Дорнын эдийн засгийн форумыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путины 2015 оны тавдугаар сарын 19-ний өдрийн зарлигаар Алс Дорнодын эдийн засгийн хөгжлийг дэмжих, Ази, Номхон далайн бүс нутаг дахь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор байгуулсан юм. Тус зарлигийн дагуу Дорнын эдийн засгийн форумыг жил бүр Владивосток хотод зохион байгуулдаг билээ. Форумын арга хэмжээнүүд уламжлал ёсоор панел хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалт, телевизийн мэтгэлцээн, бизнесийн өглөөний уулзалт, бизнесийн яриа хэлэлцээ зэрэг хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд ОХУ болон дэлхийн улс орнуудын харилцаатай холбоотой өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг.

Форумын бизнесийн хөтөлбөрт Ази, Номхон далайн бүс нутгийн тэргүүлэх түнш орнуудтай хийх бизнесийн яриа хэлэлцээнээс гадна Зүүн Өмнөд Азийн эрчимтэй хөгжиж буй орнуудын гол интеграцын нэгдэл болох АСЕАН-тай хийх бизнесийн яриа хэлэлцээ багтдаг юм. АСЕАН (ASEAN - Association of Southeast Asian Nations) бол Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо бөгөөд энэ нь 1967 оны наймдугаар сарын 8-нд байгуулагдсан ба гишүүн орнуудынхаа эдийн засаг, улс төр, аюулгүй байдал, соёлын хамтын ажиллагааг дэмжих зорилготой бүс нутгийн улс төр, эдийн засгийн байгууллага билээ.