Түрүүч нь 73 (4388)

Б.УРАН, Б.ЗАЯА

 

ГАЗРЫГ ХУУЧИН ХЭВЭНД НЬ ОРУУЛАХ ЁСТОЙ

Нүхтийн аманд ний­тийн зориулалттай орон сууц, мөн пентхаус хотхон барьсан, худалдаалж бай­гаа компаниудын эзэдтэй холбогдсон юм. Орон сууц­наас нь худалдаж авсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгоно, асуудалгүй гэв. Дархан цаазат газарт газар өмчлөх, эзэмших хуулийн харилцаа огт байдаггүй. Зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар таван жил хүртэл ашиглах эрх олгодог гэдгийг өмнөх дугаартаа онцолсон билээ. Тэгвэл Дархан цаазат газарт барьсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гэдэг нь тухайн хүний худалдаж авсан барилгыг хамгаалах баримт бичиг болж чадах уу.  Өөрөөр хэлбэл, газар нь хууль бус бол барилга нь яах вэ. Энэ талаар хуулийн зөвлөгөөг авсан юм. Хуульчийн хэлснээр газар нь нэгэнт Дархан цаазат. Тэнд өмчлөх, эзэмших эрх үүсдэггүй. Харин дээр нь барилга барьсан хүмүүс үл хөдлөх хөрөнгийн хуулийг урдаа барьж  биеэ өм­гөөлж болох юм. Гэвч газар ашиглах эрхээ зо­риу­лалтын бусаар ашигласан бол асуудал гарлаа гэхэд газраа чөлөөлөхөөс өөр аргагүйд хүрнэ гэв. Зо­риулалтын бусаар ашиг­ласан гэдэг нь Л.Гансүх сайдын 2008 онд гаргасан зуслангийн зо­риулалтаар газар ашиглах түр журмаар газар ав­чи­хаад, түүнийгээ бизнесийн зориулалтаар ашиглаж, дамлан най­маалж, ашиг олж байгаа явдал юм. Хуульд заас­наар Дархан цаазат газрыг ашиглачихаад буцааж өгөхдөө хуучин хэвэнд нь оруулж өгөх ёстой. Гэтэл томоос том байшин барьчихсан, бүр түүнийгээ бусдад худал­даалаад сууж байгаа хү­мүүст энэ хууль үйлчлэнэ гэж үү. Энэ асуудал олон жилийн турш маргаан дагуулсаар бай­сан нь үнэн. Гэвч Нүхтийн аманд тансаг хаус, орон сууцны хорооллоо тэнгэрт хадсан үнээр үнэлчихээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, санаа зовох асуудалгүй хэмээн худалдан авагчдын толгойг эргүүлсээр байгаа юм. Тэр хэсэгт  амьдардаг айл, өрх бүгд нийгмийн дээд давхаргынхан, УИХ-ын гишүүд, сайд дарга нар байдаг гэнэ. Үе үеийн сайдууд өөрсдөө зөвшөөр­лийг нь өгч, газрыг нь дамлачихаад, дээр нь барь­сан барилгыг буцаагаад бэлгэнд аваад сууж байдаг нь худал биш. Нэгэнт сүн­дэрлэчихсэн олон ба­рилга, байшинг хүний өмч талаас нь бодолцож үзээд нураадаггүй юм гэхэд, нэмж бариулахгүй талаас нь ямар нэг юм хийгээсэй. Биднийг Нүхтийн аманд очиход лав 30 гаруй ба­рилгын ажил үргэлжилж байсан. Цаг улам ду­лаарахаар бүр ч нэмэгдэнэ гэж байгаль хамгаалагч нь хэлсэн. Дархан цаазат газрыг чухам яаж ашиглах ёстой вэ. Тэнд байгалийн сайхан бүрдсэн, ан амь­тан, гол горхи нь байна. Зүй тогтол нь зөв хөгжиж ирсэн бол өдийд стандартын шаардлага хангасан тоотой хэдэн амралтын газар орчныг нь сайхан тохижуулаад гадаадынханд үзүүлж байх байлаа. Тэнд ажилладаг хоёр, гуравхан амралтын газар нь хувийн хаус, орон сууцны сүрд дарагдаад, байгалийн үзэмжит газрыг таниулан сурталчлах биш, зөвхөн амарч цэнгүүлэх төдийхөн үүрэг л гүйцэтгэж байна.

 

ӨМНӨХ САЙДЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ШИЙДВЭРИЙГ ШАЛГАНА

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас өмнөх сайдынх нь хууль зөрчиж, замбараагүй олгосон газ­рын асуудлыг цэгцлэнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ шалгалтыг Нүхтийн аманд ч гэсэн хийхээр болжээ. Энэ талаар тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэгээс тод­руулсан юм.

-БОНХЯ-наас Нүх­тийн аман дахь замба­раагүй газрын асуудлыг шалгах гэж байгаа гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Нүхтийн аманд зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын газар хоёрхон байна. Бусад нь өмнөх сайдын гаргасан түр журмын дагуу зус­лангийн зориулалтаар га­зар ашиглаж байгаа иргэд, аж ахуй нэгжүүд бий. Одоо­гийн байдал нь үнэ­хээр замбараагүй байгаа нь үнэн. Тиймээс бид эхний ээлжинд яг хэдэн иргэнд, ямар зориулалтаар газар ашиглуулсныг тог­тоосон. Цаашид иргэдэд газар олгох шийдвэр нь хуулийн дагуу байсан эсэхийг шалгана.

-Л.Гансүх сайдын гаргасан журам хууль зөрчсөн эсэхийг тогтооно гэсэн үг үү?

-Тийм. Дархан цаазат газрын хуулиар бол хууль зөрчсөн шийдвэр гэдэг нь тодорхой. Тиймээс яамны зүгээс юуны түрүүнд Л.Ган­сүх сайдын тушаа­лыг нягталж шалгана. Дараа нь зуслангийн зориулалтаар авсан газарт хувийн орон сууц барьж, заримыг нь дамлан худалдаалж байгаа нь хуульд нийцэж байгаа эсэх, ямар хуулийг зөрчиж байгааг тогтооно. Мөн кадастрын зургийг мэр­гэжлийн байгууллагаар шалгуулна. Энэ ажлыг эхлүүлэхгүй бол Нүхтийн ам тун удахгүй Зайсан­гийн амтай адилхан болох нь. Хууль зүйн яам, Мэр­гэжлийн хяналтын газар болон манай яам хам­тар­сан томоохон шалгалтыг ирэх сараас эхлүүлэхээр бэлтгэж байна.

-Тэнд газар ашиглах­даа таван жилээр авсан байдаг. Хугацааг нь сун­гахгүй байж болохгүй юу?

-Одоогийн хууль эрхзүйн орчноор бол газар эзэмшүүлэх тухай асуудал байхгүй.  Ашиглах хугацаа дууссан бол, өөрөөр хэлбэл таван жилийн дараа гэрээ дуусахад заавал сунгах ёсгүй. Энэ хугацаанд газар эзэмших, эсвэл ямар нэгэн өмчлөлийн асуудал байхгүй. Газрын болон эд хөрөнгийн өмчлөлийн асуудал үүсэхгүй. Таван жилийн хугацаанд Дархан цаазат газрыг ашиглаад буцаахдаа анхны хэлбэрт нь оруулж өгөх учиртай. Тэрнээс би тэр газрыг авчихлаа, байшингаа барьчихсан юм чинь миний өмч болно гэсэн ойлголт байхгүй.

-Нүхтийн амны даац хэтэрсэн гэж байсан. Цаашид энэ газрыг ямар байдлаар ашиглах вэ?

-Шинэ сайд ажлаа авс­наас хойш Дархан цаазат газарт нэмж газар олгоогүй. Даац нь хэ­тэр­сэн нь ойлгомжтой. Энгийн нүдээр харахад ойлгомжтой байгаа. Тиймээс тухайн газрын эко систем ямар төвшинд байна, аялал жуулчлал хөгжүүлэх шаардлагатай бол даац нь ямар байгааг үнэлүүлэх ёстой. Даацандаа тулгуурласан үнэлгээ гаргана. Нэг үгээр Богдхан уулын шинэ тө­лөвлөлт, шинэ менеж­ментийг хийнэ. Дараа нь хаана нь аялал жуулчлал байх ёстойг тодорхойлно. Бусад орны жишгээс ха­рахад тусгай хамгаа­лалт­тай газар тэр дундаа Дар­хан цаазат газарт аялал жуулчлалын бааз бай­гуулах нь буруу байдаг юм билээ. Аль болох буцааж гаргаж байна. АНУ ч энэ маягаар сүүлийн жилүүдэд дархан цаазат газраа хамгаалж авч үлдэж байна.