“ЗМ”-ний сэдэв: Хүүхэд бүрийг хамгаалъя

 

С.ЦЭРЭНДЭЖИД

“Зууны мэдээ” сонин  “Хүүхэд бүрийг хам­гаалъя” сэдвийн хүрээнд хөдөлгөөний дутагдалд өртөж байгаа хүүхдүүдийн тухай цуврал нийтлэлийг хүргэж байгаа билээ. Хүүх­­дүүдийг бага балчраас нь бие бялдрын зөв хөгжилтэй, хөдөл­гөөний эвсэлтэй болгодог ганц боломжит газар нь тэдний хоёр дахь гэр буюу  цэцэрлэг. Намар бүрийн есдүгээр сард эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж уртаас урт дараалал үүсгэн, хадаг барих нь холгүй гуйж зогсдог. Нэгэнт хүрэлцээ муутай цэцэрлэгийн асуудлаас болж нэг ангид хичээллэх хүүхдийн норм, стан­дартын тухай ярих ч шаардлагагүй болсон. Хүүхдээ л багтааж байвал ангид нь хэр олон хүүхэд байх нь эцэг эхчүүдэд хамаагүй, тэд ч үүнд буруугүй. Харах хүнгүй бяцхан жаалуудыг аль болох багтаахыг хичээдэг цэцэрлэгийн удирдлагууд, багш нар ч буруугүй. Гэтэл нэг бүлгийн ачаалал хэтэрхий ихэдсэнээс, нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ үлэмж буурч, тэр хэрээр хүүхдүүд хөдөл­гөөний өлсгөлөн хэмээх өвчинд нэрвэгдэж байна. Тэд санаснаараа гүйж харайж чадахгүй байна, өдөр тутам хийх ёстой дасгал хөдөлгөөнөө чөлөөтэй хийж чадахгүй байна. Стандартын зай талбай, зориулалтын цэ­цэрлэг, сургуулиар хангаж чадахгүй байгаа нь энэ асуудлын гол шалтгаан. Хүүхдүүд хөдөлгөөний дутагдал хэмээх өвчнийг өөрсдөө ч мэдэлгүйгээр авах буруу зүйл хийгээгүй. Нийслэлийн хоёр цэцэр­лэгээр орж, хүүхдүүд хэрхэн дасгал хөдөлгөөн хийдгийг сурвалжилсан юм.

 

ГИШГЭХ ЗАЙГҮЙ УМГАР ӨРӨӨНД ЯАЖ ХӨДӨЛГӨХ ВЭ

 

Угтаа бол 175 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, нэг ангид 25-30 хүүхэд хүмүүжих ёстой  цэцэрлэг бол нийслэлийн 33 дугаар цэцэрлэг. Гэтэл одоогоор нийтдээ 240 хүүхэдтэй. Нэг ангид 40-45 хүүхэд явдаг. Норм, стандартаасаа даруй бараг хоёр дахин их гэсэн үг. Тус цэцэрлэгийн багш нараас хүүхдүүдэд ямар дасгал хөдөлгөөн заадаг талаар тодруулахад нэрээ нууцлахыг хүссэн юм. Тэгээд ингэж ярилаа. “Нэг ангид олон хүүхэд байх хэцүү. Манай цэцэрлэгийн ангиуд стандартын бус яслийн зориулалттай талбайтай. Тиймээс их жижигхэн. 40-45 хүүхдийг харж хандана гэдэг багшаас их чадвар шаарддаг. Манай цэцэр­лэгт зориулалтын биеийн тамирын заал байхгүй болохоор дасгал хөдөлгөөн ховор хийлгэдэг. Ангидаа л гар хөлний дасгал хийлгэнэ. Үнэндээ бол гишгэх зайгүй энэ умгар өрөөнд яаж дасгал хийлгэх вэ дээ. Чимээгүй суулгаж, нэг нэгнийгээ гэмтээх вий гэхээс болгоомжилж ха­рахаас өөрийг хийж чадахгүй шүү дээ. Улсаас үнэгүй хоол ундыг нь өгч хүүхдүүдийг нь харж өгдөг болохоор улсын цэцэр­лэгүүдэд хүүхдээ өгөх дуртай. Тогтоосон стан­дарт нормын дагуу нэг ангид 25-30 хүүхэд бүртгэх ёстой боловч цэцэрлэгийн ажилчдын танил, найз нөхдүүд, дарга цэргийн хүүхдүүд гээд л нормоосоо илүү гарчихдаг. Нэг ангид олон хүүхэд хүмүүжнэ гэ­дэг нэгдүгээрт хөдөл­гөөний дутагдал, хоёр­дугаарт бие биенээ гэмтээх магадлалтай. Энэ жилийн хувьд харьцангуй гайгүй байна. Түүнээс өмнөх жилүүдэд нэг ангид энэ жилийнхээс олон хүүхэд байсан. цэцэр­лэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авахгүй бол хүүхдүүд багаасаа хөдөлгөөнөөр дутмаг байснаар  ирээдүйд ямар бие эрхтний хөгжил төлөвшилтэй хүн болох нь ойлгомжтой. Мөн эцэг эхчүүд ч хүүхдэдээ ан­хаарал хандуулах хэрэгтэй” гэж ярьсан юм.

 

НЭГ АНГИД 25-ААС ИЛҮҮ ХҮҮХЭД БАЙХ ЁСГҮЙ

 

Нэг ангид хүлээн авах ёстой хүүхдийн тоо нь хэд дахин илүү гарсан бас нэг цэцэрлэг бол нийслэлийн 43 дугаар цэцэрлэг. Нэг ангид доод тал нь 49 хүүхэд хүмүүждэг гэнэ. Охиноо авахаар ирсэн нэгэн ээж ингэж ярьсан юм. “Энэ цэцэрлэг үнэхээр олон хүүхэдтэй. Манай охины ангид л гэхэд 55 хүүхэд явдаг. Багшид нь ч гэсэн хэцүү байх шиг санагддаг. Төрөөс хоолны мөнгийг өгдөг, хүүхдүүдийг үнэ төлбөргүй хүмүүжүүлдэг болохоор улсын цэцэрлэгт хүүхдээ өгөхөөс аргагүй. Хувийн цэцэрлэгүүдийн сарын төлбөр доод тал нь 200 мянган төгрөг байдаг. Хүүхдүүд маань энэ олуулаа нэг ангид хүмүүж­дэг болохоор мэдээж хөдөлгөөн дутагдах нь ойлгомжтой. Тэглээ гээд монголчуудын дундаж ор­лого хэд билээ. Өнөөдрийн нийгэм тийм л байна. Төрөөс хувийн хэвшлээ дэмжиж ажиллах хэрэгтэй л гэж хэлмээр байна даа” гэв.

Гадаадын орнуудад цэцэрлэгийн нэг ангид 10-15 хүүхэд хүмүүжих нормтой байдаг төдийгүй зориулалтын анги, биеийн тамирын заалтай. Гадаа гарч дасгал хөдөлгөөн хийх зориулалтын талбайтай. Энэ нь хүүхдийг хөдөл­гөөний дутагдлаас хам­гаалаад зогсохгүй эрүүл мэндийг нь багаас нь хамгаалж байгаа хэлбэр. Гэтэл манай цэцэрлэ­гүүдэд гадна талбай бүү хэл цэцэрлэг дотроо биеийн тамирын заалгүй нь олон. Стандартын дагуу цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох талбай 30 метр квадрат байна гэж заасан байдаг. Гэтэл 30 метр хүрэхгүй нэг ангид 40-45 хүүхэд хүмүүжиж байна гээд бодохоор  манайхан  хойч ирээдүй  болсон хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, бие эрхтний зөв хөгжилд нь хэрхэн анхаарал хандуулж байгаа нь тодорхой. Цэцэрлэг бол хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх газар байх ёстой. Харамсалтай нь манайд хүүхдүүдийг бөөг­нүүлж, гадагш нь гар­гахгүй харж суух үүрэгтэй л газар. Нэг ангид чихэлдсэн 50 хүүхдийг томоотой суулгах ганц арга нь хүүхэлдэйн кино. Та охиноосоо, хүүгээсээ асуугаад үзээгээрэй. Өнөөдөр цэцэрлэг дээрээ юу хийсэн бэ гэж. Хүүхэлдэйн кино үзсэн л гэж хариулах байх. Өдөржин цэцэрлэг дээрээ телевиз үзэж байгаа хүүхдүүд орой гэртээ очоод дахиад түүнийгээ л хийдэг. Хэдийгээр цэ­цэрлэг, сургууль хан­галтгүй байгаа нь хүүхдүүд хөдөлгөөнөөр өлсөх суурь шалтгаан болж байгаа ч эцэг, эхчүүд бид хичээл зүтгэл гаргавал өвчнөөс урьдчилан сэргийлэх бо­ломжтой. Бага наснаасаа хөдөлгөөний дутагдалд өртөх нь эрүүл мэндэд ямар хор хохиролтой бо­лохыг дараагийн нийт­лэлээс үргэлжлүүлэн уншаарай.