Д.БОЛД
2005 оны эхээр манай орон хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийн улс орнуудын 81-д бичигдэж байв. Энэ нь хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон гэсэн үг. Үүнийг манай эрхмүүд ойлгосон юм болов уу гэлтэй радио телевизийг төрийн хараанаас гаргаж, олон нийтийн хэмээн цоллож, МҮОНРТ-ийн удирдах зөвлөлийг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Ардчиллын өнгө будаг нь хэвлэлийн эрх чөлөө байдаг. Эхэнд өгүүлсэн жагсаалтаас харахул юун ардчилах манатай байлаа л даа, хөөрхий.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байхдаа Хиллари Клинтон “Ардчилал хэд наслах нь мэдээлэл, үзэл бодлын чөлөөт урсгалаас хамаарна” гэж байв. Түүний өгүүлээд буй чөлөөт урсгалыг манайхан харин чиг булингартай гэгчээр хашиж, одоо бүр шавж байх шиг байна. 1998 онд хэвлэлийн эрх чөлөөний тухай гуравхан заалттай хууль баталж байв. Хоёр дахь нь болох Монголын үндэсний радио телевизийн тухай хууль бол зориудаар тусгайлан гаргасан хууль л даа. Төр болон төр засгийн байгууллагуудад хэвлэл мэдээллийн хэрэгсэл байж болохгүй гэсэн ойлгомжтой санаа сажланхан явсаар байгаа. Сульдаатай бөгөөд үнэмлэхүй санаанаасаа гажчихсан өнгө төрх эдүгээ яагаад гашуунаар урсах болов. 1996 онд Ардчилсан холбоо эвсэл парламентын сонгуульд ялж гарч ирэхдээ Радио телевизийг харьяандаа байлгаад ардчиллын яргуйг цэцэглүүлж чадаагүй. Цэнхэртээд л байсан хэрэг. Мөнхтөр, Билэгт нарын нөхөд ээлжлэн бариад тусыг эс олсон. Үйл ажиллагаа, үзэл санаа нь хогийн тантан шиг болж, жонхуугаар төмөр наах гэж үзсэн. 2000 онд МАХН (одоогийн МАН) сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж хэт улайж эхэлсэн билээ.
Үүний сүүдэр радио телевизийн үйл ажиллагаанд тодоос тод тусч байсныг бид мэднэ. Энэ мэтээр улс төрийн нөлөөлөл дээрх байгууллагыг хүчтэйеэ савлуулсаар ирсэн. 2004 оны сонгуулиар АН, МАХН хоёр тэнцүүхэн суудал аваадахав. Тэгээд л МҮОНРТ-ийн тухай хуулийг гаргаж ирсэн хэрэг. Түүнээс биш хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийд 81-д жагссандаа шаналж, Азидаа үлгэр жишээ хэмээн хэлүүлэхгүй болох вий дээ гэж эмээсэндээ энэ хуулийг батлаагүй хэрэг л дээ. Тэр үед одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нүдэндээ нулимстай тэвэрч үлдсэн ардчиллыг аварч үлдэх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахын тулд эрх зүйн зохицуулалт зайлшгүй чухал гэж байв.
Энэ нь Засгийн газар, төрийн хяналтаас хэвлэл мэдээлэл нь хол, ангид байх зайлшгүй шаардлагатайг хэлсэн хэрэг. Одоо бүгд урвуугаар эргэжээ. Үхсэн элэнцгийнх нь хэвлэлийн эрх чөлөө вэ. Юун ардчилах манатай. МҮОНРТ-ийн удирдах зөвлөлийн 15 хүнийг авч үзье. Ерөнхийлөгчийн зүгээс 4, Ерөнхий сайд 4, УИХ-аас 7 эрхмийг санал болгон УИХ-аар баталж байна. Тэд соёл урлаг, утга зохиол, техник технологи, шашин, сэтгүүлзүй, хөдөө аж ахуй, хууль зүй гэх мэтчилэн нийгмийн бүх салбарыг төлөөлсөн хүмүүс байх учиртай. 2008 онд Хэвлэлийн консул байгуулах сургаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Тэр консулаа байгуул, хамтран ажиллая” хэмээж байв. Юун төрөөс хараат бус байхыг дэмжих байтугай төр хутгалдана шүү гэдгийг шууд сануулж байсан. Зарим сэтгүүлч үүнийг эсэргүүцэж байлаа.
