Д.БОЛОРМАА

Шагай давсан цас хайлан байгаа энэ үед Ховдод анхны ногоо цухуйж байна. Нийслэлд өдөртөө хасах таван хэм хүйтэрч байхад Хар ус нуурын нутагт 18 хэм хүртэл дулаахан. Хэнз ногоо цухуйсан энэ өдрүүдэд Ховд аймагт баруун бүсийнхэн шударга ёсны эрэлд мордлоо. Тодруулбал, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн МАХН-ын төлөөлөл “Шударга ёсны аян”-ыг үргэлжлүүлэв. Аянд нийслэлээс Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга нар болох П.Ангараг, Ч.Чимэдсүрэн нар оролцсон бол аймаг бүрээс 25 хүн иржээ. Мөн аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн байв. Хэлэлцүүлгийн тухай товч өгүүлэхэд, Шадар сайд Д.Тэрбишдагва ажилгүйдэл, авлига, хүнд суртлын талаар тоо баримттай өгүүлсэн бол Л.Цог дарга Оюутолгойн гэрээгээр Монгол улсад учрах хохирлын талаар оролцогч нарт ярьж өгсөн. Ингээд хэлэлцүүлгийг тоймлон хүргэе.

 

Д.Норжмаа:

Ц.ЭЛБЭГДОРЖ МАНАЙ НУТГИЙН ХҮҮ Ч ГЭЛЭЭ ИТГЭЛ АЛДАРСАН

 

Х.Баяр: Би энэ хэлэл­цүүлэгт оролцохоор Увс аймгаас ирлээ. Та нараас Н.Энхбаяр даргын биеийн байдлын талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Тэр хүнийг хэлмэг­дүүлэлтээс нь гаргах ямар ажил хийв. Монгол Улсад шударга ёс ярьсан хүнийг хорьж цаг­даад хүчээр ял тулгаж байгаатай эвлэрэх ёстой юм уу. Өнөөдөр Н.Энхбаяр даргын байгуулсан гавьяаг тоочино гэвэл нэг өдөр хүрэхгүй юм болно. Их өрнөөс салгасан, Мянганы зам тавьсан гээд иргэн бүхэнд хамаатай ямар бүтээлч ажил хийж байсан юм бэ. Тэгвэл өнөөдөр төр барьж байгаа Ц.Элбэгдорж нийгэмд хүр­тээлтэй ямар ажил хийв. Би лав мэдэхгүй юм байна. Өршөөлийн хууль баталж олон хоригдол сул­ласнаас болж нөгөө хэд нь дахиад л гэмт хэрэг үйл­дээд шорондоо орсон сураг байдаг. Бүтээлч Ерөн­хийлөгчөө хэлмэг­дүүл­чи­хээд шоучин Ерөн­хий­лөгчөө дэмжээд сууна гэж юу байх юм. Шударга ёсыг хаанаас олох ёстойг хэлээд өгөөч.

Д.Норжмаа: Хэдий­гээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь манай Ховдынх ч гэлээ нутгийн бид түүнд итгэл алдраад байна. Яагаад гээч. Оюутолгойг гадныханд өгчихлөө. Монголчуудыг хэдэн мянган жилээр тэ­жээх ордыг үнэгүй шахам өгчихөөд сууж байна шүү дээ. Монголын Үндэсний аюулгүй байдлыг хам­гаа­лах нэг ч ажил хийсэнгүй. Монголчуудад ажил олдохгүй байхад Хятадын иргэдийг вагон вагоноор нь авчраад ажиллуулж байна. Нөгөө хэд нь эмс охидыг маань ашиглаж, удмын үр санд нөлөөлж Монгол хэмээх улс орныг устгах аюул ойрхон байна.

Р.Жаргал: МАХН-аас нийгэмд тулгараад байгаа шударга ёсыг Монгол даяар түгээж байгаад талархаж байна. Нэгэнт УИХ-д шударга ёсны төлөө тэмцэнэ гээд гараад ирчихсэн та бүхэн үүнийхээ үр дүнгийн та­лаар явах л ёстой. Ёстой нэг шударга ёсны шуурга хөх Монголыг сэрээ­гээсэй гэж хэлье. Өнөөдөр Монголын нийгэмд ажил­гүйдэл, архидалт, ядуурал гэж яасан их байна вэ. Үүнийг бууруулах төлөө Шинэчлэлийн Засгийн газар арга хэмжээ авч байна гэж ердөө хараг­дахгүй байна. Зөвхөн шинэчлэл яриад шоудаад байгаа юм биш үү. Би бодохдоо МАН нь засгийн эрхэнд байхдаа арай дөнгүүр байсан юм байна. Үгүй ядаж, нийгэмд хандсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байж. АН-ынхан бол “шинэчлэл” гэж амны хэмжээгээр л ярих юм даа. Өөр нэг хэлэх зүйл бас байна. Ховд аймагт махны үнэ хотынхоос өндөр. Шатахуун нь хүртэл 400 төгрөгөөр илүү үнэтэй. Орон нутагт өргөн хэрэглээний бараа ийм өндөр үнэтэй байхад яаж ажиллаж амьдрах юм бэ.

Н.Нэмэхбаяр: Н.Энхбаяр даргын эрүүл мэндэд маш их санаа зовж байна. Тэр хүнийг элдвээр гүжирдэн гүтгэсэн ч түүнийг гэсэн монголчууд бидний санаа хэзээ ч хуви­рахгүй. Харин ч хайрлах болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрх хүн л юм бол түүнийг шоронгоос нь гаргаад өрсөлдөөч гэж хэлье. Өөрт нь холбоогүй хэрэгт гүтгээд явж байгааг монголчууд бид мэдэхийн дээдээр мэдэж байна. Н.Энхбаярыг өөрийг нь, гэр бүлийнхнийг нь, намынхныг нь хомор­го­лон мөрдөн мөшгих, бай­цаан шалгах, эрүүгийн хэрэг үүсгэх, шүүхээр оруулах, залхаан цээр­лүүлэх ба хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр гүтгэн гүжирдэх аргыг хэрэглэж хэлмэгдүүлж байв. Энэ бүгд нь НҮБ-ын Хүний Эрхийн Кон­венцийн үндсэн зарч­муудыг зөрчсөн хэрэг бай­сан бөгөөд Европын Зөвлөлийн Парламентын Ассамблейгээс “ үгээ хэ­лэх, мэдээлэл өгөх,  үзэл бодлоо илэрхийлэх, эв­лэлдэн нэгдсэний улмаас мөрдөн мөшгиж хэрэг үүс­гэх, хууль бусаар баривч­лах, ял өгвөл “ улс төрийн хэрэг” гэж үзнэ тодор­хойл­сонтой дүйцэж байна.

 

С.БАЯР ЗАГАСЫГ МААНЬ ЦӨЛМӨНӨ ГЭВ ҮҮ?

 

Ж.Дулмаа: Монголын баялгийг гадныханд үнэгүй өгсөн хариуц­лагагүй хүмүүсийг яах ёстой вэ. Толгойг нь илээд өнгөрөөх хэрэг үү. Миний сонсоход Оюутолгойн гэрээг байгуулсан С.Баяр гээч чинь Монголд ирсэн сураг байна лээ. Эх орныхоо хөрөнгийг гадныханд найр тавин өгсөн тэр хүнд яагаад хариуцлага тоо­цохгүй байгаа юм. Нөгөө Н.Энхбаярыг барив­чил­сан шигээ С.Баярыг 600 цагдаагаар баривчлуулах ёстой юм биш үү. Гэтэл манай хүн үүнээсээ айж ичсэн юм байхгүй дахиад загасны бизнес эрхэлнэ гээд хэвлэлд яриад сууж байна. Монголын загасыг цөлмөж аваад явна гэв үү. Ингэж болохгүй” хэмээн бухимдангүй нь аргагүй ярилаа. Түүний адил ба­руун аймгийн төлөөллүүд үзэл бодлоо илэрхийлж байсан. Хэлэлцүүлгийн эцэст Д.Тэрбишдагва сайд “Бид өнгөрсөн 20 жил дан ганц эрх чөлөөг ярьж, олж авахын төлөө зүтгэж ирлээ. Гэхдээ хэт их эрх чөлөө анархизм болдогийг одоо бид харж байна. Тий­мээс яг одооноос эхлэн олон жил мартагдаад бай­сан үүрэг, хариуцлагыг дахин бий болгож хүн бүр өөрсдөөсөө эхлэн хэрэг­жүүлж эхлэцгээе” хэмээн онцоллоо. Тэр тусмаа эрх чөлөөг хэтэрхий ихээр хүртэж ард иргэдийг хөсөр хаясан эрх мэдэлтнүүдийн аль хэдийнэ мартсан ха­риуцлагыг ард түмэн тоо­цох цаг ирж байгааг ан­хаарууллаа.  Ард иргэдтэй уулзахаас гадна тэд орон нутгийн иргэдийн амьдрал, аж ахуйтай та­нил­цаж, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Худалдан авах ажиллагааны газар болон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж ажил хийхэд учрах саад бэрхшээлийг нь сонссон юм.

 

ХОВДЫН УТАА НИЙСЛЭЛЭЭС ДУТАХГҮЙ

Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн өгч буй мэдээллээр Ховд нь 78 мянган хүн амтай, 13 үндэстэн, ястан амьдардаг онцлогтой. Мал сүргийн хувьд хоёр сая бөгөөд төллөх малынх нь 67 хувь төллөсөн юм байна. Улсын хөрөнгө оруулалтаар энэ онд төрийн үйлчилгээг хүргэх зардалд зарцуу­лахаар 60 тэрбум, орон нутгийн хөгжлийн санд 10 тэрбум 300 сая төгрөг хуваарилж өгчээ. Орон нутгийн хөгжлийн санд зориулсан төсвийнхөө 60 гаруй хувийг нь сумдад, үлдсэнг нь аймгийн төвийн бүтээн бай­гуу­лалтад зарцуулах болсноо Д.Цэвээнравдан дарга дуулгасан. Харин аймгийн хэмжээнд заавал шийдэх ёстой хоёр асуудал бий гэнэ. Нэгдүгээрт, дулааны хоёрдугаар станц барих тухай. Яагаад гэвэл одоо ашиглаж байгаа дулааны станц нь албан бай­гуул­лага, айл өрхийг бүрэн гүйцэт халааж дийлэхгүй байгаа гэх. Тасхийм хүйтэн өдөр хамгийн дээд талдаа нэмэх  12 хэм хүрч дулаардаг байна. Иймд цэцэрлэг, сургуулийн бага­чууд, албан байгуул­лагын ажилчдыг дулаан орчинд ажиллаж, амьдрах орчныг нь бүрдүүлэхийн тулд шинээр дулааны станц барих зайлшгүй шаардлага тулгарчээ.Гэвч улсын төсөвт энэ станцыг барих 16 тэрбумын ердөө гурван тэрбумыг нь суул­гаж өгсөн байна. Д.Цэвээнравдан дарга Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд Ч.Улаан нарт бодит байдлаа учирласан ч нэгэнт төсөв хэлэлцсэн учраас дараа жилийн төсөвт л суулгах бо­ломжтой гэж. Гэхдээ Н.Алтанхуяг сайд асуудлыг судалж байгаад бүтэх талаас нь шийдэж өгье гэж амалжээ. Иймээс Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан Шадар сайдад энэ асуудлыг Засгийн газрын хэмжээнд оруулж төсөв мөнгийг нь тусгаж өгөх талд анхаарч өгөөч гэж хүссэн. Хариуд нь “Нэгэнт улсын төсөв баталсан учраас шийднэ гэж хэлэхгүй. Миний хувьд Ерөнхий сайдад асуудлыг чинь уламжилъя. Та бүхэн нэгэнт суугаагүй төсвийг хүлээж байхаар дулааны станц барих гүй­цэтгэгч компанийнхантай уулзав уу. Та бүхэн төсөв мөнгөө гаргаад барьчих. Гарсан зардлыг нь 2014 оны төсөвт суулгаад өгье гэж. Энэ талаас нь ярихыг хичээ” хэмээв. Ховд аймагт шийдэх ёстой хоёр дахь асуудал нь утаа гэнэ. Нийслэлээс илүү утаатай гэж Ховдын дарга онцолсон. Аймгийн төвд 8000 гаруй айл байдгаас 7000 өрх нь гэр хороололд байрладаг гэх. Дулааны хоёрдугаар станцыг барьж байж утаагаа багасгаж, албан байгууллагыг бүрэн гүйцэт халаах боломжтой болох гэнэ. Мөн энэ ондоо багтаан битүү зах барихаар товложээ. Одоогоор 15 зах дээр 1200 иргэн худалдаа эрхэлж байгаа аж. Тэдний олонхи эмэгтэй бөгөөд зуны аагим халуун, өвлийн дүн хүйтэнд ч тэд ажиллаж байгаа учраас худалдааны төвийг стандартны болгохоор зэхжээ. Нөгөө талаар баруун бүсийн хэрэгцээг хангах жилдээ 100 мянган тоннын хүчин чадалтай це­ментийн үйлд­вэр бай­гуулахаар ажил­лаж буйгаа Д.Тэрбишдагва сайдад хэлнэ лээ. Одоогоор  ба­рилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа найман компани нийлээд барилгын материалын төсөл хийж байгаа гэнэ. Эцэст нь, баруун бүсийн хэмжээнд арьс, шир, ноос ноолуурын үйлдвэрийн цэвэрлэх байгууламж барихаар ажиллаж буйгаа дуулгалаа. Барихын учир нь мал аж ахуйгаас гарч байгаа ноос, ноолуур түүхий эдээ боловсруулж чадахгүйгээс болж нийс­лэл хот руу өндөр тээврийн зардлаар хүргэдэг. Ингэс­нээр ашиг биш алдагдал хүлээдэг гэх. Хэрэв цэвэр­лэх байгууламж барьчихвал хажууд нь хувийн хэвшлийнхэн арьс, шир боловсруулах ноос ноолуур угаах үйлд­вэрээ байгуулах боломж бүрдэх юм байна.

 

ХОВДЫН МАХ ХОТЫНХООС ҮНЭТЭЙ БАЙНА

 

Ховд хотод худал­даалах бараа, бүтээгдэхүүн үнэ нь амьжиргааны дээд төв­шинд амьдрах баячуудад зориулсан гэмээр юм байна. Нийслэлд шуудай нь 6000 төгрөг байдаг цемент тэнд 13 мянга, шатахууны үнэ 2000, гурил будаа, цай цүү гээд өргөн хэрэглээний ба­рааны үнэ хүртэл нийс­лэлтэй ойролцоо. Барааны үнэ өндөр байгаа нь нийс­лэлээс тээвэрлэх зардлаа нөхөх гэсэн наймаачдын хүсэлтэй холбоотой гэх. Гэхдээ Ховдод нийслэлээс тээвэрлэдэг бараа л зөвхөн өндөр үнэтэй гэж андуурч болохгүй. Талаар нь нэг бэлчдэг,  хоёр сая малтай гэх ховдчууд махаа хүртэл нийслэлийн биднээс илүү өндөр үнээр худалдан авч байна. Хонь, үхрийн цул мах 8000 бол ямааны мах 6000 төгрөг. Малын мах яагаад үнэтэй байгааг махны ченж бүсгүйгээс тодруулахад “Малчид өөрсдөө бидэнд өндөр үнээр нийлүүлж байна. Нас гүйцсэн эр хонийг 180 мянган төгрөгөөр зарж байна шүү дээ. Ингэж өндөр үнээр авсан юм чинь ашиг олохоо бодож таарна биз дээ” гэсэн хариулт өглөө. Харин ногоо зарах иргэд үүнээс өөр зүйл ярьсан. Тэдний ярьснаар нэг кг төмсийг ердөө100 төгрөгөөр худал­даалж байгаа гэнэ. Но­гооны үнэ хямдхан байгаа нь олон тариалан­чид­тайгаас гадна нийлүүлэх томоохон аж ахуйн нэгж байдаггүйтэй холбоотой гэлээ. Но­гооноос бусад хэрэглээгээ хэтэрхий өндөр үнээр  худалдаж авч байгаагаа иргэд Шадар сайдад учирлаж байсан. Үүний хариуд тэрээр аймгийн Засаг даргад цаа­шид бараа бүтээг­дэ­хүүний үнийг тогтвортой барих, бууруулах хүртэл алхам хийхийг хатуу сануулсан юм.

 

АГЕНТЛАГУУДЫНХАА ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

 

Онцгой байдлын газрын дарга Я.Буянтөрийн ярьснаар бол онцгойгийн­хон энэ онд 85 хүний амь нас аварч, 2,7 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө аюулд устахаас сэргийлжээ. Аврах хамгаалах ажлаас гадна иргэдэд аюул, ослоос урьд­чилан сэргийлэх танин мэдэхүйн үйлсэд цаг зав, хүч хөдөлмөрөө зориулж яваа юм байна. Харин салбарын сайддаа хэлэх зовлон нь гэвэл барил­гынхаа их засварт зар­цуулах төсөв мөнгийг нь дутуу олгосон тухай байв. Тэгвэл Мэр­гэжлийн хяналтын газрын хувьд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахаас гадна Булган, Байтаг боомтод хяналт шалгалтын ажил гүйцэтгэдэг. Энэ тухай тус газрын дарга Д.Батцэнгэлийн яриагаар бол БНХАУ нь хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл бүрээс 400-500 юань хурааж авч байгаа гэнэ. Үүнийгээ багасгахыг Хятадын талаас хүссэн ч тодорхой хариулт өгөхгүй байгааг Д.Батцэнгэл дарга салбарын сайддаа улам­жилж байсан. Тэрээр “Манай газар өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиг­лаж байгаа автомашины хугацаа дууссан. Одоогийн байдлаар ердөө хоёр машинтай. Иймд машинтай болгоход онцгой анхаарна уу. Нөгөө талаас улсын төсвөөс 970 сая төгрөг гарган лабо­раторийн барилга барьж өгөхөөр болсон ч тендер зарлагдахгүй удаашралтай байгаа. Шалтгаан нь зураг төслийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой” гэлээ.  Эцэст нь, Ховд сумын иргэд, хөдөлмөр­чидтэй уулзсан. Ховд сум нь аймгийн төвөөс 30 километр зайд орших бөгөөд казах иргэд амь­дардаг гэдгээрээ онцлог. Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог нарыг су­манд нь ажиллах нь гэсэн сургаар иргэд хурлын заа­ланд цуглараад асуух асуултаа бэлдчихсэн бай­сан. Тэдний тавьж байгаа асуулт гэвэл “Бид гурван улирал дамнан байж ногоо тарьдаг. Гэтэл ногоо маань үнэд хүрэхгүй байна. Нэг кг төмсийг 50 төгрөгөөр борлуулж байна шүү дээ. Үүнийг яагаад анхаарч үзэхгүй байгаа юм бэ” гэхэд нь Д.Тэрбишдагва сайд “Хүний хүч хөдөлмөрийг асгасан хэрэг байна. Үүнд яагаад орон нутгийн удирдлагууд анхаарал хандуулсангүй вэ. Үүнийг Засгийн газрын хэмжээнд асуудал болгон дэвшүүлнэ” гэсэн юм.