С.ОЮУН-ЭРДЭНЭ
Өглөөний цай нь хүний өдөр тутмын амьдралын чухал хэсэг бөгөөд тухайн улс орны хооллох хэв маяг, соёл, уламжлалыг илэрхийлдэг. Улс орон бүрийн өглөөний цай нь амьдралын хэвшил, цаг агаар, уламжлал болон хүнсний хэрэглээнээс шалтгаалан өөр өөр байдаг. Тэгвэл энэ удаагийн Тэд бид булангаараа улс орнуудын өглөөний цайны соёл, уламжлал, онцлогийн талаар бэлтгэн хүргэж байна.
МОНГОЛ

Монголчуудын өглөөний цай нь уламжлалт хоол хүнс, ялангуяа сүү, цагаан идээ болон гурилан бүтээгдэхүүнтэй нягт холбоотой. Сүүтэй цай, боорцог, талх, өрөм, ааруул зэрэг хүнс түгээмэл хэрэглэгддэг. Сүүтэй цай нь зөвхөн ундаа төдийгүй Монголчуудын уламжлал, ахуй соёлын чухал хэсэг юм. Сүүтэй цайнд ордог монгол үнээний сүү нь кальци, уураг, фосфор, витамин B2, B12 зэрэг шим тэжээл агуулдаг. Мөн зочин гийчнийг сүүтэй цайгаар дайлах нь хүндэтгэл, зочломтгой зангийн илэрхийлэл болдог. Монголын эрс тэс, хүйтэн уур амьсгалтай холбоотойгоор өглөөний цай нь ихэвчлэн цатгалан, илчлэг ихтэй байдаг. Мөн өглөө халуун цай уух нь Монголчуудын өдөр тутмын хооллох соёлын чухал хэсэг юм.
ФРАНЦ

Францчуудын өглөөний цайг “Petit déjeuner” гэж нэрлэдэг бөгөөд өдөр тутмын хоолны соёлын нэг хэсэг юм. Өглөөний цайнд круассан, багет, талх, цөцгийн тос, чанамал зэрэг гурилан бүтээгдэхүүн түгээмэл хэрэглэдэг гэнэ. Мөн кофе, сүүтэй кофе, цай, халуун шоколад зэрэг ундааг уудаг. Францын өглөөний цай нь ихэвчлэн хөнгөн, энгийн бөгөөд гурилан бүтээгдэхүүн давамгайлдаг байна. Круассан нь Францын өглөөний цайны хамгийн алдартай хүнсний нэг бөгөөд цөцгийн тос, чанамалтай талхыг мөн өргөн хэрэглэдэг. Зарим хүмүүс өглөөний цайндаа шинэхэн жимс, тараг болон жимсний шүүс хэрэглэдэг аж. Өглөөний цайг ихэвчлэн гэртээ эсвэл кафе, нарийн боовны газарт идэж, кофе уун өдрийг эхлүүлдэг байна.
АНГЛИ

Англичуудын уламжлалт өглөөний цайг “Full English Breakfast” гэж нэрлэдэг бөгөөд Английн хоолны соёлын нэг хэсэг юм. Өглөөний цайнд өндөг, бекон, зайдас, шарсан талх, шош, мөөг, улаан лооль зэрэг олон төрлийн хүнс хэрэглэдэг. Мөн хар цай, кофе зэрэг ундааг хамт уудаг. Английн өглөөний цай нь ихэвчлэн цатгалан, уураг ихтэй бөгөөд олон төрлийн хүнсийг нэг дор багтаадаг гэдгээрээ онцлог. Өндөг, бекон, зайдас зэрэг нь өглөөний цайны гол хүнс болдог. Зарим хүмүүс өглөөний цайнд жимс, үр тариа, шарсан талх зэрэг хөнгөн хоол сонгодог. Уламжлалт өглөөний цайг ялангуяа амралтын өдөр гэр бүлээрээ идэх нь түгээмэл байдаг.
ИНДОНЕЗ

Индонезчуудын өглөөний цай нь будаа болон төрөл бүрийн амтлагчтай хоолоор түлхүү бүрддэг. Өглөөний цайнд шарсан будаа болох Nasi Goreng, тахианы махтай будааны зутан Bubur Ayam, кокосын сүүгээр болгосон будаа болох Nasi Uduk зэрэг хоол түгээмэл хэрэглэдэг. Мөн өндөг, тахианы мах, ногоо болон халуун ногоотой самбал соусыг хоолондоо хэрэглэдэг. Индонезийн өглөөний цай нь амтлаг, халуун ногоотой, цатгалан байдгаараа онцлог. Будаа нь өглөөний хоолны гол хүнсний нэг бөгөөд төрөл бүрийн мах, ногоо болон соустай хослуулан иддэг байна. Индонезийн зарим бүс нутагт өглөөний цайнд гоймон, шарсан тахиа, ногоотой хоол зэрэг өдөр тутмын хоолыг ч хэрэглэдэг аж.
ЯПОН

Японы өглөөний цай нь ихэвчлэн хөнгөн, тэжээллэг бөгөөд олон төрлийн жижиг хоолноос бүрддэг. Өглөөний цайндаа цагаан будаа, мисо шөл, шарсан загас, омлет зэрэг хоол идэх нь түгээмэл. Мөн натто, даршилсан ногоо, далайн байцаа зэрэг хачрыг хэрэглэдэг. Япончууд өглөөний цайндаа уураг, нүүрс ус болон ногоог тэнцвэртэй хослуулахыг чухалчилдаг. Будаа нь хоолны үндсэн хэсэг болдог бол мисо шөл нь өглөөг дулаан, хөнгөн эхлүүлэхэд тохиромжтой хоол гэдэг байна. Харин зарим хүмүүс нь өглөөний цайндаа уламжлалт ногоон цай уудаг. Ногоон цай нь Японы өдөр тутмын соёлын нэг хэсэг бөгөөд өглөөний цайны дараа уух нь түгээмэл. Япончууд ногоон цайг тайвшруулах, сэргээх ундаа гэж үздэг бөгөөд хоолны амтыг дарахгүйгээр зохицуулдаг байна.
ӨМНӨ СОЛОНГОС

Өмнөд Солонгосын өглөөний цай нь олон төрлийн амт, өнгө бүхий хачиртай байдгаараа онцлог. Ихэвчлэн халуун будааг шөл, кимчи болон жижиг хачруудтай хамт иддэг. Өглөөний хоолонд өндөг, загас, мах, дүпү болон төрөл бүрийн ногоог хэрэглэж болно. Солонгос хоолны салшгүй хэсэг болох кимчи нь исгэлэн, халуун ногоотой амтаараа хоолны дуршил нэмэгдүүлдэг. Мөн шөл нь өглөөний хоолыг илүү дулаан, цатгалан болгодог. Зарим хүмүүс өглөөний цайндаа ногоон цай эсвэл кофе уудаг. Хоолны олон төрөл нь өдөр эхлэхэд хэрэгтэй шим тэжээлийг авахад тусалдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 159 (7901)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn