Ц.МЯГМАРБАЯР
Орхоны хөндийн салхи эртний Хархорумын туурийг илбэнэ. Одоогоос 800 гаруй жилийн өмнө энд Их Монгол Улсын нийслэл сүндэрлэж, өрнө дорныг холбосон Торгоны замын хөл хөдөлгөөн тасардаггүй байжээ. Өнөөдөр энд чулуун суурь, газрын хөрсөнд шингэсэн хотын ул мөр, эртний нийслэлийн дурсамж үлджээ. Гэхдээ эртний түүхт хотын туурь дурсамж яриа төдийгөөр үргэлжлэх биш Монголын түүх, өв соёл, уламжлал, ирээдүйн хотын тухай шинэ яриа, шинэ хотын бүтээн байгуулалтаар үргэлжлэх юм. “Уяхан замба тивийн наран” хэмээх эртний сайхан уртын дуу Орхон голын хөндийгөөр нэг цуурайтан “Торгоны замын нууц” нэрт жуулчны баазын хурлын танхимд илүү тод сонсогдоно. Хаадын хөлд дарагдаж, худалдаачдын жингийн цуваа хөлхөлдөж, олон орны элч төлөөлөгчдийн чуулдаг байсан энэ газар эдүгээ өнгөрсөн түүхээ өгүүлээд зогсохгүй, ирээдүйн шинэ Хархорумын өнгийг тодорхойлох түүхэн хариуцлагатай цагийн босгон дээр бид иржээ. Нүүдэлчин соёл ахуйг цогцлоон хөгжүүлсэн энэ хотоо бид XXI зуунд хэрхэн шинжлэх ухаан, технологийн хөгжилд суурилсан ухаалаг, ногоон хот болгох вэ , олон улсын эрдэмтдийн санал, бодлыг сонсож Хархорум олон улсын тунхаг бичгийг хэлэлцэн батлахаар хуран цугларсан нь энэ.
Монголын эзэнт гүрний үед бүрэлдсэн “Pax Mongolica” хот бол Хархорум байжээ
Их Монгол улс байгуулагдсаны 820, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны “Эрдэнэ зуу” хийд үүсэн байгуулагдсаны 440 жил зэрэг түүхт ойнууд давхцан байна. Эдгээр түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр “Монголын их амар амгалангаар орших ба Их Монгол Улсын нийслэл Хархорум” сэдэвт Олон улсын эрдэмтдийн анхдугаар чуулган ийнхүү энэ сарын 13-14 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уяхан замба тивийн наран хэмээх уртын сайхан дуугаар эхэлсэн эрдмийн чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ирүүлсэн мэндчилгээг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Хархорум хотын сэргээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх эрдэмтдийн зөвлөлийн дарга, доктор профессор Н.Хүрэлбаатар уншиж сонордуулсан юм. Уг илгээлтэд “Эртний нүүдэлчдийн төрт улсын ариун гал голомт Их Монгол Улсын нийслэл хотын үүх, түүх, өв соёлын талаар хэлэлцэн ярилцаж, шүүн тунгааж,эрдэм шинжилгээний судалгааны үр дүнг хуваалцахаар ирсэн та бүхэнд давхцал дүүрэн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монголчууд бид өнө эртнээс нүүдлийн соёл иргэншлийг цогцлоон хөгжүүлж ази, евразийн өргөн уудам нутагт сүр хүчээ мандуулан хүн төрөлхтний түүхэнд суу алдраа бадраасан Хүннү гүрэн,Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулж гал голомтыг сахин ирсэн түүхтэй. Эвийн хүчтэй эртний түүхтэй монголчуудын хөгжил дэвшлийн тод мөр, тодорхой илрэл, түүх соёлын үнэт өвийн нэг нь. Хархорум нь Монголчуудын төрт ёс, түүх, соёл, оюун санааны үнэт өв шингэсэн, дэлхийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг эртний нийслэл юм. Өнөөдөр бид тус хотын түүх, соёлын өвийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэхийн зэрэгцээ эртний нийслэлийн суурин дээр орчин үеийн шинэ хотыг цогцлоон хөгжүүлэх зорилт тавьж байна. Эртний нийслэлийн түүх Монголын төдийгүй хүн төрөлхтний нийтлэг өв юм. Иймээс олон улсын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлж судалгааг шинэ түвшинд гаргах нь чухал” гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ирүүлсэн илгээлтийн эхийг Хархорум хотын зөвлөх, Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч асан Н.