Ж.ЦОГЗОЛМАА

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрөөс хохирсон иргэд Засгийн газраас хариултаа хүлээж байна. Зургаан хувийн хүүтэй зээлд найдаж ком­паниудад урьдчилгаагаа төлсөн хүмүүс алдагдалд ороход хүрээд байгаа. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай цаг үеийн асуудлаар ярилц­лаа.

 

ДЭЛХИЙ ДАХИНААРАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛДЭЖ БАЙНА

-Ашигт малтмалын тухай шинэ хуульд эдийн засаг­чид өөр өөрийнхөөрөө хандаж байна. Зарим нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг үргээж байна гэж шүүмжлэх боллоо. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Бид хөрөнгө оруулал­таар дамжуулаад иргэдээ өндөр орлоготой болгож, орон сууцанд амьдруулна гээд байгаа.

Гэтэл тэр мөнгө нь ба­га­­саад байна. Стратегийн гээд байгаа эдгээр салбар өмнө нь энгийн гэсэн тодотголтой байсан шүү дээ.

Нарийн шал­гууртай болгочихоор хө­рөнгө оруулалт орохоо байчихаж байна. Дотоод­доо ч эдгээр салбарт ажил­лах чадалтай компани алга. Ингээд мөн­гөний урсгал тэнд багасчихаар ажлын байр ч ховордоно. Хөрөнгө оруулагчдын хувьд бидэнд эдгээр салбараа эргэж харах юм биш үү гэсэн санал өгч байгаа хэрэг.

-Ер нь манай улс жил­дээ гадаадаас хэчнээн хэмжээний хөрөнгө оруу­лалт татаж байна вэ. Тэр мөнгө нь хэр үр ашигтай байна?

-2011 онд манай улсад дөрвөн миллиард ам.доллар орж ирсэн байна. Түүний өмнөх жил нь 700 гаруй сая ам.доллар орж ирсэн. Монгол бол голдуу га­даадаас шууд хөрөнгө оруулалт оруулж байгаа орон. АНУ болон бусад хөгжингүй улс хөрөнгийн биржээрээ дамжуулан их мөнгө босгож байна. Дэл­хий дахинаараа хөрөнгө оруулалтын төлөө ту­лал­даж тэмцэлдэж байна. Худ­ал ярьсан хүнд бараг байлдаж байна гэж бо­лохоор. АНУ-ыг хар. Дэл­хийд хамгийн өндөр хөг­жилтэй, нэг хүнд ног­дох орлого нь 50 мянган “но­гоон” болчихсон мөртлөө гадаадын хөрөнгө оруу­лалтыг оруулах гээд ядаад байна шүү дээ. Хам­гийн их мөнгөтэй, баян компани хаана байна, тэд бүгдээрээ АНУ-д л мөнгө оруулж байвал зохимжтой байхаар бодлого явуулаад байна. Ганц АНУ ч биш. Европ, Япон, Хятад бүгдээрээ ийм байна. Гэтэл манай улс гадаадын хөрөнгө оруулалтыг нэг их сайнаар хүлээж авахаа байчихаж. Үүнийг л өөрч­лөх хэрэг­тэй. Гадаадын хөрөнгө оруулалт мон­гол­чуудад хэрэгтэй. Орлогоо өсгөхөд, хөгжихөд, дэд бүтцээ барихад нэмэртэй. Үүнийг бид сайн ойлгох хэрэгтэй байна.

-Тэгвэл гадаадын хө­рөнгө оруулалтын үр өгөө­жийг дээшлүүлж, дэлхийн бусад хөгжингүй улсын дайтай хөлжихийн тулд юу хийх ёстой юм бол?

-Зохицуулалтаа сайж­руулах хэрэгтэй байна. Хууль эрх зүйн тал дээрээ ажиллах шаардлагатай байна. Засаг захиргааны зохицуулалтаа ч анхаар­маар байна. Жишээ нь, янз бүрийн хүнд суртлын асуу­дал олон гардаг. Бүртгэх гэж удаан хүлээлгэдэг, олон цагаар бүртгэдэг, байн байн дууддаг, байс­хийгээд торгодог, сануул­даг. Энэ бүгдэд бид өөр зохицуулалт хийх цаг нь болсон.

-Ази тив дотоод дахь худалдаагаа­раа дэлхий нийтэд то­моохон байр суурь эзэлж байна. Бас хамгийн том импортлокч, экс­порт­логчдын нэг боллоо. Энэ цаг үед Монгол Улс ямар бодлого барих хэрэгтэй юм бол?

-Манай тивийн улс орнууд хоорондоо най­маал­цаж байгаа хэмжээ нь 57 хувьд хүрчихлээ. Энэ бол өндөр тоо, хоорондоо их интеграцид орж байна. Ази тив маань өөрөө бараг бүх юмаа үйлдвэрлэдэг боллоо.

Өмнө нь машинаа гэхэд Европ, АНУ-аас авдаг байсан. Өндөр тех­нологийн тоног төхөөрөмж ч юм уу, компьютерээ гэхэд зөвхөн АНУ-аас авдаг үе байсан. Гэтэл одоо энэ бүхнийг бүгдийг нь азиуд өөрсдөө хийдэг болчихлоо. Энэ утгаар манай тивийн эдийн засаг маш сайн өсч байна.

 

ХАМГААЛАХААР САЙН САЛБАР МАНАЙД БАЙХГҮЙ

-Хөрөнгө оруулалтын сэдэвтээ эргээд оръё. Зарим судлаач гадаадын хөрөнгө оруулагчид дотоо­дын зах зээлийг хохироож байна гэх юм. Таны харж буйгаар үнэхээр ийм байдал үүсээд байна уу?

-Гадаадын хө­рөнгө оруулалтаас хамгаа­лаад байхаар сайн зах зээл манайд алга. Бүх салбар маань бусад улстай харьцуулахад үнэхээр муу байгаа юм. Тиймээс бид эхлээд гадаадын хөрөнгө оруулалтыг оруулаад эдийн засгийн салбаруу­даа бэхжүүлэх хэрэгтэй байна. Бэхжүүлж, хөг­жүүлсэн салбарын хувьд дараа нь хамгаалж болно шүү дээ. Гадаадынхан орж ирлээ гэхэд, хамгаалаад байхаар үнэхээр сайн сал­бар манайд байхгүй байна шүү дээ.

-Манай улсад орж ирж байгаа ихэнх хөрөнгө оруулалт Улаанбаатарт төвлөрөөд байх шиг. Гэтэл хөдөө орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүү­лэхэд дэм болох хөрөнгө оруулалт хангалтгүй бай­на. Ер нь бараг орхигдчихоод байгаа гэж эдийн засагчид шүүм­жилдэг. Энд ямар зохи­цуулалт хэрэгтэй юм бол?

-Мэдээж, энэ бүхэн бодлогоосоо шалтгаална. Манай төсвийн бодлого гэхэд хөдөө орон нутагт нэлээд эрх мэдлийг нь өгсөн, энэ нь ч хэрэгжиж эхэлж байна. Хөдөө орон нутагт янз бүрийн үйлд­вэрлэлийн уул уурхайн төслүүд сайн ажилладаг хууль эрх зүйн зохи­цуу­лалтыг хийх хэрэгтэй бай­на. Тэгж байж тэнд олон төсөл хэрэгжинэ, олон ажлын байр бий болж, Улаанбаатарыг чиглэсэн нүүдэл багасна.

-Гадаад хөрөнгө оруу­лалтын зөв зохицуулалт хэрэгтэй гэж байна. Хятад улс манай улсын бүтээн байгуулалтад хамтрахаар болсон. Ингэхдээ дөрвөн гүүр барихаар болсон. Гэтэл тэр гүүр барих мөнгө нь өөр зүйлд зарцуу­лагд­сан гэх юм. Энэ мэтээр зарим талаараа тодорхой бус зүйл байна?

-Манай улс урт хуга­цааны зээлээр Улаан­баа­тар хотод дөрвөн замын уулзваруудыг хурдан зохи­цуулалттай болгох, түгж­рээг багасгах сүлжээ­нүү­дийг хийхээр тохиролцсон. Хятадын компаниуд нь зохих судалгаа шинжил­гээ, техник эдийн засгийн үзүүлэлтүүдээ хийж бай­гаа. Гэхдээ манай талаас үүнийг эцэслэн ший­дээгүй байна. Үүнээс илүү төслүүдэд энэ зээлийг хэрэглэж магадгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн.

-Гадаадаас хөрөнгө оруулалт босгож моргэ­жийн зээлийг санхүү­жүү­лэх хэрэгтэйг та нэг бус удаа хэлж байсан. Энэ ажлаа хэзээ, хэрхэн эхлэх вэ?

-Гадаадын зах зээл дээр зургаагаас бага хүү­тэй хямдхан моргэжийн зээлүүд бий. Дэлхийн зах зээл дээр мөнгө их байна шүү дээ. Доллар болон бусад валютын зээлүүд ч бий. Хүү нь ч бага байгаа юм. Манай улс дэлхийн зах зээл дээрээс хямдхан мөнгө олж ирж дотоодын зах зээлээ санхүүжүүлэх хэрэгтэй. Анхны оролд­лого нь сая 1.5  миллиард долларын бондыг бид бос­голоо. Энэ бол нэг их том мөнгө биш. Өнөөдрийн манай эдийн засагт 10 гаруй миллиард доллар явж байгаа дотор 1.5 бол тэгт­лээ том мөнгө биш. Мэ­дэгдэхгүй байна шүү дээ.  

-Тэгвэл цаашдаа ямар алхам хийх ёстой юм бэ. Орон сууцны хөтөлбөрт олон хүн хохирч үлдэх гээд байна?

-Цаашдаа бид иргэдээ бүгдийг нь орон сууцтай болгоё гэвэл үүн шиг мөнгийг л арав, хориор нь оруулж ирээд , иргэдээ урт хугацаагаар байшин, орон сууцыг нь бариад өгчих хэрэгтэй. 20, 30 жилд ма­най иргэд ажил хийгээд орлоготой болоод түү­ний­гээ эргүүлээд төлчихнө шүү дээ. Тэр хооронд Зас­гийн газар дэлхийн зах зээл дээр тав хүртэлх ху­вийн хүү төлөөд явж бай­вал иргэд ч ашигтай. Энэ нь манай Засгийн газарт ч ээлтэй бодлого болох гээд байна.

 

ЕРӨНХИЙ САЙД ХЭЛЭЭД ХҮҮ БУУРДАГ ЮМ БИШ

-Саяхан Төрийн ордонд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн сонс­голд та оролцохдоо га­даадаас бага хүүтэй хямд зээл олж энэ төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн. Засгийн газартаа хариуцлага ярихаасаа өмнө мөнгөө хэрхэн шийд­вэрлэхээ тогтох хэрэгтэйг сануулж байсан шүү дээ?

-Хариуцлага ч ярих хэрэгтэй. Эдийн засгийн хариуцлагын талаар маш их идэвхтэй ярьж байгаа. Иргэддээ аль болох хямд­хан, урт хугацаатайгаар зээл олгох хэрэгтэй юм байна, энэ нь Засгийн газрын үүрэг хэмээн идэвх­тэй ажил­лаж байгаа. Орон сууц, санхүүжил­тийн кор­по­рацийн бүт­цийг ч өөр­чилье гэж бай­гаа. Энэ нь зах зээл дээр байдаггүй бүтэц. Жижиг­лэн дээр л ажилладаг. Тэгэхээр Засгийн газар жижиглэн дээр ажил­ла­хаар өөрөө орон сууцны үнийг хэлж авдаг, тэгэхээр үнэ өсч байгаагийн шалт­гаан гэж бид үзээд байгаа. Хоёр­дугаарт, иргэдэд өөрс­дөө зээл хэлэлцээр хийж өгдөг. Тэгэхээр нэг том авлигын бүтэц болчихоод байгаа юм. Энэ нь энэ Засгийн газрын үед өөрчлөгдөх байх. Тийм шийдвэр нь ч гарсан, ажлын хэсэг нь ч гарсан. Өнөөдөр бидэнд мөнгө олдож байна. Мөнгө нь ч байна. Ганцхан монгол­чууд тэр мөнгийг авч чадахааргүй болчи­хоод байна. Гадаадын мөн­­гөтэй улсууд маань монголчуу­дыг голоод бай­на шүү дээ. Монголын бүх үнэлгээ 70 хувь буур­чих­лаа. Монго­лын бүх төс­лийн үнэлгээ 70 хувь уна­чихсан байна гэдэг маань юу гэсэн үг вэ гэвэл, бид нэг жилийн өмнө 1000 долларын цалинтай бай­сан бол өнөөдөр гадаа­дынхан бидэнд “Та нарт 300 доллар хангалттай. Та нар үүнээс илүү цалин авч чадахгүй болсон” гэж хэлж байгаагаас өөрцгүй байдалд хүрчихээд байна шүү дээ. Энэ бидэнд хэ­рэг­гүй биз дээ. Бид өдийд энэ үнэлгээгээ харин ч 1500, эсвэл 2000 доллар болгочихоод сууж байх ёстой улс шүү дээ. Тэгэ­хээр бид өөрсдийнхөө үнэл­гээг унагачихлаа.

-УИХ-ын гишүүн, Ба­рилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан зур­гаан хувийн хүүтэй зээлийг удахгүй зогсооно гэж бай­на. Та үүнд ямар байр суурьтай байна?

-Үүнийг нэг, хоёр хүн тогтоодоггүй юм. Өмнөх Засгийн газар хүүг тог­тоосон. Энэ бол олон ул­сын, дэлхийн зах зээл дээр огт байдаггүй практик. Тэр бол улс төртэй л хол­боотой байлгүй дээ. Хү­мүүсийг зургаан хувиар тайвшруулах гэсэн юм уу. Түүнээс биш, нэг Ерөн­хий сайд ч юм уу, нэг Сангийн сайд зургаан хувь гээд хүүг нь тогтоо­чихдог практик дэлхийд байхгүй. Би ер нь ингэж сонсоогүй.

-Тэгвэл одоо ямар ший­дэл гаргах вэ. Га­даадын хөрөнгө оруу­лагч­дын хувьд Монголын үнэл­гээ уначихлаа. Дотооддоо орон сууцжуулах хөтөлбөр маань тодорхойгүй бай­далд орчихлоо?

-Зах зээл дээр байгаа хүүгээ л хар. Тэгэхээр аль болохоор хямдруулах талаар Засгийн газар арга хэмжээ авах ёстой. Түү­нээс биш Ерөнхий сайд нь гарч ирээд зургаан хувь гээд зарлачихдаг бол бүг­дээрээ л тэг хувь гээд зарлачихна, тийм биз дээ. Болдог байсан бол тэглэ л биз дээ. Болохгүй шүү дээ. Засгийн газар зургаан ху­вийн хүү гэж зарласан нь манай зах дээр бай­гаагүй зүйлийг үндэслээд шийд­вэр гаргачихсан. Энэ бол захыг эвдчихсэн шийдвэр. Өмнө нь би энэ тухай Байнгын хороон дээр ч, УИХ-ын чуулган дээр ч асууж байсан. Засгийн газар ийм шийдвэр гаргах ёсгүй байсан юм. Хүү ийм өндөр байхад, Төвбанк нь зах дээрээс хүүг 12 хувиар авч байхад Засгийн газар гэнэтхэн зургаан хувиар хүү өгнө гэдэг нь иргэдэд их сайхан сэтгэгдэл тө­рүүлчихэж байгаа юм. Зас­гийн газар тийм шийд­вэр гаргасан бол төсөвтөө суулгаж заавал батал­гаа­жуулсан байх ёстой. Тэр нь бас баталгаажаагүй. Тэгэхээр энэ нь зүгээр амлалт болчихсон. Ядахад, 2012 оны төсөвт хүүний зөрүүг суулгачихсан байх ёстой. Тэр нь байхгүй байсан. Тэгэхээр Засгийн газар амлалтаа үйлдлээрээ баталгаажуулсан байх ёстой ч тэр нь хийгдээгүй. 

-Тэгвэл урьдчилгаа төлбөрийн хувьд?

-Өнөөдрийн олон ул­сын зах дээр хэрэглэгддэг практикийг Монгол Улс мөрдөөгүй байгаа юм. Орон сууцны моргэжийн зээл авах иргэд дэлхий дахинд бэлэн болсон бай­ранд урьдчилгаа төлөөд үлдсэнийг нь зээлээ тө­лөөд явдаг журамтай. Уг нь энэ журмыг хэрэгжүүлсэн бол иргэд хохирсон байх ёсгүй байсан. Одоогийн нөхцөлд хүмүүс урьд­чил­гаа төлсөн боловч  юу ч үгүй явж байна л даа. Үүн дээр Засгийн газар арга хэмжээ авах ёстой.

-Өнөөдрийн байгаа нөхцөлд “100 мянган айлын орон сууц” хөтөл­бөрийн хэрэгжилтэд гарц харагдаж байна уу?

-Гарц бий. Бид харж байгаа. Гэхдээ шууд зур­гаан хувь биш. Арав, ес, найм, долоо, гээд цаашаа явна.

-Гадаадаас мөнгө оруулж ирж байж энэ бүхнийг шийдэх үү?

-Тэгнэ. Манайд тийм хямдхан мөнгө байхгүй шүү дээ.