
Сүрэнгийн ЗЭВСЭГ
Засгийн газартаа халгаатай Япон. Японы Засгийн газарт өндөр алба хашиж, улс орныхоо хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн, удам дамжсан улс төрчдийн омгоос гаралтай, эрэмгий зоригтой, эрч хүчтэй, эх оронч, уламжлалт ёс зүйгээ баримталдгаараа япончуудын дунд асар их нэр хүндтэй Шинзо Абэ Монгол Улсын Засгийн газрын тэргүүний урилгаар нэг хоног айлчлаад буцлаа. Манай стратегийн нэг чухал түнш Япон Улсын Ерөнхий сайдын айлчлалын талаар гадаад, дотоодын хэвлэл мэдээллийнхэн хангалттай шуугилдаж байна. Айлчлалыг гүймэгхэн харсан тэмдэглэлээ товчхон хүргэе.
Шинзо Абэ өмнө нь 2006 оны сүүлчээр Ерөнхий сайдаар томилогдож нэг жилийн дараа ажлаа өгсөн. Ер нь япончууд Еранхий сайд нартаа ихээхэн халгаатай хүмүүс юм билээ. Энэ нь нэг талаас Японы засаглалын тогтолцооны онцлогтой холбоотой байх, нөгөө талаар болохгүй бол ажлаа өгч байгаа нь ч өгсөн шиг өгдөг, авч байгаа нь ч авсан авдаг улс төрийн соёлын үлгэр дуурайлал. Манайхан шиг чадахгүй байж үхэн хатан зууралдаад байдаггүйн жишээ. Шинзо Абэг 2007 оны арван хоёрдугаар сарын 26-нд ажлаа өгөөд таван жил гурван сарын дараа эргэн ирж 2012 оны арван хоёрдугаар сард Ерөнхий сайдаар дахин томилогдсон. Түүнийг эзгүй байсан таван жилд Японы Засгийн газар таван удаа солигдож Фукуда Ясүо, Асо Тора, Хатояма Юкио, Кан Наото, Нода Ёшихико нар шил шилээ даран Ерөнхий сайдаар ажилласан байдаг.
Хүчирхэг Абэ эргэж ирсэн нь. Өнгөрсөн онд (2012 он) болсон согуулиар Ш.Абэгийн удирдсан Либерал Ардчилсан Нам үнэмлэхүй давамгай ялалт байгуулж Намын дарга Ш.Абэ хоёр дахиа Ерөнхий сайд болов. Тэрбээр Ерөнхий сайд болоод “Хүчирхэг Япон Улсыг байгуулна” гэдэг зорилт дэвшүүлсэн. Абэ юуны өмнө эдийн засгаа (Японы эдийн засаг сүүлийн хориод жил зогсонги байдалд ороод байгаа) зогсонги байдлаас гаргах багц бодлого боловсруулж түүнийгээ Абэгийн эдийн засгийн бодлого буюу “Абэномикс” хэмээн нэрлэсэн. Тэр нь өнөөдөр нэн эрчтэй хэрэгжиж байгаа аж. Харин гадаад бодлогоо “Абэдоктрин” хэмээн томъёолжээ. Энэ бол Ази номхон далайн бүс нутгийн Энх тайван тогтвортой байдлыг хангахад Японы оролцоог идэвхжүүлж, нөлөөг өргөжүүлнэ гэсэн үг. Ш.Абэгийн Засгийн газрын эдгээр бодлогыг япончууд талархан дэмжиж байна. Ер нь Японы аль ч Засгийн газар шинээр гарч ирээд тодорхой зорилт дэвшүүлж, олон нийт хэрхэн хүлээж авч байга талаар санал асуулга явуулж ойролцоогоор 60 гаруй хувийн дэмжлэг авч, тэр үнэлгээ нь аажимдаа буурах хандлагатай байдаг гэнэ. Харин Абэгийн одоогийн Засгийн газрын бодлогыг дэмжигчид эхлээд 67 хувь байсан бол сүүлийн санал асуулгаар 72 хувь болж өсчээ.
