Профессор С.ОДХҮҮ
Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Философийн ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон “Монголын хөгжлийн философи /асуудал, аргачлал, ашиг тус/” УБ., Сэлэнгэ пресс 2013, -195т онолын сэтгэлгээний шинэ ном хэвлүүлжээ.
Энэхүү номонд хөгжлийн тухай онолын түвшний ойлголт, Монгол Улсын хөгжлийн өнөөгийн байдал, хүрсэн түвшин, цаашид улс орноо хөгжүүлэх боломж, гарц, бодлогын үндэс, хуримтлагдсан болон анхаарах тулгамдсан асуудал зэргийг өнөөгийн нөхцөл байдал, баримт нотолгоонд тулгуурлан гаргалгаа дүгнэлт хийж онолын үүднээс авч үзжээ.
Номын шинэлэг, давуу тал, ач холбогдол нь монголын хөгжлийн философийн асуудлыг хөндөж тавьсанд, нийгмийн ухамсарт, олны сонорт хүргэсэнд, түүнийг зайлшгүй боловсруулах цаг болсныг, шаардлага тулгарсныг анхааруулсанд, асуудлыг үзэл баримтлалын болон аргачлалын хувьд үндэслэсэнд, хөгжлийн байж болох зөв, оновчтой хувилбар, гарцыг санал болгосонд, улс орон хөгжих өөрийн, өвөрмөц арга замыг дэвшүүлсэнд, хөгжлийн философийг бий болгоход эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд сэтгэл зүрхнээсээ оролцохыг уриалсанд оршино гэж үзэж байна.
Зохиогч удиртгал бүлэгтээ “цаг нь болохоор үгээ хэлдэг философи сэтгэлгээний жам”89 ёсоор монголын хөгжлийн философийг боловсруулах шаардлага, боломж, нөөц, арга замын талаар дэлгэрэнгүй авч үзжээ. Эхний хэсэгт “улс төрчдийн хоосон сурталчилгааны бамбай болж хэрэглэгддэг”106 “хөгжил” гэдэг философийн ойлголт бүрэлдэж бий болсон учир шалтгаан, учиг сурвалж, утга агуулгаас авахуулаад хөгжлийн тухай янз бүрийн үзэл онол, урсгал чиглэл, төлөв хандлагыг онолын үүднээс авч үзэж, харьцуулан жишиж, нэгтгэн дүгнэж, хувийн байр сууриа илэрхийлэн “хөгжил бол юмс, үзэгдэл өөрөөсөө салаалан цэцэглэж, салаалсан нь бие даан төгөлдөржиж, эргээд нэгдмэл болгодог холбоонд орж, найрсах үйл явц, найрссан төрх байдлыг заасан нэр томъёо” /18/, ”ахиц дэвшлийн явц дахь ялгарал”79 гэсэн өөрийн даацтай, багтаамжтай тодорхойлолтыг өгчээ.
Улмаар, хөгжилд “хэм зохицлын илрэл, хөгжлийн утга, чухал үзүүлэлт” /21/ болж өгдөг найрслын ач холбогдол, ангилал, төрөл зүйл, нөлөө, үр дагаврын асуудлыг нийгмийн орон зай, цаг хугацаанд авч үзсэн нь танин мэдэхүйн хувьд сонирхолтой болжээ. Түүнчлэн Монголын тусгаар тогтнолд, хөгжлийн философид монгол цуст, алдарт сэтгэгч В.И.Лениний холбогдох тухайд, түүний үзүүлсэн нөлөө, оруулсан хувь нэмэр,сэтгэл зүтгэл, үүрэг оролцоо, үг сургаал, санал зөвлөгөөг /23-38, 60-61 дэх талууд/ тодруулан авч үзсэн нь ,бодоод байхад, их учир холбогдолтой, түүхэн улбаатай, алсын хараатай мэт ээ. Энэ хэсэгт хөндөгдсөн асуудал, дүн шинжилгээг хэн ч няцааж чадахгүй, хүлээн зөвшөөрч, санал нийлэхгүй байж чадахаархгүй сайн болжээ.
