Ц.МЯГМАРБАЯР
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын гурав дахь өдөр Цэнхэр бүсийн MET-21 танхимд байгаль орчны асуудлаас арай өөр өнгө аястай яриа өрнөв. Энэ удаа газрын доройтол, бэлчээр, усны хомсдолыг хэрхэн сэргээх тухайгаас гадна үүнийг хийх мөнгийг хаанаас, ямар механизмаар босгох вэ гэдэг асуулт хэлэлцүүлгийн төвд байлаа. Энэ нь энэ сарын 19-20-нд зохион байгуулж буй “Өндөр түвшний Тогтвортой санхүүгийн форум-2026” нь COP17-ын албан ёсны тусгай арга хэмжээ юм. Төр, төв банк, арилжааны банк, олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч, бизнес болон байгаль хамгааллын салбарын төлөөлөл хоёр өдрийн турш нэг танхимд сууж, газар, ус, байгальд чиглэх хөрөнгийн урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх талаар ярилцаж байна.
А.Үйлстөгөлдөр: Газрын доройтлыг сэргээхэд жил бүр 355 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай

Хэлэлцүүлгийн цар хүрээг илэрхийлэх нэг тоог Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр нээлтийн үеэр онцлов. 2030 он гэхэд дэлхий даяар газрын доройтлыг сэргээхэд жил бүр дор хаяж 355 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо бий. Гэвч байгаль, газрын нөхөн сэргээлтэд шаардлагатай хөрөнгө болон бодитоор зарцуулж буй санхүүжилтийн хооронд том зөрүү хэвээр байна. А.Үйлстөгөлдөр үүнийг дэлхийн цэрэг, зэвсэглэлд зарцуулж буй хөрөнгөтэй харьцуулан хөндсөн нь форумын нээлтийн анхаарал татсан санааны нэг байв. Дэлхийн улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ 2.9 их наяд ам.доллар зарцуулж буйг дурдаад, ийм хэмжээний хөрөнгийн тодорхой хэсгийг эх дэлхийгээ хамгаалахад чиглүүлсэн бол ямар үр дүн гарах байсан талаар эргэцүүлэх цаг ирснийг хэлсэн юм. Тэгэхээр мөнгө байхгүйдээ биш, байгаа хөрөнгийг байгаль руу хэрхэн чиглүүлэх вэ. Байгаль хамгааллыг зөвхөн төсвийн ажил гэж харах боломжгүй болсныг илтгэнэ. Газрын доройтолтой тэмцэх, бэлчээрийг сэргээх, усны нөөцийг хамгаалах ажлыг олон жилийн турш төрийн төсөв, олон улсын төсөл, хөтөлбөр, буцалтгүй тусламжтай холбон ойлгож ирсэн. Гэвч шаардлагатай санхүүжилтийн хэмжээ хэдэн зуун тэрбум ам.доллароор яригдаж байгаа үед зөвхөн улсын төсөв болон хөгжлийн тусламжаар асуудлыг шийдэх боломжгүй гэдэг нь форумын хэлэлцүүлгүүдээс тодорхой байсан юм. Тиймээс хувийн хөрөнгө оруулагч, банк, даатгал, хөрөнгийн зах зээл байгаль хамгааллын асуудлын шинэ оролцогч болж байгаа юм.
Гэхдээ хөрөнгө оруулагчид зөвхөн “байгальд сайн” гэсэн болгонд мөнгөө гаргахгүй. Тухайн төсөл ямар үр дүн өгөх, эрсдэл нь юу байх, өгөөжийг хэрхэн хэмжих, хөрөнгө оруулалт нь ямар хугацаанд үр дүнд хүрэхийг тодорхой болгох шаардлагатай. Тиймээс COP17-ын Цэнхэр бүсэд яригдсан санхүүжилтийн асуудал эцэстээ байгаль хамгааллын зорилгыг хөрөнгө оруулагчийн ойлгох хэл рүү хэрхэн хөрвүүлэх вэ гэсэн асуудалд тулж байна.
Монгол Улсын хувьд газрын доройтол, мөнгө ,санхүү хоёрын холбоог хамгийн ойлгомжтой харуулах салбар нь мал аж ахуй. Бэлчээр бол малчны тухайд үйлдвэрлэлийн үндсэн хөрөнгө. Бэлчээр доройтвол малын ашиг шим, малчны орлого буурна. Орлого буурах нь өрхийн зээл төлөх чадварт нөлөөлнө. Малын гаралтай түүхий эдийн хэмжээ, чанар өөрчлөгдвөл боловсруулах үйлдвэр болон экспортод ч нөлөө үзүүлнэ. Ингэхээр бэлчээрийн доройтол зөвхөн экологичдын ярих асуудал биш болж байгаа юм. Энэ нь малчин өрхийн орлогоос эхлээд банкны зээлийн эрсдэл хүртэл үргэлжилнэ. Тиймээс форумын эхний өдрийн хэлэлцүүлгийн нэг чиглэлийг тогтвортой бэлчээр болон мал аж ахуйн санхүүжилт эзэлж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Бэлчээрээ зөв ашиглаж, нөхөн сэргээж байгаа малчин, хоршоо, аж ахуйн нэгж илүү таатай нөхцөлтэй санхүүжилт авах боломжтой юу. Нөгөөтээгүүр, байгалийн нөөцийг доройтуулсан үйлдвэрлэлийн санхүүгийн өртөг өндөр байх ёстой юу гэсэн асуудал цаашдаа Монголын банк, санхүүгийн салбарын бодит бүтээгдэхүүн, шалгууртай холбогдохоор байгаа.
Усны асуудал ч санхүүгийн эрсдэл
Цэнхэр бүсийн хэлэлцүүлгийн өөр нэг том чиглэл нь ус. Усны нөөц багасах нь зөвхөн иргэдийн хэрэглээний асуудал биш. Уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр, эрчим хүч, хот байгуулалт гээд эдийн засгийн олон салбар уснаас шууд хамааралтай. Ус хомсдох тусам бизнесийн үйл ажиллагааны зардал нэмэгдэнэ. Үйлдвэрлэл тасалдах эрсдэл өснө. Улмаар тухайн бизнест зээл олгосон банк, хөрөнгө оруулагчид ч эрсдэлийг нь үүрнэ. Тиймээс форумын үеэр усны тэсвэртэй байдал, цэнхэр санхүүжилт гэсэн ойлголтуудыг тусгайлан авч үзэж байна. Өөрөөр хэлбэл, усыг зөвхөн байгалийн баялаг гэж бус эдийн засгийн тогтвортой ажиллагааг хангаж буй үндсэн нөөц гэж тооцох хандлага хүчтэй болжээ.
Монгол Улс “SDG Finance Taxonomy 2.0” буюу Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцсэн санхүүжилтийн ангиллын шинэчилсэн хувилбараа танилцуулна.
Тогтвортой санхүүгийн дараагийн шат нь байгальтай холбоотой эрсдэлийг банк, хөрөнгө оруулагчдын шийдвэрт оруулах явдал. Өмнө нь банк зээл хүссэн компанийн орлого, өр төлбөр, барьцаа хөрөнгө, бизнесийн төлөвлөгөөг голчлон хардаг байсан бол цаашдаа тухайн бизнес усны хомсдолд хэр өртөмтгий вэ, газрын доройтолд нөлөөлж байна уу, уур амьсгалын өөрчлөлтөөс ямар эрсдэл хүлээх вэ гэдгийг тооцох шаардлага нэмэгдэж байна. Ингэснээр “ногоон санхүүжилт” гэдэг ойлголт зөвхөн байгальд ээлтэй төсөлд хөнгөлөлттэй зээл өгөхөөс илүү, өргөн хүрээнд яригдана. Байгаль өөрөө санхүүгийн эрсдэлийн нэг үзүүлэлт болж эхэлж байна гэсэн үг. Тиймээс хөрөнгө оруулагчид нэг хэлээр ойлголцох хэрэгтэй болжээ. Харин ямар төслийг тогтвортой гэж үзэх вэ. Мод тарьсан болгон ногоон төсөл үү. Ус хэмнэсэн болгон тогтвортой хөрөнгө оруулалт уу. Мал аж ахуйн ямар үйл ажиллагааг байгальд ээлтэй гэж үнэлэх вэ. Энэ мэт асуултад нийтлэг шалгуур шаардлагатай. Иймээс форумын хүрээнд Монгол Улсын SDG Finance Taxonomy 2.0 буюу Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцсэн санхүүжилтийн ангиллын шинэчилсэн хувилбарыг танилцуулахаар төлөвлөжээ. Энэ нь банк, хөрөнгө оруулагч, бизнес болон төрд нэг ойлголт, нэг шалгуураар ярилцах боломж бүрдүүлэх ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч “Энэ төсөл үнэхээр тогтвортой юу” гэж асуухад зөвхөн тухайн компанийн тайлбарт найдах бус, тодорхой ангилал, хэмжүүрээр үнэлэх суурь бий болно. Энэ тухай Монголын ТОС буюу Тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбооны танилцуулгад онцолж байна.
COP17-ын нэг гол сорилт нь санхүүжилт
Цөлжилттэй тэмцэх тухай ярихад бид ихэвчлэн хатсан газар, доройтсон бэлчээр, элсний нүүдэл, усны хомсдолыг төсөөлдөг. Харин Цэнхэр бүсийн өнөөдрийн хэлэлцүүлгийн нэг өнцөг нь сэргээх зорилго байлаа ч санхүүжилтгүй бол ажил урагшлахгүй гэсэн санаа. Нөгөөтээгүүр, дэлхийн санхүүгийн системд асар их хөрөнгө эргэлдэж байна. Тэр хөрөнгийн өчүүхэн хэсгийг газар, ус, экосистемийн нөхөн сэргээлт рүү чиглүүлэхэд ч том өөрчлөлт авчрах боломжтой. Гол асуудал нь хөрөнгө оруулагчид мөнгөө байгаль руу хийх сонирхолтой эсэхээс гадна тэдэнд итгэж болох төсөл, хэмжиж болох үр дүн, ойлгомжтой дүрэм, эрсдэлийг хуваалцах механизм бий эсэхэд оршиж байна. Иймээс Улаанбаатарт үргэлжилж буй COP17-ын үеэр байгаль хамгаалагчид төдийгүй банкир, хөрөнгө оруулагчид нэг ширээнд суусан нь өөрөө анхаарал татах үйл явдал юм. Эцэст нь Цэнхэр бүсийн өнөөдрийн хэлэлцүүлгээс нэг зүйл тодорхой харагдав. Газрыг сэргээх асуудал зөвхөн хүрз, суулгацын тухай биш болжээ. Энэ бол мөнгө хаашаа урсах, банк ямар төсөл санхүүжүүлэх, хөрөнгө оруулагч юуг үнэ цэнтэй гэж үзэх тухай эдийн засгийн бодлогын асуудал болж байна. Харин Монгол Улс бэлчээр, ус, байгалийн нөөцдөө чиглэсэн хөрөнгө оруулалтыг бодитоор нэмэгдүүлж чадвал COP17-ын үеэр өрнөсөн энэ яриа хурлын танхимд үлдэхгүй, газар дээрээ үр дүнгээ өгөх боломжтой.
Өнөөдөр олон улсын залуучуудын хуралдаанаар Тогтвортой санхүүгийн форум-2026 үргэлжилнэ. СОР17 хурлын үйл явцын талаарх сэтгүүл өдөр бүр гарч байна. СОР17-гийн вэбсайтад мөн газрын талаарх хэлэлцүүлгүүд, хурлын бүх үйл ажиллагааны хөтөлбөр, мэдээллийг цаг тухай бүрд нь хүргэж буйг UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарын газраас мэдээлэв. СОР17 хуралд 197 орны төлөөлөгч оролцон, цөлжилт, газрын доройтол болон байгаль орчин, эх дэлхийгээ хэрхэн хамгаалах, сэргээх, нөхөн сэргээх, хэрхэн хөрөнгө оруулж шийдвэрлэх талаар гарцыг эрэлхийлж байна.
Тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгох өндөр түвшний энэ форумд Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт оролцож нээлтийн үг хэлсэн. Монголын талаас Монголын Тогтвортой санхүүгийн холбооны Удирдах зөвлөлийн дарга, Голомт банкны гүйцэтгэх захирал А.Одонбаатар үг хэлж, усны санхүүжилтийн панел хэлэлцүүлэгт оролцсон бол ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Төрийн банкны Тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан захирал С.Болор-Эрдэнэ нар “Бэлчээрийн хөрөнгө оруулалт: Уур амьсгал ба газрын доройтлын эрсдэлийг санхүүжих боломж болгон хувиргах нь” хэлэлцүүлэгт оролцов. Харин Санхүүгийн зохицуулах хорооны даргаТ.Жамбаажамц “Усны эрсдэлийн санхүүжилтийн панелд “Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар, Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч Н.Сэргэлэн “Уур амьсгал ба байгалийн эрсдэл” панел хэлэлцүүлгийн оролцогчоор байлаа. Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амартүвшин “Уур амьсгал, байгалийн эрсдэл”-ийн панелийг удирдсан.
Харин бусад орноос Кармен Цанг (Carmen Tsang) - Crédit Agricole Corporate and Investment Bank-ийн Их Хятадын бүсийн Тогтвортой банкны газрын дарга. “Усны тэсвэртэй байдлыг санхүүжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьсан.
Жахан Шамсиев (Jahan Shamsiev) -Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч. Усны санхүүжилтийн панелистээр , Матьё Ле Блан (Matthieu Le Blan) Дэлхийн банкны группийн Олон улсын санхүүгийн корпорацын (IFC) ахлах суурин төлөөлөгч. Усны санхүүжилтийн панелийн модератораар тус тус ажилласан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 155 (7897)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn