ирсэн. Миний хувьд Олон улсын цаазаар авах ялын эсрэг конгресст Парист очиж оролцож байсан. Цаазын ялыг соёлт хүн төрөлхтөн халж байгаа. ОХУ хүртэл зогсоосон. Харин Америк, Хятад, Иран зэрэг цөөн улс оронд хэвээр байна. Манай улсын хувьд бидний арваад жилийн тэмцэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед үр дүнд хүрлээ.
-Тэгвэл сүүлийн жилүүдэд нөхцөл байдал ямар байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Сүүлийн 2-3 жилийг аваад үзэхэд манай улс хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Ялангуяа бид ардчилал, хүний эрхийг баталгаажуулахад өмнө хүрсэн төвшнөөсөө ухрах явдал цөөнгүй ажиглагдаж байна. Тухайлбал, хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулж шалгах, баривчлах, хорих, саатуулах үйл ажиллагаа хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал. Энэ чиглэлд сүүлийн жилүүдэд хэд хэдэн том асуудал гарлаа. Тэр байтугай шүүх өмгөөлөгчгүйгээр хүнийг шийтгэсэн тохиолдол гарсан. Гэтэл социализмын үед ийм зүйл гараагүй. Тодорхой өмгөөлөгч томилж өгөөд шийдэж байсан. Жишээ нь, Ц.Лоохууз гуайн хэрэг байна. 1977 оны хавар би тэр шүү хуралд орсон. Түүнээс үүдэж хүний эрхийн асуудал руу орох шаардлага бас гарсан. Ц.Лоохууз гуай Өвөрхангай аймгийн Сант суманд, дараа нь Хархоринд нутаг заагдан ажиллаж байсан. Тэр үедээ дамын наймаа, контрбанд хийж, хувийн үйлдвэрлэл эрхэлсэн гэх хэрэг үүсгэж найман жилийн ял өгсөн. Миний үеийн оюутнууд бүгд тэр хуралд суусан. Ингэхдээ тухайн үед итгэж тэмүүлж явсан зүйлээ шударга бус байна гэдгийг мэдэрсэн. Мань хүн арав гаруй сайхан эмээл хийгээд зарсан юм билээ. Одоогоор бол тэр нь манайхны жижиг, дунд үйлдвэрлэл байж дээ. Гэтэл Монголд өнөөдөр хууль зөрчсөн зүйлүүд нэг биш гарч байна.
-Тухайлбал?
-Өмгөөллийн үйл ажиллагаатай холбогдуулан өмгөөлөгчийг 14 хоног барьж хорьж байна. Тэр байж болохгүй асуудал. Харин сахилгын юм уу, бусад арга хэмжээг Өмгөөлөгчдийн холбоо авч болно. Өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн бол түүндээ хариуцлага хүлээнэ. Мөн өмгөөлүүлж буй хүнийхээ өмнө хариуцлага хүлээнэ. Түүнээс биш шүүх хөндлөнгөөс орж ирээд чи энэ хүнийг өмгөөлөх ёстой, өмгөөлсөнгүй гээд барьж хорьсон. Энэ бол хүний эрхийг зөрчсөн ноцтой асуудал. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг барьж хорьсон асуудал байна. Бин Ладенийг баривчлахад АНУ 400-500 цэрэг, цагдаа гаргаж сүржигнээгүй шүү дээ. Тэгэхээр тэр асуудал нэг талаас улс төрийн дуулиан дэгдээж, нөгөө талаас хүний эрхийг зөрчсөн. Энэ нь олон улсад ч, Монголын иргэдэд ч улс төрийн сөрөг хүчнийхээ удирдагчийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн барьж хорьсон үйл ажиллагаа. Би үүнийг Н.Энхбаярыг өмгөөлж биш хүний эрхийн шударга хуульчийнхаа хувьд хэлэх үүрэгтэй. Үүнээс өмнө ч хүний эрхийн хуульч Ц.Монгол, М.Ичинноров нар дүгнэлтээ хэлсэн. Хожим хойно ч гэсэн ийм явдал гарвал бид үгээ хэлэх учиртай.
Түүнээс гадна Монголын шоронд, хорих байранд хүний эрхийг ноцтой зөрчиж байна, хүнийг олон сар, жилээр үндэслэлгүй хорьж байна. Хэн нэгнийг үндэслэлгүй хорьж алдаа гаргасан бол төр уучлал гуйж , гарсан зардлыг нөхөн төлөх ёстой. Тухайн хүн Анандбазар байна уу, өөр хэн байх нь хамаагүй.
-Монгол шоронжсон гэж ярьж, бичих болсон нь саяын таны ярьж байгаатай холбоотой байх. Түүнээс гадна хорих байранд хүний эрх зөрчигдөж байгааг хүний эрхийн хуульчийн хувьд та юу гэж үзэж байна?
-Хорих байранд хүнийг тусгаарлан хорихдоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиудыг ноцтой зөрчиж байгаа. Хорих байранд эрүүгийн төлөөллүүд дур зоргоор авирладаг байж болохгүй. УИХ-ын нэр бүхий гишүүд энэ асуудлаар Монгол Улсын ерөнхий прокурорт асуудал тавьсан. Хорих байранд байгаа хүмүүсийн эрхийг зөрчиж , нар салхинд гаргах ёстой хуулийн зүйл заалтуудыг хэрэгжүүлэхгүй, нэг хүнд ногдох талбайн хэмжээ заасан хэмжээнд хүрэхгүй, хорих байгууллагын ажилтнууд хүмүүсийг сэтгэлзүйн болон бие махбодийн хувьд дарамтлах, зэвсэг хэрэгслийг дур зоргоор хэрэглэдэг асуудал байна. Үүнд прокурорын байгууллага хяналт тавьж чадахгүй, үүргээ биелүүлэхгүй байна. Эмчлүүлэх, эрүүл байх эрх тухайн хүн хоригдол, ялтан байх эсэхээс үл хамаарч бүх хүнд хуулиар олгогдсон. Яагаад гэвэл тэр хүн эрхээ хязгаарлуулчихсан байгаа. Тиймээс төр тэр үүргийг нь өөртөө хүлээж байгаа юм. Тухайн хүн Н.Энхбаяр байна уу, өөр нэгэн хоригдол байна уу, хүнд өвчтэй бол эмчлүүлэх эрхтэй. Эмчилгээг нь хорих байгууллага өөрийн төвшинд хангах ёстой. Чадахгүй бол мэргэжлийн байгууллагад хандах учиртай. Гэтэл тэгэхгүйгээр энэ өвөлжин хаваржин маргаан боллоо.
-Энэ талаар ямар жишээ, баримт байна?
-Бидний сүүлд танилцсан мэдээллээр Н.Энхбаярыг агаар, салхинд гаргадаггүй юм байна. Энэ чинь хуультай шүү дээ, өдөрт хэдэн минут агаарт гарах ёстой вэ гэдгийг тодорхой заачихсан байгаа. Хоригдол баримт бичиг боловсруулах, ном зохиол унших эрхтэй. Дэлхийн түүхэнд алдартай зохиол бүтээлээ шоронд хоригдож байхдаа бичиж туурвисан олон хүн бий. Гэтэл бичиг, цаасыг нь хүртэл хурааж авдаг асуудал байна. Энэ ардчилсан Монгол Улсад байж болохгүй хүний эрхийн завхрал. Германы концлагерьт Муссо Жалилийн бичсэн алдарт зохиолууд байна. Юлиус Фучикийн бичлэгүүд байна. Энд би жирийн хүмүүсийг нэрлэж байна, улс төрийн том зүтгэлтнүүдийг яриагүй. Ер нь олон том улстөрч өөрийн бүтээлүүдийг шоронд байхдаа бичсэн байдаг. Зохиол бүтээл бичих, түүнийгээ хүн ардад хүргэх эрх бүх хүнд бий. Тухайн хүн улс төрч байна уу, зохиолч байна уу хамаагүй. Гэтэл энэ эрхийг нь хязгаарлаж, хорих гэсэн оролдлого монголд байдаг юм байна. Тэгэхээр Монголын шорон фашистын концлагериас дор болчихсон байна гэж үү. Факт үүнийг гэрчилж байна шүү дээ. Н.Энхбаяр байна уу, хэн байна хамаагүй, шоронд яруу найраг, зохиол бүтээлээ туурвиж, бичиг цаас оролдох эрхтэй. Учир нь тэр хүмүүс урьдчилсан мөрдөн байцаалтад байгаа биш. Цаашлаад ярих юм бол 2012 оны сонгуулийн үеэр Н.Энхбаярыг хотоос гарч болохгүй гэж хүмүүстэй уулзах эрхийг хассан нь улс төрийн шууд захиалгатай байсан нь хэнд ч ойлгомжтой. Яагаад гэвэл сонгуульд нөлөөлчихнө гэж айсан. Түүнээс өөр зүйл байхгүй. Тэгэхээр тэр бол хүний эрхийн маш том зөрчил.Шүүхээр ял шийтгэл ногдуулаагүй нөхцөлд хүн сонгох, сонгогдох эрхээ эдлэх эрхтэй. Гэтэл сонгуулийн өмнө дайраад баривчлах жишээтэй. Эндээс нэг зүйлийг ойлгомжтой байгаа нь тэр хүнийг сонгуулийн өмнө барьж хорь, тэгэхгүй бол бидний санал бага болчих гээд байна гэдэг үүргийг улс төрчид л өгсөн байгаа. Үүнийг нь шүүх биелүүлж байна. Үүгээрээ шүүх үүргээ хараат байдалд биелүүлж байна гэсэн мессэжийг олон нийтэд өгчихөж байна.
-Н.Энхбаярт холбогдуулсан хэргийг хуульчийн хувьд юу гэж үздэг вэ?
-Н.Энхбаярт таван асуудлаар хэрэг үүсгэсэн. Түүний гурав нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсноор хэлмэгдүүлэлт гэдэг нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн. Үлдсэн хоёр асуудал ч хэрэг гэж үзэхэд учир дутагдалтай. Нэг нь эвдэрч нурсан барилгын газрын асуудал. Нөгөө нь хувьчлалын шинжтэй иргэний маргаан. Хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэлтэй. Арав гаруй жилийн өмнөх асуудлууд, залилангийн болон татвараас зугтсан, бултсан хэргүүдийг өнөөдөр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хаачихдаг. Гэтэл хов живийн чанартай зүйлээр хэрэг үүсгээд явж байгаа нь мөн л захиалгатай гэдгийг харуулж байгаа юм биш үү. Өнөөдөр нэг талаас Олон улсын хүний эрхийн байгууллага, Европын холбооны хүний эрхийн комисст Монгол Улс цаазаар авах ялыг халж, хүний эрхийг хэрэгжүүлсэн орон гээд хамтын ажиллагааны тайландаа тусгаж байхад бид дотоодоо хүний эрхийг ноцтой зөрчөөд сууж байна. Харамсалтай нь үүнийг Ерөнхийлөгч нь ч, Монголын төр болоод хууль хяналтын байгууллагууд нь ч сонсдоггүй. Тэгсэн атлаа өөрсдийгөө ардчилсан гэж цээжээ дэлддэг улс Монгол л байна. Ардчилал, хүний эрх бол нэг юмны хоёр тал. Нэг гараараа сайн үйл хийж, нөгөө гараараа хууль зөрчдөг байж болохгүй шүү дээ.
-Сүүлийн үед дуучин Бааварын асуудал анхаарал татаж байна?
-Тэр залууг танихгүй. Ар гэрийнхэн нь өргөдөл бичсэнээ авчирч өгсөн. Асуудлыг хэвлэл, мэдээллийнхэн болон хуулийн байгууллагынхнаас лавласан. Одоогийн байгаа байдал, гарцаагүй баримтаар аваад үзэхэд Монголын хорих байгууллагууд хүний эрхийг онц ноцтойгоор зөрчиж байгаа юм байна. 1970-1980-аад онд цэргийнхэн дотор дээд оныхон нь доод оныхноо дээрэлхэж байсан тэр нөхцөл байдлаас дор болжээ. Би түрүүнд хэлсэн, нийгмээс тусгаарлаад, тусгайлсан хорих байранд байгаа хүний амь нас, эрүүл мэнд, баталгаатай хангадсан байх ёстой. Үүний төлөө төр үүрэг хүлээсэн. Гэтэл үүргээ биелүүлдэггүй юм байна. Хариуцлагаа ч хүлээдэггүй юм байна. Хорих байранд байдал маш замбараагүй, хянагч нарын дур зоргын үйл ажиллагаагаар явдаг юм байна. Баавар гэдэг нь сайн хүн үү, муу хүн үү гэдгийг би мэдэхгүй. Гагцхүү тэр хүнийг төр эрүүл байлгах үүргийг хүлээх ёстой. Гэтэл гавтай, дөнгөтэй, тэр нь хоорондоо холбоотойгоор сахилгын өрөөнд хийчихсэн. Тэгээд тэнд гал гарахад тэр хүн өөрийгөө хамгаалах , галын аюулаас зугтах, зайлсхийх боломжгүй. 1930-аад оны хэлмэгдүүлэлт, Дотоод яамны байцаалт ч хүний эрхийг ингэж зөрчиж байгаагүй. Төр үүрэг хүлээж байгаа шүү дээ. Засгийн газар, Хууль зүйн сайд, хорих байгууллагуудын дарга нар хариуцлага хүлээх ёстой. Монголын хүний эрхийн асуудал дэлхий нийтэд хүрнэ. Монгол Улс хүний эрхийг зөрчиж байгаа нь маш ноцтой бөгөөд анхаарах ёстой асуудал. Ийм байхад бид дуугүй сууж болохгүй. Монголын хүний эрхийн хуульчдын хувьд хэлж, ярих үүрэгтэй.
-Хууль хяналтын байгууллагад байгаа өөр ямар алдаа завхралыг олж харав?
-Бааварын тухайд хорих байгууллагын ганц хоёр ажилтанг ажлаас халсан болоод өнгөрлөө. Гэтэл хорих байгууллага нь бүхэлдээ болохгүй. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь ч ноцтой байна. Би нэг удаагийн баримтаар хэлж байгаа юм биш. Бид 2003 оноос хорих ангиудад шалгалт хийж, шийдвэр гүйцэтгэлийн хуулиудыг ажлын хэсгийг би ахалж ажилласан. Тэр үед “Би 10 сая төгрөгөө хүнд залилуулчихлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тэр мөнгийг гаргуулж өгөхгүй байна” гээд өргөдөл өгч байсан хүн бий. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагчийн хувьд асуудал тавьж, Чойжанцан даргад хүргүүлж байсан. Өнөөдөр тэр хохирогч “Таны 10 шахам жилийн өмнө өгсөн үүрэг даалгавар огт биелээгүй. Нөгөө хулгайч гадаад, дотоодгүй явж байдаг. Би өнөө хүртэл хохироод явж байна” гэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчид өр барагдуулсны 10 хувийг авч, үнэгүй орон сууцанд орцгоож байна. Гэтэл хохирсон хүн хохирсон дээрээ хохироод явж байж таарахгүй. Сүүлийн үед банкууд өр хохирлоо олж авахын тулд шийдвэр гүйцэтгэлийн ажилтнуудын гарыг хүндрүүлдэг асуудал гарч байна. Ийм байхад тэр эрхийг нь банкуудад нь өгчих л дөө, шийдвэр гүйцэтгэлийнхэнд төсөв зарж, төрийн хувцас формоор хангаад яах юм бэ. Уг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс зайлсхийдэг хүмүүсийг барьж хорьж, нийгмээс тусгаарлах ёстой. Хүний эрхийг хангах үүрэгтэй юм биш үү. ХЗХ-ын хохирогчдын асуудал байна. Битүүмжилсэн хөрөнгүүд хаачив, тэр хүмүүс хохирсон хэвээр, байн байн жагсаал цуглаан хийж Төрийн ордон гороолоод, Ерөнхий сайдыг улалзуулаад л. Монгол Улсад хууль ингэтлээ завхарч байна. Авлигачид, албан тушаалаа урвуулан ашиглагчид байна. Гэхдээ ганц Ардын намынхан ингэдэг гэвэл учир дутагдалтай. АН-ынхан ч тэр дотор байна. Өнөөдөр нүүрс, алт, зэс гээд Монголын баялгийг сая сая ам.доллар болгоод гадаадын банкинд данс нээлгээд хийчихсэн хүн Монголын төрд дүүрэн байна шүү дээ. Үүнийг хууль, шүүхийн байгууллага, үзэл бодол, намаар ялгаварлалгүй шударгаар шалган шүүж олон нийтэд харуулаад зогсохгүй хариуцлага хүлээлгэх учиртай. Тэгж байж олон нийт шударга байна гэж харна.