С.ЦЭЦЭГМАА

Орхон аймгийн Засаг даргын орлогч  Д.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Ажлаа аваад багагүй хугацаа өнгөрлөө. Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаа аль зэрэг жиг­дэрч байна вэ?

-Миний хувьд сүү­лийн 4-5 жилд орон нутаг­таа байгаагүй. Тийм бо­ло­хоор орон нутгийн тул­гамд­сан асуудлыг зөв то­дор­хойлох нь гол зорилт болж байна. Үүнийг сүү­лийн үед бид­ний яриад байгаа ард­чиллын зарч­маар, иргэд, мэргэжлийн хүмүүсийн оролцоотой цуврал хэлэл­цүүлгийг явуулж, тулгам­даж буй асуудлын хамгийн чух­лууд нь хаана байна гэд­гийг гаргасан.

Эхний ээлжинд тул­гамдсан таван асуудлыг тодор­хойлж чадсан. Мэдээж 100 мянган хүн амтай хотод олон асуудал байгаа.  Одоо түүнийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох ажил байна. Үндсэндээ гурвыг нь шийд­вэрлэх аргаа то­дорхойлж гар­гасан. Харин үлдсэн хоёр нь жаахан цаг авч байна. Гэхдээ дөрөв­дүгээр сарын 15-даас хэт­рэлгүй шийдвэр гаргачих байх. Ер нь юм болгоноос барьж авч сэглээд байхгүйгээр голыг нь олох гэж оролдсон доо.

-Ямар таван асуудлыг гол шугамаа болгон ажил­лаж буйгаа тодруулаач?

-Эхнийх нь хотын үзэмж муудсан, хот эзэн­гүйдсэн. Эрдэнэт хотод газар олдохгүй, бүгд эзэн­тэй байдаг. Эзэмшиж байгаа газар дээрээ юм хийхээрээ эзэнтэй, ний­тэд үйлчлэхээрээ эзэнгүй болчихдог. Хот тохижилт эзэнгүйдээд, цэвэр, бохир усны байдал хэцүүдсэн байна. Өн­гөрсөн арван­хоёрдугаар сард бид ажлаа мөсөн дотор л хүлээж авсан даа.  Шугам сүлжээ хүнд, дээр нь хотын гудамж, талбайн цэвэр­лэгээ маш муу байлаа.

Хоёр дахь нь нийтийн тээвэр. Эрдэнэт 500 такси, 330 микро автобус,  хот хоорондын том оврын автобус 20-иод бий. Хот доторх хулгайн тээвэр­тэйгээ  1000 гаруй  машин нийтийн тээвэрт явж бай­на. Үүнээс харахад 100 мянган хүн амтай хотод  500 такси байх нь яагаад ч зо­химж­гүй. Автобус, так­сины зогсоолгүй хэрнээ тээв­рийн хэрэгсэл нь хэ­тэр­чихсэн байна. 1998 онд нийтийн тээвэр хувьч­лагдсан. Түүнээс хойш эзэнгүй зөнд нь орхи­чих­сон юм билээ. Ер нь хаа сайгүй л ийм байна.

Гурав дахь асуудал инженерийн шугам сүл­жээ. Хотын дэд бүтэц их хүндэрсэн. Үүний 80 хувь нь ерөнхийдөө аваарын байдалд орчихсон, энэ жил гэхэд 6-ын 18 дугаар байр­ны үүдэнд бохир байнгын халиастай өвөлжлөө. Энэ бол тулгамдсан асуудал гарцаагүй мөн. Инжене­рийн шугам сүлжээтэй холбоотой нэг багц асуу­дал бол хот байгуулалт. Дээрээс нь Эрдэнэт утаа­тай болсон.

Дөрөв дэх нь Эрдэнэ­тийн төрийн байгуул­ла­гуудын хүнд суртал гэдэг юмуу ил тод бус байдал, үйлчилгээний стандарт зөрчигдсөн, хүмүүс нь үүнээс залхсан байдалтай. Энэ бол гарцаа байхгүй төрийн байгууллагуудын тулгамдсан асуудал.

Тав дахь том асуудал бол эмнэлэг. Эрдэнэтэд эмнэлэг, эмч гээд явахаар нэг бол хотруу эсвэл га­дагшаа явдаг урсгалтай. Орхон аймгийн эрүүл мэн­­­­дийн салбарт тул­гамдсан асуудал олон бий. Ерөнхий зургаар харвал энэ тав дээр багцалж ха­рагдаж байна. Энэ дот­роосоо ший­­дэх арга замаа тодор­хойлоод явж байгаа нь хот байгуулалтын асуу­дал бу­юу хот тохижилтын ме­нежментийг боловс­ронгуй болгож газрыг нь эзэн­жүүлэх ажил юм. Хуу­лиараа 50 метрийн эргэн тойронд нийтийн эзэмш­лийн талбайг харж, арчлана гэдэг нь эзэнгүй байгаа. Түүнийг төлөв­лөгөөтэй дөрвөн жилдээ хэрэгжүүлнэ. Газрыг эзэн­жүүлэх хариуцлагын гэрээ гэж байгуулж эхэлсэн.  Бид эндээс олон зүйл хар­сан л даа. Мод зүлэг, явган хүний зам, гэрэлтүүлэг гээд олон асуу­дал байна. Хот то­хижилтын дотроос ногоон байгууламжийг тусад нь мэргэшсэн анги  ха­риуц­на. Харин цэцэр­лэг­жүүл­сэн талбайг эзэн­жүүлж  камержуулна. Эр­дэнэтэд өмнөх засгийн үед ка­мержуулах ажил эхэл­сэн юм билээ. Одоо үүнийг төрийн байгуулла­гуудын хамтын хяналт болгож өргөжүүлнэ.  Улаан­баатарт замын цаг­даагийн мэ­дээлэл явдаг шиг тийм мэдээллийг Эрдэнэтэд тодорхой цагт байнга гар­гадаг болно. Эрдэнэтийн 3502   гэрэл­түүлэг эзэн­гүйдсэн. Бид хотын гэрэл­түүлэг хариуц­сан ком­панитай болж бай­гаа. Эзэнжүүлэх асуу­дал цахилгаан шугам сүл­жээн дээр мөн яригдаж байгаа.

Мөн нийтийн тээв­рийн асуудал их хүнд бай­гаа. Эрдэнэтэд нийтийн тээврийн асуудлыг тодор­хойлно. Энэ нь хүн тээвэр, ачаа тээвэр, төмөр замын тээвэр, нисэх гээд. Эрдэнэтэд хуучин нисэх онгоцны буудал байсныг сэргээнэ. Ер нь хууч­наасаа ухардаг нийгмийг байгуулах гээгүй ш дээ.  Онгоцны буудлын талаар “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд маш сайхан хүлээж авсан, хамтын ажиллагааныхаа гэрээнд тусгаж байгаа.

-Харин эрүүл мэндийн салбарын хувьд юу хийх вэ?

-Эрдэнэтийн эмнэл­гийг Бүсийн оношлогоо, эмчилгээний төв гэж нэр­лэснээс өөр юм байхгүй. Хангайн бүс гэхээр зур­гаан аймгийн хүн ирж үзүүлэх ёстой. Гэтэл тоног төхөөрөмж, боловсон хүчний чадавхийг сайж­руулах асуудал нь орхигд­сон. Нэр өөрчлөгдөж, даргаа захирал гэснээс өөр зүйлгүй. Бодлогогүй бай­сан жишээ нь Уулын бая­жуулах Эрдэнэт үйлдвэ­рийн хөрөнгө оруулалтаар гадны менежментийг удирд­­­лага болгон то­моо­хон хөрөнгө оруулалттай 20-иод сая долларын өр­төгтэй эмчилгээ, онош­логооны төв байгуулж байгаа. Гэтэл энэ төв, Бүсийн оношлогоо эмчил­гээний төв хоёр хоорондоо огт харьцаагүй байсан. Сая хэд уулзаж байж хоо­рондоо холбогдож байна. Зэсийн баяжмал тодорхой хэмжээнд багасаад, үйлд­вэрийн чадавхи хомсдоход эрүүл мэндийн салбараар бизнес эрхэлж, энэ бай­гууллагыг түшиж болох юм гэсэн санаачлага гар­сан юм билээ. Бид түүнийг нь дэмжиж байгаа.

Эмч, эрүүл мэндийн ажилтнуудынхаа ажиллах орчин, нийгмийн хам­гаал­лын асуудалд анхаарч ажиллана. Өмнө нь 10-аад жил хөөцөлдөөд бүтээгүй газрыг нь шийдэж, 9.6 хувийн хүүтэй орон сууцны зээлийн асуудал яригдаж байгаа.

Дээр нь Эрдэнэтийн төрийн байгууллагын хүнд суртал гэж байна. Ер нь таглаатай, битүү зүйлийг хүмүүс их сонирхдог шүү дээ. Түүнээсээ болоод юмны далд байгаа зүйлийг сонирхож, хардах нь гардаг болов уу. Тиймээс цахим Эрдэнэт хөтөлбөр явуулж байгаа. Тэдний ил тод байдлыг хангана. Техникийн их сургуулийн хэдэн багш нартай хамтарч ажиллах гэж уулзалт хийсэн. Ер нь монгол орон суурин болон нүүдлийн амьдралтай. Бидний дэлхийгээс ялгагдах зүйл бол нүүдэлчин соёл иргэншил, түүнийгээ авч үлдэх юм. Иймд цахим малчин гэж сүлжээг хийнэ. Бид мянгат малчин Дорж малаа алдлаа гэдгийг  цахим сүлжээнээсээ мэ­дэж болно. Цахим сүлжээг сум, хөдөөдөө хөгжүүлээд Эрдэнэт хотдоо жишиг маягаар гаргачихвал мон­гол оронд энэ маягаар цаашаа цахим монголын жишгийг Эрдэнэтээс үүсгэнэ байна гэж боддог.

-Та төр, намын аль алинд нь удирдах ажил хийсэн туршлагатай хүн. Аймгийн Засаг даргын тамгын газар багаа хэр бүрдүүлэв дээ?

-Шинээр аятайхан баг бүрдсэн, залуусаар нилээд сайн сэлбэсэн. Бид чинь дунд эргэм насандаа орчи­хоод байна. Ардчилсан нам 20-иод жил төрийн эрхийг ялангуяа Эрдэнэтэд нэг их барьж байгаагүй шүү дээ.  Миний хувьд азаар жил гаруй Гаалийн ерөнхий газрын дэд дарга, намын ажлыг гэвэл 7-8 жил хийсэн л дээ. Би өмнө нь  бодож явсан зүйлээ одоо л хэрэгжүүлэх боломж гарлаа гэж харж байгаа. Боломж гараад ирэхэд надад бэлэн рецептүүд байсан. Манай баг хөг­шин, залуу, туршлагатай гээд  порц нь тохирсон гэж харж байгаа. Гэхдээ мэдээж залуу хүнд алдах онох зүйл бий, залуу гэх­гүй надад ч гэсэн алдсан зүйл байгаа шүү дээ. Ин­гээд харвал бидний ажил  багаараа цогцоороо ажил­лахад бүрэн боломжтой гэж үзэж байна. За­луу­чуудтай хамтарч ажил­лахад их урамтай. Юмыг их хурдан хүлээж авдаг. Манай тамгын газар амралтын өдөр сургалт явуулахад би Улаан­баатарт байгаа хирнээ цахимаар бүгдээрээ оролцож байгааг харахад сайхан байлаа. Бидний олон жил хүсч байсан зүйлийн эхлэлийг зөв тавиад явбал цаана нь авч явах хөрс нь бэлэн байна.

