Д.БОЛОР
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хагас сарын өмнө нь Дорноговь аймагт ажилласан билээ. Тэрээр “Дорнын говьд хөгжил ойрхон байна. Монголын хөгжлийн түүчээ нь Дорноговийн Сайшанд, Замын-Үүд болж магадгүй. Яагаад гэвэл аймгийн удирдлагууд нь сэтгэл, зүтгэлтэй залуус юм” хэмээн онцолсон юм. Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягтай аймаг орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.
-Танай аймаг энэ оныг аялал жуулчлалыг хөгжүүлэх жил болгосон гэсэн. Энэ чиглэлд ямар ажил хийж байна?
-”Дорноговьд тавтай морилоорой” гэсэн уриатай аялал жуулчлалын жил болгож зарласан. Жуулчид Хамарын хийд, Хан Баянзүрх, Энергийн төв рүү олноор ирж байна. Ирж байгаа жуулчдад үйлчилгээ үзүүлж, түүнээс орлого хүртэх боломжийг бүрдүүлэх үүднээс бид энэ жилээс нэлээд ажил хийж байна. Дорноговь аймаг 14 сумаасаа түүхийн болон байгалийн есөн гайхамшгаа тодруулсан. Сумд руу аяллын маршрут хийх аялал жуулчлал хөгжүүлэх томоохон хөтөлбөр боловсруулж байна.
-Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулах талаар олон жил ярилаа. Энэ ажил ямар шатандаа байна?
-Энэ талаар судалгаа хийж дууссан. Америкийн “Бектел” компани ажиллаж байгаа. Үйлдвэр барих 3512 га газрыг аймаг гаргаж өгсөн. “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” улсын компани байгуулагдсан. Тэд энэ жил багагүй хөрөнгө гаргаж, хөрсний болон нарийвчилсан судалгаа хийж байна. Ондоо багтаад олон улсын гүйцэтгэгчийг сонгох тендер зарлана.
-Олон үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Тэр дотроо цементийн үйлдвэрийг танай аймагт байгуулна гэсэн. Тэгэхээр Дэд бүтэц, эрчим хүчний асуудал хурцаар тавигдаж таарна?
-Дорноговь аймаг төвийн эрчим хүчтэй холбогдсон 110 мВт-ын шугамтай. Үйлдвэрүүд ашиглалтад орохоор энэ шугам хүрэлцэхгүй болно. Дээрээс нь дулааны томоохон станц хэрэгтэй болж байгаа. Орон сууц, барилга байгууламж нэмэгдэхэд энэ нь хаанаа ч хүрэлцэхгүй. Тиймээс орон нутаг концессоор 200 мВт-ын станц барья гэж санаачилга гаргаад судалгаа хийж дууссан. Энэ асуудлаа Засгийн газарт тавих санаатай байгаа. Орон нутагтаа 200 мВт-ын станц барьчихвал бид хоёр талын тэжээлтэй болно. Үйлдвэр барихад гурваас доошгүй тэжээл шаардлагатай. Үйлдвэрийн цогцолбор баригдаад эхлэхээр нүүрсийг коксжуулна гэж байгаа. Коксжуулахад их хэмжээний хий гардаг. Тэр байгалийн хийгээр станц барихаар төлөвлөсөн. Ийм гурван эх үүсвэрийг ашиглана. Дөрөв дэх нь сэргээгдэх эрчим хүч байх болов уу гэсэн бодолтой байна.
-Сайншанд хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан онцлог зүйл нь юу вэ?
-Сайншандын ерөнхий төлөвлөгөөг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар боловсруулаад дуусч байна. Хоёрдугаарт Аршанд, Энгэршанд хоёр тус тусдаа дэд бүтэцтэй байсныг нэгтгэнэ. Хоёрдугаарт, “Шинэ Сайншанд-2” нэртэй баруун тийшээ тэлж байгаа хорооллыг дэд бүтэцтэй болгоно. Гуравдугаарт, ирээдүйд бий болох эко таун, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулахтай холбогдсон орон сууцны томоохон хорооллууд барина. Үүнийг бид аймгийн төвөөс баруун хойш “Найрамдал” тосгонд барихаар судалгаа хийгээд явж байна.
-Хямд үнэтэй орон сууцаар иргэдийг хангахын тулд газрыг нь үнэгүй олгож байгаа гэсэн. Ерөнхий сайд үүнийг ихээхэн дэмжиж байсан. Хэзээнээс энэ ажлыг эхлүүлсэн бэ?
-Дорноговь аймагт гурван жилийн өмнө иргэдийг орон сууцжуулах төсөл боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар 200 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон. Орон сууцны төслийг хийхдээ хоёр зорилго тавьсан. Нэг талаас аймгийн ард иргэдийг хямд орон сууцтай болгоё. Нөгөө талаас бие даагаад үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй байгаа барилгын компаниудаа нийлүүлээд консорциум болгоё гэсэн. Газрыг нь аймгаасаа гаргаж дэд бүтцийг нь татаж өгсөн. Орон сууцны ам метрийг 400 мянган төгрөгөөр бариулсан. Нэг өрөө байр 18 сая, хоёр өрөө нь 22 сая төгрөг болж байгаа юм. Манай аймагт орон сууцны зах зээлийн үнэ ам метр нь 800 мянга байдаг. Төсөл хэрэгжсэнээр хоёр дахин хямдрах боломжтой болсон. Аймгийн төвөөс гадагшаа 3-4 км-т газар үнэгүй олгож, замыг нь татаж, дэд бүтцийг нь бүрдүүлж байгаа.
-Орон нутагт төсвийн эрх мэдэл шилжлээ. Танай аймаг хэрхэн ажиллахаар төлөвлөж байна?
-Энэ жил улсын төсвөөс манай аймагт 11 тэрбум төгрөг олгосон. Энэ мөнгөний талаас илүү хувийг сумд руугаа шилжүүлээд байна. Хамгийн их буюу тэрбум төгрөгийг ч зарим сумын данс руу шилжүүллээ. Уг мөнгийг сумын ИТХ иргэдийн оролцоотойгоор зарцуулах чиглэлийг бид өгсөн. Өөрөөр хэлбэл, “Та бүгд хамгийн ойрхон хэрэгцээтэй төсөл хөтөлбөрт ашигла” гэсэн. 300 сая төгрөг нэг суманд хуваарилахад маш их мөнгө. Гэхдээ тэнд нэг томоохон бүтээн байгуулалт хийе гэвэл хаанаа ч хүрэхгүй. Тиймээс хоёр сумыг бүсчлээд хөрөнгө оруулалтыг нь нэгтгэж энэ жил нэгэнд нь бүтээн байгуулалт хийсэн бол ирэх онд нөгөөд нь хийх жишгээр явбал зүгээр. Өмнө нь бид нэг эмнэлгийн дээвэр засах хэрэгтэй болоход харьяа яамаар нь асуудлаа оруулж шийдүүлдэг байлаа. Манай аймаг бүх сумаа ирэх дөрвөн жилд бохир цэвэр усны шугамд холбох төлөвлөгөөтэй байна. Бохир усны системийг 300-400 саяд хийчих ажил биш. Ээлж дараатайгаар хийж, энэ хугацаанд шийдвэрлэх асуудал гарвал дээд шатны байгууллагад хандах бодолтой байгаа.
-Иргэд өөрсдөө оролцож төсвөө захиран зарцуулна гэдгийг хэр ойлгож байгаа бол?
-Орон нутагт Улаанбаатарт явж байгаагаас дутуугүй шүү. Нийслэлд хороо, дүүргийн Засаг дарга хурал зарлахад иргэд хэр очдог юм бол. Хөдөө орон нутагт багийн хуралтай гээд зарлавал дор хаяж гэрээсээ нэг хүн явуулдаг. Гэхдээ хүндрэл бас бий. Мал төллөж буй хаврын улиралд хүн цуглуулах хэцүү. Тиймээс бид ямар ажил хийвэл үр дүнтэй байх вэ гэдгийг судалж байна.
-Энэ хавар аймгийн хэмжээнд бүтээн байгуулалтын ямар ажил өрнүүлэхээр төлөвлөв?
-Аймгийн хэмжээнд маш олон ажил эхлүүлэхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд босоо тэнхлэгтэй авто замын ажил хийнэ. Чойроос явж буй автозамыг барьж дуусгана. Замын-Үүдийн зам шийдэгдэхгүй маш удсан. 2003 оноос хойш Азийн хөгжлийн банкны төслөөр явж байгаа ч олигтой үр дүнд хүрэхгүй байхаар нь орон нутаг өөрсдөө хийе гэсэн санал тавьсан. Бид Концессын хуулиар хийх боломж олгохыг хүссэн юм. Энэ нь тухайн компанийнхантай тохиролцоод өөрсдийнх нь хөрөнгөөр хийлгээд ашиглалтад оронгуут төр мөнгөөрөө худалдаж авах. Эсвэл ашиглалтад орсных нь дараа тухайн компани үйл ажиллагаагаа явуулаад өөрсдийн гаргасан хөрөнгөө 15 жилийн хугацаанд олж аваад улсад буцааж өгөх. Ингэхдээ тодорхой заасан стандартын шаардлага хангасан байх ёстой байдаг юм. Гэтэл Азийн хөгжлийн банкныхан “Олон жил явсан төслөө нэг мөр дуусгамаар байна. Бид энэ ондоо багтаагаад дуусгана” гэсэн. Үүнээс гадна орон нутгийн чанартай хэд хэдэн авто зам тавихаар төлөвлөөд байна.