“Стратегийн түншлэл” Өндөр хэмжээний айлчлалын үеэр Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатартай уулзаж цөөн хором ярилцах завшаан олдов. Түүнээс “Стратегийн түншлэл” гэж чухам юуг хэлээд байна. Мань мэтээс эхлээд тэр болгон хүн мэдэхгүй байна шүү дээ” гэж асуухад тэрбээр “Монгол-Японы харилцаа өндөр төвшинд эрчимтэй хөгжиж байна. Бид Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн энэ удаагийн айлчлалд өндөр ач холбогдолтой өгч байгаа. Манай хоёр орон “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаанаас “Стратегийн түншлэл”-ийн харилцаа уруу орж явна. Японы Ерөнхий сайдын айлчлалын зорилго нь Япон Улс, Монгол Улсын хамтын ажиллагааны шинэ үе шат болох “Стратегийн түншлэл”-ийг тодорхой, бодитой хэрэгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд оршиж байгаа юм. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны арван нэгдүгээр сард Япон Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр орны хооронд “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай” Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. “Стратегийн түншлэл” гэдэг нь нэгдүгээрт: Улс төрийн хувьд харилцан ойлголцсон, итгэмжилсэн улс төрийн харилцаа юм. Энд Парламент, Засгийн газрын хүрээнд явж байгаа өндөр, дээд хэмжээний яриа хэлэлцээрийг идэвхжүүлэх тухайлбал гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах, бүс нутаг дахь хамтын ажиллагаа хамаарна. Хоёрдугаарт: Эдийн засгийн харилцааг улам идэвхүүлэх тэгэхдээ харилцан ашигтай, бие биенээ нөхсөн хамтын ажиллагааг бий болгох. Үүнд Монгол Улсын тал гэхэд эрдэс баялгаа олзворлох, боловсруулах, дэд бүтцээ хөгжүүлэх, үйлдвэрийн газрыг барьж байгуулах тэгэхдээ Японы хөрөнгө, технологийг ашиглахад оршиж байгаа бол Японы талын хувьд өөртөө байхгүй нүүрс, зэс, молибден, газрын ховор элементийг авах, мөн түүнд хөрөнгө оруулалт хийх. Гуравдугаарт: Соёл, боловсрол, спорт, олон нийт, орон нутгийн хамтын ажиллагааг бүхэлд нь хамарсан цогц үйл ажиллагаа орно. Дөрөвдүгээрт: Олон улсын тавцан дээр бие биеэ дэмжсэн бодлого, хамтын үйл ажиллагаа явуулах, ингэснээр бүс нутгийг хамарсан асуудлаар аюулгүй байдлыг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээтэй, үйл ажиллагааг багтаан томъёолж байгаа юм” гэж хариулав.
Мэндчилгээтэй айлчлал. Шинзо Абэ Ерөнхий сайдаар дахин томилогдоод анхныхаа гадаад айлчлалыг АСЕАН-ны оруудад (2013 оны нэгдүгээр сард), дараа нь АНУ-д (Хоёрдугаар сард), гуравдугаар сард манайд айлчилж байгаа нь энэ. Түүнийг Австралид хийх айлчлалаа хойшлуулж Монгол Улсад зочилсон гэх яриа ч чих дэлссэн. Абэ яагаад аварга Орос, хүчирхэг Хятад, тэгээд Энэтхэг, Өмнөд Солонгос зэрэг том гүрнүүдэд эхэлж айлчлалгүй, гадаад айлчлалынхаа тэргүүн ээлжинд Монголыг сонгох болов гэдэг судлаачид, тоймчид, хэвлэлийнхний анхаарлыг зүй ёсоор татлаа.
Энэ бол Японы гадаад бодлогод Монгол Улсын эзлэх байр суурь ямар төвшинд байгаагийн илрэл юм. Манайхан Японыг гурав дахь хөршөө гэдэг бол япончууд Монголыг стратегийн чухал түнш гэж үздэгээ харуулж байгаа хэрэг. Учир нь Япон Улсын хувьд Өмнөд Солонгос, Хятад, Оростой газар нутгийн маргаантай, Хойд Солонгостой харилцах харьцааны хувьд бүр ч хүйтэн уур амьсгалтай байгаа. Тиймээс Япон Улс зөвхөн зүүн хойд Азийн төдийгүй ерөөсөө бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагаандаа Монгол Улсад илүү ач холбогдол өгөхөд хүрч байгаа юм болов уу гэсэн бодол төрлөө. Японы Ерөнхий сайдын бие төлөөлөгч, Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Я.Шиозаки энэ оны гуравдугаар сарын эхээр Монгол Улсад айлчилж Ерөнхий сайд Ш.Абэгийн илгээлтийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гардуулсан. Харин хэдхэн хоногийн дараа Ерөнхий сайд Шинзо Абэ манай оронд ирэхийнхээ урд өдөр айлчлалын зорилго, айлчлалаас хүлээж байгаа чухал үр дүн болох “Гурван үзэл санаа”-гаа багтаасан мэндчилгээг Монголын төр засаг, нийт ард түмэнд хандаж дэвшүүлсэн явдал байлаа. Энэ нь нэг талаас бодлого зорилгоо Монголын төр, засагт төдийгүй нийт ард түмэнд ойлгуулан таниулсан, нөгөө талаар олон улсын харилцааны практик, ерөөсөө аль нэг орны төр, засгийн тэргүүнүүд айлчлалынхаа өмнө, айлчлан очих гэж байгаа орныхоо төр засаг, ард түмэнд хандан мэндчилгээ дэвшүүлж байсан явдал олон улсын харилцааны түүхэнд урд өмнө нь гарч байгаагүй. Чухамдаа цоо шинэ зүйл болж түүхэнд үлдэв. Шинзо Абэ мэндчилгээндээ “Хүйтний эрч суларч эхлээд буй Монгол Улсад айлчлан, сакура цэцэг дэлгэрсэн Японы уур амьсгалыг манай хоёр орны харилцаанд бүрдүүлэхийг хүсч байна... Энэхүү хоёр орны харилцааг дэмжих тулгуур нь юу вэ гэвэл миний бодлоор “эрх чөлөө болон ардчилал”, “энх тайван”, “харилцан туслалцах” гэсэн “Гурван үзэл санаа”-г хэлдэг болов уу. Тийнхүү энэ үзэл санаанд тулгуурласан хоёр орны үсрэнгүй хөгжилд хүргэхийг хүсч энэ удаагийн айлчлалаа хийхээр шийдсэн юм” гэж айлчлалынхаа зорилгыг тодорхойлсон юм.
Айлчлалын өгөөж үр дүн. Юуны өмнө хэлэхэд аливаа айлчлалын үр дүнг ярьж, дүгнэж заншсанаар бол Японы Ерөнхий сайдын Монгол Улсад хийсэн айлчлал нь бие биеэ хүндэтгэсэн, харилцан ойлголцсон, бие биенийхээ дутуу хүтүүг нөхсөн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжийг нээж өгсөн айлчлал боллоо. Хамгийн гол нь Монгол, Японы харилцаа хамтын ажиллагааны шинэ үе шат болох “Стратегийн түншлэл”-ийг бодитой хэрэгжүүлж улс төр, нийгэм, хүмүүнлэгийн болон эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар тодорхой тохиролцоонд хүрэв. Өөрийн бодлого, үйл ажиллагаандаа “Үзэсгэлэнт Япон орон”, “Абэномикс”, “Абэдоктрин” зэрэг өвөрмөц онцлог бүхий томъёололтой, тодорхой зорилт дэвшүүлдэг Шинзо Абэ Монгол, Японы хаилцааны шинэ үе болох “Стратегийн түншлэл”-ийг бодитой хэрэгжүүлэх ялангуяа эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр “Эрч” зорилтыг дэвшүүллээ. Японы Ерөнхий сайдын айлчлалын явцад “Экспортын шугам”-ын тухайд тодорхой тохиролцоонд хүрч, энэ ажлын хүрээнд Японы тал Монголд 100-300 сая америк долларын зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн. Тухайлбал, Дархан хотод газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад 700 сая, Улаанбаатарын IY цахилгаан станцын өргөтгөлд зориулж 100 сая ам.долларын зээл олгохоор боллоо. Мөн уул уурхай, дэд бүтэц, мал аж ахуй зэрэгт зээл олгож туслалцаа дэмжлэг үзүүлэх, олон улсын онгоцны буудал, шинэ төмөр зам зэрэг бүтээн байгуулалтад оролцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн бол Монголын тал Таван толгойн нүүрсийг урт хугацаанд тогтвортой нийлүүлж байхаар болжээ. Харин айлчлалын өмнө яригдаж, олны анхаарал татаж янз бүрийн таамаглал дэвшүүлэхэд хүргээд байсан газрын ховор элемент, зэс нийлүүлэх асуудал энэ удаа хөндөгдөөгүй бололтой.
Ийнхүү Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд нэгэн том үйл явдал болж, шинэ хуудас нээж, хориодхон жилийн өмнө япончууд Монгол Улсыг “Ойр мөртөө холын орон” гэж үздэг байсан бол эдүгээ “Хол мөртөө бүр ойрын орон” гэж хэлэхэд хүрээд байгааг Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн нэг хоногийн айлчлал тов тодорхой харууллаа.
Буцалтгүй тусламжийн жагсаалтаас хасагдав. Өөр нэг анхаарал татсан асуудал бол Япон Улс буцалтгүй тусламж үзүүлэх улсын жагсаалтаас Монгол Улсыг хассан явдал юм. Энэ нь Япон Улсын хуулинд “Нэг хүн амд ноогдох Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 3000 америк доллараас давсан улс оронд буцалтгүй тусламж үзүүлэхгүй” гэж заасан байдаг гэнэ. Гэтэл Монгол Улсын үйлдвэрлэл жаахан өргөжиж, нэг хүн амд ноогдох ДНБ-ний хэмжээ 3000 америк доллараас давсан учраас томоохон хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалтад Японоос буцалтгүй тусламж авах боломжгүй болсон гэсэн үг аж. Гэвч Японы Ерөнхий сайд Шинзо Абэ айлчлалынхаа явцад Япон Улсаас Монгол Улсад соёл, боловсролын салбарт үзүүлэх буцалтгүй тусламж хэвээрээ үргэлжлэхийг нотолсон. Жишээ нь “Өвсний үнэр” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжих бололтой. Харин томоохон хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалтад зориулсан буцалтгүй тусламжийн төгсгөл болгож оношилгоо үйлчилгээний иж бүрэн тоноглол бүхий 200 ортой эмнэлгийг буцалтгүй тусламжаар байгуулж өгөхөөр боллоо.
Ер нь Монголд эдийн засгийн цаашдын хөгжилд шаардлагатай дэд бүтцийг бий болгох, аж үйлдвэрийн баазыг өргөжүүлэх, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд санхүүгийн асар их эх үүсвэр хэрэгтэй байгаа. Манай энэ хэрэгцээг харгалзан Японы Засгийн газраас Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд олгох хөнгөлттэй зээлийн хэмжээг нэмэгдүүлж дэд бүтэц, аж үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр манайд олгох хөнгөлттэй зээлээ нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Тэгэхдээ зөвхөн Засгийн газарт төдийгүй хувийн хэвшилд ч зээл олгох боломжийг харж үзэх юм байх.
Ганц хоёр хүний гавьяа биш. Айлчлалын явцад ажиглаж байхад манай зарим дарга нарын яриа, мэдэгдлийн өнгө аясыг ажиглахад ерөөсөө Монгол, Японы харилцаа өмнө нь нэг их өргөжиж, өөдлөн хөгжиж, олигтой ахиц гараагүй. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдэг хүн 2010 онд Японд айлчилснаар хоёр орны харилцаа идэвхжиж эрчимжсэн мэтээр дахин дахин давтан ярьж байгаа нь үнэмшил муутай сонсогдож байв. Мэдээж Ц.Элбэгдоржийн айлчлалын үеэр “Стратегийн түншлэл” хэмээн томъёолсон баримт бичигт гарын үсэг зурж Монгол, Японы харилцааны шинэ үе эхэлсэн нь үнэн. Харин өөр нэг үнэн бол манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа дөч гаруй жилийн амар хялбар биш замыг туулсаар, үе үеийн төр засаг, тэдгээрийн шат шатны зүтгэлтнүүдийн шаргуу хөдөлмөр, идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд өнөөгийн өндөр төвшинд хүрсэн гэдгийг мартаж болохгүй байх. Монгол, Японы харилцааны түүхэн хөгжлийн зөвхөн сүүлийн хориод жилийн байдлыг тоймлон харахад зөвхөн өндөр дээд хэмжээний айлчлал гэхэд л Япон Улсын Ерөнхий сайд Т.Кайфү 1991 онд Монголд айлчилж Монголын ардчиллыг дэмжих Японы бодлогыг зарласан. Энэ нь Монголын шинэчлэлийг дэмжих Японы болон олон улсын бодлого, үйл ажиллагааны механизмыг бий болгоход чиглэж байлаа. Энэ чиглэл эдүгээ амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгсөөр байгаа. Японы тал Монгол, Японы харилцааг “Иж бүрэн түншлэлийн хэмжээнд хөгжүүлэх” саналыг 1996 онд дэвшүүлсэн. Монгол Улсын тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхсайхан 1997 онд, Ерөнхийлөгч Н.Багабанди 1998 онд Япон Улсад айлчлахдаа “Иж бүрэн түншлэлийн зарчмаар хөгжүүлэх” саналыг дэмжиж байгаагаа нотолж тодорхой тохиролцоонд хүрч, олон нийтэд албан ёсоор зарласан. Энэ зарчим нь хоёр талын дээд хэмжээний 1999, 2001 оны айлчлалуудын үеэр гаргасан Хамтарсан мэдэгдлүүдэд тусгалаа олж батлагаажиж байв. Улмаар 2006 оны гуравдугаар сард Ерөнхий сайд М.Энхболд Япон Улсад айлчилж “Иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх” асуудлыг тохиролцож, Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2007 оны хоёрдугаар сард Япон Улсад айлчлахдаа “Монгол, Японы хамтын үйл ажиллагааны арван (2007-2017 оны хооронд) жилийн Үндсэн хөтөлбөр”-т гарын үсэг зурсан байх жишээтэй. Эдгээр урт хугацааны үйл ажиллагааг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дээр дурдсан айлчлалын үеэр гарын үсэг зурсан баримт бичгийн үзэл санааны дагуу уламжлан үргэлжлүүлж шинэ шатанд гаргах эхлэлийг тавьсан хэрэг. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд 2012 оны аравдугаар сард Японд айлчилж Монгол, Японы стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажилагааны чиглэлийг нарийвчлан тодорхойлсон “Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг хамтран боловсруулж, хэрэгжүүлэхээр тохиролцсон юм билээ.
Шинзо Абэ, Монгол Улсын Засгийн газрын тэргүүнийг Япон Улсад айлчлахыг сая урилаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны наймдугаар сард Япон Улсад айлчилж, тэр үеэр Монгол, Японы “Стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурж батлагаажуулах бололтой. Энэ мэтчилэн улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийг зөвхөн нэг хүнээс шалтгаалдаг, ганц удирдагчийн гавьяа гэж үзэх аваас өрөөсгөл болно байх аа.
Бас жагсаал, лоозонтой угталцав. Ногоон намынхан Шинзо Абэг бас жагсаал цуглаан, уриа лоозонтой угтав. Энэ бол ардчилсан аль ч оронд байдаг хэвийн үзэгдэл. Улс төрийн тэмцэл, эсэргүүцэл, сэрэмжлүүлэг анхааруулгын нэг хэлбэр юм байх. Манай Ногоон намынхан Японы Ерөнхий сайдын айлчлал цөмийн хог хаягдлаа Монголд булшлах бодол санаа “тээж” ирсэн байж мэднэ хэмээн анхааруулж үзэл бодлоо илэрхийлж байгаа тэр биз. Ер нь цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай асуудал бол Сү.Батболдыг Ерөнхий сайд, Н.Алтанхуягийг Тэргүүн шадар сайд байх үед ид яригдаж байлаа. Гэвч тэд “Тийм зүйл байхгүй” гэж тас гүрийсээр байгаа. Ногоон Намынхан “Сү.Батболдын тэрхүү бусармаг санаархлыг Тэргүүн шадар сайд нь уламжлан авч яваа байх” гэж хардаж байгаа юм болов уу. Ер нь үе үеийн төр, засгийн бодлогын уламжлах залгамж чанар гэж зарчмын чухал асуудал бий. Манайхан сайн зүйлийн эхлэл, үйл ажиллагааг мартахдаа амархан, муу юмны залгамж чанарыг уламжлан авч явахдаа гарамгай хүмүүс. Ташрамд нэг зүйлийг онцлоход манай төр засаг, эрх баригчдаас явуулж байгаа сүүлийн үеийн бодлого, үйл ажиллагааг харахад Монгол Улс маань байгалийнхаа хамаг баялгийг гадныханд цөлмүүлчихээд, оронд нь газрынхаа хэвлийд цөмийн хог хаягдлыг хадгалаад үлдэж магадгүй ажиглагдах юм. Харин жагсагчдыг харсан Ерөнхий сайд Абэ “Танайх чинь жинхэнэ ардчилсан орон болжээ” гээд инээж байсан гэнэ билээ.
Абэ хүний газар үүрд нойрсогсдоо эргэв. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн цэргийн гэмт хэрэгтнүүдийн чандарыг оршуулсан Ясүкүни сүмд очиж хүндэтгэл үзүүлдэг улс төрийн зүтгэлтнүүдийн нэг болох Шинзо Абэ эх газрын эрс тэс уур амьсгал, монгол нутаг дахь хаврын тэнгэрийн хачин аашийг үл тоон, лавшин орох их цасан дундуур хальтарч унан тусан байж Дамбадаржаа дахь япон цэргийн оршуулгын газар очиж хүндэтгэл үзүүлэв. Энэ бол бүр Ж.Койзүмигийн үеэс уламжлалтай юм. Харин энэ уламжлалыг Солонгос, Хятад төдийгүй Японы олон нийт ч таагүй хүлээж авдаг юм гэнэ билээ. Харин манайхан бол тоодоггүй. Тэдэнд зохих боломж олгож хүндэтгэлтэй ханддаг. Энэ нь нэг талаас монголчууд бидний өрөвч зөөлөн сэтгэлтэй хэнэггүйнх. Нөгөө талаар сайн харилцаат гурав дахь хөрш болох япончууддаа хатуурхдаггүйн илрэл юм байх.