Эндээс ургуулан монголын хөгжлийн философи дахь тусгаар тогнолын асуудлыг авч үзсэн нь агуулга, арга зүйн болон эрэмбийн хувьд оновчтой байна. Тусгаар тогтносон, бүрэн эрхт улс орны үндсэн шинжүүдийг хэд хэдэн чухал санаагаар /39-40 дэх тал/ тодорхойлоод, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хадгалан хамгаалахад, өмгөөлөн бэхжүүлэхэд түүхийн ээдрээтэй он жилүүдэд, гадаад дотоодын амаргүй нөхцөлд МАН-ын гүйцэтгэсэн үүрэг, мөнхийн гавъяаг бодит баримтад тулгуурлан итгэл үнэмшилтэй авч үзжээ.
Монголын хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд гадна, дотнын шахалт, дарамт, хатгалаг явуулга, баруунтан зүүнтны холбирол, эдгээрээс үүдсэн хүндрэл бэрхшээл, зөрчил тэмцэл, алдаа завхрал ч гарч байсныг бас дурджээ. Хөгжлийн чиг шугамын асуудлаар санал зөрөлдөөн гарч, төөрөгдөлд хүрч, хохирол амсаж байсан ч цаг үеэ зөв үнэлж, жанжин шугамаа алдаагүй явж ирсэнийг ч тэмдэглэжээ.
Монгол Улсын хөгжлийн үе үеийн чиг шугам, гол бодлого нь МАН-ын 4 удаагийн Программд тусгалаа олж, улс орноо өнөөгийн түвшинд хүргэхэд үр өгөөжөө өгч чадсан юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хөгжлийн бодлогыг МАН өөрийн удаа дараагийн улс төрийн баримт бичгүүддээ боловсруулан хэрэгжүүлж ирснийг зүй ёсоор үнэлжээ. Хөгжлийн үе, үед “нийгмийн амьдралын салаа мөчрүүдийг хөгжүүлэх зорилт дэвшүүлэхдээ асуудалд тал бүрээс нь, иж бүрэн хандан урд, хойтохыг хамруулан сэтгэх явдал” 71 байсныг онцлоод МАН-ын Программ бүр намаас улс орны олон талт амьдралыг удирдан жолоодож, ард түмний амьдралыг дээшлүүлэхийн төлөө зүтгэж, түүхэн туршлага сургамжид тулгуурлан, тухайн үеийнхээ нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлж ирсэн хэмээжээ. Номын нэг давуу тал, ач холбогдол нь үзэл баримтлалын болон аргачлалын тулгамдсан асуудлыг дэвшүүлэн тавьсанд оршино. Зохиогч: “асуудал дэвшүүлэх нь судалгааны зорилгоос гарч ирдэг” /84/, онолын судалгаанд арга зүй, аргачлал нэн чухал, “хөгжлийн бодлого боловсруулах баримжааг чиглүүлсэн философи үндэслэгээ зайлшгүй хэрэгтэй” /85, гар санаа нийлбэл хөгжлийн бодлогын философиийг амьдралд хэрэгжүүлж чадна”/85/ / гэсэн санааг удирдлага болгон ажиллаваас амжилтад хүрч болохыг, үндэстэн өөдлөн дэвжихийг зөвлөсөн байна.Хийсвэр сэтгэлгээг төлөвшүүлэхэд, онолын салбарыг хөгжүүлэхэд философийн ухаан, сэтгэхүй чухал үүрэгтэйг онцлоод философийг хэрэглэх гэдэг нь танин мэдэхүйн асуудалд холбогдоно. Онолын салбар дахь төөрөгдөл нь практикт алдаа болон хувирдаг, буруу шийдвэр нь сөрөг үр дагаварт хүрч, амьдралд хүндрэл бэрхшээл учруулдаг хэмээжээ.