Х.ХУЛАН
Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журамд өөрчлөлт оруулжээ. Энэ талаар БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн Ё.Ононтой ярилцлаа.
-Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журамд ямар өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр тухайн жилд агнах ан амьтны тоонд өөрчлөлт орж байгаа юу. Чухам ямар өөрчлөлт оруулсан бэ гэдэг нь сонин байна?
-Зах зээлийн системд шилжсэнээс хойш улсын төсвийг байгалийн нөөцөөр бүрдүүлэх зорилгоор тусгай зориулалтаар буюу спорт болон олзворын чиглэлээр агнаж, барьж ирсэн. Тухайн жилд агнах, барих амьтны дээд хэмжээг Засгийн газраас баталдаг. Тухайлбал, сүүлийн гурван жилд 50 угалз, 180 орчим тэх янгир, 250 орчим эдлэг шонхорыг гадаадын анчдад бариулах тусгай зөвшөөрөл олгож ирсэн.
Нэг талаасаа энэ нь улсын төсөвт чамгүй орлого төвлөрүүлж байсан сайн талтай. Гэтэл эргээд харахаар, тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу тухайн ан амьтнаас ашиг орлого олсон хүнээр эргээд нөхөн сэргээлт хийлгэхээр хуульчилсан нь учир дутагдалтай байсан байна. Ангийн тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компаниуд эргэээд тэр амьтныхаа нөхөн сэргээлт, байгаль хамгааллын чиглэлээр ажил хийсэн үү гэвэл үгүй. Амьтны нөөцийг хамгаалах тал дээр төдийлөн ач холбогдол гарсангүй гэдэг нь судалгаа шинжилгээ, статистик дүнгээс харагдаж байна.
Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн жилд агнах, барих амьтны тоо хэмжээг юунд үндэслэж тогтоох нь тийм ч тодорхой биш байсан. Харин одоогийн шинэ журамд тухайн жилд агнах, барих ховор амьтны тоо хэмжээ нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд үндэслэх юм.
-Менежментийн төлөвлөгөөг хэн хэрхэн гаргах вэ. Та илүү тодорхой ярьж өгөхгүй юү?
-Ой, ус гээд байгалийн нөөц болгон дээр менежментийн төлөвлөгөө гаргаж байна л даа. Тухайн нөөцийг яаж хамгаалах юм, хэрхэн өсгөж үржүүлэх юм, дараа нь яаж зохистой ашиглах вэ гэдгийг он цагийн дараалал, ач холбогдлоор нь эрэмбэлсэн, зорилго зорилтыг агуулсан байх жишээтэй. Хөрөнгө, төсвийг шийдсэн, оновчтой арга зүйгээр үйл ажиллагаагаа тодорхойлсон баримт бичигтэй болж байгаа юм. Яг үүнтэй адилхан, амьтны нөөцийг ч гэсэн хэн, хэрхэн, хэдий хугацаанд, хэр их хөрөнгөөр, ямар удирдлага зохион байгуулалтаар хамгаалах вэ гэдгийг цогцоор тусгаж өгсөн бичиг баримтыг ан агнуурын менежментийн төлөвлөгөө гэнэ. Амьтны тухай хуульд энэ талаар шинээр заалт оруулсан. Өөрөөр хэлбэл, аймаг бүр, агнуурын бүс нутаг болгон өөрийн гэсэн менежментийн төлөвлөгөөтэй болно. Тухайн газарт хэн нэгэн иргэн, хуулийн этгээд менежментийн төлөвлөгөө боловсруулаад цаг хугацаа, хөрөнгө хүчээ зарцуулаад амьтныг хамгаалж, өсгөж үржүүлсэн нь эргээд ашиглах давуу эрхтэй.
-Тэгэхээр энэ жил агнах ангийн тоо өмнөх жилүүдийнхээс өссөн үү, эсвэл?
-Агнуурын менежментийн төлөвлөгөөнд үндэслээд тухайн жилд агнах барих амьтны тоог тогтоох саналыг бид сая боловсруулсан. Урьд нь жилд 50 угалз агнадаг байсан бол энэ жил 15-ыг, 180 тэх агналдаг байсан бол одоо 32 тэх агнахаар Засгийн газраар батлууллаа.
-Ангийн тоо толгой ингэж эрс буурсан гэсэн үг үү?
- Логикоор нь харах юм бол амьтны нөөц байхгүй болчихоод ингэж байна гэж харагдахаар байгаа. Гэхдээ үгүй, ерөөсөө л менежменттэй холбоотой юм.