-Орон нутагт эрх мэ­дэл, хөрөнгө очиж байгаа. Хавар болж бүтээн байгуулалтын ажил газар сайгүй эхний шатруу орлоо. Харин Эрдэнэтийн хувьд ямар байна вэ?

-Ер нь 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруу­лалт хийгдээд бодлоготой ажиллах, иргэдээрээ хэлэл­­цэж асуудалд хан­дах, бодит зүйлд тул­гуур­лаж үндэслэлтэй шийдвэр гаргах гээд мөнгө дагаж маш том хариуцлага ногдож байна. Эрдэнэтэд “Эко” хороолол гээд яриг­даж байгаа. Инженерийн шугам сүлжээ хийхээр ерөнхий зүг чиг нь гар­чихсан. Дээр нь ямархуу байгууламжтай хотхон байгуулах вэ гэдэг дээр ярилцана. Эрдэнэтийн “Эко” хороолол  зөвхөн өнөөдөр ярьсан асуудал биш. Энэ бол сүүлийн 10-аад жил ярьж байгаа эрчим хүч, дулааны хэмнэлттэй орон сууц гээд монгол оронд хэрэгжээд эхэлсэн ажил. Эрдэнэтэд мөн л тэр талаар санал санаачлагууд зөндөө гарч байсан. Тэрний улбаа, үргэлжлэл юм.  Инжене­рийн шугам сүлжээний  том зураг төслүүд, бүтээн байгуулалт, шугамын ши­нэ­члэл хийгдэнэ. Бүтээн байгуулалтад манайд учир дутагдалтай байсан нь өнгөрсөн жилүүдэд ин­женерийн боловсрол, ин­женерийн нэр хүндийг их унагасан байгаа юм. Хо­тын захирагчийн алба бай­­гаа хирнээ ин­жене­рийн хэлтэс нь байхгүй, барилга захиалагчийн товчоогүй, бараг хотын ерөнхий ар­хитектор хавс­ралт маягаар байжээ. Зуун мянган хүн амтай хот ар­хитекторгүй байна гэдэг юу гэсэн үг вэ. Иймд хо­тын захирагчийн албаны дэргэд Барилга захиалаг­чийн товчоо гэж гаргасан. Түрүүн хэлдэг инжене­рийн тусдаа орон нутгийн өмчит компа­ни­тай болно.  Хот байгаа газар бүх та­лын инжене­рүүд байх ёс­той. Үйлдвэр технологийн парк, Бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн гээд ажлууд хийгдэж байгаа. Би өөрөө бизнес эрхэлж байсан, 20-иод жил төр, намын ажил хий­хийн хажуугаар биз­нест хүч үзлээ.  Ломбар­данд юмаа тавьж  байшин барьж, ломбарданд бай­шин­­гаа алдаж байлаа. Уулын баяжуулах “Эрдэ­нэт” үйлдвэрийн бохир, цэвэр усыг цэвэрлэж ша­гайгаараа татсан бохирын усан дунд зогсч ажиллаж байсан. Цагаан сарын шинийн нэгэн болох гэж байхад ажилчиддаа цалин өгөхөөр ломбардруу явсан гээд гачлантай явдлыг үзсэн хүн л дээ. Харин одоо Эрдэнэт үйлдвэртэй ажил­лах хамтын ажилла­гаан дээр ажиллаж байгаа,  “Эрдэнэт” үйлдвэр 30-аад жил болоод нөөцгүй болоод ирэхээр цаашдаа яах вэ. Тэр үед эдийн засгийн тулгуур нь юу байх вэ гэж ярьж байна.

