Ч.ҮЛ-ОЛДОХ

Áурхан Халдуныг Аме­риктай хол­босон  “Хаа­дын хөндий”  шин­жил­гээний анги, түүний удирдагч  National Geographic  олон улсын судал­гааны байгууллагын суд­лаач,   Чингис хааны онго­ныг идэвхтэй хайгч ноён  Альберт Лин   сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж байна. Бурхан Хал­дун  орчим хийсэн богино хэмжээний  киноныхоо  оршилд тэрээр  “Би дорно зүг эцэг, өвгөдийнхөө  он­го­ныг хайхаар ажлаа эх­лүүлээ” хэмээн мэдэгд­жээ. Интернэт дэх  тэрхүү  бичлэгийг цахим хуудсууд татаж тавиад зогсохгүй Оросын сайтууд орчуулан хүргэсэн байна. Түүнээс улбаалан Чингис хааны өлгий нутаг Хэнтий айм­гийн иргэд, уншигчид  ма­най редакцид хандан үзэл бодлоо илэрхийлж  байв. Дуулианы мөрөөр бид “Бур­хан Халдунд халдах эрхийг Альберт Линд хэн олгов” гэсэн мэдээллийг өмнөх дугаартаа хүргэсэн билээ. Түүнийг үл нуршин нэг зүйлийг онцолъё. Тэр бол  “Хаадын хөндий” шинжилгээний анги Мон­голд  ажиллах  зөвшөөрөл авсан эсэхэд  итгэж ядсан олон нийтийн эргэлзээ. Нэгэнт  зөвшөөрөл аваагүй  бол  юу ч хийж мэдэх юм биш үү гэсэн хардлага юм.   Магадгүй судалгааны ба­гийн зүгээс  олон нийтэд хандаж мэдээлэл хийдэг­гүй. Эсвэл тэгэх шаардла­гагүй гэж үздэгээс ийм байдал үүссэн  байж болох. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дархалсан  тө­рийн тусгай хамгаалалттай газар  Бурхан Халдунд  хэн ч дураар  авирлах эрхгүй.  Мэргэжлийн байгуулла­гууд, эрдэмтэн судлаачид ч тандалт  судалгаа хийх­дээ   зөвшөөрөл авах ёстой. Түүнийг  авахын тулд сал­барын яам, холбогдох бай­гууллагуудад зохих бичиг баримт бүрдүүлэхээс эх­лээд багагүй зам туулдаг нь нууц биш.  Гэтэл  “Хаа­дын хөндий” төслийн удир­дагч,    АНУ-ын иргэн  Альберт Линд  тэр эрх бүгд  нээлттэй. Дуртай үедээ Монголд ирж, Бурхан Хал­дуны оройд багаж төхөөрөмж зоон   дүрс авч, кино хүртэл  хийгээд буц­сан нь асуулт дагуулах нь ойлгомжтой. Бас нэг зүйл нь дээр дурдсан киноны оршилд  “Би дорно зүгт эцэг, өвгөдийнхөө  онго­ныг хайхаар ажлаа эх­лүүллээ” гэсэн төслийн удирдагчийн үг монгол­чуу­дын үндэсний үзлийг хөндсөн болов уу. Энэ бүхнээс үүдэн хятад гарал­тай америк эр Альберт Лин гэж хэн бэ гэдэг асуулт гарна. Түүний өвөг Чин­гис хаан юм  бол   хятад хүн  байсан болж таарч  байна уу, эсвэл  Альберт Лин өөрийгөө монгол га­ралтай  гэж итгүүлэх гээд байна уу, түүнийгээ юу­гаар баталж нотлох юм бэ гэх зэргээр  асуудал өр­нөнө. Энэ нь цааш   зарли­гаар дархалсан ууланд  зоргоор аялах  дархан эр­хийг хэн  түүнд олгож ирэв. Бурхан Халдуныг судлах “Хаадын хөндий” шинжилгээний ангийн  Монголд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөв­шөөрөл хаана байна. Тө­сөл хэзээ эхэлсэн, хэзээ дуусах вэ. Судалгааны ажлын тайлан, үр дүнг тооцсон дүгнэлт байна уу. Байгаа бол манай улсын мэргэжлийн байгуул­ла­гуу­дад  албан ёсоор танил­цуулсан уу.  Мэргэжлийн болоод салбарын ямар бай­гууллага, эрдэмтэн судлаачидтай хамтарч  ажил­ласан бэ гэсэн асуул­тыг дагуулж байна.