Энхбаярт гардуулан өглөө. Тус чуулганыг Монгол Улсын Засгийн Газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хархорум хотын зөвлөл, Шинжлэх ухааны академи, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран зохион байгуулсан.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурлын хүрээнд болж буй “Монголын их амар амгалангаар орших ба Монгол Улсын нийслэл Хархорум” олон улсын эрдмийн чуулганд оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр “Хархорум бол Монгол төр ёсны ой санамж, Евразийн өргөн уудам орон зайд улс түмэн, шашин соёл, мэдлэг ухааныг холбож байсан түүхэн их уулзвар юм. Монголын эзэнт гүрний үед бүрэлдсэн Pax Mongolica буюу Монгол амар амгалан нь хууль ёс, аюулгүй байдал, худалдаа, элч төлөөлөгчийн харилцаа, шашин соёлын хүндэтгэл, мэдлэгийн солилцоонд тулгуурласан олон улсын харилцааны өвөрмөц тогтолцоо байлаа. Өнөөдөр дэлхий дахинд зөрчил, үл итгэлцэл, талцал нэмэгдэж буй цаг үед Монголын их амар амгалангийн энэхүү түүхэн туршлагыг шинэ өнцгөөс судалж, энх тайван, харилцан ойлголцол, яриа хэлэлцээнд оруулах хувь нэмрийн тухай эрэлхийлэх нь чухал юм. Хотыг сэргээн байгуулах тухай бидний зорилго ч эртний нийслэлийн түүхэн оюун санаа, төрт ёсны уламжлал, соёлын өвийг XXI зууны хөгжилтэй уялдуулан шинэ агуулгаар үргэлжлүүлэхэд оршино” хэмээсэн юм. Түүний дараагаар Монгол Улсын төрийн дуулал эгшиглэсээр чуулган албан ёсоор эхлэв.
Н.Энхбаяр: “Даян дэлхийн төгс, төгөлдөр хот бол Хархорум”
Энэ өдөр гурван үндсэн илтгэл хэлэлцүүлж эхний хүндэтгэлийн илтгэлийг Хархорум хотын зөвлөх, Монгол Улсын гурав дах ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Хархорум бол даян дэлхийн төгс, төгөлдөр хот мөн” гэсэн сэдвээр хэлэлцүүлэв. Тэрээр илтгэлдээ “Хархорум бол зүгээр нэг хотын туурь биш, Монголын оюун санаа, түүхийн өгүүлэмжийн төв байх ёстой. Монголчууд өөрсдийн түүх, ертөнцийг үзэх үзэл, “Монголын нууц товчоо”-нд шингэсэн өгүүлэмжээ дэлхийд зөвөөр хүргэх учиртай. Хархорумыг байгуулахдаа хэдэн шавар байшин овоолох бус, түүх, соёл, оюун санааны үнэ цэнийг шингээсэн хот болгох хэрэгтэй. Орхон голыг Чингис хаан мөнх оршихын бэлгэдэл хэмээн үзэж байгуулсан гэж би ойлгодог. Тиймээс шинэ нийслэл эртний түүхээ хадгалсан, өнөөдрийн хүмүүст ажил, орлого бий болгосон, ирээдүй үеийн аз жаргалын хот байх ёстой. Аялал жуулчлалын зориулалттай энгийн нэгэн хот бус, түүх, соёл, шинжлэх ухаан, орчин үеийн технологийг хослуулсан дэлхийн хэмжээний хот болгон хөгжүүлэх юм. Эртний энэ хотод олон орны худалдаачин, гар урчууд, шашин соёлын төлөөлөгчдийг нэгтгэж байсан дэлхийн хэмжээний хот байсан. Тиймээс олон улсын хамтын ажиллагаа, соёлын харилцааны төв болох ёстой. Өнгөрсөн үеийн туурийг сэргээсэн хот төдий бус, Монголын түүх, соёл, уламжлалыг орчин үеийн шинжлэх ухаан, технологитой хослуулсан, дэлхийтэй холбогдох шинэ үеийн хот болгон бүтээх нь бидний зорилго юм ” хэмээн тодотгосон юм.
