Б.ТУУЛ
Тэтгэлэгт хөтөлбөр... Энэ бол залуусын байнга эрэлхийлж явдаг зүйлийн нэг. Яагаад гэвэл тэтгэлэг бол амжилтын төлөө тэмцэгсдэд л олддог боломж. Тиймээс манай сонин энэ удаа оюутан залуучуудаас болон эцэг, эхчүүдээс ирсэн тэтгэлгийн талаарх асуултад БСШУЯ-ны холбогдох албаны хүмүүсээс дараах хариултыг авч нийтэллээ.

МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ УУ?
-Тэтгэлэгт их, дээд сургууль, коллежийн өдөр, эчнээ, оройн ангид суралцаж буй бакалавр, магистрантур, докторантурийн бүх суралцагчид хамрагдана гэж ойлгож болох уу?
-“Дээд боловсролын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ын 2.1-д заасны дагуу үндэсний тэтгэлгийг Монгол Улсын аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад зохих журмын дагуу элсэж, суралцах чадвар, идэвх санаачилга, төлөвшлөө илтгэн харуулсан өдрийн ангийн суралцагчид олгох ёстой.
720-ИОС ДЭЭШ ОНООТОЙ БОЛ УРАМШУУЛЛЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОНО
-Их, дээд сургууль, коллежид шинээр элссэн суралцагч үндэсний болон урамшууллын тэтгэлэгт хамрагдах уу?
-Монгол Улсын аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад зохих журмын дагуу шинээр элсэн суралцагч нь үндэсний тэтгэлэгт хамрагдана. БСШУЯ-ны шийдвэрээр улсын олимпиадад эхний гурван байранд шалгарсан болон олон улсын олимпиадад оролцож, шагналт байранд шалгарсан болон Засгийн газраас баталсан эрэлт ихтэй мэргэжлээр Элсэлтийн ерөнхий шалгалтын 720-иос дээш дундаж оноотой шинээр элсэгчид урамшууллын тэтгэлэг олгоно.
ТЭТГЭЛЭГ ОЛГОХОД ЯМАР НЭГЭН ШАЛГУУР ТАВИГДАХ УУ?
-Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад үндэсний тэтгэлэг олгоход ямар нэгэн шалгуур тавигдах уу?
-“Дээд боловсролын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ын дагуу Монгол Улсын аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад зохих журмын дагуу элсэж, суралцах чадвар, идэвх санаачилга, төлөвшлөө илтгэн харуулсан өдрийн ангийн суралцагчид үндэсний тэтгэлгийг нэг хичээлийн жилд 10 хүртэл сарын турш олгоно.
ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛГИЙГ СУРГАЛТЫНХАА ТӨЛБӨРТ ӨГӨХ БОЛ...
-Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад олгож буй 70.200 төгрөгийн үндэсний тэтгэлгийг сургалтын төлбөрт суутгаж болох уу?
-Суралцагчдад олгож буй тэтгэлгийг тухайн сургууль суралцагчтай тохиролцолгүйгээр дур мэдэн сургалтын төлбөрт шууд суутгаж болохгүй. Харин суралцагч авсан тэтгэлгээ сургалтын төлбөртөө зарцуулах эрхтэй бөгөөд сургуультайгаа харилцан тохиролцон гэрээ байгуулж болно.
ХОЁР ДАХЬ УДААГАА СУРАЛЦАЖ БАЙГАА БОЛ ТЭТГЭЛЭГ ОЛГОХГҮЙ
-Хоёр дахь дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгогдох уу?
-Дээд боловсролын байгууллагад суралцагчдад олгох суралцагчийн тэтгэлэг нь хоёр дахь дээд боловсрол эзэмшиж байгаа суралцагчид олгогдохгүй болохыг Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоолоор баталсан журмын 7.1-д заасан.