Үүн шиг эдүгээгийн МҮОНРТ-ийн удирдах зөвлөл үндсэндээ төр, засгийн утсан хүүхэлдэй болж хувирав. Шууд хэлбэл төр засаг, улстөрчдөөс хамааралтай этгээдүүд удирдах зөвлөлд шургалсан болохоор дээрээс дарамтлах боломж олгох төдийгүй хэвлэл мэдээллийн болон эрх баригчдын хооронд хар муур гүйнэ гэсэн үг. Гүйх байтугай “сайхан” гэгчийн өөд уруугүй жороолж байна даа. 15 эрхэм маань олон чиглэлээр үзэл бодлоо илэрхийлж, радио телевизийн бодлогод хяналт тавих, тайлан, төлөвлөгөө, бүтцийн талаар санал тавьдаг үүрэгтэй. Энэ жаягаар ч явж ирсэн. Анх Занаа, Бурмаа, Дашдондов, Хадбаатар, Чилаажав, бурханч лам Пүрэвбат, Монголбанкны одоогийн захирал Золжаргал нарын эрээвэр хураавар хүмүүс “15”-д багтаж байв. 2009 оноос Гомбосүрэн, Цэрэндорж, Ганболд, Дамбажав хамба нарын хүмүүс орж ирсэн билээ. 2012 оны эхээр “15”-д сонгогдох ёстой байсан хүмүүс хоёр намын тохиролцооноос болж сонгуулийг үдэв. Сонгуулийн дараа УИХ, Засгийн газраа чүү чаатай нэг юм бүрдүүлсэн. Дараагийн бялуу гээч нь “15” болж таарав. Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайдын зүгээс эрх мэдэлдээ дулдуйдан өөрсдийн хүмүүсийг шургалуулж эхэлсэн нь та бидний нүдэн дээр ил байна.
Ерөнхийлөгч гэхэд л төрийн шагналт Сосорбарам, Цэнддоо нарыг, Ерөнхий сайд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Мөнхбат, Арман, УИХ-аас биеийн тамирын багш Гоошоохүү, “Боролдой”-н Мягмар нарын эрхмүүдийг санал болгон “15”-ыг бүрдүүлэв. Гоошоохүү нь Нийслэлийн Ерөнхий шүүгч Сарантуяагийн нөхөр бол “Боролдой”-гийн Мягмар УИХ-ын гишүүн, Шадар сайд Тэрбишдагвын баз ч билүү, бүл ч билүү. Ургийн барилдлагатай улс төрийн сүүдэр “15”-ыг ийн бүчих жишээтэй. Генерал Пүрэвдорж ирэнгүүтээ л “15”-ын дарга болж мандав. Ийм хүмүүс удирдах зөвлөлийг бүрдүүлж байна. Сосорбарам, Цэнддоо нарыг хүмүүс мэднэ. Салбар бүрээ тодорхой хэмжээгээр мэддэг хүмүүс ч байна. Бараг л эхээс төрөнгүүтээ л ардчилал, хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдал, хүний эрхийг ярин гэрийн тооноор шар гэгээ татуулан тодорсон гэх энэ эрхмүүдэд ямар ч авцалдаа алга. Өөрөөр хэлбэл “15”-д юун ардчилах, төрөөс хараат бус байх манатай дажин өрнөжээ. Эрх мэдэл, албан тушаал ярьсан хүмүүс л гүйлдэнэ. Намын даалгаврын төлөө яахаас ч буцахгүй нөхдүүд байхын хажуугаар өөрийн хувийн амбийцаа нэгэн үе өлгийдөн, нэгэн үе задгайлан зүтгэгчид ч бий. Уг нь энэ “15”-д багтана гэдэг хүн дурлаад, муурч унаад байх том бялуу биш л дээ. Нэвтрүүлэг өмчлөн од мичид болох ч юм уу төсөв рүү нь хуруу шургуулж үзэх гээд байгаа бололтой. Сард 250 мянган төгрөгийн цалинтай юм байх. Хуралд ёсыг бодож суух үүрэгтэй. Энэ бялуу мөн үү.