Одоогоор бидний олж авсан мэдээллээр “Хаа­дын хөндий” төсөлд Ш.Бира, Ц.Ишдорж на­рын эрдэм­тэд  оролцжээ /Сүүлийн үед залуу судлаач Э.Мижид­дор­жийг оролцуулжээ/. Ингэхдээ  Монголын төр, засаг, шинжлэх ухааны мэргэжлийн байгуулла­гуу­дын  ямар ч оролцоо­гүй, хувийн шугамаар “Олон улсын Монгол суд­лалын холбоо” гэх ТББ-ын нэрээр ажиллаж ирсэн байдаг юм байна. Мөн  олон нийтэд зөв ойлголт өгөх нь бүү хэл  танин мэдэхүйн үүднээс судал­гаа­ны ажил Монголд ямар ашигтайг  мэдээлж бай­сан­гүй.  Мөн Бурхан  Хал­дун руу нууц байдалд очиж,   “Зөвшөөрлөө үзүүл” гэсэн байгаль хам­гаалагчийн шаардлага, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан  гэх мэдээ­лэл дуулддаг. Тухайн үед Ц.Ишдорж  “Зөвшөөрөл бий”  гэчихээд гаргаж үзүүлээгүй. Харин Улаан­баатар руу утас цохиж БОАЖЯ-ны төрийн тус­гай хамгаалалттай нут­гийн удирдлагын газрын дарга А.Намхайг яриулж байсан  тухай иргэд хэл­дэг. Мөн  Бурхан Халдуны   тэрхүү  судалгааны ажил хэдхэн улстөрчийн аман зөвшөөрлөөр явдаг гэсэн ам дамжсан яриа  дуулд­даг. Түүгээр зогсохгүй тэр үеийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хуучны эд зүйлийн нэртэй  цуг­луулагчдын нэг оролцсон гэх сураг  ч сонсогддог. Академич Ш.Бира гуайн талаар ч таагүй зүйл олны дунд яригддаг юм байна. Зарим нь түүнийг түүхч биш, мөн археологич ч бус түүх бичлэгийн хүн атлаа шинжилгээний ангиудтай хамтран мөнгө босгох ажил хийх юм. Одоо нас өндөр боллоо үзэл бодол нь өөрчлөгдөнө гэж найдая даа хэмээн шүүмжлэх, хүндлэх хоёрыг хослуулан ярьж байсан. Учир нь 2000-2003 онд  Чингис хааны онгоныг хайх, судлах  АНУ-ын   “Чингис хаан” экспедицтэй Монгол суд­лалын холбоо гэсэн нэрээр гэрээ хийж,  Ш.Бира ах­лан Ц.Ишдоржийг  бүрэл­дэхүүндээ  ажиллуулжээ.  Бурхан Халдуны ойрол­цоох Өглөгчийн хэрэмд Чингис хаан, Есүхэй баат­рын булш бий хэмээн ойл­гуулж гадаадын шинжил­гээний ангийг  оруулж ирсэн.

Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт  дүнзэн байшингууд барьж амралтын газар байгуулс­ныг иргэд эсэргүүцэж  ба­га­гүй хэл ам таталж   бай­сан. Эцэст нь Өглөгчийн хэрэмийн ойр ормныг ухаж сэндийлсэн  асуудал Үндэсний аюулгүй байд­лын  зөвлөлийн хурлаар яригдаж байсан гэнэ. Үнэн­дээ Өглөгчийн хэрэм дотор  булш бий юу гэвэл бий. Их төлөв хаад, ихэс дээдсийн шарил  байгаа гэлцдэг. Тэнд шарил бай­гаа нь шинэ мэдээлэл биш. Мөн тэр нь Чингис хаан болон Есүхэй баат­рынх биш. Үүнийг нэрт археологич Х.Пэрлээ, түү­ний шавь С.Бадамхатан нарын олон судлаач Бур­хан Халдуны судалгааны ажилдаа дурдсан байдаг.  Ийм байтал Өглөгчийн хэрэмд Чингис хаан болон Есүхэй баатрын булш бай­на гээд гаднаас экспедиц авчирч байгаагаас хүмүүст  янз бүрийн ойлголт төрдөг  байж мэднэ. Тэгээд ч өнөөг хүртэл Өглөгчийн хэрэмийн орчим байгаль орчныг сүйтгэж олон нүх ухчихаад түүнийгээ бу­лаагүй байгааг иргэд ярьж байгаа юм. Мөн сүүлийн үед  Бурхан Халдуны амуу­дад жуулчны бааз, амралтын газар бий болж, жуулчид уул руу явганаар цувж байдаг тусгай жим гарсныг ч зарим хүн хэл­лээ. Энэ үнэн бол Ерөн­хийлөгчийн зарлигаар дарх­лагдаж, төрийн тусгай хамгаалалтад орсон Бур­хан Халдун бусдын хөлд талхлагдаж байгааг хол­бог­дох байгууллагууд анхаарах биз ээ.