Профессор Б.Даш-Ёндонгийн тэмдэглэснээр: “өөрчлөлт шинэчлэлийн жилүүдэд Монгол Улсаа хөгжүүлэх талаар төр засаг, намуудын эрээвэр, хураавар элдэв баримт бичиг зөндөө гарсан” /92/ ч бүхэлд л дүгнэвээс “энд монголын хөгжлийн философи үгүйлэгдэж, цаад угийг нь барьж зангидах сэтгэлгээ дутагдсан”/мөн тэнд/ учраас үр дүнд хүрч чадахгүй байна. Тэрбээр “элдэв янзын хуулбар, мөрөөдөл, дүрслэлээс цааш хэтрэхгүй хөгжлийн загвар” гэгч хийсвэр баримт бичигт шүүмжлэлтэй хандаад өөрийн өвөрмөц онцлогт тохирсон онолд тулгуурлахгүйгээр хөгжлийн тухай ярьж болохгүйг анхааруулж, “ерөнхийг яаж өөр дээрээ буулгаж, тусгайг яаж өөрөөсөө гарган харуулах вэ гэдгээ нарийвчлан бодсон аргачлалаар”/109/ хандсан “хөгжлийн философи нь улс орноо хөгжүүлэх бодлогыг боловсруулах онолын үзэл баримтлал болох учиртай”/101/ гэжээ. Энд зохиогчийн хийсэн “үзэл баримтлал бол загварчлалаас хамаагүй амилаг, уудам чөлөөтэй, өргөн бололцоо олгох зам заасан сэтгэлгээний дүн юм”/101/ гэсэн дүгнэлтийг онцлон дурдвал зохино.
Монголын хөгжлийн философийг боловсруулахад анхаарвал зохих зарим өвөрмөц “онцлог” асуудлыг нийгмийн нөхцөл байдал, сөрөг болон эерэг үзэгдэл, бидний сул болон давуу талтай харьцуулан авч үзсэн нь практик ач холбогдолтой, сургамжтай болжээ. Зохиогч хөгжлийн бодлогод заавал харгалзвал зохих асуудлуудад нүүдлийн болон бэлчээрийн мал аж ахуйн зохицол, үндэсний аж үйлдвэрийн хөгжил буурал, гадаадын тусламж “дэмжлэг”, хүн ам, газар нутгийн харьцаа, их нүүдэл, хотын төвлөрөл, байгалийн нөөц баялаг, түүний ашиглалт хамгаалалт, гадаадын хөрөнгө оруулалт, түүний эерэг, сөрөг тал, зарим компани, аж ахуйн нэгжийн дур зоргоороо авирлах хандлага, геополитикийн орчин нөхцөл, нийгэмд үүссэн баян, хоосны ялгаа зааг, хээл хахууль, авилга, нийгэм дэх талцал хуваагдал, засаглалын хомсдол, дэг журамгүй, сахилга хариуцлагагүй байдал, боловсролын тогтолцооны дампуурал /112-116 дахь талууд/ зэрэг бидний сэтгэл дундуур байгаа үзэгдлүүдийг тоочоод өөр ч олон хүчин зүйл нэрлэж болохыг бас тэмдэглэжээ.
Хөгжлийн философийн хэрэгцээ нь иймэрхүү сөрөг үзүүлэлт, нийгэмд харш үзэгдлүүдийг даван туулах зорилгоор бас дэвшигдэн тавигдаж буйг онцлоод “хэрэв бүх юм хэвийн байсансан бол хөгжлийн философийг боловсруулах шаардлага үүсэхгүй байсан” /116/ билээ хэмээжээ.
Түүнчлэн үндэсний хөгжлийн философидоо “монголын жам ёсны онцлог-газар нутгийн байдал, ард олны өвөрмөц зан заншил, үндэсний соёл, шашин шүтлэг, нутаг дэвсгэрийн байршил, тулгарч байгаа хэрэгцээ, ард түмний аж төрөх ёс” /116/ зэргийг ч харгалзах нь зайлшгүй болохыг онцолсон байна.
