Ч.ОЛДОХ
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Н.Энхбаярын өмгөөлөгчдийн зүгээс түүнд холбогдох хэргийг нийт шүүгчдийн хурлаар хэлэлцүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт хандан гаргаж байсан. Сая дахин гомдол гаргасан гэсэн. Ямар асуудлаар дахин хандах болов?
-С.Нарангэрэл өмгөөлөгч бид хоёр хуульд заасан үндэслэл журмыг барьж Дээд шүүхийн ерөнхий шүүгчид хоёр дахь удаагаа гомдол гаргаад байна.
Үндэслэлийн тухайд үүний өмнө гаргасан хүсэлтэд “Нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг хэлэлцэх боломжгүй” гэсэн хариуг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга М.Дамирансүрэн бидэнд өгсөн. Миний хувьд ямар үндэслэлээр гомдол гаргасан бэ гэвэл, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүн таслах эрхээ ажлын албаны даргадаа хууль зөрчиж шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт нийт шүүгчдийн хуралдаанаар яагаад хэлэлцүүлэх боломжгүй байгаа юм бэ. Энэ үндэслэлээ бидэнд ирүүлсэн хариундаа тодорхой бичээгүй байна. Нөгөөтэйгүүр Ерөнхий шүүгч хариугаа өөрөө өгөлгүйгээр ажлын албаны даргаараа дамжуулж хууль зөрчлөө. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342-356-д хяналтын шатны шүүхийн гомдол хүлээж аваад эцэслэн шийдвэрлэх тухай заалтуудтай нийцэхгүй байна. Эдгээр үндэслэлээр өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргалаа. Мөн Н.Энхбаярт холбогдуулаад байгаа хэргийг дахин хянаж үзэж, нийт шүүгчдийн хуралдаанаар оруулж өгнө үү гэсэн хүсэлтээ дахин гаргаж өгөөд байна.
-Хэрэгт ялгамжтай хандах, тодруулбал Ерөнхий шүүгч заавал хянаж үзэх шаардлагагүй, ажлын алба хариуцна, эсвэл төлөөлнө гэх утгатай хуульчилсан зүйл, заалт байхгүй гэсэн үг үү?
-Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн шүүн таслах эрх гэдгийг тодруулбал тухайн хэргийг хянаад нийт шүүгчдийн хуралдаанаар оруулах боломжтой, эсэх талаар хариугаа өгөх ёстой. Гэтэл ажлын албаны дарга өмнөөс нь тухайн хэргийг судалж, тэгээд өөрийнхөө нэр дээр хариу өгч байгаа нь хууль зөрчсөн асуудал. Дээд шүүх дотроо энэ талаар журам гаргасан байдаг юм билээ. Бид тэр журмыг нь Үндсэн хуулийн цэц, Захиргааны хэргийн шүүхэд өгнө.
Би түрүүн хэлсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “...Хууль зөрчсөн гэж үзэж байгаа тохиолдолд Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар дүгнэлт бичнэ” гэж бий. Тэгэхдээ ямар хэрэгт нь дүгнэлт бичих вэ, ямарт нь дүгнэлт бичихгүй вэ гэсэн зааг байхгүй. Харин үүн дээр Ерөнхий шүүгч маш шударга ажиллах ёстой.
-Ер нь Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид яагаад хуулиар давуу эрх олгодог юм бэ. Тэр нь ямар учиртай вэ?
-Яагаад гэвэл, Ерөнхий шүүгчид гомдол гаргах нь иргэний хэрэгт ч, захиргааны хэрэгт ч ер нь бүх хэргийн тухайд эцсийн шийдвэр байдаг. Хууль зөрчсөн эсэх үндэслэлийг Монгол Улсын Ерөнхий шүүгч гэдэг ганцхан албан тушаалтан эцсийн байдлаар хянаж үздэг. Нийт 17 шүүгчийн тав нь танхимын байдлаар өмнөх хурлаар ордог. Энэ нь хууль зөрчсөн гэж үзвэл Дээд шүүхийн Ерөнхий шүүгч гэдэг ганцхан субьектэд гомдол гаргана. Энэ утгаараа Ерөнхий шүүгч бол нийт шүүгчдээс хуулиар олгогдсон хамгийн том эрх эдэлж байгаа этгээд. Яагаад тэр хүнд цор ганц энэ эрхийг олгож байгаа юм бэ гэвэл шударга бай гэж, бусад шатны шүүх дээр гарсан алдааг эцэслэн хариуц гэдгийг үүрэг болгож байгаа юм. Гэтэл үүнд Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч хариуцлагагүй хандаж байна. Яагаад ингэж үзэж байна гэвэл ядаж тэр хүн өөрөө хариу өгөх ёстой шүү дээ. Гэтэл ажлын албаны даргаараа хариу өгүүлчихээд сууж байна. Дан ганц Н.Энхбаярын хэрэг дээр ч бус бүх хэрэгт Ерөнхий шүүгч маш хариуцлагатай хандах ёстой. Гэтэл өөр хэргүүд дээр ч гэсэн мөн адил ийм байдлаар хариу өгдөг. Бараг тэр нь үзэмжийн асуудал болж байдаг. Нийт шүүгчдийн хуралдаанаар заримыг нь оруулна, заримыг оруулахгүй. Хууль зөрчсөн байсан ч зарим хэрэг дээр “Зөрчөөгүй байна” гээд ажлын албаны даргаараа хариу өгүүлчихдэг. Хууль зөрчиж нэг хүнд журмаар эрх олгоод, тэр хүн өмнөөс нь хариу өгдөг явдлыг таслан зогсоохын тулд бид Үндсэн хуулийн цэцэд хандана. Мөн Захиргааны хэргийн шүүхэд тэр журмыг нь хүчингүй болгуулахаар хандахаар ярьж байна.
-Н.Энхбаярт хамааруулаад байгаа хэргийн таван үйлдлээс шат шатны шүүх хуралдааны явцад гурав нь хэрэгсэхгүй болсон. Үлдсэн хоёр асуудал ямар ч хохирогчгүй, нэхэмжлэгчгүй атлаа сунжирч байгаа нь ямар учиртай вэ?
-Одоо үлдээд байгаа хоёр асуудлын нэг нь “Өргөө” зочид буудалтай холбоотой хувьчлалын маргаан, нөгөө нь “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын маргаан. Хамгийн сонирхолтой нь энэ асуудлууд дээр ямар нэгэн байдлаар хувьчлал хууль бус гэж үзвэл хувьчилсан, хувьчилж авсан хоёрын аль нэг тал нь Захиргааны хэргийн шүүхэд хандаж, тэнд шийдэгдэх ёстой. Гэтэл энэ хэрэгт аль ч тал нь Захиргааны хэрэгт хандаж хэрэг үүсгээгүй. Тийм байтал эрүүгийн хэрэг болоод өнөөдөр хаа байсан хувьчилж авсан хүн ч биш, хувьчилж авсан этгээд ч биш хөндлөнгийн Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар нар ял авчихаад байж байгаа. Д.Чулуунбаатар бол хувьчилж авсан хүн биш. Яагаад гэвэл, өнөөдөр Д.Чулуунбаатарын хувьчлалыг хүчингүй болгоод тухайн сонины 40 хувийг ажилчид нь, 60 хувийг TV-5 телевизийн ерөнхий редактор Э.Дагиймаа авсан байгаа. Ийм байхад хувьчилж авсан хүн нь ч биш, хувьчилсан байгууллага нь ч биш хөндлөнгийн хүн ял эдэлж суугаа нь хэр шударга вэ. Зөвхөн эндээс харахад л шүүхийн шийдвэр шударга гарч уу, үгүй юу гэдэг харагдана.
-Таныг энэ салбарт ажиллаж эхэлснээс хойш, ер нь шүүхийн практикт нийт шүүгчдийн хуралдаанаар асуудал шийдсэн туршлага хэр байна?
-Нийт шүүгчдийн хуралдаан зөндөө болдог, асуудал шийддэг. Өмгөөлөгчийн хувиар оролцож байсан хурлууд ч бий. Харин хууль өөрчлөгдсөнөөр Ерөнхий шүүгч дүгнэлт бичээд тэр дагуу нийт шүүгчдийн хуралдаан болдог болсон. Өмнө нь нэг хэрэг хэдэн ч удаа орж болдог байсан юм. Тэр нь юу вэ гэхээр Дээд шүүхэд гомдол очлоо гэхэд хэргийг хянасан шүүгч хууль зөрчсөн гэж үзвэл эсэргүүцэл бичиж нийт шүүгчдийн хуралдаанаар оруулдаг байсан. Бараг одоогийн энэ зарчмаас тухайн үед баримталж байсан зарчим илүү шударга байсан.
Олон шүүгчээр орох тусмаа тухайн хэрэг хуульд заасан зарчмаар шийдэгдэж үү, үгүй юу гэдгийг хянах боломжтой. Гэтэл өнөөдөр ганцхан Ерөнхий шүүгчид эрх олгочихсон, тэр хүн ямар хэрэгт эсэргүүцэл бичих вэ, ямарт нь бичихгүй вэ гэдэг нь хуулиасаа илүү бараг үзэмжээр шийдэгдэх болчихоод байна шүү дээ. Тэр тусмаа Ерөнхий шүүгч өөрөө бус ажлын албаны даргаараа хариу өгүүлж байгаагаас хуульд өөрчлөлт оруулж, хууль зөрчсөн байдлыг нь даруй засах ёстой.
Тэгэхгүй бол ганц хүн гурван шатны шүүх хурлаар орсон асуудлыг эцэслэн шийдэх гээд байна шүү дээ. Энэ нь нэг талаас эрх мэдлийн төвлөрөл гарч ирж байна. Шударга бус байх, үзэмжээр хэрэг шийдэх боломжийг гаргаж өгөөд байна.
-Н.Энхбаярын асуудалд шүүх, хяналтын байгууллагууд нэг талыг барьж , улстөрийн өнцгөөс хандаж байна гэсэн хардлага олон нийтэд байдаг. Өмгөөлөгчдийн зүгээс хоёр дахь удаагаа гомдол гаргаж байгаагаас Дээд шүүх хэргийг хянаж үзэж шударга шийдвэр гаргана гэсэн итгэл, хүлээлт байна гэж ойлгож болох уу?
-Бид шүүх шударга шийдвэр гаргана байх гэж харж, хүлээж байна. Дээд шүүхэд хэдэн удаа гомдол гаргаж өгөхийг заагаагүй. Тэгэхээр үндэслэл бий. Харин нийт шүүгчдийн хуралдаанаар нэг л удаа орно гэдгийг хуулиар заасан. Бид хуулиар заасан 30 хоногийн дотор багтаж гомдлоо гаргасан. Бас нэг зүйл бол энэ хэрэгт өөр нэг асуудлыг хэлж байгаа. Тэр бол Н.Энхбаяр нарт холбогдох асуудал эрүүгийн гэмт хэрэг юм уу, эсвэл улс төрийн хэлмэгдүүлэлт үү гэдгийг тодруулах хэрэгтэй. Ийм учраас УИХ-д хандаж, ажлын хэсэг байгуулж ажиллах санал гаргасан. Миний үйлчлүүлэгч ч мөн энэ саналыг дэмжсэн. Долдугаар сарын 1-ний хэрэг, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт ажлын хэсэг гарч байсан шүү дээ. Тэгэхээр түүнтэй адил ажлын хэсэг гаргаж шалгуулъя гэсэн санал тавьж байгаа.
-Олон нийтийг айдас хүйдэст автуулсан баривчилгаанаас хойш өнөөг хүртэл жил тойрлоо. Энэ хугацаанд хоёр талын байр суурь, магадгүй нийгмийн зүгээс гуравдагч талын байр суурь илэрхийлэгдэж ирсэн. Асуудлын мөн чанар юунд байгаа нь ч олон нийтийн шүүлтүүрээр дүгнэгдэж байна гэж ойлгож болох уу?
-Би ч гэсэн өмгөөлөгчийн хувьд энэ хэргээс нэг зүйлийг харж байна. Монголын шүүх засаглал Н.Энхбаярт хэрэг үүсгэж, сүр дуулиантай баривчилгаа хийсэн, хянаж шалгасан, тэр бүхэнтэй холбоотойгоор өмнө нь энэ салбарт үзэгдэж, харагдаж байгаагүй шинэ зүйлүүд болсон. Хууль зөрчсөн, зөрчөөгүй асуудлуудын талаар хуулийн байгууллагууд хоорондоо маргасан. Ийм практик байдаг уу, гараад ирсэн зүйлийг яаж буцааж засч залруулах ёстой вэ, эсвэл ямар нэгэн байдлаар дараад өнгөрөөж байна уу гээд үзэхэд зөндөө зүйл байна. Нэг талдаа Н.Энхбаяр гэдэг хүн дээр хууль, шүүхийн байгууллага маш олон хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан нь эргээд хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, шүүх, хуулийн байгууллагад хэрэглэдэггүй байсан практикийн янз бүрийн асуудал гарч байна. Зарим буруу зүйлүүдийг засч залруулахаас эхлээд олон үйл явдал өрнөлөө. Хүний эрхтэй холбоотой, хүн өмч хөрөнгөө яаж хамгаалах ёстой, хүн ер нь өмчтэй байж болох уу, өмчтэй байхыг хуулиар зөвшөөрчихөөд хамгаалах талыг орхигдуулсан зэрэг асуудал хөндөгдөж байна. Үүнээс үзэхэд бид олон зүйлийг өөрчлөх ёстой нь харагддаг. Хууль шүүхийн хараат байдлыг хангаж улс төрөөс ангид байлгахгүй бол өнөөдөр хэн ч хэлмэгдэхэд бэлэн ийм нөхцөл байдал монголд байна. Дээр нь хуулиа хэрэгжүүлэхгүй, хэрэглэхгүй байна. Мөн хуулийг улс төрчдийн гар хөл болгож ашигладаг зэрэг олон зүйлийг ярьж болно. Энэ мэт олон зүйлийг нийгэмд гаргаж ирж, ил тавьж, засч залруулах ёстой гэдгийг анхаарууллаа. Хэдийгээр нэг талдаа Н.Энхбаяр гэдэг хүн хоригдож байгаа ч нөгөөтэйгүүр Монголын нийгэмд засч залруулах ёстой зүйлүүд байгааг гаргаж ирж тавьснаараа нэг алхам боллоо гэдгийг өмгөөлөгч хүний хувьд хэлмээр байна.
-Тухайлбал, бодитой ажил болсон ямар алхмууд байна?
-Хууль шүүхийн байгууллагын хэмжээнд мөрдөгдөж эхлээгүй байгаа хуулиудад ч засч залруулмаар, өөрчилмөөр зүйлүүд байна. Нэг жишээ хэлэхэд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс эрүүл мэндийн хувьд эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ хаалгачихсан, ийм журам гарчихсан байсан. Бид энэ журмыг хүчингүй болгох асуудлыг тавьснаар өнөөдөр олон хүн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн үйлчилгээ авч эхэллээ. Эрүүл мэндийн байгууллага, Хууль зүйн яам, ШШГЕГ –ынхан, УИХ-ын ажлын хэсэг хорих ангиудаар явж нөхцөл байдалтай танилцсан. Эрхзүйн орчныг нь яаж өөрчлөх вэ гэдгийг ярьж ШШГЕГ-ын гаргасан санал төслийг хэмжээнд ярьж байгаа. Эцсийн эцэст энэ бүхэн сүүлийн нэг жилд болсон энэ асуудалтай холбоотойгоор эрхзүйн орчин, эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн орчинг боловсронгуй болгох шаардлагатай юм байна гэдгийг гаргаж тавьж чадсантай холбоотой. Өөрсдөө асуудалд холбогдож байгаа хүмүүс үүнийг ойлгохгүй байх. Зарим нь улстөржинө, мөн зарим нь тухайн хүн тэр хүнийг хүндэлдэг үү, үгүй юу гэсэн сэтгэлийн эмоци, үзэл бодлоор хандана. Хэдий тийм боловч яг хууль хяналтын байгууллагаар явж асуудлаа шийдүүлсэн, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн байдлаар холбогдсон, хэлмэгдсэн хүмүүсийн хувьд үнэхээр үүнийг өөрчлөхгүй бол болохгүй шүү гэдгийг биеэр ойлгож, мэдэрсэн учраас дэмжиж байгаа.