Б.ЭНХЗАЯА

ШӨХТГ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатартай СӨХ-ны асуудлаар ярилцлаа.

 

-СӨХ-ны дээд зөвлөлд холбогдох шүүх хурал өнгөрсөн өдрүүдэд болсон. Тус байгууллагыг ямар шалтгаанаар буруутгаж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-СӨХ-ны дээд зөвлө­лийг хууль бусаар байгуу­лагдсан, мөн хууль бус үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр албадан татан буулгахыг шаардаж шүү­хэд нэхэмжлэл гаргасан. Төрийн бус байгууллага нийгэмд үйлчилнэ гээд гэрчилгээ авангуутаа ги­шүү­дэд үйлчилдэг бол­чихсон. Гишүүд нь СӨХ-дын гүйцэтгэх захир­луу­дыг хамгаалчихаад тат­вараа авах болохоор оршин суугчдын засвар үйлчил­гээний хөлснөөс татвараа аваад байдаг. Олон жи­лийн турш авсан татварыг өөрсдийнх нь гаргасан тайлантай тулгахаар 600 орчим сая төгрөгийг завш­сан байдаг. Тиймээс уг хөрөнгийг СӨХ-нуудад буцааж олгуулах үндэс­лэлээр нэхэмжлэл гарга­чихсан байгаа. Шүүх ху­рал өнгөрсөн сарын 21-нд болсон. Нөгөө талын өм­гөөлөгч шүүх хуралд 10 СӨХ-ны гүйцэтгэх захир­лыг гэрчээр татъя гэсэн хүсэлт тавьсан. Мөн “Ду­лааны шугам сүлжээ” ком­панийн хэлтсийн дар­гыг гуравдагч этгээдээр татахаар болоод тодорхой­гүй хугацаагаар дахин хойш­лоод байна. Дулааны цахилгаан сүлжээ ком­па­нийнхныг татдаг учир нь тэд СӨХ-нуудад дээд зөв­лөлд нэгдээгүй учир дулаанаар хангахгүй гэх албан бичиг хүргүүлдэг байсан юм билээ.

-Танай газраас СӨХ-ны үйл ажиллагааг шалгах шалгалтыг өнгөрсөн нэгдү­гээр сард эхлүүлсэн. Шал­галтын үр дүн ямар гарав?

-Монгол Улсын хэм­жээнд 600 орчим СӨХ бий. 400 гаруйг нь дээд зөвлөлд хүчээр элсүүлсэн. СӨХ-ны дарга нь тухайн орон сууцны хөлсний ажил­чин. Гэтэл одоогийн СӨХ-ны захирлууд на­мын харьяаллаар сонгогд­дог болчихсон. Өөрөөр хэлбэл, МАН-ын харьяа­лалд авчихсан. Хороо, дүүргийн Засаг дарга нь энэ намын хүн байдаг. Тэгэхээр СӨХ-ны даргыг намаасаа сонгодог. Тэд­нийг эргээд сонгуульд ашиглах зорилготойгоор ийм үйлдэл хийдэг нь тог­тоогдсон. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлт­сээс 170 гаруй СӨХ-нд албан шаардлага хүргүүл­лээ. СӨХ-ны буруутай үйл ажиллагааг дурдаад оршин суугчдын тавьж байгаа шаардлагыг тавьсан бай­гаа. Биелүүлж ажиллахгүй бол манайхаас зохих арга хэмжээг авна гэсэн.

-Та СӨХ-ны хуулийн төслийн багт ажиллаж байгаа. Танайхаас хуульд ямар асуудлыг тусгаж байна?

-СӨХ-ны хууль дагаж мөрдөж чадвал чанга хууль. Хэрэгжихгүй бай­гаа хоёр заалт байгаа юм. Нийт СӨХ-ны оршин суугч­дын 50 хувийн ирц бүрдүүлж жилд нэг удаа ажлаа тайлагнана. Тухайн СӨХ-ны санхүүгийн хол­богдолтой асуудлыг нуу­цын зэрэглэлд байлгана гэсэн байдаг. Тэгэхээр энэ заалтын дагуу үйл ажил­ла­гаа явуулахгүй, дур зор­гоор мөнгө идээд байгаа СӨХ-ны дарга нарыг хам­гаалсан зохицуулалт бол­чи­хоод байгаа юм. Иргэд очоод тайлан нэхэхээр хуулийн дагуу ажиллаж байна гэдэг. Хурлаа хий­лээ, 100 айлын 30 нь ирлээ. Хүчингүй болчихдог. Тэ­гээд л тэр жил тайлан тавих хурал хойшилдог. Мөн СӨХ-ны хуульд хоёроос дээш өрхтэй бол СӨХ бай­гуулж болно гэсэн заалт бий. Тухайлбал, 24 өрхтэй байр СӨХ байгуулъя гэе. Нэг өрхөөс сарын 10 мян­ган төгрөг авлаа. Нийт өрхөөс 240 мянган төгрөг цуглалаа. Гэтэл тэр мөн­гийг СӨХ-ны дарга, нягт­лан хоёрын зөвхөн сарын цалинд хуваагаад дуус­чих­даг. Гэтэл орцны гад­нах хог, гэрэл, цэвэрлэ­гээ, тохижилтыг хариуцах боломжгүй. Үүнийг өөрч­лөхийн тулд тухайн СӨХ-г доод тал нь 240 өрх­тэйгөөр байгуулж болно гэсэн хуулийн өөрчлөлт орох талаар санал гаргаж байгаа юм. Санхүүжилт­гүй бол СӨХ байх шаард­лагагүй. 240 өрхтэй байхад хоёр хүндээ цалингаа өгөөд цаана нь хоёр сая орчим төгрөг үлдэнэ. Тэг­сэн цагт СӨХ-ны үйл ажил­лагаа жигд явагдана гэсэн үг.

-Тэгвэл цөөн оршин суугчтай өрх СӨХ-г бай­гуу­лах албагүй гэсэн үг үү?

-Тийм. Зарим байрны­хан энэ асуудлыг болом­жийнхоо хэрээр зохи­цуул­чихдаг юм билээ. Цөөхөн оршин суугчтай байрныхан дэргэдэх то­моо­хон байрны жижүүр­тэй тохироод цэвэрлэ­гээ­гээ хийлгэчихдэг. Сард 4-8 удаа цэвэрлэгээ хийчи­хээд айл бүрээс 2000 төгрөг хурааж аваад цалинждаг. Ер нь СӨХ-г заавал бай­гуу­лах албагүй. Орцны гэрэл шатлаа, өнөөдөр нэг айл нь гэрэл тавьсан бол дараа нь өөр нэг айл нь тавьчих жишээтэй.

-Орон нутагт ч энэ асуудал хяналтгүй байдаг гэсэн гомдол бий. Орон нутагт хяналтыг хэрхэн хүргэх вэ?

-Нийслэлийн зарим оршин суугч СӨХ ямар байгууллага байдгийг мэдэхгүй, мөнгө л авдаг гэж байна. Тэгвэл хөдөөд бүр хяналтгүй, ойлголтгүй бай­гаа. СӨХ-ны дарга нар оршин суугчдын хөлсний ажилчин шүү гэдгийг ха­риуцлагатайгаар хэлье. Тэд оршин суугчдаас хуримтлагдсан мөнгийг хяналттай зарцуулахаас өөр эрхгүй. Цахилгааныг тасалдаг, хаалга үүдийг нь балбадаг, зүй бусаар харилц­даг хүмүүс биш гэдгийг хэлмээр байна.