Энэхүү дажин үүсгэгчдийн нэг нь Ерөнхий сайдын санал болгож оруулсан Арман гэгч нөхөр байна. Интернэтэд өөрийгөө яруу сэтгэгч Арман гэж тодорхойлжээ. Үнэхээр тийм юм бол МЗЭ-ийн хоёр давхар байшингийн босгоор алхаад орчихгүй дээ. Тэнд яруу сэтгэгчид байдаг санагдана. Мань эр “Ирээдүйгээ аваръя” төрийн бус байгууллагын тэргүүн аж. Ийм шугамаар гүйсээр байгаад “15”-д багтан, аврах, талахын аль нь мэдэгдэхгүй сарваганаад байгаа гэлцэх. Ирээдүйгээ аваръя гэдэг хачин жигтэй лоозогнолыг нь мартъя. Аврагч маань МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд 1993 онд элсэн суралцсан юм байна. Мундаг хуульч болох гэж байснаа мэргэжлийнхээ эсрэг гэмт үйлдэл хийсэн нь гэсэн мэдээлэл ч байдаг. Монголын анхны масктай дээрэм нэгдүгээр хороололд гарч байсан бөгөөд төрсөн ах болон найзтайгаа хамт энэ хэргийг үйлдсэн хүн нь ямар ч гэсэн мань хүнтэй адилхан нэртэй байдаг аж. Толгойдоо трико углаж байгаад приставка дээрэмдсэн ах дүү хоёрын ах нь хэргийг ганцаараа хүлээсэн бол тэдэнд туслаж үүдэнд хүн харж зогссон Т гэдэг хүн хожмоо Их хурал хавьд хурган дарга хийж байсан нь саяхны явдал гэнэ билээ. Нэр нэгтийн чих нэг гэдэг болсон байж ч мэдэх. Гэхдээ ямар ч гэсэн хуульч болохоор суралцаж байсан Арман хуулийн сургууль төгсөөгүй бөгөөд дараа нь сэтгүүлч болохоор суралцжээ.
Элдэвтэй энэ залуу NTV телевиз нэгэн сонирхолтой нэвтрүүлэг санаачилжээ. Тэр нь хүмүүсийг өөрт нь хэрэгцээгүй, илүү байгаа, бусад хүн ашиглаж болохуйц телевизор зэрэг эд эдлэлээ хандивын журмаар өгнө үү. Бусдад буян болгон хандив өргөе хэмээжээ. Сайн санаат хүмүүс ч өөрт илүү байгаагаа тус телевизэд хандивласаар байжээ. Үр дүн нь ч гарч орлогогүй өрх айлууд магнай тэнийж байв. Гэтэл нэг биш ээ… Ингээд мань хүн тэндээс гарчээ.
Өнгөрсөн оны намар энэхүү ялагдашгүй Арман нь ном гарган тараав. Хүмүүст хэрхэн хандив өргөх тухайг сурталдсан юм гэнэ лээ. “Үүнийг минь суралчил, би буянтан болой” хэмээн МҮОНРТ-ийг тулган шаардаж байв. Манай авлигачид, төрийн мөнгөний авдарт гар дүрэгчид хэзээ хойно бурхны дүр цутгуулж, суварга босгон үйлдсэн хар нүглээ цайруулах гэж оролддогийг лут ажигласан бололтой юм.
Ийм хачин намтартай нөхөр “15”-д багтан тэднийхээ номер нэг дарга болохоор зүтгэж эхлээд байгаа гэсэн. Түүний ховор “авьяас”-ыг ашиглан могой бариулахаар хөшигний ард байдаг эрхмүүд хөдөлж буйг мань эр гадарлаж байгаа байлгүй дээ. Ийм хүнийг өдөж хатган хэвлэлийн эрх чөлөө, төрөөс хараат бус байдлыг хангана гэвэл юу болж шувтрах бол. “Арман хийдгээ хийлээ, арилж болно”. Ийм л афоризм үлдэх болов уу.