Өмнө нь Тусгай хамгаалалттай газар нутгаас бусад бүх газарт агнуур хийж байсан. Монгол орны 1 сая 650 мянган км квадрат газар нутгийн 17.4 хувь нь улсын тусгай хамгаалалтад бий. Үүн дээр нэмээд хилийн зурвас нутгуудад ан хийхийг хуулиар хориглодог. Түүнээс бусад бүх газарт ан хийх эрх нээлттэй байсан. Тэгвэл одоо агнуурын бүс нутаг гэдэг нэр томъёог хуульд оруулж ирсэн. Зөвхөн агнуурын бүс нутагт л ан агнах, барих үйл ажиллагааг зохицуулахаар тусгаж өгсөн байгаа. Тэрхүү агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөнд үндэслээд ашиглалт явуулах нь. Сая гаргасан маш том нэг өөрчлөлт бий. Өмнө нь Засгийн газар тухайн жилд агнах, барих амьтны тоог баталчихаад тусгай зөвшөөрлийг нь аж ахуйн нэгжүүдэд хуваарилдаг байсан. Аж ахуйн нэгжийн нэрсийг жагсааж байгаад жил бүр хураамжаа орон нутгийн данс руу хугцацаанд төлж байсан, амьтан ашиглах хамгаалах үйл ажиллагаа явуулсан гэдгээр нь эрэмбэлээд хэнд нь хэдэн амьтан агнах эрх өгөх вэ гэдгийг салбарын сайд хуваарилдаг байсан юм. Одоо ингэхгүй. Менежментийн төлөвлөгөөнд үндэслэж, бүс нутагт нь хуваарилна. Энэ хуваарьт орсон тухайн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцаж байгаа иргэн, хуулийн этгээд амьтнаа хэнээр агнуулах нь өөрийнх нь асуудал болж байгаа юм. Байгалийнхаа нөөцийг хаанаас, хэдийг, хэнээр ашиглуулах вэ гэдэг нь хамгаалж байгаа хүний асуудал. Тэр хүн аль аж ахуйн нэгжтэй хамтрах вэ, эсвэл гадаадын зах зээлээ өөрөө хариуцах уу гэдгээ мэднэ.
-Тусгай зөвшөөрөл олгох гэж аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэх шаардлагагүй болж байгаа юм байна. Тэгвэл агнуурын бүс нутагт хамгаалалт, ашиглалт явуулах хүн нь хэн байж болох вэ?
-Хуулийн өмнө хариуцлага хүлээхүйц хүн, ТББ эсвэл орон нутгийн иргэдийн байгуулсан аж ахуйн нэгж ч байж болно. Ингээд агнуурынхаа бүс нутагт хууль бус агнуурыг зогсоож, бэлчээрийн менежмэнтээ сайжруулсан, амьтныхаа тоо толгой нь өсчихсөн байх юм бол ашиглах давуу эрхээ эдэлж эхлэх юм.
Төсвийн тухай хуулийн шинэчлэн найруулсан хувилбараар тухайн сумын төсөв бүрдэх хэсэгт амьтан агнасны төлбөр гэж бий. Ан амьтны төлбөр 100 хувь сумын төсөвт орчихож байгаа юм. Харин Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар ан амьтан ашигласны төлбөрийн 50 хувийг байгаль хамгаалах, нөөцийг нөхөн сэргээхэд ашигладаг. Тэгвэл сая журамд зохицуулалт хийхдээ ийм ерөнхий байдлаар биш, яг тухайн агнуурын бүс нутгийн менежментийг хэрэгжүүлэхэд зарцуулна гэж оруулсан. Хоёр угалз агнууллаа гэхэд сумын төсөвт 28 мянган ам. доллар орох юм. Үүний 14 мянган долларыг сумын Засаг дарга захиран зарцуулах эрхтэй. Дахиад 14 мянган долларыг нөгөө хамгаалал явуулж буй этгээд агнуурын менежментийн төлөвлөгөөндөө зарцуулах эрх нь нээгдэж байгаа юм. Тал хувь нь сумын төсөвт орж байгаа учраас орон нутгийн удирдлага үүнийг мэдэхээс өөр арга байхгүй. Тиймээс тухайн орон нутгийн Засаг дарга, агнуурын менежментийг хариуцаж байгаа хуулийн этгээд, зуучлагч компани гурав ан агнуулах гурвалсан гэрээг байгуулна. БОНХЯ энэ гэрээнд үндэслэж тусгай зөвшөөрөл олгож байгаа юм.
