Д.ЦЭРЭННАДМИД

Дэлхийд 16 орчим сая тэмээтэй гэдэг тоо лав тав, зургаан жилийн өмнөх мэдээ. Түүний ердөө арваадхан хувь нь хоёр бөхтэй тэмээ байгаагийн дийлэнх нь Монголд байдаг. Үүгээрээ бид бахархдаг л даа. Гэтэл нийгмийн янз бүрийн шалтаг шалтгаанаар монголчуудын тэр дотроо говийнхны буян хишгийн тэнгэр тэмээ маань сүүлийн жилүүдэд өм цөм хорогдож маш цөөрөв. Цагийн байдал, төр, засгийн хараа өнөөдрийнхөөрөө байх юм бол говь нутгаа чимэн хонгортож байдаг тэмээн сүрэг минь нэг л мэдэхнээ улаан номд орчихсон байх янзтай. Энэ тухай бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн билээ.

Тэгвэл одоо монгол тэмээгээ улам хөгжүүлж ашиг шимийг нь дэлхийд нэртэй брэнд болгох санааг дэвшүүлж байна. Тухайлбал тэмээний ноос юутай ч зүйрлэшгүй үнэт эрдэнэ. Торомны ноос бүл бүр онцгой. Ямааны ноолуур гэж л хошуурцгаадаг. Тэгвэл торомны ноос ямааны ноолуураас микроны хувьд бараг дутахгүй нарийн гэдгийг ноос судлаач эрдэмтэд хэлж байна. Манай төр, засгийнхан “ямаа, ямаа” гэсээр байгаад ноолуурыг экспортын гол түүхий эд болгож чадсан. Гэтэл бусдыг нь ор тас орхигдуулж, анхаарлаас хөндийрүүлснээр нэг хэсэг мөн ч их алдсан даа. Үүнийг эдийн засгийн сэтгэлгээгээр авч үзсэн, дүгнэсэн хүн байхгүй гэж болно. Яахав. 2003 онд билүү дээ. Засгийн газраас 110 тэрбум төгрөгийн бонд гаргаж ноос, ноолуур бэлтгэгчдийг урамшуулсан ажил байсан. Гэхдээ энэ нөгөө ямаа руу голлон чиглэсэн гэж хэлж болно. Монголын ноос ноолуурын холбооны тэргүүн Г.Ёндонсамбуугийн хэлж байгаагаар тэмээний ноосны үнэ төдийлэн өссөнгүй.

Нэг тэмээнээс дунджаар 4.5-5 кг ноос авдаг гээд бодохоор жилдээ 1100 орчим тонныг бэлтгэнэ гэсэн үг. Борлуулалтын хувьд дотоод болон гадаад зах зээлд гардаг. Уг нь Хятад, Казахстан, ОХУ түүхий болон боловсруулснаар булаалдаж авдаг үе байлаа. Гэтэл сүүлийн жилээс тэдний авах сонирхол эрс багаслаа. Энэ тухайд тайлбарыг сонирхвол тэмээний гол нутагт уул уурхай зонхилсных тэмээ бэлчээргүйдсэн. Бас ноосны чанарт нь маш муугаар нө­лөөл­сөн тухай мэргэжилтнүүд ярьж байгаа шүү дээ.

Уул уурхайгаас гарсан тоос шорооноос болж тэмээний ноос их бохирдож. Хамгийн нарийн бүтцэд нь угаагаад арилшгүй хатуулаг бий болжээ. Үүнээс болж үйлдвэрлэгчдэд хүндрэл учирч байна. Говийн тэмээчид тэмээ, тэмээчин хоёр шиг үнэ цэнэгүй юм алга гэж ярьдаг болжээ. Гэтэл төр, засгийн эрхмүүдэд тэмээ гэж дуугардаг хүн ер алга гэж болно. Говийг тэмээгүйгээр төсөөлшгүй нь туйлын үнэн байтал уул уурхайгаар дэндүү хэнээрхснээр энэ эрдэнэт малаа бэлчээргүйдүүлж ашиг шимийг доройтуулж байна шүү дээ. Хатуухан хэлэхэд Монголын төр, засгийн өнөөгийн бодлого “тэмээг алж байна” гэхэд болмоор. Өмнөговийн Ханбогд, Цогтцэций, Мандал-Овоо зэрэг сумдад тэмээний гол нутаг бий. Гэтэл тэдгээр сумдын бэлчээр нутгийн 70-80 хувь уул уурхайд эзлэгдсэн. Түүнээс болж хөөрхий тэмээ “буланд шахагдаж” тэмээчид гайхшаа барж байна. Зохиолч Б.Догмидтой ярилцаж байхад Өмнийн говьд уул уурхайн тоос шорооноос болж нохой нь хүртэл хуцаж чадахыг байсан гэж хэлж байсан. Нохой гэж онцолсон болохоос үнэн л үг. Тийм байтал уул уурхай эрхлэгчид тэр дотор гадаадынхан говийн уул усыг үгүй хийж байгаагаа юман чинээ боддоггүй нь хачин. Тэднийг хэн тийм занд сургав гэвэл гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нэрээр толгойг нь илж долигнодог төр, засгийнхны бурууд байгаа юм. Говийн сум сууринг ч хөгжүүлж буй юм алга. Уул уурхайг бодлоготойгоор хөгжүүлнэ гэж ярьдгаа ажил болгохгүй бол тэнэгэр говь, тэмээтэй хамт устах нь.

 

Оюутолгойнхоон.

“Лого”-ноосоо тэмээг ав!

Үнэт металлын нөөцөөр дэлхийд эхний аравт багтдаг хэмээн хэлүүлдгээрээ Оюутолгойг ашиглагч компани баянгийн цаад баян газар байж таарна. Тун удахгүй олборлолтоо эхлэхээр бүр ч дэлхий даахааргүй хөрөнгөжих байлгүй. Гэтэл тэднийх тухайн орон нутгийг хөгжүүлэхэд тун гар татдаг аж. Өнөөгийн Ханбогд сум арван жилийн өмнөх өнгө төрхөөрөө л байна. Энд нэгэн баримт дурдъя.

Энэ оны эхээр тус сумынхан тэмээний баяр хийж говийн тэмээчдийг чуулуулсан тухай чихэнд дулаан яриа хөөрөө одоо ч тасраагүй байна. Үүнтэй зэрэгцээд хачирхам мэдээ бас сонсогдсон л доо. Тэр нь юу вэ гэвэл сум тийм томоохон ажил хийх гэж байна. Тус дэм болооч гэсэн хүсэлтийг Оюутолгойхонд тавьж. Гэтэл ердөө 500 мянган төгрөг өгье дөө гэсэн дурамжхан хариу сонссон гэдэг. Энэ бол нэг албан тушаалтныг авлигдахад ч багадах мөнгө шүү дээ. Ер нь уул уурхайнхан оршин буй бүс нутагтаа иймэрхүү хандлагатай буй болохоор Оюутолгойхонд “лого”-ноосоо тэмээг ав гэдгийг зөвлөе.

 

 

 

Тэмээний ноосон бүтээгдэхүүнийг брэнд болгоё

Нэхмэлийн хүрээлэнг үйлдвэрийн лабораториос олон улсад ит­гэмж­лэгдсэн лаборатори сургалтын бааз бүхий цогцолбор төв хүртэл удирдаж ажиллаж байгаа Гонгорын Надмид 40 гаруй жил  ноос ноолууран бүтээгдэхүүний дагнасан үйлд­вэрлэлийг бий болгох, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн хүн юм. Тэмээний ноосны судалгаа, үйлдвэрлэлийн шинэ технологийн тухай түүнтэй ярилцлаа.

 

-Тэмээний ноосны бү­тээгдэхүүн үйлдвэрлэлийн тухай та бидэнд танилцуу­лахгүй юу?

Тэмээний гол ашиг шим бол ноос юм. Манай улс 1900-1909 онд 2000 тонн орчим ноосыг хаант Орос, Хятад, Америк, Англид худалдаж байсан мэдээ байдаг бол 1950-1960-аад онуудад ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудад 2.3-2.4 мянган тонныг ний­лүүлдэг байсан байна. Говийн аймгуу­дын жил тутам бэлтгэдэг ноосны бараг 50 орчим хувийг тэмээний ноос эзэлж малч­дын амжиргаанд зон­хилох үүрэг гүйцэтгэдэг. 1970 аад онд анх 3000-аад тонн бэлтгэж байх үед ямааны ноолуур тэмээний ноосыг үйлдвэрийн аргаар  боловсруулж ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудлыг тэр үеийн Хөн­гөн хүнсний үйлдвэрийн яам, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн байгуулгад хандснаар асуудал ший­дэг­дэж 1976 онд жилд 35000 ширхэг ямаа, тэ­мээний ноолууран сүлж­мэл бүтээгдэхүүн үйлд­вэр­лэх хүчин чадалтай “Туршилтын үйлдвэр”-тэй болсон юм. Ийнхүү туршилтын үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнд  жилд 200 тн тэмээний ноос боловсруулж 45000 хөн­жил, 68 тн топс, 400 гаруй мянган сүлжмэл бүтээг­дэхүүнийхээ 90 орчим ху­вийг экспортод гаргадаг байлаа. Тэмээний ноос боловсруулах үйлдвэрлэл 2000 оноос эрчимжсэн. Тэмээний ноосон бүтээг­дэхүүний гүн боловсруу­лал­тын түвшинг нэмэг­дүүлэхэд дагнан боловс­руулах зураг төслөөр 1990-ээд оны сүүлээр байгуу­лагдсан “Монгол-Амми­кал” үйлдвэр анхан шатны бо­лон самнах, ээрэх  техно­логид шинэчлэл хийсэн. Үүний үрээр 100 тн ээрмэлийг АНУ-д гаргаж улмаар тэмээний тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах зорилгоор  Нэхмэлийн Хүрээлэнтэй хамтарч эхний “Гоёо дизайн”-ны шинэ 500 гаруй загвартай болж монгол тэмээний ноосон бүтээгдэхүүнд шинэчлэл хий­хэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

-Та тэмээний ноосны судалгааны талаар мэдээлэл өгнө үү?

Тэмээний биологи-физиологийн онцлогийг 1950-иад оноос эрчимтэй хийгдэж эхэлсэн боловч ноос судлалын ажлыг хожуу тухайлбал 1960-аад оноос доктор Б.Лувсан Монгол тэмээний аж ахуйн ашигт шинж чанар биологийн зарим онцлогийг судлах ажлыг говийн бүсийн тэмээн сүрэгт явуулснаар тэмээний ноосны гарц, бүтэц, нарийн бүдүүн, урт, бат бөх зэрэг үзүүлэлтүүдийг нарийвчлан судалсан байдаг. Судалгаагаараа ноосны гарц тодорхойлох хяналтын хяргалт хийхдээ ноосны хөндийрөлт, тэнгэр дулаарах байдал зэргийг харгалзан гурав, дөрөвдүгээр сард зогдор, өвдөг, шилний ширүүн /эр/ ноосыг, тав дугаар сарын хоёрдугаар арав хоногоос их биеийн зөөлөн /эм/ ноос  болон доод талын хэсгийг шууж зургадугаар сард үлдэгдэл зөөлөн ноосыг дуустал хярган ширүүн ба зөөлөн ноосны жинг бохир ба сэгсэрсний дараах байдлаар тэмээ бүрээр гаргаж, хяналтад авсан тэмээ бүр мөн ноос хийх сав тэмдэглэгээтэйгээр янз бүрийн үснүүдийн жин, процентын харьцаа, нарийн урт, бат бөхийг бүх холбоотын мал аж ахуйн хүрээлэнгийн арга зүйгээр явуулсан байдаг. Тэмээ насаа дагасан өсөлт, хөгжлийн үе шатууд удамшлаар программчлагдсан байдгийг судлаачид тэмдэглэн үлдээсэн байдагтай уялдуулж уялдуулж манай судлаачдын баг торомны ноосны онцлог шинж чанарыг судласан.

-Торомны ноосны ямар судалгааг явуулж ямар үр дүнд хүрээд байна вэ?

Сүүлийн жилүүдэд Нэхмэлийн хүрээлэн дээр хийгдсэн эрдэм шинжилгээний ажлуудын хүрээнд тэмээний ноосны бэлтгэлийн стандартуудыг шинэчлэх, торомны болон тэмээний эр ноосыг боловсруулах туршилт судалгааны ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Тэмээний эр ноосоор хивсний арын ээрмэл үйлдвэрлэх тухай судалгаа хийгдсэн. Харин бага нас (1-3 нас)-ны тэмээ буюу торомны ноолуураар ямааны ноолууртай адил төстэй шинж чанартай бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой болоод байна.

ШУТИС-ийн ҮТДС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн судлаачдын баг салбарын инженер техникийн ажилчидтай хамтран торомны ноосны онцлог шинж чанарт суурилсан загвар, өнгө үзэмж гоо зүй хэрэглээний үзүүлэлтийг нь шинэ зах зээлийг бий болгох зорилгод чанартай нийцүүлэн торомны ноолууран Brand бүтээгдэ­хүүний үйлдвэрлэлийн техно­логийг боловсруулан улмаар инновацийн тогтолцоог бү­рэлдүүлэхэд чиглэгдсэн судалгаа туршилт-үйлдвэрлэ­лийг явуулсан юм.

Монгол орны хувьд тэмээний тоо толгой ямааг бодвол тархацын хувьд бага ч сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна. 2013 оны байдлаар тэмээний тоо 306 мянгад хүрчээ. Жилдээ 1260 орчим тонн тэмээний ноос бэлтгэхээс торомны ноолуур нь 20 гаруй хувь буюу 200 гаруй тонныг бэлтгэх боломжтой байна. Торомны ноосыг ингэж тусад нь ангилан ялгаж бэлтгэснээр тэмээний ноосноос хоёр дахин илүү үнээр буюу 8000-10000 төгрөгөөр худалдаалах боломжтой бөгөөд тэмээ өсгөн үржүүлдэг малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Тэмээний ноос цагаан шаргал, улаан хүрэн, хар хүрэн гэсэн байгалийн өнгөтэй байдаг.

-Цаашид судалгаа, туршилт, үйлдвэрлэлийн хувьд юу хиймээр байна вэ?

-Тэмээтэй холбоотой төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг тогтворжуулж тэмээчид болон судлаачид нягт хамтран ажиллах нь чухал. Тэмээний ноосны боловсруулалтаар дагнасан үйлдвэрлэл явуулах ялангуяа их говийн ирээдүйг цогцлоож  бүтээн байгуулалт ид өрнөж байгаа Өмнөговь аймагт тухайн бүс нутгийн тэмээний ноосны арвин нөөцөд тулгуурласан  үйлдвэрийг байгуулснаар уул уурхайн үйлдвэрлэлтэй хөнгөн аж үйлдвэрлэл зэрэгцэн хөгжих боломж бий. Дэлхийд ховорт тооцогддог хоёр бөхт монгол тэмээ өсөн нэмэгдэх, түүний удмын санг хадгалах, экосистем тэнцвэржих, тэмээний ноосны үнэ нэмэгдэн тэгснээр малчид идэвхжин өрхийн орлого нэмэгдэх, бүтээгдэхүүний зорилтот зах зээл бий болж уг бүс нутагт эдийн засгийн өсөлт бий болно.

Тэмээний ноос гэдэг ховор түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчилснаар тэнгэрийн хишигтэй тэмээн сүргийг өсгөх боломжтой юм.