Монголын хөгжлийн философитой боллоо гэхэд ашиг тус нь юунд орших, яаж гарах, тэр нь хэнд хэрэгтэй, түүнийг хэн бичиж боловсруулах, судалж сурталчилах, хэн, яаж хэрэглэх, ямар үр дүнд хүрэх зэрэг практик асуудлыг хэрэглэгээ талаас нь дэвшүүлэн тавьж хариулт өгөхийг зорьжээ.
Монголын хөгжлийн философи гэдэг нь уламжлалт үзэл суртал биш үү гэсэн асуулт хөндөгдөн, шүүмжлэл гарвал “энгийн ухамсар дахь илэрхийллийн утгаар авч үзвэл хөгжлийн философи нь үзэл суртал мөн” /118/ хэмээжээ.
Хөгжлийн философийг шинжлэх ухааны үүднээс боловсруулж чадвал: “энгийн ухамсрын үзэл санааны байдлаар тархаж чадна” /118, “онол мөний хувьд үзэл санаа болж чадна”/118/, улмаар хүмүүсийн нүдийг нээж, араасаа дагуулах өгөх учиртай ажээ.
Монголын хөгжлийн философи ньзохиогчийн үзэж байгаагаар “шинжлэх ухаанч судалгаагаар гарч ирэх үзэл санаа мөн бөгөөд эл үзэл санаа сурталдагдан тархаж, энгийн ухамсарт шингэж байж л хүмүүст нөлөөлж, ашиг тус болж чадахсан билээ. Энэ философийг зөвхөн сэтгэл зүрхээ зориулсан нөхдийн хамтын хүчээр л боловсруулж чадна, бас ойлгож чадна” /119/
Профессор Б.Даш-Ёндон энэ бүлэгтээ нийгмийн оюун санааны амьдралд дутуу ач холбогдол өгч ирснийг дурдаад, түлхүү анхаарах ёстойг анхааруулжээ. Тэрбээр “хүмүүс оюун ухаанаараа бүхнийг зохицуулдаг” /120/, “оюун санааны амьдралыг зөвхөн оюун санааны үзэгдэлтэй адилтгаж болохгүй” /121/, “эдийн засгаа амьдруулах, улс төрийн бодлогоо зохицуулах нь оюун санааны хэрэг” 104 учир нийгмийн “оюун санааны амьдралыг тоож үзэхгүй байх нь дэндүү их урхагтай” /120/ гэжээ.
Хөгжлийн философи нь зөвхөн философич, нийгэм судлаачид, улс төрчдөд л хэрэгтэй төдийгүй “түүнийг мэргэжлийн нөхөд хамтран боловсруулах” /123/, “эдийн засагчид идэвхитэй оролцох” /124/, “монголын өнөөгийн байдал, цаашдын төлөвийн асуудлыг философи сэтгэлгээний үүднээс судалж үр дүн буюу олдсон санааг нийтийн хүртээл болгох талаар анхаарч ажиллах” /123/, “бодит амьдралд аль болох ойртох”/мөн тэнд/ хэрэгтэйг зөвлөж, нийгмийн янз бүрийн бүлгийнхэн, “малчид, тариаланчид, жижиг дунд үйлдвэрлэгчид, хувиараа бизнес эрхлэгчид энэ философийг ойлгоно оо, гол нь ойлгуулах ажлыг сайн хийх”/126/ учиртай хэмээжээ. Улмаар хөгжлийн философийг “сайн ойлгож чадсан хүн өөрөө ашиг олох, бусдад тустай зүйл хийх арга замаа олж чадах” /126/ учир холбогдолтойг зөвлөжээ.
