Х.МОНГОЛХАТАН
Хэдхэн хоногийн дараа Монголын уламжлалт цагаан сарын баяр болох гэж байна. Монголын Үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Мэргэд Сонгоол овогт Минчиндоржийн Намсрайг баасан гаригийн зочноор урьж энэ өдрийн билэгдэл болон ирэх жилийн өнгө төрх ямар байх талаар ярилцлаа.
-Та “Майя Монгол” нэртэй ном гаргажээ. Номондоо монголчуудыг 5125 жилийн түүхтэй ард түмэн гэсэн нь ямар учиртай юм бэ?
-Би юм болгоныг Чингис, Монгол гэж туйлшрах дургүй. Улайрсан байдлаар элдэв сурталчилгаа хийхийг цээрлэдэг. Төр ёс хаанаас, хэзээ бий болсон тэр үеэс цаг тоолол, цагаан сар эхэлсэн. Монголын ард түмэн 2220 жилийн түүхтэй хэмээн ярьж байна. Тэгвэл би монголчуудыг 5125 жилийн түүхтэй гэдгийг судалж, тогтоогоод “Майя Монгол” гэдэг ном гаргалаа. Цаашаагаа судалбал 20 гаруй мянган жилийнх ч байж болох агуу түүх бий. Би номондоо Майягийн Ламат гэдэг гайхамшигт дүрсийг оруулсан. Тэр дүрс өнөө цагт Голомт банкны таван нүдэн хээтэй лого юм. Энэ таван нүдэн хээ Майягаас уламжилж Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Солийн Данзан анхны доллар хийж, Өндөр гэгээн Занабазар өөрийнхөө сан сүргийн тамгийг бэлэгдэж байсан түүхтэй. Мөн VIII богд Жавзандамба хутагт 1911 оны хувьсгалд идэвхтэй оролцсон хүмүүсээ шагнасан нэгдүгээр зэргийн шагнал нь таван нүдэн хээ байсан юм.
-Та олон жил Чингэсийн шар зурхайг монголчуудынх гэж ярьж ирлээ. Энэ маргалдаан яагаад эцэс болдоггүй юм бэ?
-Бидний хамгийн том асуудал бол цаг тооны бичиг, цагаан сарын өдрийн асуудал байдаг. 1990 оны тавдугаар сарын 9-нд одон орон судлаач С.Нинжбадгар, Ш.Агваандондов гуай болон “Эртний Монголын математик” номын зохиогч Б.Батжаргал, зурхайч н.Зуухай нарын 10 хүн хамтарч Монголын зурхайчдын холбоог байгуулсан юм. Тэр цагаас хойш цаг тооны бичгээ хийж, цагаан сараар зөв шинэлэх талаар 23 жил ярьж ирлээ. Өвөг дээдэс маань Шар зурхайгаа зурж, Монголын цаг тооны бичгээ гаргачихаад төр ёсны ажлаа явуулж Хятад, Солонгос төдийгүй Ази, бүх дэлхийг удирдаж байсныг би баттай хэлж чадна.
Шар зурхай Монголынх гэдэг нь түүхэн үнэн гэж хэлсний төлөө намайг шашны дайсан гэж харуулахыг оролддог хэсэг хүн байдаг. Миний удам сударт шашны том зүтгэлтнүүд бий. Ойрадын Зая Бандид Намхайжамцыг Халимаг Буриадаар явж байхад манай өвөг дээдэс халуун дотноор хүлээн авч, миний аавын төрсөн нутаг Сүхийн долоон нуур гэдэг газар анхны модон сүмийг өөрсдийн хөрөнгөөр байгуулсан байдаг. Тиймээс би шашин хэрэггүй гэж бодож, хэлж чадахгүй. Би жил бүр цаг тооны бичгээ орчин үеийн хэллэгээр хөрвүүлэн бичдэг. Аав маань алуулахаасаа айгаад авдран дотроо хагалж байсан ном судрыг нь дэлгээд, үр хүүхэд, ач гучид нь хэрэгтэй зүйл хийж суух боломжтой үеийг үзэж байгаад би баяртай байдаг.
-Та өөрийнхөө ярьж байгаа зүйлийг батлах ямар нэг баримт гаргаж тавьдаг биз дээ. Үнэнийг өгүүлэх баримтыг яагаад үгүйсгэнэ гэж?
-Нотлох баримт зөндөө бий. Хамгийн ойрын жишээ гэвэл Богд хааны тамгатай бичгийг үзүүлж болно. Үүнд “Ум сайн амгалан болтугай. Монгол Улсын Засгийн газраас гаргасан сайд түшмэд Орос, Хятад хоёр улс лугаа нийлж гэрээ тогтоох сайн өдрийг сонгож үзүүлбээс энэ намрын тэргүүн сарын шинийн 6-19-ны өдрүүдийн дотор мягмар гариг, гал тахиа өдрийн хонин цаг сайн хэмээн шар зурхайн ёсон лугаа нийлэлцмой” гэсэн байдаг. 1911 онд Богд хаан шашин төрийг хосолсон олноо өргөгдсөн хаан суусныхаа дараа жил Монгол Улсын олноо өргөгдсөний хоёрдугаар оны хар хулгана өдөр анхны цаг тооны бичгээ хийсэн. Энэ нь Үндэсний архивт хадгалагдаж буй.
Гэтэл Монголын шашны нэрт төлөөлөгч хамба лам Д.Чойжамц 2012 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Богд хаан шар зурхайг халж Тагс буянтын зурхайг төрийнх болгожээ” гэж ярьсан байна. Энэ мэтчилэн монголчуудын түүхэн үнэнийг гуйвуулж, ард түмний толгойг эргүүлж байна. Төгс буянтын насыг тоолбол 1747 онд, Чингис хааны удмын алдартай эрдэмтэн Сүмбэ хамба Ишбалжир гэдэг хүн Манжийн хааны зарлигаар шарын шашны зорилгод зохицуулан бүтээсэн. Энэ зурхайгаар монголчууд бид 400 жил явж ирлээ. Тиймээс цагаан сар нь өдрөөр, сараар зөрдөг.
Энгийн нүдээр бид энэ бүхний зөв, бурууг 15-ны сараа хараад баримжаалж болно. Үүнийг ярихаар хүмүүс маргаан гаргаад ард түмний санаа сэтгэлийг төөрүүллээ гэж ойлгодог. Гэхдээ би өнөөдрийг хүртэл өвөг дээдсийнхээ бүтээсэн өв их соёлын үнэнийг мэдэх гэж судалж, үр хойчдоо өвлүүлэхийн төлөө явна.
-Та Шар зурхайг Монголынх гэдгийг баталсан олон баримт ярилаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан нь юунд байна?
-Миний мунхаг ойлголтоор бол үндсэн хуульдаа “Төр нь шашнаа хүндэтгэнэ, шашин нь төрөө дээдэлнэ” гээд оруулчихсан болохоор шашны нэр хүнд унаж магадгүй гэж болгоомжилдог юм болов уу. Энэ бол аливааг зөв эерэг талаас нь харж, эрүүл ухаанаар бодохыг хичээдэг миний бодлын үр дүн юм. Энэ жил ардчилсан засаглал гарлаа, аажимдаа өөрчлөлт шинэчлэлт хийх байлгүй гэж бодоод хүлээж сууна.
Урд нь би Н.Багабанди ерөнхийлөгчид Шар зурхайн түүх, хөшөө, үйсэн дээрх бичиг, их бага хаадын баримтлаж байсан тооллууд, архивт байгаа бичиг баримтууд, Далай лам, хаад ноёдыг ширээнд суулгахдаа шар зурхайг баримталж байсныг баталсан 14 хуудас баримт хүргүүлж байсан. Тэр үед Шинжлэх ухааны академи, Одон орон геофизик судалгааны төв, Ус цаг уурын хүрээлэнгийнхэнтэй уулзаж, албан ёсны бичиг баримт солилцсон. Учир нь тэр жил буюу 2004 оны хавар цагаан сар Төгсбуянтын зурхайгаас бүтэн сараар зөрж байсан юм. Тиймээс 2003 оны тавдугаар сараас эхэлж ярьж, хэлж, ойлгуулж явсаар арваннэгдүгээр сарын 7-ны орой “Өнөөдөр 15-ны сар гардаггүй юм бол би Л.Тэрбишд далан таваар бууж өгнө” гээд “Арго”-дсон доо. /инээв. сур/
Тэгээд орой нь 15-ны сар гарахыг хүмүүст харуулчихаад ялалт байгуулсан юм шиг дотор уужирч билээ. Түүнээс хойш хэлэх үгээ хэлээд явья л гэж бодсон.
-Энэ жилийн цагаан сар нэг хоногоор зөрж байгаа. Ер нь шинэлэх өдөр зөрөх нь ямар вэ?
-Намайг золгоод явж байхад Төгс буянтынхан битүүрч байх юм. Цагаан сар гэдэг цаг жамын, төр ёсны, ирж яваа цагийг урьж буй баяр болохоос шашин суртахууны баяр биш. Яагаад заавал хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг сонгодог вэ гэвэл жилийн хугацаанд дахин давтагдахгүй байгалийн гэгээн тунгалаг, далд утгыг хадгалсан монгол тооллоор үхрийн ордонд тохиодог ганц тэр өдрийг цагаан сар гэж үздэг. Жанжин Сүхбаатарын багш О.Жамьян гуай өөрийн номондоо “Цагаан сарын өдрийг ольё гэвэл хаврын урь орсон хоёрдугаар сарын 4-ний өдрөөс урагшаа 21, хойшоо 21 хоногийн хооронд байгаа шүү” гэж тодорхой хэлж өгсөн. Тэгэхээр нэгдүгээр сарын 21-нээс хоёрдугаар сарын 21-ны дотор багтах ёстой. Гэтэл зарим жил сараар зөрж, хоёрдугаар сарын 25, 27 болоод явчихдаг шүү дээ.
Энэ өдрийн утга агуулга нь монгол хүний сэтгэлзүй, оюун ухаан, энерги, эрчим хүч авах юм. Бүгдээрээ нэг зэрэг баярлахад асар их эрчим хүч агаарт цацагддаг учир монгол хүн хийморь, сүлдтэй, оюунлаг явдаг юм байна. Энэ учрыг мэдсэн манжууд цагаан сарыг, Монголын түүхийг устгах 400-аад жил эсрэг зүйл хийж ирлээ. Үүнийг Чингис хаан мэдэж байсан юм шиг “Би 888 жилийн дараа эргэж төрнө” гэж хэлсэн байдаг. Тэнгэрийн ван Монгол нутаг дээр огтлолцох хугацаа нь 888 жилийг туулах юм билээ. Монголчууд 400 жил болоод сэргэдэг гэдэг нь үүнтэй ойролцоо юм. Одоо 30-аад жилийн дараа Монгол маань төрөлх шинжээ олох нь.
-Цагаан сараар мөр гаргахаас эхлээд олон ёс гүйцэтгэдэг. Энэ бүхний ач холбогдлыг тайлбарлаж өгөөч?
-Өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээнэ гэдэг нь тухайн өдрийн эрч хүч, эрчимтэй холбоотой. Төрсөн өдрийн төөргийг монгол зурхайгаар дэлгэрүүлж од гариг, жил мэнгийг гаргаад ирэхээр тухайн хүнд бүтэн жилийн хугацаанд юу тохиолдох, юуг анхаарах, хориглох гээд бүх зүйлээ цаг тооны бичгээсээ харж болно.
Цагаан сарын өдөр мөрөө гаргадаг нь хүн төрөлхтөний дотор амьдарч буй хүн шүү гэдгээ мэдрэх сэтгэлзүйгээрээ цадаж буй нэг хэлбэр юм. Харин тарни уншина гэдэг шашин тал руугаа хэвийж байгаа юм. Би бол монголоор шүлэглэн бичээд, ардын дууны үгэнд орлуулсан байгаа. Тиймээс мөрөө гаргачихаад заавал үг хэлэх ёстой юм бол монголоороо хэлэх хэрэгтэй.
Гэхдээ цагаан сарын хамгийн сайхан зүйл бол золголт юм. Битүүний өдөр хийх ёс заншил, мөр гаргах ёс, золголт гээд бүгдийг цаг тооны бичигтээ ойлгомжтойгоор бичсэн. Цагаан сарын бэлэг сайхан зүйл. Үүнийг туйлшруулаад байгаа нь л буруу болохоос хүний сэтгэлийг цайлгаж, баярлуулна гэдэг сайхан зүйл.
-Тэгэхээр цагаан сарыг монгол хүн гэдгээ мэдрэх мэдрэмжийн баяр гэж ойлгож болох уу?
-Монгол хүн монголоороо байх хэрэгтэй. Л.Тэрбишийн цаг тооны бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ тавьсан байна лээ. Цагаан сар гэдэг баяр Төвдийнх юм уу, Монголынх юм уу гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асуумаар байгаа юм. Хоёрдугаар сарын 10-ндаа монголчууд бүгдээрээ мөрөө гаргаад, золголтоо хийж баярлачихвал өвгөдийнхөө шүтээн, сүнс сүлд, энергитэй нь холбогдох юм. Гэтэл биднийг санаатайгаар төөрүүлээд байна.
-Таван шар мэнгэтэй усан могой жил гарах гэж байна. Жилийн онцлогоос сонирхуулаач?
-1917 оны могой жил Октябрийн хувьсгал гарсан 1941 оны могой жил эх орны дайн болсон. 2001 оны могой жил хоёр өндрийг устгасан. Тэр дотроо могой жилийн үхэр өдөр дайн байлдаан авчирдаг гэж үздэг. Шороон үхрийг газар дэлхийн өнгө, билэгдэл гэж үздэг. Эртний мэргэд хааны цаазаас хэтэрч чадахгүй тул байгаль цаг уурын шүтэлцээг олох гэж байалийн 24 хадаасыг бий болгосон. Энэ нь монгол зурхайн алтан утас юм. Ийм нарийн тооцоогоор шороон үхрийн шинжийг гаргадаг байжээ.
Энэ жилийн шороон үхрийг өнгө зүсээр яривал хар толгойтой, улаан биетэй, эвэр сүл чих нь цагаан ходоод нь хар омруу нь шар, дөрвөн шийр нь шар байна. Өнгө нь байгалийн улирал цаг агаарыг хэлж байдаг. Хар толгойтой гэхээр нэлээд хуртай, цагаан биетэй гэвэл гандуу гэх мэтчилэн тайлбарлаж болно.
Үхэрчин хүүхэд нь мяндсан шилбүүр барьсан жижигхэн хүүхэд бий. Шар биетэй хөх дээл өмссөн, цагаан бүстэй, үсээ толгой дээрээ овоолсон, хоёр гутлаа бариад үхрийнхээ өмнө гүйж яваа юм. Тэгэхээр зарим газраа гантай байх магадлалтай.