Х.ХУЛАН

“Довын гуанз” гэхээр мэдэхгүй хүн үгүй байх. Улаанбаатар, Дундговь, Өмнөговь аймгийн хоо­ронд зор­чигчид Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт дахь Довын гуанзаар дай­ралгүй өн­гөрөх нь ховор. За­хиалсан хоолыг хэд­хэн минутын дотор хэмжээг нь яг таг таа­руулан хийчи­хээд сууж байдаг. Өдөр ч, шөнө ч цагийн хуваарьгүй өр­нөх гэр гуанзны эздийн амьдрал ямаршуухан бай­даг бол гэх бодол хэ­зээнээсээ л сонирхол тат­даг байв.

Өмнө нь олон удаа үйлчлүүлээд гарч бай-сан ч, ихэнхдээ яаруу сандруу явдаг болохоор асууж төвдөлгүй өн­гөрдөг байсан зүйлсээ сонирхож, хэсэг зуур “хэрэгт дурлахаар” ший­дэв.

Улаанбаатраас Дундговь руу томилолт өвөртөлсөн бид “уламжлал ёсоор” Довын гэр гуанзанд саатсан нь Х.Ёндонгийнх. Тэрээр эхнэр Д.Отгонтойгоо хамт найман жил энд амьдарч байгаа гэнэ. 30 гаруй насны залуухан улс юм.

Биднийг очиход гэрийн эзэн байсангүй. Үхэр малаа хашаанд нь хийж яваа гэнэ. Эзэгтэй биднээс цуйван, гурилтай шөлний захиалга аваад хийж эхэллээ. Хоол хийх зуураа бидний асуултад хэдхэн үгээр, тун ч даруухан хариулна. Энэ үеэр гэрийн гадна мотоциклийн дуу гарахад, “Манай хүн ирж байна. Гэрийн гадаа зогссон машиныг хараад ирж байгаа байх” гэж Д.Отгон хэллээ.

Сониноос яваа улс эхнэ­рийнх нь хэл амыг сугалчих шахаж байхыг харсан тэрээр хэсэг зуур бидэнтэй хууч хөө­рөлдөж сууснаа, гэрэл зурагчинг зургийн апаратаа авчрах сургаар, “Би явж аавын мотоциклийг янзаллаа” гэсээр сандран гарч одов. Биднийг тэндээс яван явтал тэрээр эргэж гэртээ орж ирсэнгүй.

Х.Ёндон, Д.Отгон хоёр Төв аймгийн Сэргэлэн суманд төрж өссөн улс. Дунд сургууль төгсмөгцөө малчин болсон тэд одоогоос 18 жилийн өмнө ха­нилжээ. Баян-Өнжүүлд нүүн ирж гэр гуанз ажиллуу­лахаа­саа өмнө тэд Сэргэлэн сумын үнээний фирмд ажилладаг байж. Гэвч энэ фирм нь сүүлдээ байхгүй болж, тэд хэдэн үхрээ аваад энд нүүн иржээ. Анх тэднийхийг энд ирэхэд ердөө 4-5 айл байжээ. Харин одоо 20 гаруй айлтай, дэлгүүр хоршоотой суурин газар болсон байна.

Ингээд гэрийн эзэгтэй Д.Отгоныг бидэнд хоол хийж өгөх зуур нь хөөрөлдсөнөө хүргэе.

 

-“Довын гуанз”-ны айлууд анх хэдийнээс энд ирсэн юм бол. Яагаад чухам энд бий болсныг мэдэх үү?

-Энэ бол Төв аймгийн Сэр­гэлэн, Баян-Өнжүүл, Баян­цагаан, Алтанбулаг гэсэн дөр­вөн сумын залгаа нутаг л даа. Хамгийн анх Довын хайрханы дэргэд, эндээс хойшоо 20-иод км зайд Дундговь аймгийн харьяат хангал хочит Мөнхөө /жинхэнэ нэр нь Мөнхтуяа/ гэж эр чингэлэг авчраад гуанз ажиллуулж ирсэн юм билээ. Тэрээр жолооч хүн байсан болохоор энд хоолны газар хэрэгтэйг олж харсан шиг байгаа юм. Нийслэлээс 100 км шүү дээ. Мөнхөөгийн ажил­луулж байгаа гуанз ихээхэн ашигтай байгааг харсан хамаатан садангаас нь эхлээд хүмүүс  энд нэг, хоёроороо бууж ирсээр байгаад одоо суурин бий болсон байна. 

-Ашиг орлого хэр байна даа. Үнээний фирмд ажиллаж байснаас амар байна уу, эсвэл?

-Амар байлгүй яах вэ. Хамгийн ихдээ өдөрт 150 мянган төгрөг олж байсан өдөр бий. Яахав, огт хоосон байх өдөр гэж байхгүй. Боломжийн орлоготой шүү дээ. Хөдөөд хотынхон шиг гадуур хоол идэж, машин унаанд сууж мөнгө үрнэ гэж байх биш.

-Жаазан дахь зургаас чинь харахад танайх нэг охинтой бололтой. Хэдэн настай вэ?

-Энэ жил арваннэгдүгээр анги. Ирэх жил оюутан болно. Сэргэлэн сумын төвд манай аавынд байдаг юм. Хичээлтэй болохоор сурагчийн амралт болохоор л гэртээ ирдэг. Охин ирэхээр бид хоёрын нар гарна шүү дээ. Би “ахлах” тогооч болдог юм /инээв/. Гар хөлийн үзүүрт зарагдаад амар байдаг. Гэр орон цэвэрлэх, хоол унд бэлтгэх гээд бүх ажилд тусална. Байж байгаад яваад өгөнгүүт нь би гэдэг хүн чинь хэсэг балмагдана шүү дээ.

-Охин чинь оюутан болоод очих хамаатан садан хотод бий юү?

-Бий нь ч бий. Гэхдээ хамаатан садныдаа байх дэмий л гэлцэх юм байна шүү дээ. Оюутны байр л бараадуулж таарах байх. Хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөө ганц охиныхоо боловсролд зарцуулна даа. Ямар ч байсан охиныг дээд сургуулиа төгстөл нь нөхөр бид хоёр эндээ амьдарна гэж бодож байгаа.

- Ойрын үед зуншлага ямар байна даа?

-Сүүлийн хоёр жил бол сайхан байна. Өмнөх жилүүдэд нөхөр малаа аваад оторт гарчихдаг байсан. Одоо бол гэрээсээ холдохгүй амар л байна.

-Нөхрийгөө эзгүй байхад явуулын хүмүүсээс айж ичих тохиолдол хэр гэрдэг вэ?

-Гаралгүй яахав. Согтуу хүмүүс хэцүү. Болж өгвөл агсам таьчих гээд, хамаг юм түчигнүүлчих гээд хэцүү. Яах вэ, ийх вэ гэж аяыг нь олж байгаад гаргахгүй бол хэцүү л дээ. Гэхдээ яахав, манай хадам аавынх, бас хадам дүүгийнх бас энд бий. Тэд байгаа болохоор ханьтай.

-Гэхдээ хүмүүс архидаж согтуурах нь одоо багасч байгаа байх?

-Манай эндхийн адуучин залуус бол ууна шүү дээ. Оройд хийх юм олдохгүй тэгдэг юм уу, ууна, согтоно. Тэгээд хоорондоо зодолдох үе цөөнгүй бий.

-Зочид өдөр, шөнө ялгалгүй бууж хоол иддэг үү?

-Тэгэлгүй яахав, хэзээ л орж ирээд хоол иднэ гэнэ, тэр болгонд нь л хийж өгнө. Ер нь шөнө бүтэн нойртой хононо гэж байдаггүй юм.

-Нэг хоол ямар үнэтэй вэ. Зочдын дунд янз бүрийн ааш аягтай хүмүүс их тааралдана биз?

-Нэг таваг хоол 4000 төгрөг байдаг юм. Бид ихэнхдээ л цуйван, шөлтэй хоол хийдэг юм. “Гуляш идмээр байна”, “Ямар үнэтэй хоолтой юм” гэж загнах хүмүүстэй үе, үе таарна.

-Хоол хийх мах, гурилаа хаанаас авдаг вэ. Хот руу хэр олон явж байна?

-Эндхийн дэлгүүрээс авдаг. Махаа малчдаас авна. Хонины мах нэг кг нь 5500-6000 төгрөгийн үнэтэй. Бид “Улаанбаатар” гурил хэрэглэдэг. Сайн гурилтай байхгүй бол болдоггүй юм. Сүүлийн үед “Алтан тариа”-гийн гурилын чанар муудаад, хоол хийхээр түүхийрдэг болчихоод байгаа.