Түүнчлэн хөгжлийн философийн үзэл санаа “ядуу, ажилгүй хүнд дам утгаар тус дэм болно” /126/, баян хүнд ч хэрэгтэй, “улс төрчдөд, бодлогод чухал санаа өгч, хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой” /127/, түүнийг “судалж, эзэмших нь улс төрчдийн үүрэг” /мөн тэнд/ гээд “хөгжлийн философи бол хугацаа заадаг хөтөлбөр биш, ажлын төлөвлөгөө ч биш” /127/, төр,засаг, хаа нэгтэйгээс гаргадаг элдэв төрлийн “үзэл баримтлал”, “бодлого”, “хөтөлбөр”, “мастер төлөвлөгөө” гэгчдийн нийтлэг үндэслэл, цаад баримжаа нь /онцлов С.О./ болж өгөх ёстой” /127/ гэсэн зарчмын дүгнэлт, онолын гаргалгаа хийсэн нь нэн чухал гэж үзэж байна.
Монголоо хөгжүүлэхийн тулд “бидэнд нэгдсэн ойлголт 137, бас “нэгдсэн сэтгэлгээ” 72, үзэл санааны нэгдэл хэрэгтэй. Энэ ойлголтыг Монголын хөгжлийн философи үндэслэх хувь зохиолтой” /137/ болохыг чухалчлан тэмдэглэсэнд анхаарахгүй байж болохгүй санагдана. Улмаар “намууд, хүмүүс, улс төрийн зүтгэлтнүүд нэгдсэн ойлголттой болох, бидний нэгдсэн ойлголт л бидний хаан байх учиртай” /мөн тэнд/ гэсэн чухал санааг бодлого, үйл ажиллагаандаа удирдамж болговол зохино.
Нийгмийн амьдралын бүх хүрээ, салбарт үл ойлголцол, хуваагдал, талцал, хагарал бодитой болсон өнөөгийн нөхцөлд улс төрийн намууд зөвшилцөж байна, харилцан ярилцаж байна, намууд нэгдсэн ойлголтод хүрлээ хэмээдэг ч “улс орноо хөгжүүлэх философижсон үзэл баримтлал дээр санаа бодол нь зангидагдаагүй” /136/ учраас үр дүнд хүрдэггүй. Энэ бол зохиогчийн онож хэлснээр “улс төрийн сэтгэлгээ учраа олохоо больсны бодит баримт”, “ядарсан сэтгэлгээний илэрхийлэл”, /136/, “онолыг сонирхохгүй болсны уршиг” /137/ мөн.
Профессор Б.Даш-Ёндон “олхиогүй улс төр нийгмийн хөгжил дэвшилд саад болж байдаг” /139/ хэмээгээд “зарим улс төрийн нам улс орноо хөгжүүлэх нэгдсэн санааг хайх нь битгий хэл Үндсэн хууль, бусад хуулиудыг огт тоомсорлохгүй авирлаж байгаа нь хэн бүхний урмыг хугалж, ирээдүйдээ итгэх итгэлийг нь алдагдуулж байна” /132/, улс төрийн намууд “сонгогчдыг яахаа мэдэхгүй болтол нь үймүүлдэг” /135/, ““би мэднэ” гэж ширээ тохойлдон лаглайн суучихаад цаана, нийгэмд юу болж байгааг мэдэхгүй аашилбал, Монголд онолын сэтгэлгээ ч хөгжихгүй, улс төр гээч нь ч зөв замаар явахгүй нь тодорхой” /137/ гэсэн нь хатуу боловч үнэн дүгнэлт болжээ.Төрийн түшээ, нийгмийн зүтгэлтэн хүртэл улс төр гэдгээ өөрсдөө ойлгохгүй байгаад харамсаад “санааны зоргоороо авирлахыгаа” /147/, “албан тушаалын төлөө зүй бусын аргаар тэмцэхийгээ “улс төр хийж байна” хэмээн ярьцгаадаг болж”/140/, гэтэл “улс төр гэдэг чинь тухайн мөчид “хийгддэг” үзэгдэл үү, эсхүл байж байдаг үзэгдэл үү? Улс төр гэдэг бол байж байдаг үзэгдэл, ийм болохоор түүнд зөвхөн оролцдог юм” 140 хэмээснийг дахин дахин бодож үзмээр юм шиг ээ.
Монголын хөгжлийн философи боловсруулах нь “улс төрийн тусгай баримт бичиг гаргана гэсэн хэрэг биш” /130/, харин “улс төр, үзэл сурталд хавчигдаагүй задгай шинжилгээний үр дүнд гарч ирэх ёстой” /131/, “шинжлэх ухааны судалгааны үр дүн болсон үзэл санаа” /131/ мөн хэмээжээ. Хөгжлийн философи нь “гадны гарвалтай аливаа хөндий хийсвэр онол сургаал, санал зөвлөлжид бус, улс орныхоо бодит байдлыг харгалзан үндэсний ардчилсан үзэл санаанд тулгуурласан бодлогын философид суурилж байх ёстой” 74 ажээ.
Зохиогчийн тэмдэглэснээр “бодлогогүй байснаас, эсвэл бодлогод алдаа гаргаснаас, эсвэл нийгмийн амьдралын үйл явцыг урсгалд нь тавьснаас” хөгжилд саад учруулах сөрөг үзэгдлүүд газар авч, монголоо алдах “хөгжил”, хөгжилгүй хөгжлийн шинж тэмдгүүд илрэх болсонд санаа зовоод ийм арчаагүй байдалд “хойч үеэ оруулахаас сэрэмжлэх, сэрэмжлэхээр барахгүй сэргийлэх ёстой, ёстой төдийгүй үүрэгтэй” 76 хэмээсэн нь эх оронч, эрдэмтэн хүний захиас даалгавар мөн гэж үзэхээс аргагүй юм.
Монголын хөгжлийн философийг боловсруулахад одоо үед голлон анхаарах нэг зүйл бол уул уурхайн асуудал болоод байгаатай уялдуулан “өөрсдийн газар шороог сүйтгэдэг улс үндэстэн өөрийгөө л егүүтгэнэ” хэмээн Фрэнклин Д.Рузвельт хэлснийг сануулаад “газрын хэвлий дэх баялгаа ашиглах нь зүйн хэрэг боловч “яаж”, “хэзээ”, “ямар байдлаар” гэдэг нь маш том асуулт, асуудал юм”/150/, “газрын хэвлийд улсын гуравдахь хилийг тогтоох ёстой” /153/, “газрын хэвлийн баялгаа бид ашиглах хэрэгтэй ч заавал өөрийгөө хордуулж, гадаадын идэш болгох замаар түүнээ ашиглах ёстой юм уу?”/160/ гэдгийг хөндсөн сургамжтай үгийг төр, засаг харгалзан үзэх тэнхээ, ухаан байгаа эсэхэд эргэлзжээ. Зохиогчийн харамсан тэмдэглэснээр “шулуухан хэлэхэд, эрх мэдэлтнүүдийн буруугаас болж монгол төр гадаад, дотоодын компаниудын дарангуйлалд автчихаж болохгүйсэн билээ”/152/, “дэлхийн том гүрнүүдийг уул уурхайн түүхий эдээр хангадаг олборлолтын хавсарга орон болчих ёсгүй”/159/. Үүнтэй холбогдуулан олон улсын болон мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа гаргасан үнэтэй санал зөвлөмж, онвчтой анхааруулга санамжийг огт тоохгүй явж ирсэн нь харамсалтай.
Монгол Улс “яг эдүгээ үед цэгцтэй, бодлоготой сайхан хөгжье гэвэл мал аж ахуй, газар тариалан, уул уурхайг эрхлэх бодлогоо хооронд нь зөв уялдуулан зохицуулах” /154/, салбарууд салангид бус, өөр хоорондоо уялдаа холбоотой, “найрсан зохицсон, эв дүйд нь оруулах арга ухааныг судлах талаар төр, засгийн зүгээс зохион байгуулалттай арга хэмжээ авахгүй” /155/ байгаад шүүмжлэлтэй ханджээ. Түүнчлэн Монголын хөгжлийн асуудалд санаа тавихдаа өрөөсгөлдөн хандаж болохгүй, эрх тушаалтнй субъективизмийг давтан гаргах ёсгүй”/156/ гэдгийг ч анхааруулсан байна.
Хөгжил зөв байх ёстойг, хөгжих өөрийн гэсэн арга зам байх учиртайг зохиогч онолын хувьд үндэслэжээ. Энэ “зөв хөгжлийн цаад суурь нь, оюуны үндэс нь хөгжлийн үндэсний философи-онол баримтлал”/161/ байх, “түүнийг сайтар хэлэлцэж, зөв олох шаардлагатай”/161/ болоод байгааг ч дурджээ.
Номын IV бүлэг хөгжлийн философи дахь хүний асуудалд зориулагджээ. Нийгмийн хөгжил нь “хүнгүйгээр байж болохгүй, өрнөж ч чадахгүй”, “хүний ухаан сэтгэхүйн ахиц дэвшил, хүрсэн чадварын дүн, хэмжүүр”, “хүмүүсийн ухаан шийдлийн үр дүн” 163, “тухайн нийгмийн хүний амьдралд өөрт нь шинж чанар болоод суучихсан үзүүлэлт” /171/ хэмээгээд бусдыг “хүлээж сууснаар хүн өөрийгөө ч хөгжүүлж чадахгүй, нийгэм улс орноо ч хөгжүүлж чадахгүй” /171/ гэсэн ач холбогдол бүхий гаргалгааг хийсэн нь оновчтой болжээ. Бас бид “хөгжлөө жолоодохдоо хүний харьшил юм уу хүн өөрөө өөрөөсөө хүнийсэхэд хүргэхгүй байх бүхий л арга замыг тунгаан бодох ёстой” /171/ ажээ. Хөгжлийн дүнд монгол хүн одоо цагийн харьшил, хүнийсгэлээс ангижирсан, өөрийгөө мэдэрдэг, хүчиндээ итгэдэг, амьдралаас баяр баясгаланг амсаж цэнгэсэн, хуурамч биш, жинхэнэ эрх чөлөөг эдэлсэн, өөртөө дүйцсэн иргэн болох ёстой”/ 172/ гээд “нийгмийн хөгжлийн эцсийн зорилго үүнд оршино” хэмээжээ.
Хөгжлийн философийн асуудал нь улс орны тусгаар тогтнол /131/, хүн ардын үндэсний бахархалтай салшгүй холбоотойг онцолсон байна. Бидний монголчууд тусгаар тогтносон улс орондоо аз жаргалтай байгаа нь үндэсний бахархал юм хэмээгээд “үндэсний бахархал нь Монголоо тархиндаа багтааж авах гэсэн сэтгэлтнүүдийн эрмэлзлийн дүн”, “тухай үндэстний сэтгэлийн дуудлага, ухааных нь дуулал юм” /181” гэсэн онолын тодорхойлолтыг өгсөн байна. Монгол хүн монголоо тархиндаа багтааж чадаагүй байж дэлхийн хэмжээнд сэтгэх тухай ярьцгаавал хөгийн хэрэг болно” гээд” бид өөрийгөө сайн мэдэж, өөрснөөрөө бахархаж, энэ үндсэн дээр зорилго, зорилтоо ухаарч чадсан цагт л Дэлхийгээс юм олж авч чадна, хөгжлийнхөө өвөрмөц философийг боловсруулж чадна” /181/ хэмээн эрдэмтэн судлаачдыг, ард иргэдээ уриалан дууджээ. Үндэсний бахархал биднийг зоригжуулж, урам дэм өгч, хөгжил дэвшлийн төлөө тэмцэл, зүтгэлийг ухамсартай, зорилготой, оргилуун болгоход тус дэм болдог. Үндэсний бахархал нь хүмүүсийн эх оронч үзэлтэй нягт холбоотойг дурдаад “энэ хоёр үзэл авцалдан нэгдэж адилсаад үндэсний ардчилсан үзэл санаа болон цогцолчихвол бид улс орноо хөгжүүлэх оюун санааны түлхүүрийг оллоо гэсэн үг” /186/ хэмээснийг бүгдээр ойлгож ухаарвал сайнсан.
