Баасан гаригийн зочин

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Бид баасан гаригийнхаа зочноор Соёлын тэргүүний ажилтан дуучин Б.Цогтдэлгэрийг урилаа. Тэрээр Зууны манлай “Соёл-Эрдэнэ” хамтлагийн  отгон гишүүн, тэр дотроо тус хамтлагийн  сүүлийн үеийн уран бүтээлүүдийн эрэгтэй хоолойг бүгдийг амилуулсан юм. Аливаад “Би” гэж цээжээ дэлдээд байдаггүй даруухан дуучныг “Түүнд  би хайртай байсан” , “Хайраа би”, “Охин үр”, “Хол нар” зэрэг  хит болсон гэгээн хайрын тухай   дуунуудаар нь  уншигчид андахгүй билээ.

-Хүмүүс таныг Соёлын тэргүүний ажилтан гэхээс илүү гэгээн хайрын дуучин гэж цоллодог юм билээ.  Яагаад дандаа хайрын тухай дуулдаг юм бэ?

-Миний үеийнхэн их төлөв  орцонд дуулж гарч ирсэн. Дуулдаг дуунууд нь дандаа хайрын тухай. На­майг анх дуулж эхлэхэд   Эрдэнэтэд оросууд олон, залуучууд орой болохоор цэцэрлэгт очоод дуулж суудаг байлаа. Тэр үеэс гэгээн хайрын дуу дуулдаг хүүхэд нэр авсан. Манай байрны ах  нар намайг болзоондоо дагуулж явна. Дуулуулах гэж байгаа нь  тэр. Найз бүсгүйчүүд нь ч  “Дуулдаг хүүхдээ  дагуулж ирвэл болзъё, ирэхгүй бол өөртэй чинь уулзмааргүй  байна” гэх жишээтэй. Би тэр үед “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуунуудыг дууриаж дуулдаг байлаа. Миний дуугаар анхны хайраа хөглөж, гал голом­тоо асаасан хүн Эрдэнэтэд  олон бий. Дуу, хуур гэдэг тийм  хүчтэй зүйл.

-Тэгвэл дууг нь дууриан  дуулж явсан “Соёл-Эр­дэнэ” хамтлагийнхаа ги­шүүн болж босгыг нь алхсан түүхээс яриач?

-Би багаасаа дуул­сан. Сандал дээр гарч зог­соод чихэр цуглуулж дуул­даг хүүхэд байлаа. Сүүлд нь хү­мүүс өхөөрдөөд мөнгө өг­дөг болсон. Түүгээр нь найзууд­тайгаа мөхөөлдөс авч идээд гүйж явсан. Хожим Эрдэ­нэтийн хивс­ний үйлдвэрт  ажиллаж,  үйлдвэрийн ажилч­дын   “Солонго” хамт­лагт дуул­даг байлаа. Тэгж явахдаа  1986 онд Бүх ард түмний урлагийн наа­дамд оролцсон юм.

Тэнд өөрийн дуулах дуртай “Соёл-Эрдэнэ”  хамт­лагийн дууг дуулсан. Тухайн үед   “ Соёл-Эр­дэнэ”  хамтлагийн ахлагч, хөгжмийн найруулагч Б.Дам­­дин тэр наадмын шүүг­чээр ажиллаж бай­сан юм билээ.  Би тэр хүний нүдэнд анх өртсөн. Түүний дараахан  намайг дуудуул­сан. Тэгэхэд Б.Дам­дин  Уу­лын баяжуу­лах “Эрдэнэт” үйлдвэ­рийн “Уурхайчин” хамт­ла­гийг ахалж байсан юм. Би хивсний үйлдвэрт  ме­ханикаар ажиллаж бай­сан болохоор дуудаж байна гэж сонсонгуутаа   гараа хагас дутуу угаачихаад гүй­гээд очсон. Тэгтэл на­майг баахан шалгаж, хэд хэдэн дуу дууллууллаа. Хуруу гар ч харлаа. Гэтэл тостой хал­тар байдаг /инээв/. Би тэгэхэд   “Алтан зул”, “Сай­хан монгол бүсгүй” гээд олон дуу дуулсан.  Ингээд намайг дуучнаар авч,  уран бүтээлчийн элдүүрт оруулан элдэж эхэлсэн.

-Поп хатагтай Б.Са­ран­туяатай СУИС-ийн нэг анги гэв үү?

-Бид нэг ангийнхан. Поп урлагт  төлөөлөл болж хоёргүй сэтгэлээр  зүтгэж яваа уран бүтээлчид.

-Тэр үед таны багш хэн байв?

-Би 1990-ээд оны эхээр СУИС-д орж  А.Бат­сүх багшийн  шавь болсон. Багш минь “Хүн боловс­рох­гүйгээр цааш хөгжих­гүй” гэдэг байлаа.  Багший­гаа бурхан болоход их ган­цаард­сан. Тоглолт хийхэд орж ирээд бүх нотыг нь бичиж, цэгцлээд өгчих­дөг байсан болохоор үнэ­хээр үгүйлэгдэж байсан. Багш минь миний багш төдийгүй хамгийн сайн  найз, бас  уран бүтээлийн анд минь байлаа. Тийм болохоор  баг­шийнхаа дуу­нуудаар цомог хийхээр бэлтгэж байгаа. Өнгөрсөн хойно нь ч гэлээ  ачийг нь санаж, дурсч явна гэдэг хүний сэтгэлийн нан­дин чанар юм. Гэрэлт ер­төнцөд гараас минь хө­төлж намайг уран бүтээлч бол­госон болохоор багш­даа сэтгэлийн их өртэй.

-Ингэхэд та Эрдэнэ­тийн унаган хүүхэд үү?

-Би Улаанбаатарт төр­сөн. Тухайн үед ах нар маань эвлэлийн илгээл­тээр  Эрдэнэтэд очиж ажил­ла­сан юм. Би сахил­гагүй  бай­сан учир манайхан “Энэ хүүхдийн сургуулийг сольж жаахан томоожуулъя” гээд  тийш нь шилжүүлсэн. Ин­гээд Яармагийн 60 дугаар сур­гуулийн сурагч Эрдэнэт рүү очсон хэрэг.  

-Багын найзууд тэнд олон бий биз ?

-Сургуульд хамт сурал­цаж байсан олон сайхан нөхөд бий. Зарим нь бизнес хийж, морь уях  нь морио уяад явж байна. Бүр арван мянгат малчин болсон хүн ч манай ангийнхан дотор  бий. Монголын гэрэл зур­гийн салбарт нэрээ гаргаж яваа Ц.Батбаатар миний  багын найз.

-Найзуудтайгаа хамт­ран студи байгуулж уран бүтээл хийж байгаа гэж дуулсан юм байна?

-Нөхөдтэйгээ гар нийлж студи байгуулсан. Ц.Батбаатар  маань гэрэл  зураг авна, мөн видео хий­нэ. Би хөгжмийн студи ажилуулдаг. Надтай хамт миний уран бүтээлийн анд  “Элькондр”  хамтлагийн дуучин  Б.Цог хөгжмийн инженэрээр,   “Нисванис” хамтлагт байсан одоо “Madness” хамтлагийн соль ги­тар­чин Б.Цацрал  хөгж­мийн найруулагчаар   ажил­ладаг. Миний хувьд дуугаа зохионо, дуулна. Ийм нэг баг “Махмалл” нэрийн  дор нэгдэн уран бүтээл хийж байна.

-Танай баг сүүлийн үед  ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна?

-Олон том ажил төлөв­лөсөн. Хуучны сайхан дуу­нуудыг сэргээж дуулна, түүгээрээ цомог гаргана.

-Яагаад хуучны дуу­нууд гэж?

-Манай рок  попынхон хэтэрхий гадныхныг дуу­риаж дуулдаг. Монгол гэдэг нэг юм байх ёстой шүү дээ. Орос дуу бол орос  дуу л байдаг, яаж ч  сонссон. Түүн шиг монгол дуу ч   монголоороо байх ёстой. Хэзээ ч хуучиршгүй дуу­нууд гэж байна. Тэдгээрийг орчин цагийн техник, тех­нологийн дэвшилд тул­гуурлан сэргээж дуулна, цомог гаргана. Өөр олон зүйл хийх бодол бий.

-Ингэхэд та тайзан дээр дуулж эхэлснээс хойш хэдэн жил урлагаар амьдарч байна?

-Би 1986 оноос дуулж эхэлсэн. Удахгүй  30 жи­лийн ой  болох нь. Ерөн­хийдөө ухамсарт амьдра­лынхаа 25 жилийг урлагт өгч, эргэлт буцалтгүй түү­гээр амьсгалж, амьдарч явна. Энэ хугацаанд дөрвөн  удаа бие даасан уран бү­тээлийн тоглолтоо хийсэн. “Соёл-Эрдэнэ” хамтла­гийн ахлагч З.Зундарь гэж уран бүтээлч байсан. Мон­голчууд “Сэтгэлийн жи­гүүр” дуугаар нь  андахгүй. Энэ дуугаараа нэрлэсэн уран бүтээлийн тайлан тоглолтынх нь бүх эрэгтэй гоцлол дууг би дуулж бай­лаа. Удахгүй уран бүтээ­лийн­хээ тав дахь тайлан тоглолтыг хийхээр бэлтгэж байна.

-Таны “Хайраа би” тог­лолтыг үзсэнээ санаж бай­на. Түүнээс хойш нэлээд удаан завсарлага авсаны эцэст дахин тоглох гэж байх шиг. Яагаад ингэж удсан юм бэ?

-Янз бүрийн юм байна. Уран бүтээлээ хийх, одоо боллоо гаргаж ирье гэж бодох өөр. “Хүний заяа, худгийн ус хоёрыг хэмжиж болдоггүй” гэдэг шүү дээ. Сүүлийн үед бүх зүйлээ өөрөө хийж байна. Тэгэхгүй бол  нэг газар очиж мөнгө төлөөд хийлгэдэг. Тэр нь сэтгэлд таарахгүй байх жи­шээтэй. Зөндөө   тэгж явсан. Одоо уран бүтээлийн андуудтайгаа  нэг баг болж ажиллаж байгаагийнх, ху­вийн студитэй болсных өөрийн бодсоноор уран бүтээлээ чөлөөтэй бас ча­нартай хийе гэж бодсон.  Монголчууд “Нэр хугара­хаар яс  хугар” гэдэг. Юм хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй. Поп урлагийн хүрээнийхэн намайг мэднэ. Тэгэхээр би чансаатай юм хийх хэрэгтэй. Олон дуугарс­наас чансаатай нэг  дуугаръя гэж бодоод “Би орчлон, намайг чи нээ” уран бүтээлийн тав дахь тог­лолтоо СТӨ-нд ирэх сарын 6-нд хийх гэж бай­гаа.

 -Та олон дууны ая зохиосон, бас олон жил дуулж байгаа. Тиймээс нэг асуулт байна, дуучин хүн ямар шалгуурыг хангаж байж дуучин гэсэн нэрийг өргөж явах ёстой юм бэ, сүүлийн үед алдар цол авахын тулд тоглолт хийдэг юм шиг ойлгогдох болсныг юу гэж үзэж байна?

-Дуулаачийн хувьд ярихад мэргэжлийн дуучин тайзан дээр гараад хоёр октав дотор дуулчихдаг байх хэрэгтэй. Гэтэл зарим  “жижигхэн” хоолойтой гавьяатууд  байна шүү дээ. Бусдыг  муу хэлж байгаа юм биш. Алдар гавьяа гэдэг өөрийнхөө төлөөх тэмц­лийн үр дүн. Ард түмний хүндэтгэл болов уу. Түү­нээс заавал авчихвал ашиг ор­лого нь нэмэгддэг юм биш. Нэмж хэлэхэд, би алдар хүнд горилж уран бүтээл хийж байгаа юм биш. Улс­даа нэртэй Зууны манлай “Соёл-Эрдэнэ”  хамтлагт нь 10 гаруй  жил дууллаа. Эрдэнэтийн Уулын бая­жуу­лах үйлдвэрийн “Кума” хамтлагт хэдэн жил дуулсан. Олон улсын эстра­дын дуу дуулаачдын урал­даан, АНУ, Ардчилсан Со­­лон­гост болсон хоёр  удаа­гийн фестивальд ам­жилттай  оролцож байсан.  1997 онд Морин хуурын чуулга болон  21 аймгийн уран бүтээлчдийн багтай хамт Олон улсын фести­вальд оролцож Алтан цом  шагнал хүртсэн.  60 гаруй орны дуучин оролцсон тэр том тэмцээн өөрийгөө та­них дэлхийн дэвжээ  бай­сан. Түүнээс Итал,  АНУ , Хятадын дуу бүжгийн чуул­га, Оросын “Брёзка”  чуул­гыг  ардаа орхиж цом хүр­тэнэ гэдэг  маш том боломж, аз завшаан.  Түүнээс хойш  2005 онд Баянмонгол чуул­гатай  хамт Олон улсын фестивальд амжилттай орол­цож байлаа. Одоо ми­ний уран бүтээлийн санд 100 гаруй бүтээл байна. Хүний сэтгэл дотор яваад байдаг юм уу, цаасан дээр нотлоод хадгалсан нь  үхмэл бүтээл болж таарна. Тэгэ­хээр бусдын оюун сэтгэлд хүргэж, дэлгэж тавих хэ­рэг­тэй биз дээ. 

-Ингэхэд тоглолтоо яа­гаад “Би орчлон,  намайг чи нээ” гэж нэрлэсэн юм бэ? 

-Энэ их учиртай. Дууны их мастер, монголчуудын хайртай  хөгжмийн зохиолч  Х.Сэргэлэн  мянган дууны баяр хийж байсныг хүмүүс мартаагүй. Би тэр хүнийг биширч явдаг. Х.Сэргэлэн ах 1990 онд “Эрдэнэтэд  их сайхан тенор хоолойтой хүүхэд байна. Тэр хүүхдээр дуугаа дуулуулна”  гээд Эрдэнэтийн Соёлын ордон руу хэлүүлж намайг Улаан­баатарт  авчран “Ая дууны жигүүр” уралдаанд оруулж байсан юм. Тэгж  “Би орч­лон,  намайг чи нээ”  дууг нь анх  дуулсан. Намайг  Эрдэнэтийн вагоноос буун­гуут  хар өнгийн 24-т  суул­гаад аваад явж билээ. Нэг их том дуучин аятай гоё  зочид буудалд буулгаж, хамт хоол идэж байсан нь сэтгэлд тод үлдсэн.  Хам­гийн гол нь би тэгэхэд  хүн уран бүтээлдээ тийм их хайртай байдгийг  Х.Сэргэ­лэн ахаас олж харсан. “Би орчлон, намайг чи нээ” дууны үг нь их гоё.

“ Уйтгарын бараан үүлнээс

Уйдаж суухдаа  чи  над руу ирээрэй

Учрал хагацлын орчлонд

Ухааръя  гэвэл намайг дуудаарай

Өөрөөс чинь аз жаргал  тойрч гэмээ нь

Над руу ирээрэй

Зүрх тайтгарах хайрын зүүдэнд очихдоо

 Намайг хөтлөөрэй

Би орчлон

Намайг чи нээ

Он жилүүдийн

Нарнаар сарнаар ирсэн

Орчлон чинь би шүү  дээ

Намайг нээ”  гоё үг байгаа биз.  Энэ дууг  1990 онд анх  дуулснаас хойш 23 жил өнгөрчээ.   Би сонгодог урлаг, поп  урлагийн то­гоонд олон жил   чанагдсан.  Одоо тэсэрч дэлбэрэх цаг нь болсон.  Түүний минь илрэл “Би орчлон, намайг чи нээ” тоглолт юм.

-Ер нь таны тоглолтод  урлагийнхнаас хэн, хэн оролцох вэ?

-Ардын жүжигчин А.Дол­гор эгч  миний “Зүү­дэн харгуй” дууг дуулна.  Уран бүтээлийн дүү нараас дуурийн алдарт дуучин Пла­сидо Домингогийн нэрэмжит дэлхийн баритон хоолойтнуудын уралдааны тэргүүн байрын шагналт, Монгол Улсын залуу гавьяат Э.Амартүвшин, Глинкийн нэрэмжит олон улсын тэмцээний тэргүүн байрын шагналт Г.Ариун­баатар, “Vois” хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Баттулга нар орол­цоно. Нийтдээ  200 орчим уран бүтээлч бий. Зөвхөн найрал дуучид гэхэд бараг 100 гаруй хүн бий. Хүүх­дийн ордны найрал дуучид, хүүхдийн найрал дууны  “Улаанбаатар”  чуулгын­хан, Улсын филармонийн  симфони найрал хөгжим, залуу уран бүтээлчдээс Б.Со­лонго, Э.Хулан нар дуулна.