Хот руу олон явдаггүй юм аа. Хамгийн сүүлд цагаан сарын өмнө явж, “Нарантуул” зах орчихоод ирсэн. Хотоос наашаа автобусаар ирэх юм бол нэг хүн 6000 төгрөг төлдөг. Харин хувийн унаанд бараа таваар ачуулж ирэх болвол 20 мянган төгрөг төлдөг юм.

-Цагаан сараар ид сайхан баярлаад сууж байтал замын хүн ороод ирвэл яадаг вэ?

-Монгол хүн байна даа, буузаа жигнэж өгөөд л гаргана шүү дээ/инээв/. Ер нь Цагаан сараар манай эндхийн айлууд хөлд дарагддаг.

Энд байгаа 20 гаруй айл бүгдээрээ бие биенийдээ орж золгоно. Дээрээс нь хотоос холгүй болохоор нийслэлээс хамаатан садангууд ирж золгоно. За тэгээд замын хүмүүс ч их орж ирнэ. Ингээд жижигхэн гэлтгүй энэ суурин хүний хөлд жинхэнэ дарагдана шүү дээ. Бас намар болгон бид нэг өдөр гуанзаа хаагаад хайр­ханаа тахиж наадам хийдэг.

-Баяраас бусад өдөр уйддаг уу. Бас ч гэж залуу хүн болохоор өдөр, шөнөгүй хоол хийсээр байх нь хэцүү санагдах үе байна биз?

-Юундаа уйдах вэ дээ. Үнэндээ уйдах ч зав гардаггүй шүү дээ. Орой үнээ малаа саана. Хүн амьтан байхгүй үеэр хоолныхоо гурилыг элдэж жигнэж бэлдэж тавина гээд ажил үнэндээ мундахгүй.

-Бэлэн хоол хийчихээд хүн хүлээгээд сууж байдаггүй, захиалга авангуутаа хийж эхэлдэг болохоор олон хүнтэй үед сандарна биз?

-Олон хүн ирээд хоёр ян­зын хоол захиалчихвал жаахан сандарна. Халаасан хоол хүнд өгч болохгүй болохоор тэгээд л хийхээс өөр аргагүй шүү дээ. Нэг ёсондоо бид чинь хотын өндөр зэрэглэлийн ресторануудын үйлчилгээг үзүүлж байна шүү дээ. Хоолыг үйлчлүүлэгчийнхээ нүдэн дээр шууд хийж өгч байна.

-Мэргэжлийн хяналтынхан шалгалт авдаг байх. Татвар төлдөг үү?

-Аймагтаа очиж ариун цэврийн болон бас бус шалгалт өгнө. Бас заавал тогооч мэргэжилтэй байх ёстой. Би аймагтаа тогоочийн курс төгссөн. Бид сар бүр 4000 төгрөгийн татвар төлдөг л дөө. Нэг таваг хоолны л мөнгө шүү дээ. Тэгэхээр энэ дээр хүндрэл гараад байдаггүй юм.

-Энэ хавийн айлууд хэр эв түнжинтэй вэ?

-Бие биенээ түшээд олон жил болчихсон болохоор хоорондоо их сайн. Бидний дунд нэг ахлагч бий. Тэр хүн энэ хавийн хог хаягдлыг цэвэрлүүлэх гэх мэт зохион байгуулалтын ажлыг хариуцдаг юм.

 

Бидний яриа энэ хүрээд өндөрлөсөн юм. Дундговь ай­магт ажилласан манай сур­валж­лах багийн томилолтын хугацаа  дуусч, хоёр хоногийн дараа “Довын гуанз”-нд дахин саатлаа. Д.Отгоны гарын цуй­ванг идэхээр их л танимхайрч Х.Ёндонгийнд яваад ортол хаалга нь түгжээгүй ч гэрт хүн байсангүй. Гал дээр тогоо дүүрэн гурил жигнэж байна. Эзэгтэй ойрхон байгаа байх гэж бодоод хүлээсэн ч орж ирэхгүй нэлээд удав. Цаг орой болсон, туулах зам бага биш болохоор арга буюу хажуугийнх нь гэр гуанз руу нь орлоо. “Амьдралын тойрог”-ийн маань гол баатар үнээгээ саахаар явсныг хөрш нь бидэнд дуулгав. Нээрээ л уйдах завгүй амьдралтай хүмүүс юм даа, Довынхон.