Б.СОЛОНГО
Монголын агаарын тээврийн үйлчилгээ арай л биш ээ. Зорчигчдоо бүтэн 72 цаг гадаадын нисэх буудалд хүлээлгэсний эцэст МИАТ өчигдөр орой хүлцэл өчсөн төлбөрт мэдээллийг тараав. Гурав хоногийн өмнө буюу энэ сарын 24-нд Монголын цагаар 03.50 цагт МИАТ-ийн Берлинээс хөөрсөн “Боинг 737-800” онгоцны дугуй хагарч Москвад саатсан. Өөрөөр хэлбэл, тухайн онгоцоор Монголд ирэх ёстой байсан 120 гаруй зорчигч Берлинээс хөөрснөөс хойш гурав хоног хүлээлтийн байдалд байсан юм. Харин дугаар шилжих мөчид зорчигчдыг Улаанбаатар хотоос явуулах онгоцоор авчрах шийдвэр гаргасан гэлээ. Онгоц яагаад саатсан талаар МИАТ-ийнхэн тайлбарлахдаа нэг дугуй нь хагарсан гэсэн. Уржигдар оройн 17 цагийн орчимд Улаанбаатараас “Аэрофлот”-ын онгоцоор дугуй, сэлбэг хэрэгсэл Москва руу явуулсан гэж байв. Гэвч дугуй нь өчигдөр оройны 17 цаг хүртэл эзэддээ очоогүй. Учир юу гэвэл гаалийн бичиг баримт нь дутуу байсан юм байх. Ийм инээдтэй шалтаг хэлээд ардаа ажилтай 120 гаруй хүнийг Оросын нисэх буудалд “хорьчихоод” сууж байсан нь Монголын агаарын тээврийн нүүр царайг даанч нэг тод харууллаа. Эндээс Москва руу явуулсан нөөц дугуйныхаа бичиг баримтыг ч бүрэн явуулчихаж чадаагүй. Өчигдөр орой МИАТ-ийн Москва дахь төлөөлөгч н.Батбаяр гэх хүнтэй утсаар холбогдоход “Бид дугуйгаа авах гээд л хөөцөлдөөд яваад байна. Зорчигчдыг буудалд оруулж чадаагүй. Хоолны талон өгсөн” гэсэн юм. Харин МИАТ-ийн хэвлэлийн төлөөлөгч утсаа салгачихсан. Лавлах утасны оператор нь “Бид дугуйгаа Оросын гаалиар оруулж чадахгүй байна. Өнөөдөр амжихгүй бол орой 19.00 цагаас эндээс онгоц явуулж зорчигчдыг авчирна” гэсэн хариулт өгч байв. Хагарсан дугуйны оронд очих ёстой нөөц нь бүтэлгүй дарга нарын дутуу ажлаас болж хил дээр саатуулагдчихсан. Ингээд бүхэл бүтэн гурав хоног зорчигчдыг онгоцны буудлын хүлээлгийн танхимд чилтэл нь суулгачихаад, онгоц явуулж авчрах санааг тэд олсон бололтой. Тэнд байгаа зорчигчид тун ч гомдолтой байгаагаа хэвлэлийнхэнд илэрхийлсээр байсан. Уг нь олон улсын авиа компани ийм саатал гарсан тохиолдолд зорчигчдоо нэн даруй зочид буудалд байрлуулж, өдрийн гурван хоолоор хангах үүргийг хүлээсэн байдаг. Тэр ч байтугай дундын бүс буюу онгоцны буудалд зорчигчдыг ийм удаан байлгаж болохгүй дүрэмтэй. Гэтэл ОМ136 нислэгийн зорчигчид Шеремьетевогийн нисэх буудлын “Duty free” дэлгүүрийнх нь хажуугаар дүрвэгсэд шиг хонож өнжиж байгаагаа фэйсбүүк, твиттерээр дамжуулан илэрхийлсээр байв. Тэд “Монголдоо харьмаар байна, МИАТ-ийн удирдлагуудад биднийг аваач гээд дамжуулаад өгөөч” хэмээн жиргэж байв. Яг л Том Хэнксийн тоглосон “64 дүгээр хаалга” киног эрхгүй санагдуулсан. Гэтэл МИАТ-ийн Москва дахь төлөөлөгчид гаалийн бичиг, цаастайгаа баацагласаар тэднийг мартсан бололтой. Зорчигчдоо ингэж хүний нутгийн буудлын шалан дээр мартдаг агаарын тээврийн компани гэж байх уу. Монголын агаарын тээврийн хамгийн том компани ийм хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа нь улстөржсөн, танил тал харсан албан тушаалын томилгоотой холбоотой. Гадаад оронд суух албан ёсны төлөөлөгчдөө эрдэм мэдлэг, туршлага, ур чадвараар биш танил тал, арын хаалгаар томилдогийн гор гэж энэ байх даа. “Манай энд байгаа төлөөлөгч нь орос хэл мэдэхгүй юм. Нэг орчуулагч дагуулаад гүйгээд байна. Энэ залуу МИАТ-ийн даргын хүргэн гэсэн” гэж зорчигчид нь хэлсэн. МИАТ-ийнхний дэндсэн үйлдэл зөвхөн энэ удаагийнх биш юм. Оны өмнөхөн тус компани 15 зорчигчийг Москвад хаяад нисч байсан. Энэ асуудалд салбарын шинэ сайд нь уучлалт хүсч, алдаа гаргасан албан төлөөлөгч, бусад ажилтныг ажлаас нь халж байсныг уншигчид мартаагүй. Тэгвэл энэ удаад 15 биш 120 зорчигчийг бүтэн гурав хоног онгоцны буудалд хаясандаа тэд ямар хариуцлага хүлээх бол. Одоохон дугуй ирлээ гэсээр хүлээлгэсээр байхдаа хоолны талон л өгч байсан гэдгээ өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн. Зохион байгуулалтгүй, ичмээр энэ үйлдэлдээ ямар хариуцлага хүлээх вэ. МИАТ-ийн нислэг цуцлагдсан тохиолдолд зорчигчдод нөхөн төлбөр олгож байхаар болсон. Энэ дагуу шаардлага хүргүүлснээ ШӨХТГ өчигдөр мэдэгдлээ. Тэгвэл онгоцондоо “хөл” залгах гэж баахан бойтоглосон төлөөлөгчийг хүлээж цаг, алба ажлаараа хохирсон зорчигчдын хохирлыг хэн барагдуулах вэ.