П.ЛХАГВАЖАРГАЛ

1959 онд үүсгэн байгуулагдсан ШУТИС-ийн Менежментийн сургууль нь Монгол Улсад бизнесийн удирдлага, менежментийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр анхны суурийг тавьсан билээ. Тус сургуулийн эрдэмтэн багш нар 2017 онд “Стратегийн менежмент” номыг туурвин уншигчдын хүртээл болгож байсан бол судалгаа, онол, практикийн мэдлэг, туршлагаа баяжуулсан “Стратегийн менежмент II” бүтээлээ өнөөдөр нээж, уншигчдад хүргэлээ. Энэхүү бүтээл нь стратегийн удирдлагын мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, байгууллага, бизнесийн хөгжлийн стратегийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулах зорилготой юм. Номын зохиолчоор удирдахуйн ухааны доктор, гавьяат багш Х.Пүрэвдагва, бизнесийн удирдлагын доктор, ШУТИС-ын дэд профессор Д.Ганбаатар, менежментийн ухааны доктор А.Болормаа, А.Оюунгэрэл, бизнесийн удирдлагын магистр Ё.Мөнхтуяа нар ажиллажээ. Энэ тухай ШУТИС-ын дэд профессор Д.Ганбаатар “Энэ удаагийн сурах бичгийн агуулга Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, бизнес эрхлэгч, оюутнуудад зориулагдсанаараа онцлог бөгөөд 11 үндсэн бүлэгтэй. Мөн шинжилгээний аргачлалуудыг голчлон оруулсан бөгөөд онолын суурь мэдлэг дээр тулгуурласан практик жишээнүүдийг оруулсан. Монголын бизнесийн зах зээл жижиг, үүний сацуу компаниуд мэргэжлийн бус, хүний нөөц дутагдалтай байгаа тул олон нийтэд хүртээмжтэй энгийнээр хүргэхийг зорьсон” гэсэн юм. Түүний хувьд стратеги болон маркетингийн чиглэлээр голлон судалгаа хийдэг бөгөөд “Стратегийн менежмент I”, “Маркетингийн стратеги боловсруулах арга зүйн үндэс”, “Бизнес эрхлэхүй”, “Сонгуулийн стратеги төлөвлөгөө” зэрэг номуудыг хэвлүүлж байв.

Эх сурвалж: zms.mn