-Энэ бүхний дараа тэд ашгаа ямар байдлаар хүртэх вэ?
-Ангийн үйлчилгээ гэдэг бол жуулчлалын нэг хэлбэр. Нэгдүгээрт, дэлхийн анчдын зах зээлээс анчин олж авна гэдэг хэр баргийн хүн хийж чадах ажил биш л дээ. Гаршсан, дадлага туршлагатай хүмүүс хийдэг юм. Хамгаалалтыг явуулж байгаа, ялангуяа нутгийн иргэд, нөхөрлөлүүд тэр бүр гадаад зах зээлтэй холбоо тогтоож чадахгүй. Тиймээс зуучлагч аж ахуйн нэгжээ сонгоод ан агнах гэрээ хийнэ.
Тусгай зориулалтын агнуур өндөр төлбөртэй учраас квот авсан аж ахуйн нэгжүүд ихэвчлэн гадаадын анчдад зуучилдаг. Жишээлбэл, нэг угалз агнахын тулд 18000 ам.доллар төлөх монгол иргэн одоохондоо гараагүй байх жишээтэй. Тэгэхээр ихэвчлэн гадаадын анчдад зуучилдаг. Ингээд тэндээс авсан төлбөрөөр тухайн орон нутаг төсвөө бүрдүүлдэг байсан.
Харин одоо нэг угалзыг 30 мянга, эсвэл 60, 70, 80 мянган доллар хүргэх үү гэдэг нь тухайн зуучлагч компанийн хэрэг. Улсад төлж байгаа мөнгө нь л 18000 доллар байх ёстой. Орон нутаг зуучлагчдаа 18000-аас дээш үнээр зарж болно. Манай агнуурын бүс нутгийн угалзаа хоёр мянган доллараар л агнуулна гэх эрх нь бий. Тэгээд тушаах ёстойг нь улсдаа тушаагаад үлдсэнийг нь менежмент төлөвлөгөө хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх юм.
Урьд нь нэг асуудал байсан. Гадаад зээлээс анчин олж чадахгүй мөртлөө квотод орчихдог. Тэгээд лицензээ үнэ хүргэж зардаг бизнес “ширээн дор” байсан. Одоо инэгх боломжгүй болсон.
-Агнуурын бүс нутгийг хэн тогтоох вэ. Хэчнээн агнуурын бүс нутаг байх юм?
-Агнуур зохион байгуулалтын судалгаа, мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслээд аймгийн ИТХ хилийн цэсийг нь баталж байгаа. Одоогоор Увсад нэг, Ховдод 7-8, Өмнөговьд 3-4 агнуурын бүс нутаг байна. Төв аймаг агнуурын бодлоготой, энэ жил бүс нутгаа тогтоочихно. Бусад нь бүс нутгаа тогтоож амжаагүй байгаа учраас энэ жил агнах ангийн тоо ч бага байгаа юм. Хилийн цэсээ тогтоосон газруудад л ангийн зөвшөөрөл олгосон.
-Хамгаалахад хөрөнгө их шаардах уу?
-Зэрлэг амьтан хамгаалахад хөрөнгөөсөө илүү зохицуулалт шаарддаг. Арчилгаа багатай шүү дээ. Гол нь төллөдөг, ороо орж байгаа гэх мэт амьдралынх нь чухал процесс болдог газар нутагт нь малаар дарамтлаад байхгүй байх хэрэгтэй байгаа юм. Амьдрах орчныг нь хумилгүй, хууль бус агнуурыг тухайн бүс нутагтаа таслан зогсоосон байх шаардлагатай. Түүнчлэн зэрлэг амьтны амьдралын гол процесс болдог газарт дэд бүтэц байгуулахгүй, уул уурхай эрхлэхгүй байх ёстой.
Ер нь зэрлэг амьтныг хамгаалахад юу хэрэгтэй вэ гэхээр, нэгдүгээрт бэлчээрийн амьтантайгаа зохицсон менежмент. Ингээд хамгаалаад ирэхээр тоо толгой нь өсдөг. 2003 онд 125 км квадрат нутагт 300 гаруй аргаль угалз байсан бол 2011 оны үнэлгээгээр энэ тоо 800-1000 орчим болсон байгаа. Хүний зүгээс амьтанд учруулж байгаа сөрөг нөлөөллөө багасгаад байхад л болох юм.