
Ж.ЦОГЗОЛМАА, Э.СОЛОНГО
ГУРВАН НАСТАЙ ДОМБОРЧИН
Мухамед Хуан гурван настай. Том алаг нүд, сүлжсэн гэзгийг нь харсан хүн охин гэж андуурмаар. Тэрээр айлын дунд хүү, дүү нь гурван сартай. Ганц товч дараад л дуртай аялгуугаа тоглуулдаг цахилгаан домборыг чадмаг эзэмшжээ. Цахилгаан гитар тоглож буй аятай энд тэнд гүйн өнөөх хөгжмөө “балбана”.
“Амьдралын тойрог”-ийн хүрд К.Саркытынд саатсан энэ өдөр догшин бүргэд эзнийхээ мөрөн дээр дуулгавартай нь аргагүй бүжихтэй таарлаа. Гэрийн эзэн, жигүүртэн хоёрын дэргэд Мухамед эгч Жансаятай эвлэгхэнээр бүжиглэх нь эгдүүтэй. Казах үндэстний үеэс үед уламжлагдаж ирсэн “Каражорга” буюу “Хар жороо морь” хэмээх энэхүү бүжгийн аяс явахаар эдний бүргэд хоёр далавчаа дэвээд, хүзүүгээ сунган бүжиглэнэ. Ийм л авьяастнуудын гэрт зочилсон сонирхолтой сурвалжлагыг хүргэж байна.
Нийтлэлийн баатрынхыг зорьсон. Налайхын замд хувийн орон сууц, хаус олон байлаа. Хотын зүүн чигт замын хөдөлгөөн ч сийрэг учир иргэд нүүх сонирхолтой болжээ. “Төвд бүжиг болоод. Тэндээс дөнгөж орж ирээд байна. Сая гал түлээд утаа май гаргачихлаа” гэж гэрийн эзэн утасны цаанаас хэлэв. Төдөлгүй биднийг очиход хоёр давхар хаус угтах нь тэр. Цэвэр, бохир усаа боловсон аргаар шийдэж, хамгийн сүүлийн үеийн технологиор байраа тохижуулжээ. Саруул том цонх, хагас дугуй хэлбэрийн өргөн тагтаар гадна талаа чимсэн бол дотроо үндэсний хээ угалз бүхий хатгамлаас авахуулаад төрөл бүрийн сийлбэр харагдана. Коран судрын тарнийг хос хун, сүмийн хаалга, араатан жигүүртний сийлбэр дээр шигтгэсэн дүрс бүхий олон төрлийн цаг нэг давхар дахь зочны өрөөний хананд өлгөөстэй. Харин хивсний оройд бүргэдийн чихмэл өлгөжээ. Хүний зөв амьдрах ухааныг номлосон тарнийн мөртүүд энэ айлын хананд олноороо ийнхүү бичигдсэн болоод ч тэр үү гэрийн эзэн хүүхдүүдээ энэ ухаанаар хүмүүжүүлдэг нь илт. Тэжээж байгаа амьтандаа ч ийн ханддаг аж.
Төрөл бүрийн шигтгээтэй ээмэг зүүлт тэргүүтэй гоёл чимэглэлийн бараа хайрцаг саванд баглаа баглаагаар нь дэлгэжээ. Гэрийн эзэн Саркыт лам, худалдаачин, бас бүргэд, талын анд. Тарчигхан амьдралаас бусдын дайтай орох орон, унах унаа, гэр бүлтэй болох эхлэл нь буяны ажил хийгээд ертөнцийг хайрлах сэтгэлээс эхтэйг тэрээр ярьсан юм. Үүдний өрөөнд өтгөнөө гаргачихсан бүргэдээ зэмлэх нь бүү хэл, гэрийн эзэд өөрсөдтэйгөө адилаар хайрлаж, халамжлах нь үүнийг илтгэлээ. Гал тогооны өрөөгөө нэгдүгээр давхартаа тохижуулжээ. Шаазан самоварын дээр цэцгийн зурагтай гүц тавьсан байв. Орчин үед самовар хэрэглэдэг айл ховордсон болохоор содон харагдана. Харин хананд нь шилийг нь пааландсан халбагыг төрөл төрлөөр нь өрсөн харагдав. Янз бүрийн чамин хээтэй аяганаас авахуулаад төрөл бүрийн хэрэглэлүүд зөндөө. Мэдээж, биднийг угтахдаа үндэснийхээ өтгөн шаргал цай, үзэм, идээ ундаа тэргүүтнээр дайллаа. Ер нь хаанахын ч казах айлд орсон ийм орчин угтах биз.
АРХИ УУЖ, ТАМХИ ТАТАХЫН ОРОНД...
Гэрийн эзэгтэйн нарийн шаглаа бүхий хатгамал дэрний уут, орны болон ширээний бүтээлэг тэргүүтнийг харахад энэ гэрийн эзэд завгүй гэдэг нь илт. Угтаа улаанбаатарчууд бид казах түмнийг каз, хатгамлаар нь л илүү мэддэг юм шиг. Түүнээс биш Коран судрын сургамжит мөртүүд, амьдралын гүн ухаан, үр хүүхдээ хүмүүжүүлэх арга, бас ажилсаг, шударга чанарыг нь тэр бүр мэддэггүй бололтой. Наад зах нь архи ууж, тамхи татахыг хориглодгоос эхлээд амьтныг чин сэтгэлээсээ хайрлахыг сургадагт энэ шашны ухаан оршдог аж. Саркыт залбирлаа үйлдээд, буяны мөр хөөж, бусдын хойтыг уншиж, ерөөл тавих зэргээр өдөртөө бас л завгүй нэгэн. “Өлгий, авс хоёрыг хүн болгон дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй, бие биенээ л хайрла” гэсэн алдарт найрагч О.Дашбалбарын шүлгийн мөрүүдийг гэрийн эзэн амьдралын ухаанаа болгож яваа нь энэ. Зөв амьдарвал зөв л үр хурааж авна. Энэ үгийг тэрээр хэлсэн. Угтаа бусдад тээр болохын оронд өөрөө өөрийн амьдралаа авч явахын зэрэгцээ хазгай мурий гишгэлгүй явахыг шашин нь сургадаг юм.
Сурвалжлагын эхэнд дурьдсан бяцхан хүүгийн тухай яриандаа эргээд оръё. Биднийг гэрт орж ирэв үү, үгүй юу шатны цаана нуугдаж, танихгүй хүмүүсээс гэрэвшсэн шинжгүй гийчдээ шоглох гэж оролдсоныг нь саналаа. Урдуур хойгуур гүйж ирээд, “Хэн бэ” гэсэн шиг харцаар зэрвэс ширтээд шунгинаад өгнө. Дэггүйтэхэд нь аав нь казахаар загнахад мань эр хачирхалтай нь монголоор хариулж гарлаа. Цэцэрлэг нь монгол хэлээр тоглоом наадгай заадаг болохоор тэгдэг юм уу гэмээр, хачин шүү. Энэ зуур аавынх нь утас хангинаж, бидний яриа түр завсарласан юм. 15 настай хүүгээ Эрдэнэт рүү бүргэдтэй нь хамт явуулжээ. Тэндхийн Наурызын баярт бүргэдтэй нь бүжиглүүлэхээр явуулсан гэнэ. Гэтэл хүүг нь галт тэргэн дотор саатуулжээ. Амьтан авч явахыг хориглосон учир бичиг баримтыг нь хураасан нь тэр аж. Гэрийн эзэн энэ тухай дуулаад барайгаад явчихав. Үнэндээ үндэснийхээ баярт бусдыг хөгжөөхөөр яваа хүнийг саатуулсан нь тийм ч таатай хэрэг биш билээ. Монгол түмэн бүргэдийн ид хавыг шагших нэгэн тохиол нь жилд ганц удаа болдог казах ардын Хаврын баяр. Гадаадын улсуудад томоохон баяр ёслол болоход захууд нь их хямдрал зарладаг бол баяр тэмдэглэх орчин тойрондоо иргэдэд эрх чөлөөг нь хангалттай өгдгийг бид киноноос л харж суудаг. Харин манай улсад дэлгүүрүүд нь хямдрал зарлаж байгаа нь энэ гэж ханшийн самбар дахь үнээ өсгөснөө эргэж эрээчээд л үндсэн үнээрээ худалдаалж байна. Хаана ч байхгүй хямдрал гэж томоохон супермаркетууд сурталчилдаг ч угтаа хэдэн сарын өмнө тогтоосон үнэ тэр байдаг. Бичиг баримтаа хураалгасан хүүгийнхээ хувьд тэрээр “Манай үндэсний баярыг бүргэдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ амьтан казах хүний хамгийн хүндтэй жигүүртэн. Зарим хүн бидний энэ онцлогийг ойлгодоггүй юм. Баярт явсан хүү минь бичиг баримтаа хураалгачихлаа гээд ярьж байна. Уг нь баяраар гэртээ байхаар төлөвлөөд явсан. Бичиг баримтаа авахаас нааш ирэхгүй нь” хэмээн дуу муутайхан хэллээ. Энэ тухай яриа үргэлжлэх зуур 150 мянган төгрөгөөр худалдаж авсан бүргэддээ Саркыт бүжиг зааснаа дурссан юм. Догшин гэдгээрээ жигүүртнээсээ илүүрхдэг бүргэдтэй аятай эвтэй л харьцахгүй бол шархтаж бэртэж мэдэх аж. Иймээс гэрийн эзэн маань анхандаа гартаа хэд хэдэн шалбархай авчээ. Наад зах нь бүргэдтэй бүжиглэх хүн эгц урагш л харахгүй бол нүдээ тоншуулах гэмтэйг бас учирлалаа.
“ЗҮГЭЭР СУУХААР ЗҮЛГЭЖ СУУ”
Сүүлийн үед Монгол Улсад орон сууцны хэрүүлтэй хамт ядуурал буурахгүй байгаа тухай улиг болсон мэдээ хэвлэлийн хуудаснаас салахаа байсан. Ядуурлаас гарч ажилтай болохын тулд юу хийж байгаа вэ гээд наад захын хүнээс асуухад хариулт нь тодорхой. Тэд “Төр ажлаа хийхгүй байна” гэнэ. Гэтэл энэ удаа Саркытынх төрөөс дэмжлэг туслалцаа хүлээсэнгүй. Элдэв халамж, тусламж гуйсангүй. Харин сурсан эрдмээ үр хүүхэддээ өвлүүлж, зөв амьдралын дадлаар өнөөдрийн өрх гэрээ үүсгэжээ. “Зүгээр сууж л болохгүй. Заавал нэг юм хийх хэрэгтэй. Бэлэнчлэх сэтгэлгээ юунд ч хүргэхгүй” хэмээн тэрээр ярьж байлаа. Өдгөө Астана хэмээх шинэ нэртэй болоод байгаа Казахстаны нийслэлийнд дүр төрх ард түмэн нь хэчнээн ажилсагийн тод жишээ билээ. Нэг сая гаруй иргэнтэй тэр хотод хөрөнгийн зах зээл болоод санхүүгийн үйлчилгээ цогцоороо хөгжиж байна. Хөрөнгө оруулагчид тэнд олноороо цуглаж, бүтээн байгуулалт, хөрөнгийн зах зээлийн гол тоглогч нь болоод байна. Дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж байгаа орны тоонд энэ улс багтаж буй нь хамгийн тод жишээ. Аж үйлдвэр, барилгын салбарт өдөр бүр тэрбум тэрбум ногоон эргэлдэж байна. 10 жилийн тэртээ Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев зориглон шийдвэрлэснээр улсынхаа нийслэлийг Алматы хотоос нүүлгэн Акмола хэмээх жижиг хотыг түшиглэн байгуулсан нь энэ юм. Улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, олон улсын харилцааны төв болон хувирч байгаа энэ хотыг нэгэнтээ Нурсултан Назарбаев “Европ-Азийн зүрх болох учиртай” хэмээсэн нь бий.
Ер нь ажаад байхад монголчууд төрөөсөө тэтгэлэг хүлээчихээд өөрсдөө зориглож хөрөнгө оруулалт хийж буй нь ховор. ДНБ-ий маань хэмжээ өсөөд байгаа хэр нь иргэдийн хадгаламж тэгтлээ нэмэгдэхгүй байгаа нь үүнийг баталж байна. Харин Соркатын хувьд олсон хөрөнгөө үргэлж эргэлдүүлж, тэр чигээр нь баялаг болгох чадварт суралцжээ. Түүнийхээр бол банкинд мөнгө хадгалах нь нэг ёсондоо өөрийгөө залхуурал руу түлхэж буй хэрэг. Оронд нь тэр мөнгөө эргэлдүүлж илүү их хөрөнгө оруулалт болгох нь чухал аж. Наймаа худалдаагаа хийхийн хажуугаар бүргэддээ махыг нь хангалттай авч өгөх учиртай. Мах өгч байгаа нь энэ гээд аль хямдыг нь эрээд давхиад байхыг тэр чухалчилдаггүй. Ходоодноосоо сайн мах харамладаггүй шигээ тэжээсэн амьтнаа ч чадлаараа цатгахыг боддог нь энэ. Ингээд гэрийн эзэнтэй ярилцсанаа хүргэе.
БҮРГЭД, ТАС ХОЁР МАНАЙ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН
-Юуны өмнө танай гэр бүлтэй танилцъя. Гэрийнхнээ дэлгэрэнгүй танилцуулаач?
-Манайх ам бүл наймуулаа. Дөрвөн хүүхэдтэй. Бүргэд, тас хоёр маань гэр бүлийн гишүүд. Хүүхдүүтэйгээ адилхан хооллоно, асарна, арчилна. Гадагшаа олон хоногоор ажлаар явахдаа санаа зовно. Эхнэр рүүгээ ярьж бүргэд, тас хоёрынхоо биеийг л асууна шүү дээ. Амьтантай зөв харилцаж, хайрлаж халамжлаад байвал эргүүлээд хүнийг хайрладаг юм шүү дээ. Хүнээс дутахааргүй ухаантай. Эхнэр бид хоёр албан ажилгүй ч өдөр бүр завгүй байдаг юм. Би өглөө босоод тас, бүргэдээ аваад Тэрэлж рүү явна. Зарим өдөр айлуудаар явж буяны ном уншина. Амарсан өдрөө мужааны ажлаа хийнэ. Эхнэрийн маань оёдлын машин өдөржин тачигнана. Тэр Налайхын уурхайчдад бээлий, ажлын хувцас оёж түүнийг нь би зарна. Борлуулсан бээлий, бүргэд, тас хоёроороо жуулчдаас олсон мөнгө манай гэрийн гол орлого. Энэ ажлуудын минь үр шимд хоёр давхар хаус, хоёр машинтай болсон. Өнгөрсөн жилээс Шинжань руу наймаанд явдаг болсон. Би ээжээсээ арванхоёулаа. Ээж минь ах, дүү арваннаймуулаа. Ер нь казах айлууд өнөр өтгөн байдаг.
-Бага насаа дурсаач. Өнөөдрийн энэ амьдралыг босгоход багаас сурсан тэсвэр тэвчээр их нөлөөлсөн биз?
-Манайх олуулаа өссөн болохоор элбэг хангалуун байгаагүй. Аав минь 1980-аад онд “Удахгүй цаг хэцүүднэ. Үхэрт өгдөг арвайн буудайгаа идэх цаг ирнэ шүү. Бид олуулаа хэцүү цагт идэх хүнс олдохгүй. Бодолтой байцгаа хүүхдүүд минь” гэж захидаг байсан. Нээрээ л аавын хэлснээр удалгүй дэлгүүрийн лангуун дээр талх харагдахаа больсон. Дугаарлаж авсан талх хаана нь ч хүрдэггүй байлаа. Тэгсэн аав минь үхэрт өгдөг байсан арвайн буудайгаа хураасаар байгаад 50 шуудай болгон хадгалсан байсан нь аминд орсон доо. Аавынхаа нөөцөлж өгсөн 50 шуудай буудайг тээрэмдэж гурил гаргаад түүгээрээ 1990-ээд оны хүнд цагийг туулсан. Наурызын баяраар арван хэдүүлээ цуглаад тэр цаг үеэ дурсдаг. Олуулаа, борогхон өссөн амьдрал минь биднийг цаг наргүй ажиллаж, хөдөлмөрлөхөд сургасан.
-Тэгвэл яаж яваад бүргэд, тастай нөхөрлөчихөв. Мэдээж, жигүүртэн, махчин амьтан юм хойно сургахад амаргүй л байсан байх даа?
-Дөрвөн жилийн өмнө Зүүнхараад хамаатныдаа очсон юм. Тэднийд далавч нь гэмтсэн нэг тас байлаа. Нисэж чадахгүй, зовиуртай байгааг нь харахаар өрөвдөлтэй санагдаад ахаасаа гуйлаа. Тэгээд л гэртээ авчраад асарч сувилаад арай гэж тэнхрүүлж билээ. Амьтан болохоор агаар, уул, ус үгүйлж байгаа гэж бодоод зам дагуу салхинд гардаг байлаа. Нэг өдөр гар дээрээ тасаа суулгачихаад зам дагуу явж байтал гадаад хүн машинаасаа бууж ирээд ихэд сонирхож билээ. Тасыг эргүүлж тойруулж харснаа бид хоёрт таван доллар өгчихөөд явчихсан. Түүнээс хойш тасыг жуулчид сонирхдогийг мэдсэн. Дараа нь түүнийг ганцаардаж байж магад гээд хань болгож бүргэдээ хүнээс 150 мянгаар худалдаж авсан юм. Тэрнээс хойш энэ хоёр манай гэр бүлийн гишүүдийн нэг болсон. Гэр бүлдээ тодорхой орлого оруулж байгаа гишүүддээ чанартай хоол өгч, тохилог байр бэлдэж өгөхгүй бол болохгүй шүү дээ. Хоёулаа өдөрт найман кг мах иднэ. Тусад нь зассан оромжинд амьдарна. Ууланд гарч салхилна. Яг хүн шиг байдаг юм.
-Найман кг мах гэдэг бас л чанга сонсогдож байна шүү. Үнэндээ монголчууд өөрсдөөсөө ч мах харамладаг болоод байна. Тэгээд энэ бүхнийг яаж зохицуулдаг юм бэ?
-Монгол Улс 40, 50 сая малтай хэрнээ хоёр сая хүн нь нэг кг махыг 10 мянган төгрөгөөр авч байна. Энэ үнэхээр сонин харьцуулалт шүү. Яах вэ, өөрөө мах авах мөнгөө олж байгаа юм чинь гээд хамгийн чанартай махаар бүргэд, тасаа хооллодог юм. Таван цулын махаар тэжээж болно л доо. Гэхдээ би өнөөдрийг хүртэл тэгсэнгүй. Хүнтэй харьцуулж үзээд чанартай хүнс хэрэглэвэл эрүүл, сэргэлэн цовоо байна шүү дээ. Энэ хоёр яг л гэр бүлийн гишүүн шиг бидний идэж байгаа махаар хооллодог.
-Ер нь казах үндэстний баяраар хамгийн хүндтэй зочин нь бүргэд юм шиг санагддаг. Та энэ амьтныг олонд илүү таниулахад ямар ажил хийж байна даа?
-Бүргэдийн баярыг манай улс сүүлийн жилүүдэд өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон. Үүний хүрээнд бүргэд гадныханд ихээхэн танигдаж байгаа. Би Тэрэлжийн замд бүргэдтэйгээ зогсож байгаа болохоор жуулчдад тодорхой мэдээлэл өгч байгаа гэж боддог. “Эм бүргэд эрээсээ илүү махчин. Үр төл, ангаахайгаа өлсгөхгүй гэсэн эхийн сэтгэлээрээ ангуучлах чадварт илүү сайн суралцдаг. Тиймээс ч энэ шувуу жигүүртнээс хамгийн дайчин, эрэмгий нь” гэх зэрэг өгүүлбэрийг би англи, орос, япон, солонгос хэлээр ойлгуулж чадна. Шувуудаа дагаж жуулчидтай харилцсаны хариуд гадаад хэл сурч байгаа. Амьтныг өрөвдөж хайрласныхаа хариуд түүний тусыг үзэж байна. Жуулчид бид гуравтай ганц зураг татуулаад 10-20 мянган төгрөг өгнө. Би ч төд өд гэж үнэлдэггүй. Сүүлдээ хүнээс зүгээр мөнгө авч байгаа юм шиг санагдаад зургийн аппарат, өнгөт принтер авч зургийг нь угааж өгдөг болсон.
МУЖААНААС ХУДАЛДААЧИН ХҮРТЭЛ...
-Та лам гэсэн. Буяны ажлын хажуугаар худалдаа, бүргэдээ олонд үзүүлэх гээд энэ ажлууд хэр амжиж байна. Ер нь л их завгүй байдаг бололтой?
-Улаанбаатарт ТМС-ийн мужааны ангийг төгсөөд Пакистанд шашны чиглэлээр дөрвөн жил сурсан. Одоо Налайхын Мусулман шашны сүмд тэргүүн лам хийж байна. Их ажилтай байсан ч өдөрт нэг цаг сүмд ном уншдаг. Манай дүүрэгт уурхайн осол байсхийгээд гарна. Уурхайд золгүйгээр амиа алдсан залуусын ар гэр ном уншиж өгөөч гэж гуйна. Сүмийн хүн болохоор очихгүй бол болохгүй. Яаж ийгээд зав гаргаад очдог юм. Би хувьдаа Налайхын уурхайг хааж, ашиглавал том компани ажиллуулсан нь дээр гэж боддог. Гар нүцгэн, багаж хэрэгсэлгүй, уурхайн талаар нарийн мэдлэггүй олон хүн энэ уурхайд ажиллаж байгаа. Үүнээс болж амь насаараа хохирч байна шүү дээ. Залуус заавал ийм эрсдэлтэй ажил хийх албагүй. Тэмүүлэл, санаачлага байвал хийх ажил зөндөө л байна шүү дээ. Өөрөөрөө жишээ авахад л хоёр шувуу тэжээсний хариуд ажлын байраа бэлдчихлээ. Түүнийхээ үр шимийг үзэж байна.
-Сүмдээ тэргүүн ламын үүрэг гүйцэтгэнэ. Бас наймаагаа хийнэ. Хажуугаар нь мужааны ажил байна. Энэ бүгдийг хэрхэн амжуулдаг юм бэ?
-Эрэгтэй хүний ажил, амжилтын цаана эхнэр л байдаг шүү дээ. Шинжань руу наймаандаа явахад хүүхдүүд, бүргэд, тас гээд бүгдийг эхнэр минь асарна. Гэрийнхээ ажлыг амжуулна. Нөгөө хоёрыгоо аваад Тэрэлжийн замд өдөржин зогсоод ирэхэд эхнэр маань ар гэрийнхээ бүх ажлыг хийдэг.
АМЬТНААС ХҮНИЙХ ШИГ МУУХАЙ БОДОЛ, САНАА ГАРДАГГҮЙ ЮМ

-Танай бүргэд, тастай хамтарч ажиллах санал хэр ирж байна?
-Ямар ч байсан аялал, жуулчлалын салбарт бүргэд, тасын орон зай байдгийг мэдсэн. Казах үндэстний хувьд соёл урлагийн салбарт ч бүргэд гол үүрэг гүйцэтгэдэг. Өнгөрсөн жил гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн “Аргагүй амраг” тоглолтод манай бүргэд урилгаар оролцсон. Хүмүүс их сонирхож байсан. Тэгэхээр бүжиглэдэг бүргэд минь урлагийн салбарт ч том үүрэг гүйцэтгэж байгаа биз дээ. Бас хааяа том компаниудаас сурталчилгаанд тоглох санал ирдэг.
-Гэр бүлийн хувьд хэр үүрэг гүйцэтгэж байна?
-Гэрт амьтан тэжээхээр хүүхдүүдэд амьтан хайрлах, байгаль орчноо хамгаалах сэтгэлгээ суудаг юм билээ. Манай хүүхдүүд амьтанд хайртай. Тэднийг их өрөвдөнө. Ямар ч байсан амьтнаас хүнээс гардаг шиг муухай бодол, муу санаа гардаггүй.
-Өрхийн орлогод бүргэд, тасын оролцоо их гэж байсан?
-Тэрэлжээс бид гурав орой ирэхдээ 20-40 мянган төгрөгтэй ирдэг. Анх энэ хоёрыгоо гар дээрээ тавиад явахаар их чилдэг байсан. Олсон мөнгөөр нь “Нарантуул” захаас унадаг дугуй худалдаж аваад Тэрэлж рүү явдаг байсан. Дараа нь мөн л энэ хоёрын тусламжтайгаар гурван дугуйт авсан. Харин өнөөдөр бүргэд, тас хоёр минь ажилдаа явахдаа унадаг машин бэлдэж чадсан. Ер нь сард бид гурав 300-500 мянган төгрөгийн орлоготой. Бид гурвын ажлын хамгийн идэвхтэй үе зун. Жуулчид их ирнэ. Энд тэндхийн баяр наадамд оролцоно. Гэхдээ мөнгө хүнийг хамгийн муухайгаар эвддэгийг би шашны сургуульд сурч байхдаа ойлгосон. Тийм болохоор ч тэр үү, мөнгө олохын тулд мэрийдэггүй.
-Сүүлийн үед амьтны эрх гэж ярих болсон. Таныг амьтны эрхэнд халдаж байна гэж шүүжилдэг хүмүүс байдаг уу. Та үүнд ер нь ямар байр суурьтай байдаг вэ?
-Амьтан судлаач О.Дамдинсүрэн гэдэг эрдэмтэн надтай энэ асуудлаар уулзсан. Гэхдээ би амьтны эрхийг зөрчөөгүй. Би амьтныг хоол хүнсээр нь хангаж байна. Түүний амьдрах тохилог орчныг бэлдэж өгдөг. Цагийн хуваарийн дагуу уул, агаарт гаргаж байна. Энэ бүгдийг би О.Дамдинсүрэн эрдэмтэнд учирлаж хэлсэн. Тэр ч үүнийг хүлээн зөвшөөрсөн.