П.Лхагва

БНСУ-ын Барилгын инженер, технологийн хүрээлэнгийн захирал, профессор Чой Жүн Сог, профессор Пэ Жи Ёль захиргааны ажилтан И Хён Сог нар 2026 оны есдүгээр сарын 14-ний өдөр ХААИС-д зочилж, KICT болон БНСУ-ын KOICA-ийн дэмжлэгтэй магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт тус сургуулийн шаардлага хангасан оюутан, төгсөгчдийг хамруулах боломжийн талаар санал солилцлоо. ХААИС-ийг төлөөлж Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газрын дарга Ц.Сүхтулга, Инженер, технологийн сургуулийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч Ж.Эрдэнэдалай, Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газрын мэргэжилтэн Р.Батчимэг нар оролцож, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагаа, оюутан, багш, судлаачдын солилцооны талаар ярилцав.

Тодруулбал, БНСУ-ын Барилгын инженер, технологийн хүрээлэн нь шаардлага хангасан оюутан, мэргэжилтнүүдийг магистр болон докторын түвшинд KOICA-ийн бүрэн тэтгэлэгтэйгээр суралцуулах боломжийг олгож байна. Тус тэтгэлэг нь сургалтын төлбөр, амьжиргааны зардал болон бусад холбогдох дэмжлэгийг багтаасан бүрэн санхүүжилттэй хөтөлбөр юм.

Нэгдүгээрт, Байгаль орчин ба усны нөөцийн инженерчлэл чиглэлээр ус, бохир ус цэвэрлэх, цэвэрлэгээний дэвшилтэт технологи, далайн усыг цэнгэгжүүлэх зэрэг байгаль орчны инженерчлэл; үер, ган, гол мөрөн, газрын доорх ус зэрэг усны нөөцийн менежмент; туршилтын байгууламжийн ус ашиглалт, зэрэг чиглэлээр суралцах боломжтой.

Хоёрдугаарт, Хотын нэгдсэн инженерчлэл буюу ухаалаг хотын суурь технологи,  C-ITS, BIM, замын байгууламж, цахилгаан инженерчлэл, мэдээлэл, харилцаа холбоо, химийн инженерчлэл зэрэг олон салбарын уялдаа холбоо, нэгдсэн судалгааны чиглэлээр мэргэших боломжтой юм.