Б.ГАРЬД
Удтал үргэлжилсэн Ардын намын гашуудал тайлагдаж эхлэв. Сонгуулиас хойш элдэв сонин мэдээ, чимээ аниргүй байсан энэ намынхан сонгуулийн үр дүнтэй эвлэрч чадалгүй баахан удсан.

Харин өчигдөр тус намын Удирдах зөвлөл хуралдаж, намын дарга С.Батболд нь хариуцлагаа хүлээж ажлаа өгөх хүсэлт гаргасан байна. Энэ дагуу хэлэлцэж, намын даргын ажлыг Ө.Энхтүвшинд түр хариуцуулахаар болжээ. С.Батболд түүнд ажлаа өгөхдөө “Ө.Энхтүвшин бол намыг авч явж чадах хүн” гэж тодорхойлжээ. Мөн УИХ дахь намын бүлгээ албан ёсоор байгуулж, дарга нарыг нь сонгов. Удирдах зөвлөл болон УИХ дахь бүлгийн хурал дээр МАН-ын нөгөө л удирдлагадаа тал засдаг байдал нь давтагдав. Өөрөөр хэлбэл, С.Батболдыг шүүмжилсэнгүй. Хэнд хаягласан нь тодорхойгүйгээр “С.Батболд дарга уг нь сайн ажилласан. Намын нэрийг сольсон зэрэг элдэв шалтгаан байсан. Тийм болохоор үүнээс ч муу үр дүн гарч болох байлаа. Харин ч олон суудал авлаа. Энэ бол С.Батболдын ач” гэцгээжээ.
Бие дааж нэр дэвшлээ хэмээн хөөгдсөн Ц.Даваасүрэн гишүүн, Дарханд өвдөг шороодсон Ж.Сүхбаатар нарын уржигдархан гаргасан мэдэгдэл, шаардлагууд Ардын намын жирийн гишүүд тэсэрч эхэлж байгааг харуулсан.
Ардын намын гишүүд яг одоо хариуцлага ярьж байна. Ц.Даваасүрэн “Намын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой” гэсэн бол Ж.Сүхбаатарын таван зүйл бүхий шаардлагад “Намын удирдлага соёлтойгоор хариуцлага хүлээх учиртай” гэсэн юм.
Угаас ярих ёстой зүйл бол хариуцлага. МАН-ын дарга С.Батболд, генсек асан У.Хүрэлсүх нар үүнийг маш сайн ойлгож байгаа.
Энэ намын гишүүд удахгүй болох орон нутгийн сонгуулиас өмнө удирдлагаа өөрчилж, шинэ “толгой”-той болохыг хүсч шаардаж буй юм. Үнэхээр ч МАН яг одоо хөдөө, орон нутаг дахь суурь дээрээ л тогтож байгаа. Хэрэв ирэх намар болох Орон нутгийн сонгуулиар УИХ-ын сонгууль шиг “амжилт” үзүүлбэл өөрсдийнх нь бахархдаг 90 гаруй жилийнхээ түүхэнд цэг тавина гэсэн үг.
Хариуцлага гэж чухам юуг хэлэх вэ, дээрх хоёр эрхэм болон нарийн бичгийн дарга нар, Удирдах зөвлөлийн гишүүд яаж хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхойгүй байна.
У.Хүрэлсүхийн хувьд УИХ-ын гишүүний тангараг өргөхтэйгөө зэрэгцүүлэн НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэд генсекийн эрхээ түр шилжүүлсэн. МАН-тай болон У.Хүрэлсүхтэй шадарладаг хэвлэлүүдээр үүнийг хариуцлагаа хүлээлээ хэмээн тайлбарлаж байна.
С.Батболдын хувьд Ерөнхий сайдын сэнтийгээ ч хэзээ мөдгүй өгнө. Үүнийгээ бас л хариуцлага хүлээсэн хэмээн тооцохыг оролдож буй.
Гэвч жирийн гишүүд нь өөр үзэл бодолтой байгаагаа илэрхийлцгээж байгаа аж. Олон жилийн турш дарга нарын өөдөөс “эсэргүү үг” дуугаралгүй, хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай явж ирсэн энэ намын гишүүд одоо л тэсвэр алдаж эхэллээ.
С.Батболд, У.Хүрэлсүх нар яг өнөөдөр өмнөх шигээ “МАН сонгуульд ялагдлаа, хариуцлагыг нь би хүлээе” гээд хэлчихэж чадахгүй л сууна. Харин ч намын жагсаалтаар УИХ-д сэмхэн ороод суучихсан, ажил төрлөө чимээгүйхэн хүлээлгэж өгсөн шиг цаг өнгөрөөж байгааг энэ намын гишүүд анзаарахгүй байна уу гэвэл худлаа. Тиймээс энэ хоёр даргыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж, хариуцлагыг бага боловч үүрүүлэх нь зүйтэй гэсэн саналууд нэлээд газар авч байгаа гэнэ.
Үүнтэй зэрэгцэн намын Их, Бага хурлуудыг яаралтай зарлах шаардлагыг одоогийн удирдлагад тавьж эхлээд байгаа аж.
Ардын нам түүхэндээ хоёр дахь удаагаа уналт, ялагдлыг хүлээв. Одоогоос 16 жилийн өмнө буюу 1996 оны УИХ-ын сонгуулиар ялагдаж байлаа. Түүх өнөөдөр давтагдав. Тухайн үед намын дарга байсан Б.Даш-Ёндон огцорч, Н.Багабандийг намын дарга, Н.Энхбаярыг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгож, улмаар 1997 оны хоёрдугаар сараас Н.Энхбаяраар намыг удирдуулсан. Ингэснээр тухайн үеийн МАХН илт сэргэж, 2000 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт буюу УИХ-ын 72 суудал авч байсан түүхтэй. Одоогийн МАН ингэж сэргэсэн.
Харин энэ удаагийн ялагдал, уналт 2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээс эхтэй. Энэ сонгуулийн дүнг эсэргүүцсэн улс орныг хамарсан үймээн самуун гарч таван хүний амь нас эрсэдсэн. Мөн тэр сонгуулийн дараа МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлэх боломжтой байсан ч ямар нэг шалтгаанаар АН-ыг хамтарсан засагт урьсан. Энэ бүхнийг санаачлан шийдсэн хүн нь тэр үеийн намын дарга, Ерөнхий сайд С.Баяр. Тэрээр 2007 оны аравдугаар сард болсон намынхаа XXV Их хурлаас намын дарга, үүнээс сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 22-нд Ерөнхий сайдаар томилогдсон. Намын Их хурал дээр тэр бас л У.Хүрэлсүх шиг “Намын дарга, Ерөнхий сайдын албыг хамтад нь өг. Хийсэн шиг хийе, хариуцлага алдвал хүлээсэн шиг хүлээе” гэсэн том мэдэгдэл хийж байв. Гэсэн ч хамтарсан засаг байгуулаад хоёр жил ажилласны дараа 2009 оны аравдугаар сарын 28-нд ажлаа өгсөн. Өөрөөр хэлбэл, энэ уналтыг мэдэрсэн С.Баяр намаа хаяж зугтсан.
Мөн У.Хүрэлсүх, С.Батболд нар санаачлан намын нэрнээс Х үсгийг авч хаясан нь сонгуульд ялагдахад хүргэлээ хэмээн үзэх гишүүд олон байна. Үүнтэй уялдаад намынхаа хуучин нэрийг алдсан, өнгөрсөн сонгуулиар олон нийтийн анхаарлыг татах сайн PR олоогүй, урсгалаараа сонгуульдсан гээд энэ хоёр эрхэмтэй холбогдох хариуцлагын асуулт ар араасаа хөврөх гэнэ.
Үйл явдал нэгэнт болж өнгөрөн, Ардын нам 16 жилийн турш тасраагүй ялалтаа алдав. Харин дараагийн сонгуульд 1996 оных шиг намаа эргүүлэн босгох, ялалтад хүргэх удирдагч энэ намд одоо бий юу гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна.
Олон нийтэд нам жим мэт байвч, дотооддоо намын даргын төлөөх дажин нь хэдийнэ эхлээд байгааг эх сурвалж хэлж байна.
Ардын намын удирдлагуудын төвшинд өдгөө намын даргын эрхийг түр эдэлж буй Ө.Энхтүвшин, мөн С.Баяр, Ц.Нямдорж нарын аль нэгт намын даргын үүргийг хүлээлгэж болох юм гэсэн хувилбар ярьж байна.
Ө.Энхтүвшингийн хувьд улс төрийн туршлага, намдаа итгэх итгэл зэрэг байгаа ч түүхэн цаг үеийн ач холбогдлыг авч үзвэл, 1996 онд Н.Энхбаяр энэ намыг босгосон шиг ажиллаж чадах эсэх нь тодорхойгүй. Түүнийг өнгөрсөн жилүүдэд УИХ дахь бүлгээ ахлан, хамтарсан засгийн үед АН-тай “ярилцаж” байсанд нь дулдуйдах л ганц шалтгаан бий гэнэ. Олон нийтийн зүгээс харшлаад байх зүйл багатай тул сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх намыг удирдах ирэх дөрвөн жилд удирдах хамгийн боломжийн хувилбар гэж буй аж.
Америкт очоод баахан удаж буй С.Баярыг намынхан нь түүнийг дуудсан гэнэ. Эх сурвалжийн хэлж буйгаар тэр өнөө маргаашгүй Монголд буух ажээ. С.Баярыг даргаар тавих нь МАН-ын хувьд түүнтэй хариуцлага тооцож байгаа нэг хэлбэр. Учир нь өнөөгийн ялагдлын эхийг тавьсан. Мөн АН-тай хамгийн ихээр ойлголцож чадах хүн бол С.Баярыг гэж дүгнээд буй аж. Энэ нь нам аа ч, өөрийгөө ч аврах боломжийг С.Баярт олгосон хэрэг болох талтай. Харин намынх нь жирийн гишүүд түүнийг хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй. Таван жилийн өмнө Их хурлынхаа индэр дээрээс намын гишүүддээ хандаж хэлсэн том, зангараг заасан гэгдэж байсан үгс нь өнөөдөр түүнийг улс төрийн цаазын тавцанд зогсоох шалтгаан болж болох юм. Юутай ч жирийн гишүүд хийгээд ард түмэн С.Баяраар удирдуулсан МАН-ыг дахиад балиашиглах нь юу л бол.
Ц.Нямдоржийг бас нэг хувилбарт ярьж байгаа. Чухамдаа бол МАН-ын Ц.Нямдоржийг тэтгэсэн нь их болохоос Ц.Нямдорж гэдэг субьект энэ намыг гийгүүлсэн нь үгүй гэх.
Түүний Хятадын тагнуулын, хууль зассан, хамгийн сүүлд хариуцлага алдсан гээд огцруулах гэхэд Ардын нам нь л авч үлдэж байв. Тэрээр энэ намын удирдах бүрэлдэхүүнд багтаж, сүүлийн арав гаруй жил идэвхтэй ажиллахдаа байнга хэл аманд өртөж, хэрэг төвөгт орооцолдож байв. Өдгөө намын даргын хувилбарт ярьж буй яг үнэндээ С.Баярын адилаар хариуцлагаа үүр гэсэн үг байж болох. Тэгээд ч 2012 оны сонгуульд МАН ялагдахад томоохон түлхээс болсон хүн бол сайд Ц.Нямдорж. Харин Ц.Нямдоржоор МАН удирдуулбал мөн л сэргэх боломж бага.
Эндээс үзэхүл, МАН-ын дараагийн даргад ямар нэг шахалтаар, намдаа өр төлж байгаа эрхэм томилогдох магадлал харагдаж байна. Уг нь МАН боловсон хүчний хувьд хангалттай чадварлаг гэгддэг. Гэхдээ лидергүй аж. Дургүй ламд... гэдэг шиг “шахаа”-ны шинэ дарга МАН-ыг дөрвөн жилийн дотор өндийлгөнө гэдэг маш бага магадлалтай.
Харин зарим гишүүдийн хэлж эхэлснээр, намын удирдлага нь тэр чигээрээ огцорч оронд нь онодог ч, алддаг ч шинэ бүрэлдэхүүн гаргаж ажиллавал дараагийн сонгуульд ялалт биш юм гэхэд арай олон суудал авч магадгүй гэцгээж байна. Чухамдаа Ө.Энхтүвшин, С.Баяр, Ц.Нямдорж гурав ч огцрох бүрэлдэхүүний тэргүүн эгнээний нөхөд. Нэг үгээр хэлбэл, ийм “хуучин тоосгонууд”-гүй удирдлага МАН-д хэрэгтэй болжээ.