Профессор Б.Даш-Ёндон энэхүү номондоо цөөнгүй шинэ ойлголт, нэр томъёог хэрэглэн, утга агуулгыг нь өөрөө тайлбарлан, шинжлэх ухааны эргэлтэд оруулсан нь шинэлэг, дэвшилтэт зүйл гэж үзэх бүрэн үндэстэй бас ач холбогдолтой байна. Жишээ болгон эш татахад: даярчлал, дангааршлыг багтаасан даяаршихуй -9, хөгжлийн хүсүүстэй давуу тал-15, хөгжил дэх найрсал-18-19, зөв хөгжил, хөгжлийн өөрийн зам-хэд хэдэн газарт, монголоо алдах хөгжил-75, монголгүй хөгжил-75, хүнийсгэл-171, өөрийгөө алдсан, өөрөөсөө харьшсан хүн-75-76, философи дахь хувь шинж-109, хүний эвдрэл-195, сэтгэхүйн “хөгшрөл”-168, дагуулах үзэл санаа-121, зарчмыг зорилгод захируулах хандлага-143, олхиогүй улс төр-139, ухаан бодлын гэгээрэл, сэхээрэл-191, шинжлэх ухаанч мөрдөлгөө-195 зэргийг дурдахад хангалттай юм.
Зохиогч сүүлийн үед сүрхий яригдах болсон шууд ардчилал хэмээх ойлголт, үзэгдэлд айхтар шүүмжлэлтэй хандсаныг анхаарахгүй байж болохгүй. Түүний бичсэнээр “шууд ардчилал гээч нь Үндсэн хуулиараа тогтоосон төлөөллийн ардчиллыг үл тоомсорлож, манай нөхцөлд хөгжилд хүргэх нь бүү хэл, төрийн нэгдсэн бодлогыг алдагдуулсан задралд л хүргэх болно”79 гэсэн нь анхаарал, сонирхол байна. Эрдэмтэн судлаачид энэ гаргалгааг задлан шинжилж, иргэдэд утга агуулга, учир холбогдлыг тайлбарлан ойлгуулбал зохино.
Зохиогч номоо “улс төрөө, эдийн засгаа, хүн амынхаа ахуй амьдрал, оюун санааг гадаад, дотоодын дарамтад оруулдаггүй улс орон л өөрийн гэсэн зөв замаар хөгжиж чадна” /188/, “гадныхны үгийг дагадаг “өвчнөөсөө” салж”73, “ардчилал хөгжүүлж байхад нийгмийн дэг журам ямар хамаа байна”129” гэсэн арчаагүй хандлагаасаа ангижирч, “олон улсын геополитикийн хараанд онилуулчихаад байгаа Монгол орон тусгаар тогтнолоо хамгаалж /161/, Монгол Улс хүн ам нь баяр баясгалантай, урам зоригтой, сэтгэл амгалан ажиллаж амьдардаг орон болох ёстой” /192/ гэсэн өөдрөг үзлээр өндөрлөжээ. Үүний тулд хүн бүрийн хүчин зүтгэл, оролцоо үүрэг, “улс орноо гэсэн нэгэн үзүүрт, үнэнч бодол сэтгэл, авъяас чадвар, сайн санаа, зөв зорилго, урам зориг, эрч хүч, зүтгэл чармайлтын яруу найрсалд орох гэсэн эрмэлзэл хэрэгтэй болсныг” /195/ уриалан дуудсан байна.