Р.Оюун
Монгол, Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж салбар бүрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ОХУ-ын Тээврийн сайдын орлогч, Төрийн нарийн бичгийн дарга Д.С.Зверев, "Оросын төмөр замууд" (РЖД) нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павлов, Монголын Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, Буриадын тэргүүн Алексей Цыденов болон Забайкалийн хязгаарын холбогдох байгууллагын төлөөлөл, ОХУ-ын Эрхүү дэх Ерөнхий консул Б.Ичинхорлоо, Бүгд Найрамдах Буриад улсын аялал жуулчлалын сайд А.Ж.Доржиев болон хоёр орны тээвэр, логистик, дэд бүтцийн салбарын удирдах албан тушаалтнууд оролцож байна.

Тус хуралдааныг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ "Монгол Улсын зам, тээврийн салбар сүүлийн жилүүдэд тогтвортой өсөлттэй хөгжиж байгаа. Тухайлбал, 2026 оны эхний найман сарын байдлаар Монгол Улс нийт 123 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 42 хувиар өссөн үзүүлэлт. Үүнээс авто тээврээр 82 сая тонн, төмөр замаар 41 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Мөн 2025 онд 180 сая зорчигч тээвэрлэж салбарын түүхэн дээд амжилтаа шинэчилсэн бол 2026 оны эхний найман сард 118 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 24 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт, Хөшигийн хөндий-Номгон, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөл болон Ханги-Мандалын хил дамнасан төмөр замын холболтын төслийг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эдгээр төсөл нь Монгол Улсын экспортын гарцыг төрөлжүүлэх, дамжин өнгөрөх тээврийн шинэ урсгалыг татах, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүс нутгийн тээврийн интеграцид нэгдэх, эдийн засгийг сайжруулах стратегийн ач холбогдолтой" гэлээ.
Мөн Эрээнцав, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын зүүн коридорыг хөгжүүлэх төсөл нь Орос, Монгол, Хятадыг холбосон Ази-Европын хоорондын шинэ, дөт маршрутыг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой. Тус коридорыг байгуулснаар Монгол Улсын зүүн бүсийн уул уурхайн болон бусад бүтээгдэхүүнийг төмөр замаар экспортлохын зэрэгцээ жилд 10 сая тонн хүртэлх дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг албаныхан танилцууллаа.
Эх сурвалж www.zms.mn