Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР
“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх эрэн сурвалжлах бүтээлийнхээ 2026 оны наймдугаар сарын 26-ны дугаарт “Уурхайд эзлэгдэж, бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных” нийтлэлээ хүргэсэн. Нийтлэлийн үргэлжлэл болох “Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2 ” цувралыг хүлээн авна уу.
Нүүхгүйгээр агуй, овоогоо сахихаар үлдсэн Г.Баттулгынх гурав хуваагджээ
Агуй, овоо, мал, нутаг орноо уул уурхайн шууд нөлөөллөөс хамгаалахаар өвөлжөөндөө үлдсэн Айраг сумын Цагаан дэлийн Нарт багийн сүүлчийн ганц айл
Г.Баттулгынх энэ жил гурав хуваагджээ. Хүүхдүүдээ сургуульд сургахаар Дархан хотод ах, эгч нартаа үлдээж байгаа бол сумын төвд нэг гэрээ, нөгөө гэр нь хөдөөдөө гээд ийнхүү гурав хуваагдсан байна. Нутаг орноо орхихоос илүүтэй эндээ үлдэж, амьдрах нөхцөлөө сайжруулахаар шийджээ. Өмнө малаа, айлд тавьдаг байсан бол одоо тэсэлгээнд нурсан хашаа, хороогоо засаж тохижуулах ажилд орсон байна. Уурхайн шүүрлийн усаар дүүрсэн худгаа шавхаж засаж янзлан, усны асуудлаа шийдэхийн зэрэгцээ гэрийнхээ суурийг өндөрлөж, хамгаалалтаа сайжруулахаар төлөвлөжээ. Нэг ёсондоо, уурхай тэлж, айлууд нүүсэн энэ нутагт тэд үлдэхийн тулд өөрсдийн амьдрах орчин, уурхайгаас ирэх дарамтаас сэргийлж хамгаалалтаа бэхжүүлж байна.
Тэдний ярьж буйгаар, нутагтаа үлдэх шийдвэр гаргаснаас хойш дарамт шахалт улам нэмэгдэх болсон байна. Тэдний өвөлжөөний газрын хойд талд 200-500 метрийн зайд үйл ажиллагаа явуулдаг “Дугуй уул” компанийн хайгуулын лицензийн талбайд, тэдний өвөлжөөний газар давхацсан гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Ингэснээр олон үеэрээ нутаглаж ирсэн өвөлжөөний газраас нь салгах, нүүлгэх, хөөн зайлуулах эрх зүйн үндэслэл бүрдүүлэхийг оролдож байна гэж Г.Баттулгынхан үзэж байна. Мөн тэдний хэлж буйгаар, гэрийнх нь орчимд өдөр, шөнөгүй хяналт тавих зорилготой мэт камер байршуулсан нь хүний хувийн орон зай, эрхэд халдсан үйлдэл болж байгаа аж. “Бид эндээс нүүчихвэл энэ нутгийг хэн үлдэж сахих вэ”гэсэн асуулт залуу малчин хоёрын гол сэдэв.

Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал бүр ч хүндрэх төлөвтэй байна. Тэдний гэрийн хойд талд ойролцоогоор 200-300 метрийн зайд "Дунфанлунма", "Дугуй уул" хоёр компани үйл ажиллагаагаа эрчимжүүлснээр уурхайн хүнд машин механизмын дуу чимээ, тоосжилт өмнөхөөсөө нэмэгдсэн талаар Баттулгынхан ярьж байна. Ингээд Цагаан дэлд үлдсэн энэ айлын өдөр тутмын амьдралын хажууханд уурхай улам ойртсоор.
Нэг талд нь өвөг дээдсээс уламжилж ирсэн өвөлжөө, тахилгат овоо, Цагаан дэлийн агуй. Нөгөө талд нь лицензийн хил, уурхайн техник, тоос шороо, дуу чимээ. Тэдний үлдэх эсэх нь зөвхөн нэг айлын нүүх, нүүхгүй тухай асуудал биш болжээ. Харин малчин хүн өвөг дээдсээсээ өвлөсөн нутагтаа амьдрах эрхтэй юу, уул уурхайн лиценз тэр эрхийн хаана хүрч дуусах вэ гэдэг асуулт Цагаан дэлд илүү тод сонсогдож байна.
Нөлөөллийн бүсийн малчин Б.Батням ярихдаа “Манайх энд 2017 оноос мал маллаж байна. 700 гаруй малтай. Өвс, ургамал уул уурхайн машины тоос, шороогоор бүрхэгдсэнээр мал шороотой өвч идэж уушги нь цоохортсон. Хол явж чадахгүй бахарддаг. Зудаас өмнө 3000 малтай байсан. Их мал байх тусам малын баас, хоргол бэлчээртээ бордоо болж хөрзөн нь түлш, өтөг бууц нь малын хэвтэр нь болдог эко системтэй. Гэвч энэ байдал алдагдаж цөлжилт болж байна. Эдгээр уурхайн лицензүүдийг цуцлуулах хүсэлтэй байна” гэж байлаа. Нөлөөллийн бүсийн малчид бид залуу малчин Баттулга, Амгаланбаяр нараа үргэлж дэмжиж дэм болохыг хүсдэг. Бид хэдийгээр эднийхийг бодвол 5-20 орчим км зайд байгаа ч дам нөлөөлөлд өртсөөр л байдаг. Уурхайн тэсэлгээний дуу чимээ тасрахгүй, бэлчээрийн хомсдол, гүний худгийн усны гарц улам л муудах зэргээр нөлөөлсөөр байдаг гэж байлаа.
Сүүлийн үед компаниуд Ерөнхий сайдын энэ оны 10 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах нэрийдлээр уурхайн лицензтэй талбайгаа хашаалахыг "овжиноор" ашиглах хандлага ажиглагдаж мөн л малчдын хооронд зөрчил үүсгэснийг хэлж байсан. Мэдээж хариуцлагагүй уул уурхайн ул мөрөөс үлдсэн нөхөх сэргээлгүй орхигдсон газрыг хамгаалах, хашаалах үүрэг өгсөн ч тэд хайгуулын талбайгаа хүртэл хашаалж малчдын мал бэлчээрлэх талбайг хумсалсаар байгааг ч хэлж байлаа. Мэдээж албан даалгаврыг хэрэгжүүлэх үүрэгтэй ч даалгаврын шаардлагыг тухайн уурхайн ордуудын ялгаатай байдал онцлогоос шалтгаалж мөрдүүлэх хэрэгтэйг тэд хэлцгээж байсан юм.
“Дугуй уул” компанийн гүйцэтгэх захирал Г.Буянхишиг ярихдаа “Амгаланбаярын өвөлжөөний газар манай эзэмшлийн талбай дотор байгаа. Хэрэв энд айлын өвөлжөө байсан бол тусгай зөвшөөрөл өгөхөөсөө өмнө эдний өвөлжөөг тойруулж, цоорхой гаргаж өгөх ёстой биз дээ. Тэгэхээр давхцуулаад өгсөн энэ асуудлыг шүүхээр шийдүүлэх ёстой. Малчинтай яриад яриад шийдэгдэхгүй. Тиймээс Шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв. Харин малчин Б.Амгаланбаяр ярихдаа “Манай энэ өвөлжөөний газар манай ааваас надад өвлөгдөж ирсэн газар. Энэ компаниас өмнө 2018 онд надад өвлөгдсөн. Бүх бичиг баримт, шилжүүлсэн огноо гээд баримтууд нь бодит баримт байгаа. Гэхдээ одоогоор намайг шүүхэд дуудаагүй байна. Мэдээж шүүхэд бид ялах нь ойлгомжтой байгаа”гэсэн юм.
“Эм си ти ти” компанийн ХААБ-ын ажилтан хэлэхдээ “ Манай компаниуд нэгдээд нөлөөллийн малчин өрхөд нөхөн олговор олгох тухай ярилцсан. Гэхдээ одоогоор нэг айлын нөхөн олговрын гаргасан хэмжээг бид хүлээн зөвшөөрөхгүй. Нэг айлынх ийм өндрөөр тогтвол бусад айлууд ийм хэмжээний мөнгө биднээс нэхнэ. Тиймээс компаниуд нэгдээд дундаа нэг Үнэлгээний компани хөлсөлж өөрсдийн зүгээс үнэлгээг хийлгэхээр болж байна” гэлээ.
“Талст Цагаан дэлт компанийн захирал н.Мөнгөнморьт “Манай компани өмнө үйл ажиллагаа огт явуулж байгаагүй юм билээ. Би саяхан энэ компанийн эзэмшлийн 70 хувийг худалдаж авсан. Хоёр сарын хугацаа болж байна. Гэтэл юу ч хийгээгүй байсан хэр нь шууд нөхөн олговор олгох хэмжээг ийм өндрөөр нэхэж байгаа нь манай компанийн тухайд хүндрэлтэй” гэлээ. Ямартаа ч хоёр талаас гаргасан үнэлгээг хамгаалж хэлэлцүүлэг, мэтгэлцээн хийж нөхөн олговрын хэмжээг тогтоох шийдэлд хүрэх нь нөлөөллийн малчдад хүлээлт үүсгэсэн байна.
Говийн бүсээс сонгогдсон түшээд газар дээр нь очоод ч байдал дээрдсэнгүй

“Уурхайд эзлэгдэж, бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных” нэртээ эхний нийтлэлийн дараа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар нар Дорноговь аймгийн Айраг сумын Баруун Цагаан Дэлийн бүлэг ордын бүсэд ажиллаж, олборлох үйлдвэрлэл, Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, нүүдлийн соёл, мал аж ахуйн салбарын газар ашиглалт хоорондын зөрчил бодит байдал дээр хэрхэн үүсэж буйтай танилцлаа. Энэ үеэр нутгийн иргэд, малчид, аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, өнөөгийн хууль эрх зүйн орчин дахь цоорхой, хэрэгжилтийн хүндрэл, бодит амьдралд нийцэхгүй байгаа зохицуулалтуудын талаар нээлттэй ярилцав. Одоо хамгийн чухал нь энэ бүхнээс ямар дүгнэлт хийж, ямар өөрчлөлтийг эхлүүлэх, сонгогчид, нутгийн иргэдийн эрх ашиг, нүүдлийн мал аж ахуй, байгаль орчныг хамгаалахын төлөө хууль эрх зүйн шинэчлэлийг хэрхэн хийх вэ гэдэг асуудал хүлээлт үүсгэж үлдээ.
Бодит нөхцөлд тулгуурласан, хүний эрх, нүүдлийн соёл, тогтвортой хөгжлийг хамгаалсан шийдлийг хамтдаа бий болгоно гэдэгт нөлөөллийн бүсийн малчид итгэж хүлээсээр хоцорсон.
Харин Цагаан дэл орчмын уурхайнуудын Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлангуудыг шүүж үзэхэд Азийн хэмжээний энэ онцгой ач холбогдол бүхий агуйн тухай ганц ч үсэг алга. Ихэнх тайланд нэр нь ч байхгүй. Нөлөөллийн хүчин зүйл гэж тооцоогүй аж. Монголын хамгийн үнэ цэнтэй геологийн өвүүдийн нэг болох Цагаан дэлийн агуй хуулиар заавал тусгах ёстой үнэлгээний баримт бичгүүд дээр “оршдоггүй” байжээ.
“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан “Монгол Улс соёлын өв, дурсгалт газруудаа бүртгэдэггүй, бүртгэлээ хуваалцдаггүй учраас тэнд лиценз олгосон байна. Агуйг Кадастрын системд бүртгэж авсан, мэддэг байсан бол лиценз олгохгүй шүү дээ” гэж дүгнэв. Тэрээр “2014 онд Монгол Улс Соёлын өвийн тухай хуультай болсон. Тэр хуулийн дагуу компани тусгай зөвшөөрлөө авахаас өмнө геологийн, археологийн, угсаатны судалгаа хийж, дүгнэлт гаргуулж зөвшөөрөл авдаг. Өөрөөр хэлбэл, эдгээр судалгааг хийсэн бол агуй бичигдсэн байх учиртай. Угсаатны судалгаанд жишээ нь, нөлөөллийн бүсийн айл агуй, овоо хайрхан, нутаг устайгаа хэрхэн харилцаж ирснийг тусгасан байх ёстой” гэж тайлбарлалаа. Харамсалтай нь, Цагаан дэл дээр энэ хууль журам үйлчилсэнгүй. Хэрэв хэрэгжсэн бол Азийн хэмжээний агуйн тухай үнэлгээний тайлангуудад тусгагдаагүй үлдэх боломжгүй.
ХЭҮК-оос 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарт явуулсан шаардлагадаа “Цагаан дэлийн агуйн амсар болон хана, шат нурж, хүн орж болохгүй болсон зэрэг нь ашигт малтмал хайх, олборлох зорилгоор газар ухаж, тэсэлгээ хийж, доргилт үүссэнээс нурсан байх магадлал өндөр байна” гээд “агуй орчимд үйл ажиллагаа явуулж буй компаниудын Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг үнэлэх шаардлагатай” гэжээ. Нөлөөллийн үнэлгээ хийдэг компаниуд, түүнийг баталж хүлээн авдаг БОУАӨЯ-ны Мэргэжлийн зөвлөл, Монгол Улсын Тусгай хамгаалалттай газартай ёс зүйн хариуцлага тооцох цаг болжээ.
Нэгэнт лиценз олгосны дараа тухайн газрыг тусгай хамгаалалтад авсан нь өнөөгийн зөрчлийг шийдвэрлэхэд хүндрэл үүсгэж байгааг Н.Баярсайхан дурдаад цаашид хэрхэн тухайд тэрээр “найман компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг дахин авч үзэх, Цагаан дэлийн агуйн хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг төрийн байгууллагуудын оролцоотой боловсруулах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээнүүдийг дахин хянуулах шаардлагатай” гэсэн юм.
Мөн иргэдийн оролцоонд тулгуурласан нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийж, нөлөөлөлд өртсөн малчид, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар хамтран асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Түүнчлэн уг асуудлаар УИХ-ын ерөнхий хяналтын сонсгол хийх нь бодлогын алдааг тодорхойлж, цаашид ийм зөрчил давтагдахаас сэргийлэх эрх зүйн орчин бүрдүүлэх ач холбогдолтой гэв.
Нөхөн олговор зөвхөн нүүсэн хүнд олгодог ойлголтыг өөрчлөх хэрэгтэй

Экспертүүдийн зүгээс Цагаан дэлд үүссэн асуудлыг зөвхөн газрын маргаан, нүүлгэн шилжүүлэлтээр хязгаарлаж болохгүй гэж үзэж байна. Тухайлбал, Баттулгынх малаа гурван удаа сольсон, малаас нь хүнд металл илэрсэн, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй зэрэг бодит хохирол, алдагдсан боломжийг нөхөн олговрын тооцоонд тусгах шаардлагатай гэсэн юм. Мөн малчны гэр рүү чиглүүлэн камер байршуулсан гэх мэдээлэл нь хувийн орон зай, хүний эрхийн асуудлыг хөндөж буйг онцолсон байна.Нөгөөтээгүүр, нөхөн олговрыг зөвхөн “нүүсэн тохиолдолд олгоно, нүүхгүй бол олгохгүй” гэсэн ойлголтоор хязгаарлах нь учир дутагдалтай. Нөлөөлөл үргэлжилж байгаа тохиолдолд учирч буй хохирлыг тооцож, шударга нөхөн олговор олгох тогтолцоо шаардлагатай гэж экспертүүд үзэж байна. Тэд мөн нөхөн олговор, нүүлгэн шилжүүлэлтийг нийгмийн нөлөөллийн үнэлгээний дараа хийх, малчин өрх шинэ нутагтаа шилжин суурьшиж, мал сүрэг нь шинэ орчиндоо дасан зохицох шилжилтийн үеийн зардлыг тооцох шаардлагатайг ч хэлж байна.
Нөлөөлөл лицензийн хилээр дуусдаггүй
Өөр нэг анхаарах асуудал нь уул уурхайн нөлөөллийг зөвхөн лицензийн талбайн хэмжээгээр тооцож байгаа явдал аж. Уурхайн тээвэр, зам, баяжмал тээвэрлэлт зэрэг үйл ажиллагаанаас үүсэх бэлчээрийн хомсдол, газрын доройтол, бэлчээрийн хуваагдал, тоосжилт, усны нөлөөлөл зэрэг дагалдах нөлөөллийг хангалттай тооцдоггүй гэж экспертүүд шүүмжилж байна.Тухайлбал, Баруун Цагаан дэлээс сумын төвийн төмөр замын өртөө хүртэл баяжмал тээвэрлэх 25 км замын нийгэм, байгаль орчны нөлөөлөл тусдаа асуудал болж үлдэж байна. Өөрөөр хэлбэл, уурхайн лицензийн хил хаана дуусах нь байгаль орчин, хүний амьдралд үзүүлэх нөлөөллийн хил тэнд дуусна гэсэн үг биш. Цагаан дэлд үүссэн өнөөгийн нөхцөл байдал энэ асуудлыг бодлогын түвшинд дахин авч үзэх шаардлагатайг харуулж байна. Монголын төрийн олборлох салбарын бодлого нь Говийн бүсийг тэр чигт говийн бүсийн малчин иргэдийг золиосонд гаргаж байна. Үүний тод жишээ говь усгүй боллоо хангайгаас татъя гэдэг хөтөлбөр, бодлого юм. Олон улсад Монголын Засгийн газар говийн бүс нутгаа уул уурхайн бүс нутаг болгож золиосонд гаргажээ гэж дүгнэсэн гэдгийг эксперт тодотгосон.
Хэрэв Л.Баттулгын гэр бүл нүүсэн бол агуйн хувь заяа өнөөдрийнхөөс өөр байх байсан. Агуйн дэргэд өдөр бүр очиж хардаг, тэсэлгээг нь тоолдог, зөрчлийг нь мэдээлдэг “нийтийн харуул” хүн үлдэхгүй байх байв. Цагаан дэлийн агуйг төр гурвантаа хамгаалалтдаа авсан боловч өнөөдөр ганц айл л амьжиргаагаараа, амь насаараа, нэр төрөөрөө дэнчин тавин манаж байна. Харин одоо төр агуйг хамгаалахын тулд компаниудад нөхөн олговор өгөх асуудал хөндөгдөж байна. Монгол Улс өөрийн гаргасан алдааны “төлөөс”-ийг өндөр үнээр төлөх нөхцөл үүсжээ. Төр, компани хоёр энэ асуудлыг шийдэх хүртэл дахиад хэдий хэр хугацаа өнгөрөх нь тодорхойгүй. Харин тэсэлгээ үргэлжилсээр, агуйд ан цав гарсаар л байх нь. Эцэст нь, Л.Баттулга, Б.Амгаланбаяр нар агуйг хамгаалж буй учир нь тодорхой. Энэ нутгийн тухай санах ойг хамгаалж буй юм. Өмнө нь энд олон айл байсныг тэд мэднэ. Агуйд малчид мах сүүгээ зуны цагт тавьдаг, говийн хүүхдүүдийн сэрүүцэх газар нь байсныг тэд мэднэ. Б.Амгаланбаяр “Үр хүүхдүүддээ агуйгаа энэ чигээр нь үлдээхийг, зорьж ирсэн хүмүүст бүрэн бүтнээр нь үзүүлэх юм сан гэж боддог” гэв. Төр хамгаалах ёстой байсан агуйг хамгаалах хүн үлдээгүй учраас тэд үлдсэн. Газрын зураг дээр бол агуй цэг шиг харагдах байх, уурхайнханд тэсэлж дэлбэлж болдог хад чулуунаас өөрцгүй харагдах байх. Харин энэ нутагт өссөн хүмүүсийн хувьд амьдралынх нь нэг хэсэг нь юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 174 (7916)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn