Б.УРАН, Б.ЗАЯА

Богд хаант Монгол Улсын үед дархалж байсан, дэлхийн хамгийн анхны Дархан цаазат газар бол Богдхан уул. Дархан цаазат газар гэдэг бол дэлхийн нөөцийн газар гэсэн үг. Зөвхөн монголчуудад харьяалалтай бус дэлхийн шим мандлын сүлжээнд оруулж, гэрчилгээжүүлсэн газар юм. Богдхан уулыг 1997 онд ЮНЕСКО-оос гэрчилгээжүүлсэн байдаг. Дархан цаазат гэдгийн цаана байгалийн үзэмж төгс, халдашгүй ариун догшин гэсэн утга санаа бий. Хуульд заасан нарийн тодорхойлолтоор бол Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг.

Дархан цаазат газарт бизнесийнхэн “нүдээ уна­гасаар” ирсэн нь эцэстээ байдлыг улам хүндрүүлээд байна. Нийслэлийг өвөр­төө дулаацуулж, халдаш­гүй бат хэрэм цайз мэт хамгаалан оршдог Богд­хан ууландаа хайр гамгүй хандсаар ирсэн нь үнэн билээ. Үнэтэй тансаг хаус, орон сууцны хороолол Богд­хан ууланд ойртох тусмаа үнэд ордог нь өнөөх дархан цаазат, байгалийн үзэсгэлэнт, цэвэр агаартай гэх мэт олон зүйлтэй хол­боотой. Хуульдаа газар өмчилж, эзэмшихийг ил тодоор хориглосон атал бүхэл бүтэн зуслан болтлоо өргөжин тэлчихээд байхад хэн ч анхаарал тавиагүй, хориогүй хэсэг бол Нүх­тийн ам юм.

 

АРГАЛЬ, ЯНГИР НЬ ҮЗЭГДЭХЭЭ БОЛЬЖЭЭ

 

Яармагийн замаас урагш салаад 2-3 кило­метр явахад Богдхан уу­лын нүхтийн ам хүрнэ. Хад, мод ихтэй, байгалийн өвөрмөц тогтоцтой, цэнгэг сайхан агаартай хэсэг юм. Нүхтийн амыг хязгаарлаж хашсан хашааны хаалган дээр Богдхан уулын дар­хан цаазат газар гэсэн бичиг байх агаад тэр бичиг л бууриа сахиж үлджээ. Тэр бичигнээс бусдаар тухайн хэсгийг дархан цаазат газар гэж нотлох юу ч байхгүй. Хашаанаас дотогш Дархан цаазат газ­рын хязгаарлалтын бүс үргэлжилнэ. Харин ой мод руугаа онгон бүс гэж тог­тоосон байна. Богдхан уулын хязгаарлалтын бү­сэд 80 гаруй аж ахуйн нэгжид аялал жуулчлалын зориулалтаар үйл ажил­лагаа явуулахаар байгаль орчны үнэлгээ хийлгэс­нээс Нүхтийн аманд гэхэд л ердөө хоёрхон компани стандартад нийцсэн ам­рал­тын газар ажиллуулж байна. Харин бусад нь газраа хууль бусаар ашиг­лаж хувийн хаус, орон сууц болгожээ. Нүхтийн амыг хаусан хороолол бол­гоход “хувь нэмэр” оруул­сан хүн бол яах аргагүй Байгаль орчны аялал жуулч­лалын сайд асан Л.Гансүх. Тэрээр 2008 онд “Богдхан уулын  дархан  цаазат газрын Нүхтийн аманд зуслангийн  зориу­лалтаар  газар ашиглах түр журам” гэгчийг хууль зөрчин гаргаж, тус газарт 193 иргэнд зуслангийн  зориулалтаар газар олго­сон байна. Энэ нь өдгөө Нүхтийн ам барилгын аж­лын талбар болох шалт­гаан болжээ. Хэдийгээр 200 орчим хүнд газар олго­сон боловч одоо тухайн хэсэгт 400-500 орчим хаус, байшин сүндэрлэсэн бай­на. Салбар хариуцсан сайд нь ажлаа авснаас хойш тухайн хэсэгт газар олгол­тыг зогсоосон боловч өмнө нь авчихсан газартаа хэд хэдээр нь байшин барь­чих­сан, зарим нь уулын энгэр рүү түрж орсон бай­далтай байлаа. Шинээр барьж буй 30 орчим барил­гын ажил тэнд явагдаж байна. Удахгүй ирэх са­раас улам оволзоно гэж хамгаалалтын ажилтан нь ярьсан юм. Газар шорооны ажил ид эхлэхээр хүнд даацын автомашин өдөр шөнөгүй холхино. Барил­гын хог хаягдал ч тоймоо алддаг гэлээ. Нүхтийн амны байгаль орчин өд­рөөс өдөрт доройтсоор байгаа гэнэ. Уулын өвөр бэлээр үе үехэн харагддаг байсан аргаль, янгир, чоно, гахай үзэгдэхээ боль­жээ. Тухайн хэсэгт цэвэр, бохирын төвийн шугам очоогүй. Тиймээс айл бүр дороо гүний ху­даг­тай. Дээрээс нь байшин бүр бохирын цооногтой. Уулын амаас Яармагийн зүг урсдаг байсан горхи доогуураа тасрах болсныг байгаль хамгаалагч нь хэлж байна. Нүхтийн ам­ны газрын даац хэдийнэ хэтэрснийг БОНХЯ-наас мэдэгдсэн. Өмнөх сайдын алдаатай шийдвэрээс болж тухайн хэсэг хэдийнэ зуслангийн хороолол болж, улиг болсон Зай­сангийн түүхийг давтах болчихож.

 

НҮХТИЙН ТАНСАГ ХАРШУУДЫН ХУВЬ ЗАЯА ХЭРХЭХ ВЭ?

 

“Ханбогд уулын Нүх­тийн аманд баригдаж буй тансаг сайхан 14, 18, 6 айлын хаусанд захиалга авч байна. Зөвхөн танд зориулан дахин давтаг­дашгүй шийдлээр барьж байна”, “Хотын төвөөс 15 км зайтай. Цэвэр агаарт орчин сайтай. Засмал зам дагуу байрлалтай. Айл бүр хоёр машины зогсоолтой. Гүний цэвэр усаар хэрэг­лээний усаа хангасан. Төвийн нэгдсэн цахил­гаан шугам сүлжээнд хол­богдсон. Нийт 410метр квадрат талбайтай, гурван давхар хаусд захиалга авч байна”. Нүхтийн аманд байшин зарах ийм төр­лийн зар олон. Баригдаж буй барилгын дээр захиал­га авах утсаа томоор хад­сан нь ч байлаа. Тэдгээ­рийн нэг болох “Макс” группийн “Elegance lu­xury” орон сууцны үнэ ханшийг нь сонирхсон юм. Гурван давхар 5-6 айлын бололтой орон сууц, оффи­сын зориулалттай цогцол­бор удахгүй ашиглалтад орно гэв. Борлуулалтын албаны ажилтан нь бай­шингаа тун ч дэлгэрэнгүй танилцуулав. Метр квад­ра­тын үнэ нь 1400 ам.дол­лар гэнэ. Байшингийн эзэн нь давхар давхраар нь нэг хүнд зарах сонирхол­той гэлээ. Уулын модноос ердөө 50-хан метрийн зай­тай, гүний худгаас цэвэр усаа татдаг. Бохирын цоо­ногоо соруулдаг хэлбэрээр тохижуулсан. Цахилгаан зуухаар өрөө, тасалгаагаа халаадаг гээд байшингаа багагүй сурталчилсан юм. Нүхтийн аманд “Эрэл орон сууц”, иргэн Нам­жил­дорж гэсэн харьяалал­тай нийтийн зориулалттай орон сууц хэд хэд байна. Зарим нь ашиглалтад ор­чихсон, захиалга нь дуус­сан. Харин зарим нь дөн­гөж захиалгаа авч байна. Төлбөрийн хувьд банкны зээл гэсэн ойлголт байх­гүй. Зөвхөн 2-3 хувааж төлөх нөхцөлтэй. Доод тал нь 100 метр квадрат тал­бай­тай, метр квадратынх нь үнэ 1400-2500 ам.дол­ларын хооронд байна. Мөн тансаг хаусан хотхон олон. Хоёр давхар, зургаан өрөө­тэй дундаж хаусын үнэ 550-600 сая төгрөг гэнэ. Ерөнхийдөө Нүхтийн аманд амьдарч байгаа, амьдрахаар сонирхож бай­гаа хүмүүс нь дээд давхар­гынхан байх шаардлага­тайг энэхүү үнэ харуулж байгаа юм. Гэвч шил толь болж гялалзсан эдгээр харшууд газаргүй гэдгийг энд онцлон хэлье. Дархан цаазат газарт газар өмч­лөх, эзэмших харилцаа огт байхгүй. Хуульд энэ та­лаар тун тодорхой заасан байгаа. Зөвхөн газрыг түр ашиглах эрхийг таван жи­лийн хугацаатайгаар олго­дог ажээ. Өөрөөр хэлбэл, 2008 онд Л.Гансүх сайдын гаргасан зуслангийн зо­риу­лалтаар олгох түр жур­маар авсан газрын эрх энэ оноос дуусгавар болох учир­тай. Тусгай хамгаа­лалттай газар нутагт иргэд, өрхөд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх асуудлыг зөв­хөн УИХ шийддэг аж. Тэ­гэ­хээр Нүхтийн аманд сүндэрлэж буй өндөр үнэ­тэй тансаг хаусууд, орон сууцны барилгууд газар­гүй гэсэн үг. Хэрэв төр газраа буцааж авна гэвэл тэндхийн байшингуудыг худалдаж авсан иргэд яах вэ. Ялангуяа нийтийн зориулалттай барилгад орон сууц худалдаж авсан иргэд үл хөдлөх хөрөнгөө алдахад хүрвэл маргааныг хэрхэн шийдвэрлэх нь асуудал дагуулж байна.

Үргэлжлэл дараагийн дугаарт...