Хил хамгаалах ерөнхий газрын “Есүхэй” баг түрүүлэв

Монгол уламжлалт анхдугаар тэмцээнд монгол эрийн эрдэм чадлыг сорьсон есөн баг өрсөлдсөн юм. Анхдугаар тэмцээний өрсөлдөгчид цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын аравтын дайчид байв. Тухайлбал, Зэвсэгт хүчний жанжин штабын “Мангууд” болон “Сөргөө”, Хил хамгаалах ерөнхий газрын Есүхэй, Хилчин, Онцгой байдлын ерөнхий газрын “Хөх тэнгэрийн аврагч”, “Цэц мэргэд”, ШШГЕГ-ын “Сүлд” болон “Сүбээдэй”, Цагдаагийн ерөнхий газар болон Дотоодын цэргийн хамтарсан “Хишигтэн” “Шихихутаг” зэрэг арав орчим баг оролцож хурд, хүч, эрэмгий зоригоо гайхуулан өрсөлдсөн юм. Тэмцээн нь уламжлалт эрийн гурван наадмын агуулгыг орчин цагийн багийн өрсөлдөөнтэй хослуулснаараа онцлог байв. Тухайлбал, нэг эр морио ч унаж уралдах, нум, сумаа ч харвах, бөхөө ч барилдах маягаар өрсөлдсөн. Наадмын оролцогч Т.Өлзий-Орших “Монгол Улсад төрт ёс үүсэн байгуулагдсан тэр цагаас эхлэн монгол эрчүүд морио ч унана,бөхөө ч барилдаж, сумаа ч харваж, сэлмээ ч эргүүлдэг уламжлалтай байсан. Тиймээс түүхээ зөв талаас нь ойлгож хүлээн авах нь чухал. Мэдээж уламжлалаа сэргээж байгаа учраас алдаа, оноо байна. хамгийн гол нь түүхээ зөв талаас ойлгож уламжлалаасаа гажихгүй байх хэрэгтэй” гэсэн юм. Энэ үеэр 10 км -т томчууд морь унаж уралдах нь боломжгүй хэмээн шүүмжилж байсан ч зарим түүхчид болон оролцогчид 800 жил 1500,2000, 3000 жилийн өмнө Аттила хаан Монгол Улсын нутаг дэвсгэрээс Ром хүртэл мориороо, их хааны үед Самарканд руу мөн л мориороо давхиж хүрсэн байдаг. Тэгэхээр энэ бол байж болох зүйл. Тухайн шүүмжилж буй хүмүүс өнөөдрөөр харж байгаад учир байна гэж байв. Монгол адууны хэв шинжээр, тэсвэр тэвчээртэй хэмээн сонгогдсон хүлгүүд амжилттай уралдлаа. Улсын начин Д.Тамир хэлэхдээ “20 жилийн дараа хурдан морь унаж 10 км газар уралдлаа. Амьдралд дээр том хүн морь унаж уралдах нь боломжтой юм байна. Гэхдээ хөнгөн 100-110 кг жинтэй бол боломжтой. Харин их хүнд жинтэй бол боломжгүй мориндоо хүнд байна ” гэсэн юм. Э.Өсөхбаяр “ Зайны хувьд хол юм байна. Манай баг олон сундлаатай орж ирж багийн амжилтыг үзүүллээ” гэв. "Монгол уламжлалт анхдугаар тэмцээний тэргүүн байрыг Хил хамгаалах ерөнхий газрын “Есүхэй” баг шалгарч 80 сая төгрөгийн эзэд болцгоов. Алтан медаль батламж болон мөнгөн шагналыг тус тэмцээнийг санаачилж, зохион байгуулсан УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар гаргаж өглөө. Тус тэмцээнийг явуулахдаа хууль сахиулах болон хүчний байгууллагуудыг “Аравт”-ын системээр баг болгон монгол уламжлалыг алдагдуулахгүй байхаар зохион байгуулсан гэж санаачлагч онцолж байв. Удаах байруудад шаларсан багуудыг мөн мөнгөн шагналаар байлсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 153 (7895)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn