- Тус компани Хан-Уул дүүргийн 73 дугаар байрны оршин суугчдын нарыг халхалж барилга барих ажлаа үргэлжлүүлсээр байна –
Л.ХЭРЛЭН

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсангийн чиглэлд газрын маргаан гарах нь ердийн үзэгдэл болж, голын ай сав газарт барилга барьснаас орон сууцны хонгил, гараашууд усанд автаж иргэдийн өмч хөрөнгө хохирсон гэсэн мэдээлэл байнга дуулддаг. Энэ удаа Хан-Уул дүүргийн Туул гол гудамжны XV хорооны 73 дугаар байрны 35 айлын 25 нь “Манай байрны хажууд Третур компани барилга барихаар нүх ухаж, оршин суугчдын тав тухыг алдагдуулж эхэллээ. Хэрэв барилга барьчихвал, бид нар үзэхгүй нүх шиг байранд амьдарч чадахгүйд хүрнэ” хэмээн холбогдох байгууллагуудад хандаж гомдол гаргаад байна.
Иргэдийн өргөдөл, гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус компанид зохих шийдвэр гартал ажлаа түр зогсоо гэсэн үүрэг өгсөн ч биелүүлсэнгүй. Бага насны хүүхэд, хөл гар муутай ахмад настнууд унах вий гэмээр ухсан нүхний хэмжээ өдрөөс өдөрт томорч, дуу чимээ нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсаар байна. Холбогдох байгууллагуудаас гаргасан шийдвэрийг үл тоомсорлож дураараа авирлаж байгаа тус компанийн захирал н.Баатар барилгын талбайд нэг ч удаа үзэгдээгүй, менежер нь байдлыг мэдэж байгаа ч ажлаа зогсоолгүй үргэлжүүлсээр байгаа талаар оршин суугчид ярьж байна.
73 дугаар байрны оршин суугч Х.Отгонбаяр: БИДЭНД НАР ХЭРЭГТЭЙ
-73 дугаар байр хэзээ ашиглалтад орсон бэ. Танай байрны хажууд барилгын ажил эхлээд хэр удаж байна?
-Манай байр өнгөрсөн өвөл ашиглалтад орсон. Энд амьдардаг 35 айлын 20 гаруй нь баруун тийшээ харсан цонхтой. Гэтэл зургадугаар сараас эхлэн манай байрны баруун талд барилгын нүх ухаж эхэлсэн. Айлуудын нарыг халхалж орон сууц барих гэж байгаа нь ойлгомжтой байсан учраас дөнгөж нүх ухаж эхлэнгүүт нь барилгын менежер н.Соёлоо гэдэг залуутай очиж уулзсан. “Оршин суугчдын нарыг халхалж байгааг бид эсэргүүцнэ. Хамаг хөрөнгөө зарж байртай болчихоод насаараа нар харахгүй амьдарч чадахгүй” гэж хэлсэн. Тухайн үед барилгын менежер бидэнд нэг ч үг хэлээгүй, ажилчиддаа үүрэг өгч нүхээ улам том болгож ухуулсаар байсан. Манай байранд дандаа нялх хүүхэдтэй залуу гэр бүлүүд амьдардаг. Мөн ахмад настан, хөгшчүүл олон бий. Хэрэв барилга бариад нарыг нь халхалчихвал нялх хүүхдүүд, хөгшчүүлд хэцүү болох нь. Цонхоор нь нар тусахгүй, агаар салхи орохгүй бол нялх хүүхдүүд өвчин ээрээд хэцүү байх нь ойлгомжтой. Нар хэрэгтэй. Тэгээд ч бид энд тав зургаа хонох гэж байгаа биш, насаараа амьдарна шүү дээ. Тийм болохоор гомдол гаргаж олон газраар явсан. Барилга, хот төлөвлөлтийн газар, Нийслэлийн газрын албанд өргөдөл өгсөн байгаа.
-Та бүхний өргөдөл, гомдлын мөрөөр холбогдох газрууд ямар нэгэн арга хэмжээ авсан уу?
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 20-иод хоногийн өмнө “Дахин нүх ухаж болохгүй, ажлаа түр зогсоо” гэсэн үүрэг өгчихлөө гэж бидэнд хариу ирүүлсэн. Гэтэл өнөөг хүртэл энэ компани нүхээ ухсаар, ажлаа үргэлжлүүлсээр байна.
Бидэнд шөнө амарч унтаж болохгүй чимээ, шуугиан нь саад болж байна. Боломжтой газар барилга барих гээд нүх ухаж байгаа бол бид хорих аргагүй, дуу чимээг нь тэсвэрлээд сууж болно. Гэтэл нөхцөл байдал илэрхий хууль зөрчиж, оршин суугчдын тав тухыг алдагдуулж хохироож байгааг тэвчих аргагүй юм.
Оршин суугч Н.Эрдэнэчимэг: ХОЁР БАРИЛГЫН ХООРОНДОХ ЗАЙГ ХЭМЖҮҮЛМЭЭР БАЙНА
-Дуу, чимээ ихтэй, оршин суугчдын нарыг халхалсан гээд иргэд олон шүүмжлэл хэлж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Шинээр барих гэж байгаа барилгыг манай байранд маш ойрхон барьж байна. Барилгын хуулиар бол хоёр барилгын хоорондын зай 9-10 м байх ёстой. Гэтэл бараг зайгүй шахам барилга барих гэж байна. Ингэснээр баруун талын айлууд оройдоо нар үздэг байсан бол барилга барьчихаар нар, салхи үзэхгүй битүү нүхнээс өөрцгүй болох нь. Тиймээс оршин суугчдын тав, тухыг хангуулах, эрх ашгаа хамгаалуулах үүднээс өргөдөл, гомдол гаргаад явж байгаа. Энэ байдлыг холбогдох байгууллагууд анхаарч үзээсэй гэж хүсэх байна.