 

 

Хэн, юу хэлэв?

Д.Төмөртогоо /Олон улсын Монгол судлалын холбооны тэргүүн, академич/: 

МАНАЙ ХОЛБООТОЙ АЛБАН ЁСНЫ ХАРИЛЦАА БАЙХГҮЙ

-“Хаадын хөндий” төсөл албан ёсоор хамтарч ажилладаг  уу?

-Тэд манай холбоотой албан ёсны харилцаа, хам­тын ажиллагаа байх­гүй. Харин холбооны на­рийн бичгийн даргаар өмнө нь ажиллаж байсан зарим хүн хувиараа  АНУ-ын газарзүйн нийгэм­лэгтэй хамтарч ажилладаг шиг билээ.

-Монголд ажиллах ал­бан ёсны зөвшөөрөлтэй юм болов уу?

-Тэдний өөрсдийнх нь ярьж байгаагаар  бол Ерөн­хийлөгч зөвшөөрөл өгсөн гэсэн. Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд бол­сон соёлын өвийн асууд­лаарх хурлын дараахан манай холбоонд тэр аж­лынхаа тайланг ирүүл гэсэн бичиг ирүүлсэн. Ма­най холбоо хамаарал­гүй, холбогдох хүмүүс нь  тэр тайлангаа өгсөн байлгүй.

 

 

Г.Бадамсамбуу /”Гараг” студийн захирал/ : 

ЗӨВШӨӨРӨЛ АВАЛГҮЙ МУУ АРГААР АЖИЛЛААД БАЙНА УУ ДАА

-“Аяллын цаг” нэвт­рүү­лэг хийж явахдаа  Бур­хан Халдуныг зорьж очсон АНУ-ын иргэн Альберт Лин,   Монголын талаас хамтардаг  Ш.Бира,  Ц.Иш­дорж нартай  таа­ралдаж  байсан гэж дуул­лаа. Тэр үед юу болсныг хэлж өгнө үү?

-Би тэдэнтэй нүүр тулж тааралдаж байгаагүй. Харин Хэнтий аймгийн нутагт  ажлаар  явахад иргэдийн дунд  “АНУ-ын иргэн Альберт Лин болон  бусад хүмүүс ямар ч зөв­шөөрөлгүй ирээд яваад байна”, “Бурхан Халдуны оройд гарч зураг авлаа”, “Нутгийн иргэд зөвшөөрлөө үзүүлэхийг шаардлаа”  гэсэн яриа  дуулдаж байсан. Тэд тэнд очиж зураг авч, богино хэмжээний кино хийсэн нь одоогоос 2-3 жилийн өмнөөс  интернэтэд тавиг­даж эхэлсэн. Одоо ч мэ­дээл­лүүд гарсан харагддаг. Тэгэхдээ зураг л авснаас биш  ямар нэгэн малтлага судалгаа хийгээгүй юм билээ.

-Тэгвэл Альберт Лин­тэй холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдийн та­лаар  ямар бодолтой байна? 

-АНУ-ын National Geographic бол дэлхийд нэр хүндтэй том байгуул­лага. Тэр том  байгууллага, дээрээс нь  олон улсын анхаарлыг татсан Чингис хааны онгоныг хайх, суд­лах том ажлыг эхлүүлэх­дээ тухайн улсын мэр­гэжлийн байгууллагуудад нь хандан  албан ёсны зөвшөөрлийг нь авах ёс­той. Гэтэл нэр хүндтэй  тэр  том экспедиц зүгээр нэг судлаач авч яваад судалгаа хийгээд байна гэхээр со­нирхолтой. Тэгэхээр албан ёсны зөвшөөрөл байхгүй муу аргаар юм хийгээд яваад байна уу гэж бодож байна. Зөвшөөрөл авал­гүй, юу хийгээд  явааг нь тодруулах ёстой.  

-Хэн нэгэн эрх бүхий албан тушаалтнаас зөв­шөө­рөл авчихсан юм биш үү?

-Миний дуулснаар бол  БСШУ-ны сайд асан Ё.От­гонбаяртай уулзаж байсан ч зөвшөөрөл авч чадаагүй. Ерөнхийлөгч ч тэдэнд  зөвшөөрөл өгөөгүй гэнэ лээ.

 

 

Ц.Төрбат: /ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч/:

БАЙГУУЛЛАГЫН НЭРИЙГ ХУУЛЬ БУСААР АШИГЛАЖЭЭ

-“Хаадын хөндий” төс­лийн АНУ дахь тайлангийн хавтсыг харсан гэж дуул­лаа. Түүнд манай улсаас мэргэжлийн ямар байгуул­лага  оролцож байгааг бичиж үү?

-Төслийн тайлан нь АНУ-д  байдаг гэсэн. Би хавтасны зургийг нь хар­сан. Түүнд Олон улсын Монгол судлалын холбоо гээд доор нь  манай бай­гууллагын нэрийг тавьсан байна лээ. Гэтэл манай байгууллага Альберт Лин болон тэр төслийнхнийг анх  санал тавихад нь л “Хамтарч ажиллах бо­ломж­гүй”  гэдгээ хэлсэн байдаг. Ийм байтал бай­гууллагын нэрийг ашиг­лаж болохгүй шүү дээ. Мэргэжлийн байгуулла­гын хувьд манай хүрээлэн болоод  судлаачид  тэр төслийнхөнтэй хамтарч ажилладаггүй. Тэгээд ч өнөөдөр манай техник, технологийн хөгжил  ямар байгаа билээ. Бидний зү­гээс Чингис хааны онго­ныг хайх, судлах цаг ха­раа­хан болоогүй гэсэн байр суурьтай байдаг. Нө­гөөтэйгүүр энэ ажлыг үн­дэсний эрдэмтэн судлаа­чид, мэргэжлийн байгуул­лага хийх ёстой болохоос хэн нэгэн дуртай этгээ­дийн сэдэх ажил биш. Үүнийг  Ерөнхийлөгч  ч зарлигтаа  тодорхой дурд­сан байгаа шүү дээ.

 

 

Д.Цогтбаатар /ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч:

БУРХАН ХАЛДУНЫГ ЮНЕСКО БҮРТГЭЭГҮЙ БАЙГАА

-Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэхээр ШУА  болон салбар хүрээлэн­гүүд, эрдэмтэн судлаачид  ажиллаж  байсан. Тэр юу болсон бэ?

-2011 оны дөрөвдүгээр сард ийм шийдвэр гарч ажлын хэсэг томилогдон ажилласан. Материалаа бүрдүүлээд ЮНЕСКО-д өгчихсөн байгаа. Бүртгэх асуудал багагүй хугацаа шаарддаг. Ямар нэгэн ха­риу ирээгүй байна. Хэрэв материалд хавсаргах бу­сад мэдээлэл, судалгааны ажил шаардагдвал түү­нийг нь нэмж бүрдүүлж өгөх шаардлагатай болдог. Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна. 

-Өнгөрсөн хоёрдугаар сард Бурхан Халдунд явуул­сан төслийн судал­гаагаа гаргаж өгөхийг Ц.Ишдоржоос шаардаж байсныг эх сурвалжууд хэллээ?

-Тайланг үзье,  гаргаж өгнө үү гэж хэлсэн. Түү­нээс өмнө  хоёр ч удаа хэлж байсан. “Байгаа өгье”  гэсэн.   Тэгээд өнөө хүртэл ирүүлээгүй  байна.

 

 

З.Батсайхан /МУИС-ийн археологи-антро­поло­гийн тэнхимийн багш, доктор/:

ИХ СУРГУУЛЬ ОРОЛЦСОНЫГ ИШДОРЖИЙН БИЧГЭЭС Л МЭДЛЭЭ

-Бурхан Халдуныг суд­лах “Хааны хөндий”  төсөлд танай тэнхимээс  судлаач оролцсон уу?

-Оролцоогүй. Тэр та­лаар дуулаа ч үгүй юм байна.

-МУИС, УБИС-иас   мэргэжлийн эрдэмтэн, судлаач   оролцуулсан гэж Ц.Ишдорж гуай бичсэн байна?

-Их сургууль оролц­соныг Ц.Ишдорж  гуайн бичсэнээс л мэдлээ. Би­дэнд өөр мэдээлэл алга.

 

 

Б.Энхтүвшин ШУА-ийн ерөнхийлөгч, академич:

ШУА-ТАЙ ЯМАР Ч ХАМААРАЛГҮЙ

-“Хаадын хөндий” тө­сөлд Монголын Шинжлэх ухааны академи ямар үүрэг оролцоотой хамтран ажилл­адаг вэ?

-Албан ёсны харилцаа, хамтын ажиллагаа байхгүй. Ш.Бира гуай эрдэмтнийхээ байр сууриас хувиараа оролц­дог гэсэн.

-Зөв­шөөрлийг танайх өгсөн үү?

-Манай байгууллага зөвшөөрөл олгодоггүй. Соёл, спорт, аялал жуулч­лалын яамны Соёлын өвийн хэлтсээс асуу.

 

 

Ц.Цэндсүрэн /ССАЖЯ-ны Соёлын өвийн

хэлтсийн дарга/:

ТУХАЙН ҮЕД ХАРИУЦАЖ БАЙСАН МЭРГЭЖИЛТНЭЭС ТОДРУУЛ

 -“Хаадын хөндий” тө­сөл,  шинжилгээний ангийн зөвшөөрөлтэй танилцах гэсэн юм? 

-”Хаадын хөндий”  төсөл тайлан тавьсан гэж   сонсогдсон санагдана. Тэгэхээр зөвшөөрөлтэй байх. Тэр талаар тухайн  үеийн БСШУЯ /хуучин нэрээр/-нд энэ  асуудлыг  хариуцаж байсан мэр­гэ­жилтэн С.Гандуламаас тодруулчих.

 

 

С.Гандулам / БСШУЯ /хуучин нэрээр/ -ны  мэргэжилтэн/:

“ХААДЫН ХӨНДИЙ” АЛБАН ЁСНЫ ЗӨВШӨӨРӨЛ АВААГҮЙ

-Албан ёсоор авсан зөвшөөрөл байхгүй. Ма­най улсад 2010, 2011 онд ирж зураг аваад явсан байдаг. Ингэхдээ зураг л авснаас биш гадуур цуу­раад байгаа шиг малтлага  хийгээгүй.

 

 

 

Э.Мижиддорж /МУИС-ийн харъяа Улаанбаатар сургуулийн археологийн тэнхимийн багш/:

СУДЛААЧИД ЗӨВХӨН ЗУРАГ АВСАН

-“Хаадын хөндий” шин­жилгээний анги Бурхан Халдунд зураг авч судла­хад хамтарч  ажилласан гэж дууллаа. Тэд шинжлэх ухааны ямар арга, техно­логиор судалгаа хийсэн юм бол?

-Тэр шинжилгээний анги 2009 онд Монголд ирсэн, тэгэхдээ 2-3 удаа дараалж ирсэн юм билээ. Надад 2010, 2011 онд хам­тарч ажиллах санал тавь­сан. Сургуулийн зүгээс биш хувийн шугамаар тө­сөлд оролцсон.  Анх хай­гуулын экспедиц юм бай­на гэж ойлгосон. Гэтэл тэнд геологийн багаж ашиг­ласан инженерүүд оролцсон зураг дүрс авч баримтжуулах баг ажил­ласан. Тэнд археологийн ажил хийгээгүй. Бурхан Халдунд ч хүрээгүй. Зөв­хөн доор байдаг Дунд овоо­ны Гамалын сүмийн туурьт зураг авсан. Тэнд малтлага хийгээгүй. 2009 онд Ерөнхийлөгчийн зар­лиг гарч малтлага, судал­гаа хийхийг хориглосон, төрийн тахилгатай уул шүү дээ. Би сүүлийн 10 орчим жил археологийн чиглэ­лээр судалгаа хийж байгаа монголоо гэсэн сэтгэлтэй хүн. Миний үүрэг бол тэнд нэг талаас шинэ багаж төхөөрөмжөөр зураг ава­хуулах, хоёрдугаарт мон­гол хүнийхээ үүргийг бие­лүүлж тэнд ажиллаж бай­гаа хүмүүсийн судалгаа хийж байгааг харж хяна­сан гэж ойлгож болно.

 

 

“Бурхан Халдунд малтлага хийсэн” гэх нь худaл цуурхал

 

Монгол улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Ц.Ишдоржоос манай сонинд ирүүлсэн байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

“Бурхан Халдунд халдах эрхийг Альберт Линд хэн олгов”  гэдэг зурагт өгүүлэлд: “Бурхан Халдун уулын орчим малтлага хийсэн байж болзошгүй гэх хардлага байна...

Тэр бүү хэл, тус газарт малтлага хийсэн байхыг үгүйсгэхгүй хэмээн эх сурвалжууд хэлж байна.  (“Зууны мэдээ”, 2013.02.25, Даваа гариг, дугаар45) гэсэн ор үндэсгүй зүйл бичсэнээс болж яруу найрагчид “Эцэг өвгөдийн минь бунхныг малтаж байна” гэж халаглан шүлэглэж, зурагтаар малтлага хийхийг эсэргүүцсэн нэвтрүүлэг хийж олны сэтгэл санааг хуурамчаар үймүүлж эхэлллээ. Энэ цаашаа даамжирсаар нийгмийн сэтгэл санааг улам эвдэж болох байна. Иймд худал хуурмаг мэдээлэл цацаж хий хоосон цуурхал тараасныг залруулж олны сэтгэлийг амраах хэрэгтэй. Цаашид ч ийм худал хуурмаг зүйл дэлгэрүүлэхгүй байхад түүхэн сургамж болно.

Археологийн малтлага хийх нь тухайн дурсгалыг дахин судлах аргагүй болтол нь эвдэн бусниулдаг, соёлын дурсгалд маш халтай зүйл байдаг. Учир иймд үл малтах (non-invasive) шинэ аргаар эртний түүхийн дурсгалыг судлахад шинжлэх ухаан техникийн сүүлийн үеийн ололтыг ашиглах зорилго тавьж, “Хаадын хөндий” гэдэг Монгол, Америкийн хамтарсан олон улсын хээрийн шинжилгээний анги ажилласан. Энэ ажил маш амжилттай болж, энэ талаарх эрдэм шинжилгээний ажлын 100 гаруй хуудас үр дүнгийн баримтжуулсан тайлан бичиж, мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж хүлээлгэн өгсөн бөгөөд Америкийн талаас Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулан өгсөн ба Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайдад интернетээр дамжуулан өгсөн гэдэг.

Хээрийн шинжилгээний ангид зөвшөөрөл олгодог төрийн захиргааны төв байгууллагын албан ёсны зөвшөөрлийг удаа дараа авсан нь хадгалагдаж байгаа. “Хаадын хөндий” хээрийн шинжилгээний ангийг Монголын талаас Олон улсын Монгол судлалын холбоо дүрэм журмын дагуу удирдан зохион байгуулж МУИС-ийн УБИС- ийн салбараас мэргэжлийн эрдэмтэн урин оролцуулсан, АНУ-ын талаас Калифорнийн их сургууль. АНУ-ын Газарзүйн үндэсний нийгэмлэг удирдан зохион байгуулж, Итали зэрэг бусад орноос газрын хөрсөн дорхи зүйлийг дурандан шинжилдэг техник төхөөрөмжөөр мэргэшсэн эрдэмтдийг урин оролцуулсан. Тус хээрийн шинжилгээний анги Хэрлэн голын болоод түүний эхэн урсгал Богдын голын хөндийд байгаа Их Монгол Улсын үеийн хэд хэдэн хот балгасын үлдэгдлийг үл малтах (non-invasive) хамгийн сүүлийн үеийн шинэ арга нэвтрүүлэн судалсны дотор Гамалагийн сүм орж буй юм.

Бидний өмнө өгүүлснээр, Хэрлэн голын эхэн урсгал Богдын голын хөндийд буюу Бурхан Халдун уулын зүүн хормойд орших энэ сүмийн туурийг зөвхөн XX зуунд Монголыг судалдаг олон орны олон эрдэмтэд очиж үзэж Хубилай хааны ач хүү Гамалагийн байгуулсан сүм мөн байх гэсэн таамаглал дэвшүүлж байсан юм. Тийм болохоор энэ шинэ зүйл огт биш. Зөвхөн XX зуунд энэ сүмийн туурийг очиж үзсэн судлаачдын заримыг дурдвал 1903 онд Английн иргэн С.Campbell. 1963 онд Монголын нэрт археологич Х.Пэрлээ Германы эрдэмтэн J.Schubert нар, 1997 онд Австралийн нэрт монголч эрдэмтэн I. De Rachewiltz, 2004 онд Английн судлаач J.Man, 2010-2011 онд “Хаадын хөндий” олон улсын шинжилгээний анги очиж үзсэн ба өөр өөрсдийн судалгааны ажлын үр дүнг англи, герман зэрэг хэлээр нийтлүүлж олны хүртээл болгосон байдаг. Мөн 1910 онд Оросын нэрт монголч эрдэмтэн Ж.Цэвээн. 1959 онд Францын монголч эрдэмтэн P.Pelliot нар Гамалагийн сүм болоод эцэг өвгөдийн тайлга тахилгын талаар тодорхой өгүүлсэн байдаг. Эдгээр эрдэмтэд эцэг өвгөдийн тайлга тахилгад зориулж. Гамала сүм байгуулсан тухай дурдаж. Богдын голын хөндийд олон зуун жил эзгүй зэлүүд газар ганцаар оршсоор байсан энэ сүмийн туурийг Монголын их хаадын онгоны тайлга, тахилгын газар байсан байх гэсэн таамаглал дэвшүүлсэн байдаг.

Энэ сүм Чингис хаан  түүнийг залгамжлагчдын шарил бунханд хамааралгүй мөргөл хүнлэтгэлийн сүм.  Чингис хааны шарил олдоогүй бөгөөд олох зорилго тавиагүйг баримт бичгүүд гэрчилнэ. Харин Гамалагийн сүмийн туурь түүний орчны газрыг тодруулан судалж Монголын төрийн болон олон улсын хамгаалалтад авах нь зүйн хэрэг. Харин “Хаадын хөндий” олон улсын шинжилгээний ангийн судалгааны ажлын өмнөхөөс ялгагдах онцлог тал нь уг сүмийн туурийг өмнө өгүүлснээр үл малтах (non-invasive) цоо шинэ аргаар судалж, сүмийн туурийн суурины хэмжээг тогтоосон ба лабораторийн шинжилгээний аргаар XIV зуунд байгуулсан болохыг тогтоосон юм.

Гэтэл олон улсын хээрийн шинжилгээний ажилд их идэвх санаачлага гарган ажилласан АНУ-ын талын эрдэмтэн Альберт Линийг “нууцаар ирж. Чингисийн бунхныг малтсан” мэтээр ул үндэсгүй худал цуурхал дэгдээж андуурлыг арвитгасан нь харамсалтай. “Хаадын хөндий” шинжилгээний ангийг Монголын талаас Монгол улсын албан түүхийн Их Монгол улсын үеийн түүхийг зохиосон мэргэжлийн эрдэмтэд үдирдсан бөгөөд ямар нэгэн малтлага хийгээгүй болохыг хариуцлагатай мэдэгдэж байна.

 

Баримт тайлбар

Бид Ц.Ишдорж гуайн тайлбарыг хүлээж аваад Бурхан Халдунд судалгаа, хийхдээ холбогдох газраас  авсан зөвшөөрлийн хуулбарыг ирүүлэхийг  хүссэн юм. Түүнд “Хаадын хөндий” шинжилгээний анги 2009 онд монголд ирж үйл ажиллагаа явуулсан хэрнээ 2011 оны долдугаар сарын 1-нээс  30 хүртэл ганцхан сар судалгаа хийхээр БСШУЯ-наас авсан 11/ 0035 тоот зөвшөөрлийн хуулбар байна. Тэгэхээр түүнээс өмнө ямар ч зөвшөөрөлгүй ажиллаж байсан болж таарч байна. Мөн  зөвшөөрлийн ард тухайн аймаг, сумын Засаг даргаар гарын үсэг зуруулж, тамга даруулах ёстой байтал ямар ч тэмдэглэгээ хийлгээгүй нь тэрхүү зөвшөөрлөө ашигласан эсэхэд  эргэлзээ төрөв.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга А.Намхайн гарын үсэгтэй Онон балжийн цогцолбор газарт түүх, соёлын дурсгалыг судлах ажлыг 2011 оны зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 20 хүртэл гүйцэтгэхийг зөвшөөрсөн бичиг байна. Иймд тусгай хамгаалалттай газрын нутгийн удирдлагын газар БСШУЯ-ны нэрийн өмнөөс түүх, соёлын дурсгалыг судлах зөвшөөрөл өгч болдог, эсэхэд холбогдох газруудаас тайлбар хүсье.