-Ер нь Эрдэнэтийн нөөц багасаад ирэхээр цаашаа яах вэ?

-Бүр одоо бодох бай­тугай нилээд хэдэн жи­лийн өмнөөс сигналдсан юм л даа. Хүчин мөхөсд­сөн. Арваад жилийн өмнө бидний хэлснээр энэ үйлд­вэрийг хөдөлгөсөн бол бараа шахалтыг хязгаар­лаж, Эрдэнэтийн бизнес эрхлэгчдийг дэмжих ажил бодитой болох байсан. Хо­ноцын сэтгэлтэй хүмүүс ирлээ гээд тэр үед үнэхээр хүчрээгүй  л дээ.  Даанч дээ гэмээр зүйл их олон байлаа. Бид Эрдэнэтийн шинэ удирдлагуудтай уулзаад хэлдэг юм. Нам нь хамаагүй Эрдэнэтэд 20-иод жил ажилласан бидний үеийн хүмүүсийг нам гэлгүйгээр аваарай, тэднийхээ оюуны потенциалыг зохих ёсоор ашиглаарай гэж хэлсэн. Энэ хүмүүс 20-иод жил яг голыг нь авч явж байгаа, тэр томилолтоор ирсэн хүмүүс гэрээ хийх, бараагаа шахахад анхаарч явсан шүү.  Харин нөгөө муу инженер хүүхдийхээ сургалтын төлбөрийг яаж хийх билээ гээд хойно өмнө нь ороод явж байдаг байсан. Нам гэдгээ хойш нь энэ үйлдвэрийхээ эрх ашгийг дээр нь тавь гэдэг. Одоо дөч, тавьтай хүмүүсийн потенцалийг ашиглаж.  Тэдэнд ажлын байрны тусгай хөтөлбөр гарган өгч байгаа.  

Би улс төр, намаар бишгүй явсан хүн. Хэт улс төржихээр сүүлд нь ха­рахад их буруу ул мөр үлдсэн байдаг юм. Ер нь улс төржилт УИХ, Ерөн­хийлөгчийн сонгуулийн үеэр байх ёстой. Улс тө­рийн намын хуулинд өөрч­лөлт оруулах нь зүйтэй санагддаг. Нам гээд яв­цуураад ирэхээр нутаг ус болоод сүүлдээ хэдхэн хүний, ах дүү нарын яриа болох байдал руу орж бай­гаа юм. Үүний эсрэг ма­най Ерөнхийлөгчийн гар­гаад байгаа шууд ардчилал гэдэг санаа бол маш зөв.

-Орхон аймаг малын бэлчээр багатайгаас гадна Хангайн бүсийн төв гэдэг. Хөрш аймагтайгаа яаж зохицож байна вэ?

-Ер нь Булган аймаг­тай хийх хамтын ажил­лагааны гэрээн дээр нэ­лээд сайн суусан. Эрдэнэт бол хот юм, тэгэхээр Булган аймгийн нутаг дэвсгэр дээр байгаа л улсууд. Тийм болохоор энд нэг их аймгархах хэрэггүй юм байна. Үйлдвэр тех­нологийн парк нь Эрдэнэт үйлдвэрийг дагаж хөг­жинө Булган ч дагаад л хөгжих ёстой. Ер нь та­найх манайх гэхгүй энүү­хэн энэ районы асуудал яригдаж байгаа.  Бид Булган аймгийн шинэ удирдлагатай маш сайн ойлголцсон. Аж үйлдвэр технологийн парк бол Булганыхны хамтын зүйл байх ёстой. Одоо байгаа Үндсэн хуулийн заалтаас шалтгаалан хот, аймгийн асуудал болчихоод байна. Тиймээс дундын бүс үүсгэж, “Эко” хорооллыг барья. Манайхан, Булга­ныхан “Эко” хороололд амьдраг, Үйлдвэр техно­логийн паркад орцгоож хамтран ажиллая. Бид ийм байдлаар ажиллах гэж оролдож байна даа.

-“Эко” хорооллын та­лаар дурьдлаа. Инжене­рийн шугам сүлжээ, дэд бүтцийг нь шийдээд өгнө гэж сайхан зүйл хэллээ. Гэхдээ сайныг дагаад саар зүйл мунддаггүй. 9-10 давхар байшин барих гэж байгаа газар жижигхэн амины орон сууцууд барина гэхээр дургүйцэж байна уу?

-Иргэдээрээ хэлэл­цээд, инженерийн шугам сүлжээний гэрээг хийчихсэн байгаа. Үгэн дээр үг гэж жижигхэн улс төржих өнгө аяс цухалзаж л байгаа юм билээ. Гэхдээ Эрдэнэтийхэн голчоор нь харж байгаа байх. Бид наймдугаар хороололд инженерийн дэд бүтцийг хийж байгааг жишгээр харуулах гэсэн юм.  Ин­женер техникийн ажил­чидтайгаа Эрдэнэтий­хэндээ сургалт хийнэ гэж бодож байгаа. Телевизээр “эко” барилга төлөвлөлт, “эко” барилгын материал, “эко” цахилгаан шийдэл, “эко” инженерийн шугам сүлжээний шийдэл гээд хичээл заая гэж бодож байгаа. Энэ хичээлээ эх­лээд ийм байшин барих юм, ингэж болох юм гэд­гийг хүмүүст үзүүлнэ. Бид тодорхой бодлоготой ажиллана. Жишиг үүс­гэж, дундаж айл нэг иймэр­хүү маягийн өртөг­тэй байшин гарах нь гэд­гийг харуулна. Мөнгөтэй улсуудын уралдаан, цуг­луулга  болно гэсэн ойлго­цоор зарим нь хандаж, манайхан ч бас ярихдаа үгэн дотор үг алдсан юм шиг байгаа юм. Одоо ажил, амьдралд хэрэгжи­хээр нь харцгаая. Би мөн­гөнд дурласан зүйл хийх­гүй. Манай Зоригоо дарга ч үүнийг  гадарлахтайгаа хүн.

-Эрдэнэт, аймаг хоёр хичнээн ч жил хоорондоо хол байв даа. Үүнийг та нар их сайхан ойртуулсан. Миний бодлоор Орхон аймгийн ирээдүй их сайхан гэрэлтэй, гэгээтэй харагдаж байна даа?

-Ер нь юмыг их сайхан өөдрөгөөр харах нь чухал. Яах аргагүй хийх ажил ихтэй. Гэхдээ хийх юмныхаа голыг нь олж барьж авах нь удирдагч та бүхэн менежмент юм.  Үүнийгээ л зөв олох нь чухал. Эрдэнэтэд хийх хүмүүс нь бэлэн, санхүү хөрөнгө нь байна. Үнэхээр сэтгэлтэй  байвал ажил урагшилна. Энэ бол зөвхөн удирдаж байгаа биднээс л хамаарна. Эрдэнэт бүх аймгаас цугларч ирсэн сэхээтний нутаг шүү дээ. Бидний үед чинь ши­лэг­дэж ирж байсан. Би ч мөн тэдгээрийн адил. Бүгдээ­рээ сайхан явах ёстой. Танай сонингоор дам­жуулан Эрдэнэтчүүддээ аз жаргал, эрүүл энх амжилт бүтээлийг хүсье. Та бүхэн юманд их өөдрөгөөр хандаж, мэдээж сайн муу юм гарвал  хатуу зөөлөн үгээ хэлж байгаарай. Хүн чинь хэлүүлж байж зарим нэг доль цохисон зүйлээсээ гарна шүү дээ. Энэ талаасаа бид юмыг их зөв харахад та нарын үг, оролцоо маш чухал шүү гэдгийг хэлье.